Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Гэр бүл, найз нөхөд, эд баялгийг хэт чухалчлахгүй байх тухай Милбогдын дуулал

Милбогдын эмэгтэй дүү нь түүнийг гэр бүл, үр хүүхэдтэй болохыг ятгахад тэрээр харин гэрээ орхин явж улмаар өөрийн багш Марватай учирсан байдаг. Дүү охин нь түүний багш Марва гэр бүлтэй байсныг мэдээд ахдаа өөрийнхөө үндэслэлийг шаргуу зүтгүүлж

“Яагаад багштайгаа адил байхгүй байгаа юм бэ? Арслан архирч байгаа газар үнэг хуцах нь алдаа болдог” хэмээн шалж байжээ.

Үүнээс хойш Милбогд хичнээн хүчин чармайлт гаргасан ч үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа нэг айлд зочлоход тэд түүнийг үрчилж авахыг хүсжээ. Тэрээр “Та бүхэнд үрчлэгдэж, танайд үлдэх ямар ч боломж байхгүй” гэж татгалзаад “Гэвч та бүхэнд ямар асуудал байна вэ?” гэж асуудаг. Тэр хос өтөл насанд нь өөрсдийг нь асарч тэтгэх нэг ч үр хүүхэд байхгүй гэж зовлонгоо хэлжээ.

Милбогд сонсоод, ингэж хариулжээ:

“Залуу хүү, охин хоёр анх танилцахад тэд бие биедээ тэнгэрийн хөвгүүд, охид адил сайхан харагдаж, бие биеэ хараад хараад ханашгүй их татагддаг. Тэгээд бие биеэ мэддэг болсноос хойш хэсэг хугацааны дараа бие биерүүгээ муухай харж эхэлдэг. Тун удалгүй нэг нь хоёр үг хэлвэл нөгөө нь буцааж гурван үг хэлнэ. Тэгээд эцэст нь хэрэлдэж эхэлдэг. Хэрэв нэг нь нөгөөгийнхөө үсэнд хүрвэл, нөгөө нь хоолойноос нь зуурч авна. Нэг нь нөгөөгөө саваагаар цохихоор далайвал нөгөө нь буцааж цохихоор модон халбага шүүрч авдаг.”

“Миний шавь Ренчүнпад үүнтэй адил зүйл тохиолдсон юм. Ренчүнпа багшаа орхин, сахилаа огоорч нэгэн давуу эрх дархтай эмэгтэйтэй гэр бүл болсон юм. Нэг өдөр түүнтэй нэг гуйлгачин тааралдаж түүнээс хүзүүний оюу зүүлтийг нь гуйхад түүнд өгөөд гэртээ ирэхэд эхнэр нь зүүлтээ яасан тухай асуужээ. Эхнэр нь сонсоод маш их уурлаж түүнийг түгпа гурилтай шөлөнд дүрээстэй байсан шанагаар нүдэж цохисон байна. Ренчүнпа ‘Амьдралдаа би олон удаа авшиг хүртэж байсан, гэвч шанаганаас хэзээ ч авшиг хүртэж байсангүй. Би олон чимэг зүүлт зүүж байсан гэвч хэзээ ч шөлний гурил зүүж явсангүй!’ хэмээн уйлж дуулсан байжээ.”

“Үүнээс хойш хэсэг хугацааны дараа, миний өгч байсан авшигт Ренчүнпа хүрч ирсэн юм. Би түүнд хэлхээтэй оюу үзүүлээд, түүнийг оюу зүүлтээ хүнд өгсөнийг мэдсэн хэдий ч зориуд ‘Хэрэв авшиг авахыг хүсвэл ийм зүйл өгөх хэрэгтэй’ гэсэн! Та нар харж байгаа биз, хосууд хүртэл хоорондоо хэрэлдэж муудалцдаг. Өтөлж шүднүүд нь унах үед тэд үнээ, бух шиг л болдог. Эцэстээ буг чөтгөр, ад зэтгэр шиг болдог! Тийм болохоор, үгүй, намайг үрчилж авах та нарын хүсэлтийг би хүлээж авахгүй.”

