2013-01-30 | Нийтэлсэн:admin | Үзсэн:11908
Будда шавь нартаа айлдахдаа: “Хуврагууд аа, хоёр янзын өвчин байдаг. Тэр хоёр аль вэ хэмээвээс, биеийн өвчин, сэтгэлийн өвчин хоёр буюу. Хүн бие махбодын өвчингүйгээр нэг, хоёр жил . . . түүгээр ч барахгүй, зуу, түүнээс ч олон жил байж болдог бололтой. Гэтэл сэтгэлийн өвчингүйгээр ганц агшины төдий ч байж чаддаг хүмүүс энэ хорвоод тун ховорхон аж. Гагцхүү сэтгэлийн чухал авахуйгаас ангижирсан хүн л ингэж чадна” гэжээ (өөрөөр хэлбэл архад л чадах юм).
Буддагийн сургаал, тухайлбал түүний “бясалгалын” арга нь сэтгэлийн төгс төгөлдөр, эрүүл байдал, тэнцвэр, амарлингуйг тогтоохыг зорьдог юм. Харамсалтай нь, буддын сургаалтан болон буддын сургаалтан биш хүмүүс аль аль нь тийм их буруу ойлгосон ямар нэгэн салбар Буддагийн сургаалд “бясалгалын” тухайгаас өөр бараг үгүй. “Бясалгал” гэсэн үг сонсогдмогц амьдралын өдөр тутмын үйл ажиллагаагаас хөндийрөн тасрах; хадан агуй буюу сүм хийдийн хош өрөөнөө, эсхүл нийгмээс таслагдсан аль нэг зэлүүд газар хөшөө баримал шиг бодолхийлэн суух; ямар нэг арвис нууц зүйл, цалиг бодлыг толгой тархиндаа гүйлгэн байх мэтээр хүмүүс төсөөлөх нь байдаг. Буддагийн үнэнхүү “бясалгал” бол иймэрхүү салж хөндийрэх зүйл огт биш. Энэ талаархи Буддагийн сургаалыг туйлын буруу, туйлын муу ойлгож байгаагаас сүүлийн үед “бясалгалын” тухай ойлголт гажуудан зэхийрч, мөргөлийн нэгэн маяг буюу бараг техникийн чанартай хэвшмэл зүйл болж, утга санаа гуйвжээ.
Хүнд байдаггүй “гуравдахь нүдэн” гэх мэтийн цалиг санааны буюу далдын хүчин олохыг мөрөөдөн олон олон хүн бясалгал буюу йогыг сонирхож иржээ. Урьд цагт Энэтхэгт юмыг чихээрээ үзэх хүчийг олохыг оролдсон бурханы шашны нэгэн гэлэнмаа байсан агаад тэр бээр үнэхээр үзмэрч “увдистай” байсан гэдэг! Иймэрхүү зүйл бол “сэтгэлийн гажуудал” болохоос өөр юу ч биш ээ. Энэ бол ердөө л эрх хүчийг олох гэсэн шунал, тачаангуйн асуудал мөн.
Бясалгал хэмээх үгээр Бхавана (bhāvanā) гэдэг уг нэр томъёог хөрвүүлэхэд нэн дутагдалтай бөгөөд бхавана гэдэг нь “соёл”, “хөгжил”, өөрөөр хэлбэл сэтгэлийн соёл буюу сэтгэлийн хөгжил гэсэн утгатай. Буддын сургаалд бхавана нь сэтгэлийн соёл гэсэн нэр томъёог бүрэн утгаар нь илэрхийлж чаддаг. Энэ нь тачаангуй шунал, өслөхүй, хөнөөхүй, алгасангуй, залхуу, үймцээн, зовуурь, хийсвэр сэжиг зэрэг ариун бус, амгалан бус бүхнээс сэтгэлийг ангижруулан цэвэрлэх хийгээд төвлөрөл, ажаарал, билгүүн, хичээнгүй, машид арилсан, итгэл, баясгалан, амарлингуй зэрэг чанарыг төлөвшүүлж, улмаар юмсыг яг байгаагаар нь ухаарах, Үнэмлэхүй үнэн, Нирваныг ил бод үзэх орь дээд билигт эцсийн эцэст хөтлөн хүргэнэ.
