Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Шашны соёл

Сэдэв : Шашны соёл
Эх сурвалж : Ном хэвлэлээс
Хүмүүнлэгийн Ухааны их сургууль Бүрэнхангай

Соёл Соёл гэдэг маш том ухагдахуун. Миний бие зөвхөн Монгол хүний соёлын онцлох тэмдэг буюу соёлын толбо (cultural identity), үндэстэний өвөрмөц дүр төрхийн тухай голчлон ярина. Соёлын толбо гэдгээр энд үндэстэний ёс заншил, нэгдэх шинж (хэл, соёл гэх мэт), үнэт зүйлс, сэтгэлгээний онцлог, хувь хүний биеэ даасан ондоо соёлын нөлөөнд амархан өртөхгүй байх чадварыг ерөнхийд нь хэлж байгаа юм шүү.

Хүнийг хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэж Монголчууд ярьдаг. Харин улс, үндэстэн нэг нэгнээ соёлоор нь угтаж, ухаанаар нь үддэг сайхан цаг иржээ. Ямар ч улс соёлоороо гадагш тархаж, нэр хүнд өсөж, олны танил болж байна. Өөрийн соёлгүй бол биднийг хэн ч жинхэнэ хүссэн хэмжээнд маань хүндлэхгүй. Монголыг зарим гадаадын сонин, сэтгүүлд Хятадын Монгол, Оросын Монгол хэмээн нэрлэдэг нь биднийг зөвхөн буурай эдийн засагтай учраас тэгсэн хэрэг биш харин өөрийн соёлын тод толбогүй учраас тэгэж хэлж байгаа хэргээ. Ингэж биднийг мэр сэр хэлдэг нь, яах аргагүй өнөөдөр Монголын тодотгох соёлын онцлог бүдэг, хоёр хөршийнхөө соёлын нөлөөнд дарагдаж явдагын тод жишээ. Бид Монголоо Хятадын, Оросын гэж хэлүүлэх дургүй. Тэгсэн атлаа улс орны? тусгаар тогтнол, иргэншлийг бататгаж өгдөг соёлын толбоо тодотгох талаар төдийлөн санаа зовохгүй байгаа нь ойлгомжгүй.

Монголчууд өнөөдөр аль таалагдсан соёлдоо татагдан хувалц, бөөс мэт бусдын юмаар амиа зогоож байгаа нь харамсмаар. Хэрэв соёлын хувалц гэж хэлдэг бол өнөөгийн биднийг яах аргагүй хэлнэ. ? Ер нь соёлынхоо өвийг бид хадгалах талаас нь илүү анхаараад, цэцэглүүлэх, соёолуулах гэдэг утгыг нь гээчихжээ. Уул нь англи хэлний culture гэдэг үг латин хэлний colere’, ‘culturare’ гэдэг үгсээс гаралтай ба энэ нь соёолуулах, төлжүүлэх, газар хагалах гэсэн утгатай аж.

Энэ утгаараа соёлыг хадгалах биш харин соёолуулж байж л жинхэнэ мөн чанараар нь авч явна. Харин бид уламжлалт соёлоо хадгалж байна гээд авдранд хийчихээд, бусдын соёлыг өдөр тутам хэрэглэдэг. Хаяа л нэг гоёж гоодохдоо гаргадаг гоёлын дээл шиг соёлтой байх нь бидний сэтгэлгээг улам л ядууруулна.

Иймээс одоо хийсвэрээр дээдэлдэг соёлоо газардуулж, 21-р зууны төвшинд хэрэглээний соёл болгох шаардлага гарсан. Монгол хүнд өнөөдөр уламжлал дээрээ суурилсан ёс зүй (ethics), зан заншлаа өдөр тутам мөрдөх чадвар дутагдаж байна.

Шашин Монголын соёлын толбын тухай ярихад шашныг дурдахгүй өнгөрөх аргагүй. Соёлын нэгтгэх чанар сул байгаа нь уламжлалт шашнаасаа бид хөндийрсөнтэй холбоотой. Англи улсад хаа ч явсан хамгийн түрүүнд асуудаг зүйлийн нэг бол? шашин.

