2021-11-03 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6429
Тэр ч урьд Веранасын орноо Ариун өглөгч гэдэг нэгэн хаан байжээ. Тэрээр номын ёсоор төрийг тэтгэж явах цагт тэр газрын ойд хүний хэлийг хэлж чаддаг,сайн явдал ёст вамин (ногтруу) туулай, мич, заан байж гэнэ. Тэдгээр нааш цааш ханилан нөхөрлөж байснаас ийн хэлэлцрүүн: “Бид ах дүүгээ үл мэдэхийн учир хэн нь хэнээ хүндлэхийг үл мэднэ. Бидний дотроос хэн маань ах болов?” гэхэд заан өгүүлрүүн: “Энэ нягрода модон намайг нялх цагт надтай өндөр нь чацуу байсан билээ” гэв. Мич бээр “Намайг нялх цагт энэ мод надтай чацуу байсан шиг санагдана” гэлээ. Туулай бээр “Энэ мод таван хуруу өндөр, хоёрхон навчтай байх үед би түүний дээрх шүүдрийг долоон явсан билээ” гэлээ. Вамин (ногтруу) өгүүлрүүн: “Миний сангасны доторх хөрөнгөнөөс энэ мод ургасан билээ” гэсэнд ах дүүгээ мэдэж заан мичийг хүндлээд, тэр хоёр бээр туулайг хүндлэн, тэр гурвуулаа ваминг (ногтруу) хүндэлж дөрвүүл өөр өөрийн язгуур зохиолдох амьтнаа амь үл таслах тэргүүтэн таван буяны явдал зохиож оршсоноор тэр оронд зуд турхан, өвчин тахал тэргүүтэнгүй цаг сайн болж амьтан амаржлаа гэсэн гэдэг.
Тэр цагт хаан бээр “ Энэ мэт амар жаргалан болсон нь миний хүч буй” хэмээн санасанд зөн билигт нэгэн арш бээр “Энэ мэт болсон нь тийм дөрвөн амьтны хүч буй” гэснийг сонсоод хаан тэргүүтэй олон хүн бээр амийг таслах , хулгай хийх, буруу хурьцах, худал өгүүлэх, архи уух таван зүйл гэмийг тэвчиж, ариун явдлаар явснаар цаг машид сайхан болж олон амьтад ихэд амар жаргажээ. Тэдгээр амьтад ч энэ орноос үхэж егүүтгээд гучин гурван тэнгэрт төрсөн ажгуу. Тэр цагт вамин (ногтруу) нь бидний багш Шагжамүни бөгөөд туулай нь Шарибудари, Мич нь Модгалавани, заан нь Ананда буюу хэмээн Бурхан багшийн намтар Галбарварс модон нэрт шашдираас номлосон мэт билээ.