Хоёр төрлийн бясалгал байдаг. Нэгдүгээрх нь эх судруудад тодорхойлон заасан янз бүрийн аргаар ухааныг төвлөрүүлж, сэтгэлийг нэгэн үзүүрт болгон хөгжүүлж, дээд зэргийн шидийн байдалд хөтлөн аваачиж, “Юу ч үгүйн агаараа” буюу “Хуран мэдэхүй хийгээд хуран мэдэхүй бээр бусын агаараа” хүргэнэ. Буддагийн сургаал ёсоор бол, эл бүхий шидийн байдал нь хүний сэтгэлээс болж, сэтгэлээр үүдсэн, хуран үүдсэн зүйлс юм. Эдгээр нь Бодьт чанар, Үнэн хийгээд Нирванд огтхон ч үл хамаарна. Бясалалын энэ хэлбэр Буддагаас ч өмнө байжээ. Чингэхлээр энэ нь дан цэвэр буддын зүйл бус, гэвч тэр нь буддын ёсны бясалгахуйгаас ангид биш ээ. Гэлээ ч энэ бол Нирваныг үзэхүйд холбогдох чухал зүйл биш ээ. Бурхан багш өөрөө илт туулж гэгээрэхээсээ өмнө янз бүрийн багшаар заалган эдгээр йогын дасгалыг судалж, сэтгэлийн тэрхүү орь дээд шидийн байдалд байсан авч түүнээс Будда сэтгэл ханасангүй, учир нь: тийм бясалгалаар огоот гэтэлсэнгүй, Туйлын бодот чанарын дотоодод хүрсэнгүй. Бясалгалын ийм байдлыг зөвхөн “энэ орчлонд жаргалтай аж төрөхүй” буюу “амарлин ахуй” л болохоос өөр юу ч биш юм гэж Будда үзжээ.
Тиймээс Бурхан багш бээр випассана (vipassanā, самг. vipaśyanā буюу vidarśanā) гэж алдаршсан бясалгалын өөр хэлбэрийг нээсэн бөгөөд энэ нь номын (юмсын) бэлгэ чанарын “дотоодод нэвчихүй” юм, үүгээр сэтгэлийг зовлонгоос огоот гэтэлж, Үнэмлэхүй үнэн, Нирваныг үзэхүйд хүрнэ. Энэ бол жинхэнэ буддын ёсны “бясалгал”, буддын ёсны сэтгэл оюуны соёл мөн. Эл хэлбэр нь даган дуртгахуй, ажаарахуй, сэрэмжлэхүй хийгээд ажиглахуйд тулгуурласан задлан шинжлэх арга болно.
Ийм их өргөн хэмжээний судлагдахууныг хэдхэн цөөн хуудсаар тайлбарлаж болохгүй нь мэдээж. Гэвч жинхэнэ Буддын ёсны “бясалгал”, сэтгэлийн соёл буюу сэтгэлийн хөгжлийг барагцаалсан байдлаар, практик аргаар тун товчхон илэрхийлэхийг оролдов.
Сэтгэхүйн хөгжлийн (“бясалгалын”) тухай Буддагийн айлдсан асар чухаг санааг агуулсан эх сурвалж нь (Дигха-никаягийн 22 дахь, Мажжхима-никаягийн 10 дахь судрууд болох) Сатипаттхана (“Дуртгалыг үүсгэхүй”) судар юм. Энэ номыг бурханы шашны сүм хийдүүдэд тогтмол уншаад зогсохгүй, бурханы шашинт айл өрхийн хүмүүс гэртээ цуглан сууцгааж, түүнд гүнээ автан уншиж, сонсож ирсэн, ийнхүү гүнээ хүндэтгэн үздэг уламжлалтай юм. Энэ судрыг хуврагууд насан эцэслэж буй хүний эцсийн бодол сэтгэлийг ариутгахын үүднээс дэргэд нь уншиж өгөх явдал олонтаа буй.
Энэ номд дурдсан “бясалгалын” арга бол амьдралаас тасрах буюу түүнээс зайлсхийх нь огт бус, харин ч бидний амьдрал, бидний өдөр тутмын үйлс, бидний зовлон зүдгүүр, баяр хөөр, бидний үг хэл, санаа бодол, бидний ёс суртахуун хийгээд оюун ухааны үйлдэл бүгдтэй холбоо, уялдаатай юм.
Тус сургаал дөрвөн үндсэн хэсэгт хуваагдана. Үүнд: нэгдүгээр хэсэг нь бидний биеийн тухай, хоёрдугаархи нь бидний сэрэхүй, мэдрэхүй, гуравдугаархи нь сэтгэл, дөрөвдүгээрх нь ёс суртахууны хийгээд оюун ухааны янз бүрийн оногдохууны (номын) тухайт болой.
“Бясалгалын” хэлбэр ямар ч байлаа гэсэн хамгийн гол нь дуртгахуй буюу ажаарал (sati), анхаарахуй буюу ажиглал (anupassanā) хоёр юм гэдгийг сайтар санаж байвал зохино.