Энэ нь шашнаар ялгаварлах гэж байгаа биш, харин шашин бол хүний хамгийн суурь тодотгол болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн болохоор тэрээ. Чухам шашныг ойлгосноор хүн бусадтай эвтэй найртай амьдарч, өнөөгийн дэлхийн бүрэн эрхт гишүүн болж чадах билээ. Ямар ч үндэстэний сэтгэлгээ, соёлын толбо, далд ухамсарт нь шингэсэн зан үйл, ёс зүй, үнэт зүйлс нь бүгд л уламжлалт шашин, түүхтэй нь нягт холбоотой.

Харин 70-д жил шашин хар тамхи гэсэн үзэл сурталаар хүмүүжиж ирсэн бид шашинд хандах хандлагаа өөрчилж чадахгүй явна. 1990 оны Ардчилсан Хувьсгалын дараа Монголчууд соёл, шашнаа сэргээн, алдагдсан дүр төрхөө олох нь гэж гадаад, дотоодын олон хүмүүс таамаглаж байсан. Хэдийгээр Буддын шашин сэргэж сүм хийд олон байгуулагдсан ч өнөөгийн өндөрлөгөөс эргээд харахад Монгол соёлын толбо тодрох нь бүү хэл харин ч ондоо олон янзын соёл, иргэншлийн давалгаанд өртөн улам л өөрсдийгөө гээн, бусдын үнэт зүйлс, зан үйлийг ямар ч дархалаа, хамгаалалтгүй авч байна.

Өнгөрсөн 15-н жилийн турш бид соёлын онцлогоо сэргээж чадаагүй нь гурван шалтгаантай.
1-рт, бид ядуу байна. Эдийн засаг ядуу улс маргаашийнхаа хоолыг л бодохоос соёл, тархины тусгаар тогнолын талаар бодох зав алга.
2-рт, 70 жил хөргөгчинд хадгалагдсан хөлдсөн мах шиг Монголын Буддизм цаг үетэйгээ зохицох аргаа олохгүй байна.
3-рт, шашнаас хөндий өссөн социалист хүмүүжилтэнгүүд шашинг хар тамхи гэсэн үзлээсээ салаагүй явна. Тиймээс ч шашин үнэхээр хар тамхи, хөгжлийн садаа мөн үү? гэсэн асуултанд хариулах цаг ирсэн.

Хэрэв өнөөдөр Их Британи нийгмийг ажиглавал шашин мөхөөгүй харин нийгмийн амьдралын салшгүй хэсэг болжээ. Төрөл бүрийн шашин дэлгэрч, шашинд хандах хандлага ч өөрчлөгдөсөн байна. Шашин хүчтэй байгааг саяхан өнгөрсөн Ромын католик сүмийн тэргүүн John Paul 2-н оршуулганд 200 орны ерөнхийлөгч, ерөнхий сайд, хатан хаад нар биечлэн ирсэн нь юунаас илүү харуулна.

Мөн жил гаруй өмнө Далай Лам Их Британид айлчилж сургааль айлдсаныг та бүгд мэдэж байгаа. Энэ бүгд шашин хар тамхи гэдэг Марксаас гаралтай Монгол үзэлтэй таарч нийцэхгүй нь ойлгомжтой. Хүн төрөлхтөний хөгжил, сүсэг бишрэл, шашнаас ангид оршихгүй нь бодит байдлаас харагдана. Дундад зуунд шашин зарим талаар нийгмийн хөгжилд саад болсон нь үнэн. Харин одоо шашин хөгжилд саад болохоосоо илүү гажсан үед нь залруулах үүрэгтэй болжээ.

Ер нь дэлхий нийтэд болж байгаа үйл явдал, улс төрийн байдлаас харахад хэт туйлширан үндсэрхэг үзэлтэй холилдсон, сохор сүсэг хөгжилд садаа болдог болохоос эрүүл сүсэг, мэдлэг дээр тулгуурласан шашин хөгжилд садаа БОЛОХГҮЙ гэдгийг батална. Ийм ч учраас бид уламжлалт шашнаа судалж, сүсгээ эрүүлжүүлж соёлт хүн төрөлхтөний эгнээнд орох шаардлагатай.

