Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Паадамба богдын шавьдаа айлдсан ном

Паадамба богд эрх авшиг өгөөгүй атлаа зарим хүнд гүн номыг заах тохиолдол олон байсанд Гунгаа:
-“Багш аа, тарнийн увдисыг авшиг, адис жинлавгүйгээр өгч болдог юм уу?” гэж асуусанд:

-“Засаагүй замд морин тэрэг явахгүй. Овон товонтой шуудуугаар ус урсахгүй. Цөвтсөн бохир усанд дүрс тодрохгүй. Шатаагаагүй вааранд юм хийж болохгүй. Сэтгэл ариусаагүй бол эрдэмд боловсордоггүй. Чи энэ азар увдисыг хамаагүй цацаж байна даа гэж бодож байна уу? Би бодгалийн язгуурыг шинжилж сурсан тул хүнд нь таарсан увдис өгөхөө мэднэ. Урд насны үйл, адис жанлаваар сэтгэл нь ариуссан хүмүүс олон байдаг бол анхлан суралцаж буй боловсроогүй нь ч олон. Гэвч азар миний барааг харах, авшиг эрхийг олох хоёр нэгэн зэрэг, огторгуйд дүүлэх хангарьдтай бялзуухай далавчаар тэнсэлдээд давж гана гэж үгүй. Бид анхлан адистэдийн угаалыг үйлдсэн нь увдисын эерийг уусан хэрэг юм шүү” гэжээ.
Тэр цагт нэгэн удаа нэгэн бандида Паадамбаас алт гуйхаар хүрч ирээд тогтсон тааллын номын яриа олонтаа өгүүлсэнд Паадамба “Хоосон огторгуйг хэлбэр дүрстэй болгон засаж чаддаг нэгэн бандида байна. Гайхамшигтай л юм” гэжээ.Үүнийг нь тэр бандида ойлгосонгүй. Гунгаа үүний талаар тусгайлан асуугаад ийнхүү ярилцав.

-Паадамба багш аа, огторгуй хоосон атал дүрс болгон засаж чадах гэдэг нь ямар учиртай вэ?
-Бурханы таалалд талцал гэж үгүй атал тэр бээр нэг зүгийг барьсан олон үзлийг гаргах юм. Бурхан багшийн эрдэнэт сургаалд туйлын ганцхан тааллыг л зарлигласан юм. Чухам тэр санааг л ойлгоогүй цагт олныг өгүүлэх нь элбэг. Олон зүйл чинь гагц үнэнийг халхалдаг гээд цааш нь: Мэдсэн олон ном байвч сэтгэлээ амарлиулахад нь даанч тус болохгүй юм даа. Бодохоос гутармаар юм даа.

-Харин ч олон номыг мэдсэнээр гэгээрнэ гэдэггүй бус уу багш аа? хэмээн асуухад нь
-Их мэдлэгээр гэтэлж болдог бол бандида нар орчлонд тэнэхгүй л байсан бид дээ?!
-Сонссон ном ихтэй боловч тэр нь нирваанд хүрэхэд нь тус болдоггүйн гол уршиг юу вэ?
-Ертөнцийн хүний эгэл бодлоор хуяглавал нирвааны ном сэтгэлийг нэвтлэхгүй. Омог бардан занг товгор газраар зүйрлэвэл түүн дээр эрдмийн ус тогтохгүй. Магад ухаарлын угтлага үгүйгээр бясалгал дадлагын рашааныг уухгүй. Онолын хуурай үгүйгээр эндүүрлийн чөдрийг таслахгүй. Юмсыг нэр төдий гэж ойлголгүй миний зөв хэмээж өөрийгөө зөвтгөнө. Хөлгөнийг нэгэн болгож авцалдуулалгүйгээр тогтсон тааллаар талцдаг. Өөрийн сэтгэлд үзэл бясалгалыг төрүүлж үзээгүй атлаа бусдыг сорьж туршдаг. Зальхай найман ном дээр сууж буй атлаа бусдыг гэтэлгэнэ хэмээн горьдох, амсаж мэдээгүй атлаа гүн ухаарлыг бусдад таниулах гэх, ном нь амны ном, үзэл нь хоосон хүсэл, даддлага нь мөрөөдөл, явдал нь хүчилсэн хэлбэрдэл. Горилох үр нь буян заяа бөгөөд зөвхөн энэ насны бодлоос хэтрэхгүй санаатнууд бүгд л номтон хүний хуурамч дүрс мөн.