Биетэй холбогдох “бясалгалын” хамгийн түгээмэл, нийтийн мэдэх нэгэн жишээ бол “Амьсгал авах, гаргахын дуртгахуй буюу ажаарал” мөн. Энэ “бясалгалын” хувьд бол зөвхөн тусгайлсан, тодорхой биеийн байрлалтай байхыг эх бичигт заасан байдаг. “Бясалгалын” бусад хэлбэрүүдийн талаар гэвэл, суугаа, босоо, явуут дундаа эсхүл хэвтээгээрээ аль хүссэнээрээ хийж болохыг энэ сударт мөн заасан буй. Харин амьсгалаа дотогш авах, гадагш гаргахад дадлагажих мэдрэмж эзэмшихийн тулд сударт зааснаар “хөлөө завилан сууж, биеэ эгц болгож, сэтгэлээ ажааран төвлөрүүлэх” ёстой. Харин завилж суух нь газар бүрийн хүмүүс, ялангуяа барууныханд дадаагүй, хялбар бус зүйл биз ээ. Иймээс завилж сууж үл чадах хүмүүс сандал дээр сууж, “биеэ эгц болгон ажаарлаа тогтоож” болох юм. Энэ дасгалыг хийхдээ бясалгагч хүн эгц сууж, тэгэхдээ биеэ чангалахгүй байх нь маш чухал; гараа өвөр дээрээ эвтэйхэн тавина. Ингэж суугаад, өөртөө тохиромжтойгоор нь: нүдээ аних эсхүл хамрынхаа үзүүрийг намуухан ширтэнэ.
Хүн өдөр, шөнийн туршид амьсгалж байдаг, гэхдээ үүнийгээ огт анхаардаггүй, түүнд нэг хором боловч сэтгэлээ төвлөрүүлдэггүй. За, одоо та яг л ингэх гэж байна. Ямар ч хүчин чармайлт гаргалгүй, ердийн байдаг байдлаараа амьсгал. Одоо амьсгал авах, гаргахад сэтгэлээ чиглүүл. Амьсгал авч, гаргаж байгаагаа сэтгэлээрээ мэдэрч ажаар. Амьсгал авч, гаргаж байгаагаа сэтгэлээрээ хяна. Та заримдаа гүн, заримдаа гүн биш амьсгалж байна. Энэ бол ердөө зүгээр. Жирийн байдаг байдлаараа л амьсгал. Та гагцхүү гүн амьсгалахдаа гүн амьсгалж байна гэх зэргээр амьсгалаа мэдэрч байх нь гол зүйл. Өөрөөр хэлбэл таны сэтгэл таны амьсгалд бүрэн төвлөрч байх ёстой бөгөөд ингэж та амьсгалынхаа хөдөлгөөн, өөрчлөлтийг мэдэрч байна. Эргэн тойрны зүйлс, орчин ахуй, бусад бүх юмсыг март. Нүдээ дээш болгож ямарваа юмыг бүү хар. Үүнийг тав буюу арван минут хийгээд үз.
Сэтгэлээ амьсгалдаа төвлөрүүлэх нь танд эхлээд туйлын хэцүү байх биз ээ. Таны сэтгэл хэрхэн өөр тийшээ явчихаад байгаа нь танд гайхал төрүүлнэ. Таны сэтгэл тогтож өгөхгүй. Таны бодолд янз бүрийн юмс орж гарна. Танд гаднын дуу чимээ сонсогдоно. Таны сэтгэл үймэж, займчина. Танд айдас төрж, залхаж мэднэ. Гэвч та энэ дасгалыг өдөрт хоёр удаа, өглөө, оройд тав буюу арван минутаар тогтмол хийгээд байх юм бол яваандаа, бага багаар ахьж, амьсгалдаа сэтгэлээ төвлөрүүлж эхлэх болно. Тодорхой хугацаа өнгөрөхөд таны сэтгэл гэнэт хоромхон зуурт амьсгалдаа бүрэн төвлөрч, ойр орчмын дуу чимээ ч үл сонсогдон, гадаад ертөнц таны хувьд үгүй болж ирэх хормыг мэдрэх болно. Танд энэхэн агшин асар их урам оруулж, баясгалан, жаргалан, амарлингуйг авчирч, улмаар та түүнийг үргэлжлүүлээд баймаар санагдах болно. Гэвч та тэгэж үргэлжлүүлж хараахан чадахгүй. Харин та энэ дасгалаа байнга хийх аваас мөнөөх агшин дахин дахин давтагдаж, тэгэхдээ удаан хугацаагаар давтагдана. Тэр нь чухамдаа амьсгалын ажааралд та өөрийгөө бүрэн мартаж алдах агшин мөн. Харин та өөрөө өөрийгөө мэдэрч байсан цагт аливаа нэгэн юманд төвлөрч хэзээ ч чадахгүй.