Гэвч гэрийн эзэн түүнийг болон эхнэрийг нь харж асарч, тэднийг санаа зовох зүйлгүй байлгах хүүтэй байх ёстой хэмээн “Хэрэв чи манай хүү болвол, бид чиний хуриманд бэлдье. Тэгээд чи өөрийгөө асрах хүүхдүүдтэй болж болно” гэж шахсаар байв. Милбогд татгалзсан хэвээр байв.

“Хүүхдүүдтэй байх үнэхээр сайхан. Анх хүүхэдтэй болоход тэд үнэхээр хөөрхөн байдаг, тэнгэрийн хөвгүүд, охид шиг! Маш их баяр баясгалан авчирдаг! Гэвч тэд өсөж томрох хирээр чамаас бүхнийг шаардаж эхэлдэг. Чи тэдэнд өртэй мэт цаг үргэлж чамайг хоргоож буцааж төлөхийг сануулна. Улмаар хүү чинь гадны хүмүүс, найзууд, найз охидоо эцэг эхээрээ тэжээлгэхээр гэртээ авчирна. Тэгээд гэрт чинь эзэн сууж яваандаа эцэг эхээ гэрээс нь хөөж гаргана.”

“Тэднээс ямар нэг зүйл эелдгээр гуйхад хариуд нь чамруу хашгична. Өтлөхөд чинь өөрийг чинь дорд үзэж чамаас, бүр ээжээсээ ичнэ. Тэгээд өмнө нь жижигхэн хөөрхөн ханхүү байснаасаа огт өөр болно. Чамд хэзээ ч сэтгэлийн амгалан авчрахгүй, тусыг чинь хариулахгүй. Тэд үргэлж чиний хүссэний эсрэгийг хийнэ. Үсээ арзайлгаж, этгээд хачин гутал, хувцас өмсөнө.”

Эхнэр нь бууж өгөхөд арай бэлэн биш байдалтай “Хэрэв хүү тийм их төвөгтэй юм бол бид охинтой болъё” гэж хэлэв.

“Охид эхлээд бага насны хөвгүүдийн адил маш хүмүүжилтэй, дуулгавартай байдаг. Гэвч яваандаа бас маш хүчтэй, өмчирхөг – хэмжээгүй хүсэл, хэрэгцээ шаардлагатай – болдог. Гэртээ эд баялаг авчрахын оронд түүнд зарцуулахад чиний аль өгч чадах хэмжээний мөнгийг нэхнэ. Тэд эцгээ аргалж, эхээсээ хулгайлж, асуухгүй авна. Тэд ямарч талархалгүй, эцэг эх нь тэдний юу хүссэнийг өгөх ёстой мэт байдаг.”

“Тэд муу залуустай гадуур явж, гэртээ оройтож ирж эцэг эхийнхээ сэтгэлийг цаг үргэлж зовоож, гонсойлгоно... Тэд уур уцаартай байдлаараа эцэг эхийнхээ сайхан сэтгэлийн хариуг барина. Тэгээд тэд өрх тусгаарлан эцэг эхийнхээ гэрээс боломжтой бүгдийг нь авч явна. Тэд зөвхөн асуудал бэрхшээлд орохоороо гэртээ зочилж ирнэ.”

“Ийм болохоор энэ бүх шаардлагагүй илүүц зовлонгоос би бүрмөсөн татгалзсан. Би ямар ч хүү, охин хүсэхгүй байна.”

Хосууд итгэхгүй үргэлжлүүлэн “Найз нөхөдтэй байвал ямар вэ? Өөрт чинь ойр дотно хэн нэгэн, хамаатан эсвэл найз байхгүй бол үнэхээр гунигтай, хөөрхийлөлтэй биз дээ!” гэв.