-Уг нь сонссон номоо ариутган батлах нь зүйтэй атал....?
-Усыг уулгүйгээр цангаа тайлах гэж үү? Хүслийг биелүүлэгч чандмань эрдэнийн ач тусыг сонсоод есөн хүсэл биелэх үү? Ном гэдэг мэдмэгц л сэтгэлд төрчихдөггүй. Усыг уух хэрэгтэй, чандмань эрдэнийг эзэмших хэрэгтэй. Номыг яг л номын ёсоор үйлдэх хэрэгтэй юм шүү дээ.

-Номыг мэдэж авсан л бол үйлдэх нь зохистой юм байна даа?
-Гунгаа аа, мэддэг хүнийг бус бүтээж хэрэгжүүлсэн хүнийг номыг эзэмшсэн хүн гэдэг юм. Үнэн сэтгэлээсээ номыг анхааран авбал мэдэхгүй зүйл гэж үгүй болно. Адаглаад зургаан үсгийг тоолж чаддаггүй хүн гэж хаанаас байхав дээ. Үүнийг магад ухаарвал анхааран авах номонд нэгхэн үг л хангалттай. Гэтэл хичнээн мэдлэгтэй болсон ч гүн үзэл, дадал бясалгал сэтгэлд төрж байх албагүй байдаг юм.

-Тэгвэл бүх мэргэдүүд л үзэл, бясалгалыг эзэмшсэн мэтээр ярьдаг шүү дээ.
-Үүнийг нийтийн жишиг гэдэг юм. Сэтгэлдээ дадлагаар баталсан нь үгүй. Өлсгөлөн ядуус баян хүний эд хөрөнгийг яс тоолж чадах боловч хэрэглэх буянгүй. Номыг бясалгаад мэдэрчихсэн бол явдал нь буруу байхгүй шүү дээ.

-Хэрэв сэтгэлд номын дадал суусан бол тэр хүний явдал ямар байх вэ?
-Үзэл, бясалгал сэтгэлд төрвөл эндүүрэл суурин дээрээ тонилдог атал тэр өдгөөг хүртэл хөшүүн сэтгэлээ тавиагүй л байна. Хэрэв Би-д барих үзлээс ангижирсан бол найман ном нь ч нурах мэт алга болон одох л байсан. Гэтэл тэр одоо ч ихсэх аргыг бүтээсээр... Найман номоос ангижирвал магтаал, муушаалын үг хадны цуурай мэт болдог. Гэтэл тэр өдгөө хүртэл өчүүхэн юманд шунасаар... Магтаалын үгийг хадан цуурай гэж ойлговол ихсэх хүсэл, хуурмаг явдал гаргахгүй атал тэр өдгөө хүртэл ихсэхийн хүсэл, хуурмаг явдлаасаа салаагүй л байна.

-Тэгвэл сулхан бандида байна даа?
-Сулхан бандида ганцхан түүгээр дуусахгүй. Эгэлүүд ном мэдэхгүй юм хойно танихгүй юм даа.
-Бандида гэдэг номыг мэдэхээр зогсохгүй үйлдэж, анхааран авч чаддаг хүн байх ёстой атал үйлдэхгүй байгаадаа сулд тооцогдох болж дээ?
-Гунгаа аа, тийм хүмүүсийг тоолоод барахгүй. Тэд хойд нас, чинагш ертөнцийн номыг хэрэгсдэггүй. Зөвхөн энэ насыг жаргал гэж бодоод номыг үйлдэж үл чадна. Тэд үхлийг тухайлан бясалгахыг хэрэгсдэггүй. Хүн бүхэнд үхэх хувь тавилан буй атал түүнээс үл айна. Муу заяаны зовлонг огт мэдэхгүй бус, нүдээр хараад ч үл айна. Гэргийтний амьдрал эцэстээ зовлон мөнийг бүгд ойлгодог хэрнээ ганцаар сууж чаддаггүй. Хураасан эд хогшил хойно үлддэгийг бүлтийтэл харсаар атлаа хармын зангилааг тайлдаггүй. Асран тэтгэсэн ураг садан, үр хүүхдээс хүндлэл хайрыг амсахгүйг мэдсэн атлаа шуналыг орхидоггүй.

-Паадамба багш аа, энэ үнэн билээ. Бүлтийтэл том харсан сохор л байна даа
-Бүгд л сохор. Тэгвэл бид өөрсдөө сохор байлгүйгээр анхлан үзье, үзээд тогтож ажиглая, дараа нь танин мэдье, тэгээд анхааран авч бүрэн дүүргэе.