Хамгийн жирийн, хялбархан дасгалын нэгэн болох амьсгалаа ажаарах энэ дасгал бол үлэмжийн дээд дияанд хөтлөх төвлөрлийг хөгжүүлж байгаа хэрэг мөн. Түүний зэрэгцээ төвлөрөхүйн увдис нь юмсыг гүн ухаарах, түүнд нэвтрэн орох, түүний бэлгэ чанарыг танин барих, түүний дотор Нирваныг онохуйд ч гол эрхэн болно.
Эл бүгдээс гадна энэхүү амьсгалын дасгал үр дүнгээ танд даруй ивээнэ. Энэ нь юун буй хэмээвээс: таны биеийн эрүүл мэнд, тайвшрал, нойр хийгээд өдөр тутмын ажлын чадварт тань ашид сайн нөлөөлөхийн дээр сэтгэлийг тань тайван, амгалан байлгана. Та уурлах буюу сэтгэлийн хөдөлгөөний үедээ ч гэсэн уг дасгалыг нэг хоёрхон минут үйлдэх аваас нэн даруй тайвшран амарлиж буйгаа биеэр мэдрэх болно. Тухтай нойроос сэрж буй мэт танд санагдах ажгуу.
Бас нэгэн онц чухал бөгөөд ашиг тустай “бясалгалын” (сэтгэл оюунаа хөгжүүлэхүйн) хэлбэр бол таны хувийн амьдрал, албаны буюу мэргэжлийн өдөр тутмын хэвшсэн ажил үйлсдээ биеэр буюу хэлээр гүйцэтгэж байгаа бүхнээ ажаарах, мэдрэхэд оршино. Та явж, зогсож, сууж, хэвтэж, унтаж байлаа ч, гар хөлөө сунгаж, жийж, нугалаж байлаа ч, эргэн тойрныг харж байлаа ч, хувцасаа өмсөж байлаа ч, ярих буюу дуугүй байлаа ч, юм идэж, ууж байлаа ч, тэр ч бүү хэл бие засаж байлаа ч, энэ болон бусад бүхий л үйл ажиллагааны үед тэрхүү гүйцэтгэж буй зүйлээ бүрэн ухварлан ажаарч байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та одоогийн агшин, одоогийн үйлдлээрээ амьдар. Энэ нь өнгөрсөн буюу ирээдүйүн талаар юм бодож болохгүй гэсэн зүйл огт биш. Харин ч энэ агшинд, энэ үйлдэлтэйгээ уялдуулан өнгөрсөн ба ирээдүйг холбогдох зүйлд нь санаж, бодож бай.
Хүмүүс үндсэндээ яг одоогийн агшин, яг одоо хийж буй үйл ажиллагаандаа сэтгэлээ төвлөрүүлдэггүй. Тэдний сэтгэл, бодол өнгөрсөн буюу ирээдүйрүү л гүйж байдаг. Хүмүүс энд тухайн мөчид ямар нэг юм хийж буй авч сэтгэлд нь янз бүрийн юмс орж гарна. Гол төлөв өнгөрснийг дурсах, эсхүл ирээдүйн тухай хүсэл мөрөөдөл, бодол байх жишээтэй. Тиймээс хүмүүс тухайн цагт хийж буй юмнаасаа хөндийрч, түүндээ сонирхолтой бус байна. Чингээд тэд тухайн агшинд үйлдэж буй зүйлдээ дур хүсэлгүй байх тул гарын доорхи үйлдэл нь ямар үр дүнд хүрч, юу болох вэ гэдгийг бүрэн ухаардаггүй байх нь мэдээж.
Зарим хүн хоолны газар хоол идэж байхдаа юм уншиж байх нь олонтаа үзэгддэг. Энд хоол идэх ч завгүй асар их ажилтай хүний дүр танд харагдана. Тэр ер нь идэж байна уу эсхүл уншиж байна уу гэсэн бодол танд төрөх биз ээ. Аль алиныг нь хийж байна гэж хэлэх хүн байж болох л даа. Мөн чанартаа аль нь ч бус, тэр алинд нь ч сэтгэл таатай бус байх буюу. Түүний сэтгэл нь ядран самуурч, энэ агшинд хийж буй юмаа үл таалан, тэр агшин нь түүнд юу ч биш болон хувирч, үнэндээ тэнэг юм шиг, ямар ч ухамсаргүйгээр амьдралаас зайлсхийх гэсэн хэрэг болно. (Харин энэ нь хоол идэж байхдаа найз нөхөдтэйгээ ярьж үл болно гэсэн үг биш ээ.)
Та яаж ч оролдлоо гэсэн амьдралаас зайлан хөндийрч чадахгүй. Хүн хот сууринд ч суусан, агуйд ч суусан амьдралтай тулгарч, түүнийг эдлэн туулах нь жам. Жинхэнэ амьдрал гэдэг бол одоогийн агшин л болохоос биш, нэгэнт болоод өнгөрсний тухай дурсамж ч биш, болоогүй байгаа ирээдүйн тухай мөрөөдөл ч биш ээ. Одоогийн агшнаараа амьдарч буй хүн бол жинхэнэ бодит амьдралаар аж төрж буй хамгийн аз жаргалтай нэгэн юм.