Буддын шашныг зөвөөр ойлговол хөгжилдөө ч ашиглах боломжтой юм шиг. Дэлхийн гурван том шашин болох Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчид нийслэлд тус тусын vйл ажиллагааг явуулж байсан бөгөөд 1254 онд Мөнх хаан Хархорум хотод Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчдийг ирүүлэн дэлхийн түүхнээ анх удаа онолын маргаан зохион байгуулсан байна.

Буддын шашны түүх Аливаа шашин тухайн эриний ард түмний соёл иргэншлийн нэгэн гол хэсэг, түүнийг агуулан хадгалагч хүч нь болж байдаг. Энэхүү соёл иргэншлийн гол хэсэг болох шинжлэх ухааныг ангилалын тодорхой хуваарьт оруулах шаардлага аяндаа гарч ирдэг. Энэ ангилалын эхэн хэсэг нь түүхийн хэсэг, удаах нь судлалын хэсэг, эцсийнх нь дүгнэлт тодорхойлолтын хэсэг болдог. Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Буддын шашин 2545 жил, Христосын шашин 2000 жил, Исламын шашин 1521* жил оршин сургааль номлолоо хөгжүүлж ирсэн байна.

Буддын шашин нь Ази тив түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. Буддын шашныг үндэслэгч Шакъямуни Гуатама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны хойт зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Люмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг.

Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын дүрийг олон " Хутагтын Дөрвөн Үнэн " - ий сургаалийг айлдсан нь Буддын философийн үндэслэл болсон байна. Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философийн олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг.

Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Шриланк, Бирм, Лаос, Тайланд, Камбодж, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдэгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУ, Их Британи, Франц, Итали, Голланд зэрэг орнуудад буддын судлал идэвхтэй явагдан даган бишрэгчдийн тоо ч нэмэгдсээр байна.

• Буддын амьд сэрүүн үед бичиг үсэг гэж байгаагүй учир түүний сургаал амнаас ам дамжин уламжлагдан ирснийг манай эриний 300 он буюу Энэтхэгийн Ашок хааны үед анх пали хэл дээр ном болгон бичиж эхэлсэн байна. Энэхүү эх бичиг буюу Трипатака хэмээх гурван савын номыг Буддын сургаалийн эх шаштир гэж үздэг Эдгээр гурван их савд :
• Винайн сав буюу Дулба ёс гэдэг нь зохион байгуулалт, сахил санваарын ёс
• Судрын сав буюу номын аймаг нь Буддын өөрийн сургааль, айлдсан лүндэн
• Авидармын сав буюу Зодын аймаг нь Буддын гүн ухааны урсгалууд эдгээрүүд багтдаг.

Ийнхүү анхны эмхэтгэлээс эхлэн олон зууны туршид эмхэтгэгдэн манай эриний XIII-XIY зуунд дууссан гэж үздэг 108 боть "Ганжуур" түүний тайлбар болох 225 боть " Данжуур " болон хойч үед бичигдсэн нийт 6000 гаруй их хөлгөн судруудад Буддын сургаалийг шинжлэх ухааны үүднээс 5 их ухаан, 5 бага ухаан болгон ангилж тодорхойлон тайлбар хийсэн байдаг.

Манай эриний XIII-XIY зуунд амьдарч байсан түвдийн эрдэмтэн Бүдэн гэгээн "Энэтхэг Түвдийн Буддизмын түүх" гэдэг алдарт бүтээлдээ энэ ангилалыг тусган гаргасан байдаг. Монголын хувьд бол Данжуурыг орчуулах бэлтгэл болгон баруун монголын эрдэмтэн лам Жанжаа хутагт Рэлбийдоржийн зохиосон "Мэргэд гарахын орон " хэмээх сударт 10 ухааны ангилалыг анх тодорхой тусгаж оруулсан байна. Энэ үеэс эхлэн монгол сэтгэгчид их бага таван ухааныг системтэйгээр судалж эхэлсэн гэж үздэг.

