Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Тахил

Тахил (санскритаар "бузаа" гэдэг нь баясах гэсэн утгатай үг) бол Бурхан бодисадваа нар хийгээд буяны садан, багш нараа баясгах үйл юм.
Гадаад, дотоод, нууц, хоосон чанарын гэдэг дөрвөн тахил дотороос энэ удаа зөвхөн гадаад тахилын талаар өгүүлнэ. Үүнд: олны мэддэг усан тахил, цэцэг, хүж, зул, идээ будаа зэрэг олон зүйл багтдаг.
Нүгэл хийж олсон юмаар тахил өргөж болохгүй. Нэр алдар, олз хүндлэл үзэмж зэргийг горилон тахил өргөх юм бол жинхэнэ тахил болж чадахгүй. Гадаад тахил нь дотроо бодитой бэлтгэсэн, сэтгэлээр хувилгасан гэсэн хоёр янз байна. Бодитой бэлтгэсэн тахилд өөрийн идээ ундааны дээж, хүж, зул, цэцэг, балингаас авахуулаад ер хүний хэрэглэдэг сайн сайхан зүйлс орно. Сэтгэлээр хувилгасан тахил гэвэл өөрийнхөө бодитой бэлтгэсэн тахилыг сэтгэлээрээ бясалган арвитгаж өргөн уудам болгосон нь болой.
Бас өөрт хамаагүй нийтийн эзэмшлийн ус мөрөн, ой цэцэрлэг, ан амьтан, газар дэлхийг өргөдөг нэгэн зүйлийн тахил байна. "Түвдийн ус найман гишүүнт рашаан тул ганц усан тахилаар л их буян хурааж болно " гэж Балдан Адишаа айлдсан юм гэдэг. Монгол орон ус нь цэвэр тунгалаг, байгаль нь унаган төрхөөрөө тул усан тахилаар их буян хураах бололцоотой газар юм, Зарим хүн зулын оронд чийдэн асаавал болчихно гэдэг. Болох ч учир байж болно. Гэхдээ зул бол үлэмжийн гурван сургаалын тухайлбал цөгц нь санваарын, тос нь бясалгалын, гэрэл нь билгүүний бэлгэдэл болдог юм. Тийм тохироо бүрдэж байх юм бол чийдэнгээрээ зулыг орлуулна биз дээ
Мөн өөр нэг зүйлийн талаар өгүүлье. Нас барсан хүний зургийг бурхантай зэрэгцүүлэн тавьж зул өргөх нь зохистой биш юм. Талийгаачийн зурагт заавал зул өргөх шаардлага байхгүй. Бурхан шүтээндээ л зул өргөж, хүж шатаа. Цайныхаа дээжийг эхлээд бурхан шүтээндээ, дараа нь хангай дэлхийдээ өргөнө. Бурхан сахиусаа мартаад дан ганц уул хад, мод чулуунд хамаг бүхнээ даатгана гэдэг хурдан хүлгээ тавьж орхиод эцсэн илжиг унах лугаа үлгэр нэгэн буюу. Лус савдаг, бөө удган зэрэг нь энэ насанд тус дэм болж болох хэдүй ч насан эцэслэхийн цагт сүнс сайн төрөл олоход саад тотгор болдог гэмтэйг анхаарвал зохино. Усан тахилын цөгц нь дундуур устай байвал идээ ундаа хомсдох, бялхаж цалгиж байвал сахил санваар цалгардах осолтой. Цөгцний хоорондын зай ч бас учиртай. Холдвол лам багшаасаа хөндийрөх, амсар нь нийлбэл ухаан сэхээ муудах уршиг тарьдгийг санаж яваарай.
Хамгийн дээд тахил бол зарлигчилан бүтээхүйн тахил юм. Бурхан бодисадваа хийгээд багш буяны садны заасан авах гээх, буян нүгэл, үйлийн үр тэргүүтнийг зөв ухааран, алхам бүрдээ ёсчилон дагаж мөрдөх нь мөн хамгийн дээд тахил мөн. Тахил өргөсний ач тус гэвэл, эдлэл хөрөнгө ихтэйн дээр хармын сэтгэлгүй болно.
Тахил нь таван хорт сэтгэлийн дотроос харамч сэтгэлийн ерөндөг (даруулга) болдог юм.

Бакула ринбүүчи

  • ЗочинSeptember 13, 2012

    bayarlalaa

  • ЗочинOctober 3, 2012

    Тахил яаж өргөх, тухайлбал усан тахилыг хэдэн цөгцөнд өргөх ёстой байдаг талаар мэдээлэл оруулж болох уу?

Бусад мэдээлэл