Хамгийн жирийн бөгөөд намуун амьдралтай, өдөрт зөвхөн нэг удаа хооллодог таны шавь нар яагаад ингэж баяр баясгалантай, гялалзаж явдаг юм бэ гэж асуухад Будда ингэж айлджээ: “Тэд чинь өнгөрснийг гээд харамсдаггүй, ирээдүйг гээд санаагаа зовоодоггүй, эдүгээгээрээ л амьдарч байдаг юм. Тиймээс тэд баясгалан төгс гялалзаж явдаг юм. Тэнэгүүд л ирээдүйнхээ төлөө бодолхийлэн зовниж, өнгөрснийхөө төлөө харамсаж байсаар хадаж унагасан ногоон зэгс шиг хатаж орхидог юм” гэжээ.
Дуртгахуй буюу ажаарал гэдэг бол “би үүнийг хийж байна”, “би түүнийг хийж байна” гэдгээ бодож, мэдэрч бай гэсэн хэрэг биш. Огт тийм биш. Харин ч, “би үүнийг хийж байна” гэж бодох агшинд та өөрийгөө ухамсарлаж, улмаар та үйлдлээрээ бус, “би байна” гэсэн санаагаараа амьдарч, чингээд таны ажил ч алдагдана. Та өөрийгөө огоот мартаж, үйлдэж байгаа юмандаа өөрийгөө алдах хэрэгтэй. Үг хэлж буй хүн тухайн агшинд өөрийгөө ухамсарч, “би хүмүүсийн өмнө үг хэлж байна” хэмээн бодоод ирэхлээр түүний хэлэх зүйл будилж самууран, сэтгэж бодохуйн чиг баримжаа нь алдагддаг. Харин хэлэх зүйл, ярих сэдэвтээ автагдан өөрийгөө мартаад ирэхлээр сайн бүхэн нь илэрч, үг нь урсан, уг зүйлээ тодорхой сайн тайлбарлах ажгуу. Урлаг, яруу найраг, оюуны хийгээд сэтгэлийн агуу их бүтээлүүд цөм л тууриван бүтээгчид нь бүтээж буй үйлсдээ бүрмөсөн автагдан шингэж, өөрийгөө огоот мартаж, өөрийгөө мэдрэх мэдрэмжээс ангижирсан цагт л бүтээгддэг билээ.
Буддагийн сургаал ёсоор бол, бидний үйл ажиллагаатай холбогдсон дуртгахуй буюу ажаарал болбаас одоогийн агшин, одоогийн үйлдэлдээ л оршино. (Энэ нь басхүү зэнгийн арга бөгөөд зэн буддизм угтаа чухам энэ сургаалд тулгуурлан гарчээ). Бясалгалын энэ хэлбэрийн хувьд бол ажаарлыг хөгжүүлэх ямар нэгэн тусгай үйлдэл хийх шаардлагагүй. Харин гагцхүү хийж буй юмандаа л ажаарал, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Уг “бясалгалд” үнэт цагаасаа та нэг ч хором зарцуулах шаардлагагүй. Харин жирийн өдөр тутмын амьдралын бүх үйл ажиллагааныхаа талаархи дуртгахуй болон ажаарахуйг өөртөө ямагт өдөр, шөнөгүй төлжүүлэн бататгаж байх л хэрэгтэй. Энд авч үзсэн “бясалгалын” энэхүү хоёр хэлбэр нь бидний бие махбодтой холбоотой болно.