Милбогд “Тэд бүгд адил! Анх тэдэнтэй танилцахад бүгд инээмсэглэн, үнэхээр сайхан ааштай байна, чамд сайхан санагдана. Тэгээд түүх дурсамж, яриа хөөрөө, сонин хачнаа дэлгэж, тэд чамайг ийшээ ч тийшээ ч урьж чамд өөртөө зориулах цаг нэгээхэн ч гарахгүй. Гэртээ буцаж ирээд бас бүх ураг төрлийнхөндөө зочлох ёстой болно. Тэд бүх сонин хачнаа дэлгэж, чи ердөө амар амгалангаа үзэхгүй. Үүний дараа бэлэг сэлт, хоол хүнс солилцож, та нар бие биедээ зориулж зоог бэлдэнэ. Эцэст нь бие биетэйгээ өрсөлдөж эхэлнэ. Тус бүрдээ нөгөө нь юу хийж байгааг мэдэх шаардлагатай болж, бие биедээ атаархаж, өрсөлдөөн бий болдог.”

“Хэрэв чамд хэн нэгэн ойр дотно хүн байхгүй бол ямар ч зөрчил үүсэхгүй. Хэрэв найз нөхөдтэй байвал зөрчилдөөн байсаар байх болно. Хүмүүс хов жив ярихаараа өөрсөддөө ойр байдаг хүмүүсийнхээ тухай ярьдаг. Хэрэв хэн нэгэнтэй ойр амьдарч байвал чи үргэлж бурууг нь олж харна. Чамтай найз биш хүмүүс чамайг зүгээр үлдээнэ, харин танайд зочилж ирдэг тэдгээр хүмүүс яваад чамаас олж харсан алдааны чинь талаар ярина. Жаргалтай мөчүүдийг шавхаж, зовох мөчүүдийг хуваалцдаггүй ийм найз нөхөд, ураг садан надад хэрэггүй” хэмээв.

Эхнэр нөхөр хоёр няцалгүй сүүлийнхээ оролдогыг хийж “Найз нөхөд, гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгааг чинь ойлгож байна. Гэвч бидэнд эд хөрөнгө байна. Хэрэв чи бидэнтэй үлдвэл, биднийг нас барсаны дараа бидний эд хөрөнгийг өвлөж авч болно” гэв.

Милбогд толгойгоо сэгсэрч “Энэ бас ямар ч хэрэггүй. Та нарын санал болгосон эд баялагийн төлөө би хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх зорилгоосоо ухрахгүй.

Эд баялаг бол үргэлжийн, мөнх байдаггүй. Эд хөрөнгө хүсэх нь давстай ус уухтай адил, чамд хэзээ ч хангалттай санагддаггүй. Чамд хэдий их байна, төдий хирээр илүү ихийг хүсдэг. Эд хөрөнгө, хурааж эхлэх үед чамайг бахдуулж, бусдыг атаархуулна. Улмаар чи хэдий их хөрөнгөтэй болно төдийчинээ их харамч, бусадтай хуваах дургүй болно. Хураасан хөрөнгө чинь дайсан татах болно. Гэр бүл, найз нөхөд чинь ямар нэг зүйл авахаар цуглах боловч атаархаж чиний дайсан байсаар байх болно.

Эцэст нь өтлөх үед чинь хураасан хөрөнгийг чинь бусдууд ашиглаж эхэлнэ. Хүмүүс эд хөрөнгөнөөсөө болж бусдын гарт амь үрэгддэг. Чиний эд хөрөнгө чамайг үхэлд хүргэж болно. Эд баялаг цуглуулах нь доорд төрөл рүү чулуу шидэхтэй адил. Тийм болохоор та нарын эд баялагийн энэ өгөөмөр саналаас чинь би татгалзах ёстой. Энэ бол чөтгөрийн тоглоом шиг зүгээр урхи юм. Гэвч бидний учрал их тустай боллоо. Ирээдүйд Бурханы оронд хүрэхэд чинь би заавал тусална. Надад үнэхээр их зүйл санал болгосон болохоор би та бүхний төлөө залбирах болно.”