-Паадамба багш аа, өчигдөр нэгэн гэлэн надаас “Суурь тавилгүйгээр дээвэртээ яарах, доод давхраа бариагүй атлаа дээд давхартаа яарна гэдэг шиг доод хөлгөний тогтсон тааллын өчүүхэн ч ойлгоцгүй, нэгээхэн сахилыг ч сахилгүйгээр нууц тарнийн магад утгыг таниулна гэнэ үү? Тэр бэрх бус уу” гэж асуухад сэтгэл минь тавгүйтлээ.

-Ашигтай бол далайн ёроолд хүрч эрдэнэс чулууг хүртэл авч чадна, ашиггүй бол төрсөн эцгийхнээ ургац тарианаас зайлс хийнэ гэдэгт итгэдэг бол тийм мэтийн үгэнд санаагаа урвуулалгүй байгаарай. Худгийн мэлхийн ухаанд гадаад далай багтахгүй харин гадаад далайд байсан мэлхий ялгаатай. Тэр гэлэн бол бодь мөрөөр алгуур өгсөх язгууртан мөн. Гүнзгий утгыг заавал айж цочих болно. Ийм ч учраас Бурхан багшийн олон хөлгөнийг номлосон нь шавийн язгуурт тохируулсан явдал мөн. Шавийн ухааны цар хүрээнд үе шат үгүйсэн бол Бурхан багш ганц л ном айлдах байсан буй заа.

-Тэгвэл эхлээд доороос өгсөх язгууртаны ном хэрэгтэй гэсэн үг үү?
-Учир нь дээд давхарт гарсан хойно шатны хэрэг гүйцсэн нь сайн хэрэг боловч харшийн оройд хүрсний дараа суурь байхгүйгээр үл болох. Өдгөө энэ бие дээрээ л мөрийн сэжүүрт орсон бус, буяныг хурааж, хилэнцийг ариусгах олон үйл урьд гүйцээсэн юм. Жич дээд ухаантан шавь ч алгаслалд гэтлэх нь ч байдаг. Мөс үзэгдвэл ус байхаас яахав. Хуурай газарт ус байхгүй. Энэ нь номын гүн утга сэтгэлд төрөхийн өмнө хичээл шамдал зайлшгүй шаардагдана. Шамдал хичээлгүйгээр хүчтэй болдог ёсон адаглаад бөх хүмүүнд ч үгүй.

-Тэгвэл ширваганы шагшаабадаас нэгийг ч болтугай сахих хэрэгтэй юу?
-Сахих нь сайн хэрэг, нирвааны шат болно. Ер нь олны дотор цөөн нь багтдаг ёсон буй. Нууц тарнийн санваарыг ариун сахивал доод суртгаалуудыг тухайлан сахиахгүй ч байсан сахисан болдог. Гурван санваар чанартаа тусдаа бус. Тусгайд нь сахих ёсон буй боловч дээд санваартаа багтаж л байдаг юм. Би Төвдийн номтонгуудтай таардаггүй юм.

-Яагаад таардагүй гэж?
-Нирвааны үрийг хүсэх юм бол ертөнцийн бүх хуяг хаалтаас ангижрах хэрэгтэй атал тэд зальхай найман номд дурласаар л байдаг. Эсрэг мууг эерэг мөрд авдаг нь нууц тарнийн ер бусын арга мөн бөгөөтөл тэд нисваанист ерөндгийг л ашигладаг. Харш нөхцлийг эерэг нөхцөл болгох нь егүзэр хүний мэргэн ухаан бөгөөтөл тэд муу зүйлээс хулчийн зугтаж явдаг. Хүсэл шунал зовлонгийн үндэс атал тэд номыг бүтээлгүй жаргалыг хөөсөөр... Бясалгал увдсыг ярианаас олж авдаг атал тэд бэхэн үсгээр саваа дүүргэн суудаг. Ном сонсохын хэрэг нь амарлингуй, дөлгөөн чанартай болох атал тэдний ном омгт сэтгэлийн нэмэр болдог. Бурханы хутаг хэмээх туйлын дээд үрийг хүсэлгүйгээр энэ насны яруу алдрыг хүсдэг нь номын хэргийг умартсан явдал мөн.

-Паадамба багш аа, үнэн зөв нэгэн номыг үйлдье гэвэл хэрхвэл зохих вэ?
-Энэ насыг сэтгэлээрээ огоор. Хойд насны хүсэл шуналыг цээрлэ. Сансараас ой гутах сэтгэлийг төрүүл. Тэгсэн цагт явдал, бясалгалыг бурхан өөрөө хүргэж ирэх вий.

Орчуулсан У.Пүрэвсүх

    Бусад мэдээлэл