Тэгвэл сэтгэлийг хөгжүүлэх (“бясалгах”) дасгалын арга бас бий. Энэ нь бидний жаргалан, зовлонгийн хийгээд саармаг сэрэхүй, хүртэхүй бүгдэд холбогдоно. Үүнд зөвхөн гагц жишээ авч үзье. Танд зовуурь, гаслантай сэрэхүй байж гэж бодъё. Ийм нөхцөлд таны сэтгэл бүрхэг бүүдгэр, алгасангуй байна. Заримдаа хүн сэтгэл яагаад зовуурьтай байгаагаа ч сайн ухаарахгүй байдаг. Хүн юуны өмнө өөрийн зовуурийн талаар зовуурьгүй байж сурах, сэтгэлийнхээ амгалан бишийн талаар амгалан байж сурах хэрэгтэй. Чингээд чухам яагаад сэтгэл санаа шаналж, зовож, үймэж байгаагаа сайтар ойлгохыг оролдоод үз. Сэтгэл яагаад ийм болов, шалтгаан нь юу болох, түүнийг хэрхэн арилгаж зогсоох вэ гэдгийг эрэгцүүлэн бод. Чингэхдээ эрдэмтэн хүн судлагдахуунаа ажиглан шинжилж буй мэтээр сэтгэлийнхээ хөдлөлийг гадна талаас нь, хувийн бодлоо хамааруулахгүйгээр ажиглан шинжлэхийг оролдоод үз. Тэгэхдээ түүнийг “миний хүртэхүй”, “миний мэдрэхүй” гэсэн хувийн бодлоор биш, гагцхүү “нэгэн хүртэхүй”, “нэгэн мэдрэхүй” гэж бодьтойгоор авч үзэх хэрэгтэй. Үүнд бас л нөгөө “Би” гэсэн хийсвэр хуурмаг үзлийг мартваас зохино. Ингэж түүний (сэтгэлийнхээ үзэгдлийн) бэлгэ чанар, тэр нь яаж үүдэх, яаж арилахыг ойлгоод ирэхлээр уг сэрэхүйн талаар таны сэтгэл санааширч догдлохоо зогсон, тэвчингүй бөгөөд амарлингуй болно. Энэ бол бүхий л сэрэхүй, мэдрэхүйд нэгэн адил хамаарна.
Одоо бидний сэтгэлтэй холбогдсон “бясалгалын” хэлбэрийн талаар ярилцая. Таны сэтгэл тачаангуй буюу тэвчингүй алин болох, өслөхүй, хөнөөхүй, омог, найдангуй буюу асрахуй, нигүүлсэхүй алин болох, төөрөлдөнгүй буюу үнэн тод ухаарахуй гэх мэтчилэн цааш олон янз байдгийн алин болохыг бүрнээ ажааран мэдэх учиртай. Бид өөрсдийнхөө сэтгэлийг шалгаж үзэхээс айх буюу ичэх явдал олонтаа байдгийг нуух хэрэггүй. Тэгээд ч ингэж шалгаж үзэхээс зайлсхийхийг хичээдэг. Хүн нүүр царайгаа толинд хардагтай адил өөрийн сэтгэлийг харж мэдэх талаар зоримог, шудрага байх ёстой.
Энэ нь шүүмжлэх буюу шүүж шийдэх, эсхүл зөв буруу, сайн мууг ялган салгаж тавих гэсэн хандлага бус. Энэ бол зүгээр л ажиглах, харах, шинжлэх гэсэн хэрэг ээ. Үүнд та бол шүүгч биш, харин эрдэмтэн гэсэн үг. Хэрэв та өөрийн сэтгэлийг шинжлэн үзэж, түүний үнэн төрх байдлыг тодорхой ойлгож авбаас сэтгэлийнхээ хөдлөл, уярал, байдлын талаар санааширч догдлохоо болино. Тэгээд та хүлцэнгүй тэвчээртэй бөгөөд амарлингуй болж, юмсыг яг байгаагаар нь үзэж чадах буюу. Нэгэн жишээ авъя. Ухаан нь та үнэхээр ууртай, түүндээ дийлдсэн, хөнөөх, өсөрхөх зан авиртай байлаа гэж бодъё. Уурлаж байгаа хүн ууртай байна гэдгээ үнэхээр ажаарч мэддэггүй нь хачирхалтай бөгөөд гаж үзэгдэл мөн. Хүн сэтгэлийн байдлаа мэдэн ажаарч эхэлсэн агшинд, уурлаж байна гэдгээ ойлгох агшинд хэрэв ичгүүр мэддэг бол ичиж зовон зөөлөрч эхэлдэг. Ингэхлээр та уураа шинжилж, түүний шинж байдал, хэрхэн уурлаж эхэлсэн, хэрхэн намжиж байгааг харж хянах хэрэгтэй. Дахин хэлэхэд “би уурлаж байна”, “миний уур” гэж бодох хэрэггүй болохыг санах нь чухал.
Зөвхөн уурлаж буй сэтгэлийн байдлыг л мэдэрч ажаарвал зохино. Та зөвхөн уурлаж буй сэтгэлийг л бодитойгоор ажиглаж, шинжиж байгаа юм шүү дээ. Энэ бол сэтгэлийн бүхий л хөдлөл, байдалд хандах хандлага байх ёстой.
Цааш нь зан суртахуун, сэтгэл санаа, оюун ухаантай холбогдсон “бясалгалын” бас нэгэн хэлбэр бий. Унших, судлах, хэлэлцэн ярилцах, шүүн бодох гэх мэт зүйлс цөм энэ “бясалгалд” багтана. Тухайн номыг унших, түүнд авч үзэж буй сэдвийн талаар гүнзгийрүүлж бодох нь бясалгалын нэгэн хэлбэр мөн. Хувраг Кхемака бээр хэсэг хуврагуудтай ярилцсан тухай бид урьд үзсэн. Тэр бол бясалгалын нэгэн хэлбэр байсан бөгөөд түүний үр дүнд тэдгээр хувраг Нирваныг ил бод үзсэн билээ.