Эдгээр арван ухаанд дараах мэдлэг ухаан багтдаг.
Үүнд : Их таван ухаанд ;
• Дотоод ухаан буюу гүн ухаан - Нанригба
• Тэжээхүй ухаан буюу анагаах ухаан - Собаригба
• Учир шалтгааны ухаан буюу логикийн ухаан - Дануаригба
• Дуун ухаан буюу хэл зүйн ухаан - Даригба
• Зурхайн ухаан буюу одон орон, тооны ухаан - Соригба

Бага таван ухаанд ;
• Урлахуйн болон оньсон ухаан буюу техник, технологийн ухаан - Зей
• Ёгт нэр буюу нэрлэхийн ухаан - Он-жид
• Жүжгийн ухаан - Дой-гор
• Холбон найруулахуйн ухаан - Дэв-жор
• Зохист аялгуун ухаан - Нян-аг эдгээр орно.

Их таван ухааны анхдагч болох Дотоод ухаан буюу Буддын гүн ухааныг "өөрийн ухаан, өөрийн ёс " гэх бөгөөд бусад есөн ухааныг " нийтийн ухаан, нийтийн ёс" гэж ангилна. Энэ нь Буддын гүн ухаан нь зөвхөн Буддизм-д тохирох бөгөөд бусад бүх ухаан нь аль ч үзэл номлолд тохирно гэсэн үг юм.

Буддын гүн ухаан нь " Судрын" ба "Тарины" ёс гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Судрын ёс нь дотроо тав ангилагдна. Үүнд :
• Билигбаримад буюу билигийн чанад хязгаарт хүрэх арга замын тухай сургааль, өөрөөр хэлвэл хэрхэн үнэнийг танин мэдэж нирвааны гэгээрэлд хүрэх тухай сургаал
• Шунъята буюу Төв үзэл - хоосон чанарын гүн ухаан
• Илт номын сан буюу орчлон ертөнцийн тогтоц бүтцийн тухай судлал
• Винайн ёс буюу номхотголын аймаг нь лам нарын сахих ёс - сахил санваарын тухай сургаал
• Тогтсон таалал буюу Буддын шашны гүн ухааны түүх эдгээр болно.

Буддизмд ертөнцийн хувирах, оршин тогтнох чанарыг диалектик аргаар тайлбарладаг учир буддын гүн ухаан нь диалектик нарийн үндэслэлтэй байдаг. Эртний Буддын гүн ухаанд хоёр хэт үзэл ноёрхож байсан нь "мөнхөд байлгахын үзэл" , " мөнхөд үгүйсгэхийн үзэл " хоёр бөгөөд хожуу үеийн сэтгэгчид энэ хоёул өрөөсгөл талтай гэж үздэг байсан. Энэ туйлшрах үзлээс гаран үүсч ирсэн гүн ухааны урсгал нь " Төв үзэл " буюу Мадхъямаяка юм.

Гүн ухааны энэ урсгалыг үндэслэгч сэтгэгч Нагажунай "Мадхъямакарарика" хэмээх зохиолдоо: Буй хэмээх мөнхийн үзэл Үгүй гэх тасархай үзэл Эрдэмтэн мэргэд Буй хийгээд үгүй дор бүү оршихтун хэмээсэн нь төв үзлийн үндэслэл болсон байдаг. Буддын гүн ухааны төв үзлийн үндэс нь Шунъятын сургаал буюу Хоосон чанарын сургаал юм.
Түрдэх үгүй төрөх үгүй
Тасархай үгүй мөнх үгүй
Ирэх үгүй одох үгүй
Ангид утгат бус нэгэн утгат бусыг
Туулсан Бурхан дор мөргөмой хэмээн найман үгүйсгэлийг дээрх сургаалд номлосон байдаг. Энэ үзэл нь юмс үзэгдлийг нэг талаас хоосон зай, нөгөө талаар чанарын үндсэнд оршино гэж үздэг. Өөрөөр хэлбэл бүх юмс үзэгдэл чанарлаг гэхдээ хоосон зайд хормын зуур оршдог гэсэн үг юм.

Буй бус, үгүй бус
Буй үгүйгээр бус
Энэ завсар дор
Хамаг бүхэн хуръюу гэж Сэтгэгч Нагаржунайн тодорхойлсон байдаг. Энэ нь
Мөнх нь мөнх бус
Буй нь буй бус
Ариун нь ариун бус
Жаргал нь зовлон гэсэн номлолтой дүйж очдог. Эдгээрийн хоорондын харьцааг шүтэлцүүлэн үздэг бөгөөд шүтэн барилдлагаар бүтцийг буй болгон үзнэ. Үүнийг харьцангуйн философи гэж тодорхойлдог.

