Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Энэ нас хийгээд хойд насанд хэрхэн аз жаргалтай байх вэ?

Гэргийтэн хувраг аль ч хүмүүн ялгал үгүй энэ насны хийгээд эцэс хойдын аз жаргалыг бүтээхийн тухайд өглөө эртлэн босож өдрийн турш энэхүү л зорилгын төлөө өөд уруугүй гүйн өнгөрөөх билээ. Далай багш “Хүний амьдралын зорилго бол аз жаргалтай байх юм” хэмээн айлдсан байдаг. Гэрээс гарсан хувраг хүнд эхнэр хүүхдээ асрах, эд хөрөнгө хураах, хураасан хөрөнгөө арвижуулах, хулгай тэргүүтэн гадны хүчинд алдахгүй зэрэг олон ажил үгүй бөгөөд гагц бусдыг хайрлах энэрэхүй сэтгэл, бодис зүйлийн мөн чанарыг ухаарах билэг ухааныг өөрийн сэтгэлд төрүүлэн өөр хийгээд бусдад тустай өнөд ашдын гэгээрлийг олох нь чухал. Харин гэргийтэн хүний хувьд энэ насанд эд хөрөнгөөр элдэг дэлбэг эцэс хойд насанд сайн төрлийг олох улмаар гэгээрлийг олох нь нэн чухал билээ. Чухамхүү энэ зорилгыг хэрхэн бүтээх талаар эдүгээс 2500 жилийн өмнө Энэтхэгийн Колияа омгийн Вяаггхапажжа хэмээх хүн Бурхан багшаас асуухад Бурхан багш юу гэж сургасан болохыг Вяаггхапажжа сутта –аас мэдэж болох билээ. Энэхүү Вяаггхапажжа сутта нь Пали хэл дээрхи “Гурван аймаг савны ном”-ын Сутта Питака буюу Судрын аймгийн Ангуттара никаяа хэмээх хэсэгт багтах бөлгөө.
Вяаггхапажжа сутта
Гэргийтэн хүн энэ насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс:
1. Хичээл шамдлыг бүтээх
2. Сонор сэрэмжийг бүтээх
3. Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх
4. Зохистой амьдралаар амьдрах

  1. Хичээл шамдлыг бүтээх гэж юуг хэлэх вэ?
    Гэргийтэн хүн газар тариалан, худалдаа наймаа, мал аж ахуй эрхлэх, нум сум агсах (зэвсэгт хүчин), хаан төрд зүтгэх (төрийн алба) болон бусад төрлийн ажил эрхлэн эд хөрөнгийг бүтээх бөгөөд өөрийн эрхэлсэн ажилд авьяас чадвартай, эрдэм мэдлэгтэй, хичээл зүтгэлтэй улмаар ажлын арга, туршлагаа дээшлүүлэн байхыг хичээл шамдлыг бүтээх гэнэ.
  2. Сонор сэрэмжийг бүтээх гэж юуг хэлэх вэ?
    Гэргийтэн хүн гарын хүчийг гарган, магнайн хөлсийг цувруулан шударга зөв замаар хичээл зүтгэл гарган хураасан эд хөрөнгөө хаан төр, хулгай дээрэм, хуурмаг муу санаат өв залгамжлагч хийгээд хуйлран асах гал усны аюулаас хамгаалан байхыг сонор сэрэмжийг бүтээх гэнэ.
  3. Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх гэж юуг хэлэх вэ?
    Гэргийтэн хүн хөдөө тосгон, хот балгад алинд амьдравч сүсэг бишрэл төгөлдөр, ёс суртахуун төгөлдөр, өглөгийн сэтгэл төгөлдөр болон билэг ухаан төгөлдөр насан залуу, өндөр гэргийтэн, гэргийтний хүүтэй шадар нөхөрлөн тус тусын сүсэг бишрэл, ёс суртахуун, өглөгийн сэтгэл болон билэг ухаанаас суралцахыг сайн хүмүүстэй шадар нөхөрлөх гэнэ.
  4. Зохистой амьдралаар амьдрах гэж юуг хэлэх вэ?
    Гэргийтэн хүн өөрийн олж буй орлого нь зарцуулж буй зарлагаас илүүтэй байхаас бус зарлага нь орлогоосоо илүүтэй байх ёсгүйг ухааран мэдэж орлого зарлагадаа тааруулан хэт үрэлгэн бус хэт харамч бус зохистой амьдралаар амьдрахыг зохистой амьдралаар амьдрах гэнэ.
    Хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дөрвөн зүйлийн шалтгаанаар шамшигдан үрэгддэг. Дөрөв юу хэмээвээс:
  5. Эмс охидтой наргин цэнгэхэд дурлах
  6. Мансууруулах идээ ундаанд дурлах
  7. Мөрийтэй тоглоомд орох
  8. Муу үйл хийгч хүмүүнтэй шадар нөхөрлөн амраг найз болох

Хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дөрвөн зүйлийн шалтгаанаар арвижин дэлгэрдэг.
1. Эмс охидтой наргин цэнгэхэд дурлахгүй байх
2. Мансууруулах идээ ундаа хэрэглэхгүй байх
3. Мөрийтэй тоглоом тоглохгүй байх
4. Муу үйл хийгч хүмүүнтэй шадар нөхөрлөн амраг найз болохгүй байх

Гэргийтэн хүн хойд насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс:
1. Сүсэг бишрэл төгөлдөр байх
2. Ёс суртахуун төгөлдөр байх
3. Өглөгийн сэтгэл төгөлдөр байх
4. Билэг ухаан төгөлдөр байх

    Бусад мэдээлэл