Бясалгалын энэ хэлбэрийн дагуу бол, таван түйтгэрийг судлах, сэтгэх, шүүн ярилцах учиртай. Таван түйтгэр нь:
(1) Хүсэлд дурших
(2) Хорлох сэтгэл
(3) Унтан будангуйрах
(4) Догшрон гэмших
(5) Сэжиг – эдгээр болно.
Эдгээр тав нь алив нэгэн тодорхой ухааралд хүрэхэд тотгорлож, хэрэг дээрээ ямарваа амжилт дэвшилд саад болдог. Хэрэв хүн тэдгээрт автагдаж, тэдгээрээс хэрхэн салахаа эс мэдэх бол зөв буруу, сайн мууг ойлгож үл чадна.
Хүн басхүү туулж Гэгээрэхүйн Долоон бодь мөчийг “бясалгаж” болно. Тэдгээр нь:
1.Дуртгал, өөрөөр хэлбэл бидний урьд авч үзсэн бие, сэтгэлийн бүхий л үйлдэл, хөдлөлийг мэдэрч, ажаарч байх;
2.Номыг тийн ялгахуй буюу сургаал номын янз бүрийн асуудлыг судлан шинжлэх. Үүнд шашин, зан суртахуун, гүн ухааны талаархи бидний бүхий л судалгаа болон унших, шинжлэх, шүүн хэлэлцэх, ярилцах хийгээд сургаал номтой холбогдол бүхий лекц ярианд суух хүртэл хамаарагдана;
3.Хичээнгүй буюу юмыг эцэст нь хүртэл шийдвэр төгс ажиллах;
4.Баясгалан, өөрөөр хэлбэл, сэтгэлийн гутранги, үлбэгэр ноомой буюу меланхолик байдлын яг эсрэг чанар;
5.Машид арилсан буюу бие, сэтгэлийн амгалан. Хүн бие, сэтгэлээр хөшүүн байж үл болно.
6.Самади (тогтон барихуй), үүнийг урьд ярьсан.
7.Тэгш, өөрөөр хэлбэл, амьдрал ахуй, түүний олон хувирал, тавиланд догдлол үймцээнгүй, тайван сэтгэлээр, амарлингуй хандах - энэ долоо болно.
Эдгээр чанарыг эзэмшихэд үнэнхүү хүсэл, зориг, эрмэлзлэл хамгаас чухал. Ийм чанар тус бүрийг хөгжүүлэхэд туслах бие махбодын болон сэтгэлийн өөр бусад олон хүчин зүйлсийг судар номд тодорхойлон бичсэн буй.
Түүнчилэн “Байхуй гэж юу вэ?” гэх буюу “Би хэмээн нэрлэгдэх зүйл юун бэ?” гэдгийг шинжлэн Таван цогцыг оногдохуун болгон бясалгах, эсвэл бидний урьд өгүүлсэн Дөрвөн хутагт үнэнийг “бясалгаж” болох юм. Эдгээр сэдвүүдийг судалж, шинжлэх нь бясалгалын энэхүү дөрөвдөх хэлбэр болох бөгөөд түүгээр дамжин Үнэмлэхүй үнэнд хүрнэ.
Бидний энд ярьсан зүйлүүдээс гадна бясалгалын өөр олон оногдохуун бий. Энэ нь уламжлал ёсоор бол, дөч байдаг. Түүний дотроос тухайлан Дөрвөн цаглашгүйг дурдах хэрэгтэй. Үүнд:
(1) асрахуй буюу амьтан бүхнийг үл ялгаварлан үзэж, “эх нь ганц хөвгүүнээ хайрлах мэт” энэрэх цаглашгүй түгээмэл хайр, энэрэл;
(2) нигүүлсэхүй буюу зовж зүдэрч буй амьтан бүхнийг энэрэн нигүүлсэхүй;
(3) баясгалан буюу өөр бусдын амжилт, сайн сайхан, зол жаргаланд талархан баясахуй;
(4) тэгш буюу амьдралын янз бүрийн бүхий л хувирал, тавиланд адил тэгш хандахуй болно.
ЗочинJanuary 31, 2013
bippishna bysalgaliin towtei xolboj ogooch
ЗочинJanuary 31, 2013
bippishna bysalgaliin towtei xolboj ogooch
ЗочинJanuary 31, 2013
Vipassana бясалгалыг хэлж байгаа юм байна л даа. Эхлээд мөнх бусыг бясалга л даа.