Дээр түүхийн хэсэгт хаан хүү Шакъямуни амьдралыг судлах зорилго тавин ууланд суун даяан хийж ухааран гэгээрч Буддад хувилан " Хутагтын Дөрвөн Үнэн " -ийг айлдсан нь буддын гүн ухааны ертөнцийг үзэх үзлийн үндэслэл болсон гэж дурьдсан.
Энэхүү дөрвөн үнэн нь:
• Зовлон үнэн
• Зовлонгийн шалтгаан үнэн
• Зовлонг гэтлэх нь үнэн
• Зовлонг гэтлэх арга зам үнэн гэсэн байдаг.

Хутагтын Дөрвөн Үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл :
1. Зовлон үнэн Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдлэнэ. Учир нь мэдэрхүйн таван эрхтэнээр ертөнцтэй харьцах харьцаа нь зовлон гэж үзнэ.
Төрөх зовлон
Өсөх зовлон
Өтлөх зовлон
Дайсан зовлон
Нөхөр зовлөн
Өвдөх зөвлон
Жаргах зовлон гэх мэтээр бүх үйл зовлон байдаг гэж үзнэ. Ийнхүү зовлонг бүхний түрүүнд тавьсан нь хүн амьтныг зовлонгоос ангижруулах тэмүүлэлд оруулах замыг нээж өгдөг байна.

  1. Зовлонгийн шалтгаан үнэн Хүн амьтан амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг. Нэгэнт энэ ертөнцөд мэндэлсэн бүхэн ертөнцийг орхих сайн дураар орхих чадваргүй байдаг тул амьдралд улам шунан дурлах болдог. Энэхүү шунал нь инстинкт байдлаар илэрч байдаг. Зургаа дахь шинж болох сэтгэх чадвар нь хойт урд насны үйл болон сансарын хүрдийг үүсгэнэ. Сансарын хүрд нь шүтэн барилдахын ёсонд баригдахаас гадна энэ ертөнцөд материаллаг чанартай гэж үздэг. Чухамхүү үүнд үндэслэн Кармын онол буюу Үйлийн үрийн онол гэж гарч ирнэ. Эндээс сүнс болоод хойт урд нас гэсэн ойлголт буй болдог бөгөөд зовлонгийн шалтгаанаас хамааран сансарын хүрдэд эргэн төрөх онол гардаг.
  2. Зовлонг гэтлэх нь үнэн Сансарын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран Нирван болно гэж үздэг. Нирван болох гэдэг нь туйлын тайвшрал буюу энх амгаланд хүрэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө дотоод моралийн хувьд даван туулж амьдралын шуналаас ангижрах гэсэн үг юм. Буддын гүн ухааны сургаалиар ертөнц агшин бүрт өөрчлөгдөж байдаг гэж үздэг учир үүрд мөнхийн юмс гэж байдаггүй. Гэтэл хүн юмсыг мөнх мэт ойлгон шунан дурлаж байдаг учир сансарын хүрднээс гарч чаддаггүй. Үүнийг их хөлөгний зарим сударт "мунхагийн харанхуй" гэж тодорхойлсон байдаг. Үүнийг гэтлэн гарсан бүхэн Нирван болж тайвшралын туйлыг олно гэж үздэг. Иймд зовлонг гэтлэн гарах нь үнэн байдаг гэж үзнэ.
  3. Зовлонг гэтлэх арга зам үнэн Зовлонг гэтлэх нь үнэн учир түүнийг гэтлэх арга зам гэж байдаг. Энэ арга замыг хутагтын найман шүүлт мөр буюу Паглан манджад гэдэг. Үүнд :
    • Зөв үзэл
    • Зөв эрмэлзлэл
    • Зөв үг яриа
    • Зөв үйл явдал
    • Зөв амьдрал
    • Зөв чармайлт
    • Зөв дуртадгал
    • Зөв бясалгал
    Зовлонгоос ангижрах эдгээр найман арга замыг амьдралын заавал биелүүлэх ёс суртахууны үндэс гэж үздэг.