Ингээд эцэст нь хос хоёр энэ бүхний сул талыг ойлгож Милбогдод сүсэг төрж эд баялгаараа өргөл барьж түүнээс ном сонсож насан өөд болохоосоо өмнө нууцад нэвтэрч үлэмж үзэхийг ч олжээ.

Энэ бүгд нь Милбогдын үр хүүхэд, найз нөхөд, ураг садныг хэт чухалчлахгүй, Номоор ая тухтай амьдрах тухай сургасан сургаал юм.

Эх сурвалж:
http://www.berzinarchives.com/web/mn/index.html

Гэвш Наван Даргеи
Александер Берзиний тэмдэглэлээс
Хянан тохиолдуулсан Паулин Иеатс, 2008 оны 6 сар
Аман орчуулгыг Шарпа Ринбүүчи
Дарамсала хот, Энэтхэг улс
1974 он

  • ЗочинOctober 8, 2013

    “Тэднээс ямар нэг зүйл эелдгээр гуйхад хариуд нь чамруу хашгична. Өтлөхөд чинь өөрийг чинь дорд үзэж чамаас, бүр ээжээсээ ичнэ. Тэгээд өмнө нь жижигхэн хөөрхөн ханхүү байснаасаа огт өөр болно. Чамд хэзээ ч сэтгэлийн амгалан авчрахгүй, тусыг чинь хариулахгүй. Тэд үргэлж чиний хүссэний эсрэгийг хийнэ. Үсээ арзайлгаж, этгээд хачин гутал, хувцас өмсөнө.” ..............гэсэн энэ хэсэг айл болгоны хүүхдүүд бас арай ийм байдаггүй байх гэж бодож байна. Эцэгээ эхээ хайрлаж хүндлэхгүй бол өөр хэнийг хайрлаж энэрэх вэ? Үр хүүхэддээ хайр энэрлийн дээдийг, хязгаарыг гаргаж чадахгүй бол эх болсон 6 зүйлийн хамаг амьтныг яаж энэрэх вэ? их эргэлзээтэй санагдлаа.

  • odgerelOctober 8, 2013

    Энэ бол ертөнцийн үнэн. Үүнтэй эвлэрэхээс өөр арга гэж үгүй. Хайр бол шунал. Шуналаас түмэн зовлон үүдэн гарна. Тиймэс түүндээ мэдэлтэй хандаарай л гэсэн санаа байна шүү дэ. Тиймээс хол ойрд барин, садагнан тачаах үзлээс ангид тэгш сэтгэлээр оршоорой гэж Буддистуудын амны уншлага байдаг. Хамаг амьтаныг эх шигээ санан тэгш үзэж энэрэхүй сэтгэл төрүүлж болно шүү дэ. Заавал хайраас энэрэхүй, нигүүлсхүй сэтгэлийг төрүүлэх албагүй юм аа. Бодь сэтгэлийг төрүүлэхэд өвөр бусдыг арилжах арга байна. Энэ нь бусдыг өөрийгөө гээд л бодчихно. Энэрэхүй, асрахуй, бодь сэтгэлийг ингэж л төрүүлдэг. Бодьсадвын явдалд орохуй номонд тодорхой байгаа. Түүнээс бус хайр бол энэрэхүй, нигүүлсхүй сэтгэл биш юм. Магадгүй хайрыг өгүүсгэсэн нь эгэл ахуй ертөнцийн жаргал, зугаа цэнгэлд орооцолдсон хүнд таагүй сонсогдох л байх л да. Гэвч ертөнцийн жаргал нь зовлонгийн мөн чанартай гэдэгийг ухаарах л хэрэгтэй

  • ЗочинOctober 11, 2013

    gaihamshigtai

Бусад мэдээлэл