ЗочинFebruary 2, 2013
ZA INGEJ BYASALGALYG TOVOGTEI ZAMAAR BICHIJ SURTALCHILAH YUM BOL OILGOHOD IKH L HUNDRELTEI BOLNO DOO.ERDOO L BYASALGALYN HUCHEER DEED UHAMSART HURVEL GEGEERCH NIRVAAN DURIIG OLNO GEJ ZAAJ SURGAVAL DOHOMTEI DOO.ALIVAA SHASHIN ER N HET DOGMATIC TALDAA BOLSON ,TIIM CH BOLOOD MAHASIDDHI NAR OORSDIIN ZAMAAR YAVDAG BAISAN.
ЗочинFebruary 3, 2013
Энэ төвөгтэй бус харин ч энгийн ойлгомжтой байна. Ийм хялбар зүйлийг ойлгохгүй бол үүнээс хялбар байсан ч нэмэргүй юм байна. Хэт хялбар зүйл бүү хай. Тэр чинь залхуугийн нэг төрөл.
absoluteFebruary 5, 2013
наад төвөгтэй гээд байгааг хүнийг чинь мэдэх юм байна буддын сайтад орж ирчээд урдаас атман тэгээд бас буддын шашиныг сүнс дээд оюун ухаан буюу бүтээгчтэй холбохыг хичээдэг хүн наад хүнтэй чинь зөндөө атманы тухай маргасан буддын шашинд атманыг наах гэж оролдсон хүн байгаан тэгээд ч энэд бичэн бясалгал бол валпола рахула-н номон дээр бичигдсэн жинхэнэ цэвэр буддизмын тухай номон дээр байдаг бясалгал . харин тэр дээрх хүн бол хэн бичсэнийг нь ч мэдэхгүй залж буруутгаж мушгиж байгаа хүн мөнөөсөө мөн үндсээрээ буддагийн үгүйсгэдэг буддын шашин гэж бусдаас ялгагдах болсон гол тодотгол болох атман буюу ямар нэгэн бүтээгч эсвэл сүнсийг үгүйсгэх зүйлийн энэд нааж яах гэж байгаан дээд ухамсарт хүрэх гэнэ үү үнэн чанартаа дээд ухамсар гэж хэлэгдэх нь хоосон чанараар бол харьцангуй ба дээд бус ухамсартай харьцуулж байж л дээд гэж хэлж байгаан хэрэвээ ямар нэгэн зүйлтэй харилцаанд орж харьцуулагдаж гарч ирсэн нэр томъёо бол тэр нь үнэмлэхүй гэсэн үг биш уг чанараасаа дээд биш иймээс буддын шашин бол ямар нэгэн гадаад хүчин дээд ухамсар энээ тэрээ гэсэн гоё чамин үгээр мунхруулах биш зүгээр юмсыг таньж мэдэх ойлгох юм шүү дээ тиймээс тэр дээрх хүнийг бичсэн бүх зүйл үндсээрээ буддизмтай цохицохгүй байгаан нь харагдаж байна та янз бүрийн энэтхэгийн бясалгал хийдэг байж болно гэхдээ бясалгалаа гээд бүхнийг ухаарсан гэсэн үг биш мөн энэтхэг болохоор бүх шашин нь ижил гэсэн үг биш мөн энэд огтын ч хүндрэл байхгүй жинхэнэ цэвэр буддизмын номлол энэ бол мөөнөөсөө мөн тиймээс гуйя дөнгөж буддизм судалж буй хүмүүсийг битгий элвэд буруу ойлголт өгөөд бай
odgerelFebruary 5, 2013
Аан зөв зөв. Бас тийм учиртай хүн байсан юм уу. Дээрээс хойш хиндү гээд байсан юм аа. Энэ хүн юм байна л да.
ЗочинFebruary 6, 2013
уншаад л баймаар тун сайхан айлджээ. thks
ЗочинFebruary 6, 2013
цаглашгүй их ач буянд тань даган баясая. Ум сайн амгалан болтугай Өлзий хутаг орших болтугай
ЗочинFebruary 6, 2013
uneheer saihn nariin utga jayagtai tailbarlsn bna bayrlla sain buhen amidral deer ugaasaa todrood garaad irj bhd muu zuiliig ch sain zuild urvuulj blh bailgui de sain saihn buhen ulam ih delgereh boltugai
ЗочинFebruary 6, 2013
uneheer tsaish ni dahin dahin gund ni nevtermeer amtarhan bj baital duusav oshoo tsaash urgejluuen oor ter olon onogdohuunuudaa bicheeree guya tanias .minii yag nariin medeh gesn zuiluud bsnd mash ih bayrlj bna guij bna hurdn baival sain bna
ЗочинOctober 15, 2013
za amisgaldaa tuvluruh geed vzii ehelnee udurt 5 min taar amidrald heterhii avtahaaraa martchih geed bhiin uuriiguu sonirholtoi bolgoh arga zam hainaa