Хүний амьдралын бүх үйл нь
• үзэл
• явдал
• мөр гэсэн гурван хэсэгт дэс дараалан хуваагдан явагддаг. Өөрөөр хэлбэл аливаа үйлийг хийхдээ эхлээд бодож боловсруулаад дараа нь үйлдээд эцэст нь үр дүнд хүрдэг гэсэн утга юм.

Иймд хүн зөв үзэлтэй байвал үйл зөв буюу зовлон бага эдлэнэ үг болно. Үүнээс үзэхэд зовлонгоос гарах зам үнэн болно. Хутагтын дөрвөн үнэний тухай буддын гүн ухааны олон арван судар номонд тайлбарлан бичсэн байдаг. Тухайлбал , Буддын сургаалийн цогцолбор "Ганжуур" , "Данжуур" , "Дармапада" , "Эрдэнийн сан - Сувашид" , "Эрдэнэ цогцолсон шашдир" зэрэг сударт тодруулан тайлбар хийсэн байдаг.

  • ЗочинMarch 25, 2012

    Шашныг бус Бурхан Buddha-г, Бүддаагийн айлдсан Ном Dharma-г ойлгосноор хүн бусадтай эвтэй найртай амьдарч, өнөөгийн дэлхийн бүрэн эрхт гишүүн болж чадах билээ.
    Шашин гээч хар тамхи шиг дэндүү үзэл сурталжсан, дарамттай бөгөөд дэндүү догмат. Тийм болоод л ондоо олон янзын соёл, иргэншлийн давалгаанд бид хүчээр өртөн улам л өөрсдийгөө гээн, бусдын үнэт зүйлс, зан үйлийг ямар ч дархалаа, хамгаалалтгүй авч байна.

    Буддааг зөвөөр ойлговол хөгжилдөө ч ашиглах боломжтой юм шиг гэжээ. Далай лам өөрчлөлт шинэчлэлийн тухай ярьдаг гэсэн. Буддаа сургаалиа айлдаад 3000 жил болж байгаа тухай заримдаа сонсогдох юм. Түвдэд айлдвар нь дэлгэрээд дөнгөж 1000 жил л болж байгаа юм билээ. Гэтэл Түвдэд л Ном нь байгаа гэхээр үнэмшил муутай л санагддаг шүү. Энд нэг л болохгүй юм яваад байна.

  • ЗочинMarch 25, 2012

    Буддаа миний Номыг сайн шалгаж аваарай гэж айлдсан гэдэг.
    Холч ухаантай хүн байсан гэж бодвол сургааль нь алт биш хольцтой монет болчихсон, бүр гууль болохыг мэдээд ч байсан юм шиг.

  • ЗочинMarch 25, 2012

    Дээрх нийтлэлд "сургааль, айлдсан лүндэн" гэж бичжээ.
    Лүндэн гэдэг чинь ЗАРЛИГ гэсэн үг юм байна шүү дээ.

  • ЗочинMarch 27, 2012

    Хутагтын найман мөрөөр замнаж дүүргээд сая л хутагтан болоо гэх байх.
    Гэтэл самадхи-д хүрээд түүнийгээ наймыг гүйцээсэн хутагтан болчлоо гэж зарим сект, урсгалд үздэг гэнэ. Гэтэл самадхи бол билиг барамидын дөнгөж нэг - ТӨВЛӨРӨЛ нь.
    Гэх мэтчилэн зарим хүмүүс 10-р газрын бодхисатва олон байгаа мэтээр дэгсдүүлж ярьдаг.

  • ЗочинApril 19, 2012

    Сайн, муугийн зүгт нэгэн үзүүрт төвлөрөл байж болох юм шиг.
    Тэгэхлээр пражнапарамитагийн нэгийг ч дуусгаагүй. Ухаандаа НОМ болоогүй төвлөрөл.

  • ЗочинFebruary 18, 2013

    Буддын шашин 2545 жил, Христосын шашин 2000 жил, Исламын шашин 1521* гэчихжээ эхлээд сайн судал дарааагаар нь нийтлэл бич