Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

МИЛА БОГД ДАМБАСАНЖАА ЛУГАА УЧИРСАН БӨЛӨГ

Дээдийн багш дор мөргөмү!

Мила Богд Нянан Дод нэрт агуйд суун байтал нэгэн өдрийн үүр гийхийн үест, Арслан тэргүүт дагина илт өөд болж ирээд өгүүлрүүн:
“Ай Миларайва аа! Энэтхэгийн Дамбасанжаа нэрт шидтэн Тонла даваанаа хүрэлцэн ирээд байна. Чи түүн лүгээ золгохоор очвол ямар вэ?” гэхэд
“Миний сэтгэлд эс мэдсэн утга, сэжиг төөрөгдөл нэгээхэн бээр ч үгүй тул түүнтэй уулзах ямар хэрэг байх билээ? Гэвч Дамбасанжаа их хүчнийг олсон шидтэн тул учран золговоос болохгүй зүйл үгүй” хэмээн сэтгэж, өчүүхэн хий бариад Нянан нэрт уулнаас Тонла даваанаа хүрвэл баахан худалдаачин лугаа тааралджээ.
“Та бүхэн Жагарын орны Дамбасанжаа лугаа тааралдаагүй биз?” хэмээн асууваас
Мөнөөх худалдаачид хариуд нь “Бид Дамбасанжаа гэж хэн болохыг мэдэхгүй. Харин өчигдөр буурчийн газар нэгэн урт сахал, хөхөмдөг арьстай энэтхэг өвгөн байхыг харсан” гэжээ.

“Тэр лав Дамбасанжаа болохыг эдгээр худалдаачид эс таньсан буй за!” хэмээн сэтгээд Мила Богд давааны оройг чиглэн алхавай.

Урьд шөнө нь Арслан тэргүүт дагина “Энэрэхүй” нэрт буурчийн газар хоноглож байсан Дамбасанжаад хандан Мила Богд лугаа уулзахыг ятгасан тул тэр ч мөн давааны оройг чиглэсээр иржээ. Мила Богд Дамбасанжаа түүнийг чиглэн зугуухан дөхөн ирэхийг үзээд “Хүмүүс түүнийг тотгоргүй их рид хувилгааныг олсон гэлцдэг. Би өнөөдөр түүнийг тэнсэж үзье!” хэмээн сэтгээд даруй биеийг замын хажуугийн цэцгийн цогцод хувилгав. Дамбасанжаа цэцгийн хажуугаар анзааралгүй явж одохыг үзээд “Хүмүүс түүнийг тотгоргүй рид хувилгааныг олсон хэмээлцдэг нь худал байжээ” хэмээн сэтгэх зуур Дамбасанжаа биеийг эргүүлэн цэцгийн цогцсыг өшиглөөд өгүүлрүүн “Миларайва чи цэцэг болон хувилж суух нь хэр зохистой вэ, дээш босогтун! Чи дагинасын голт зүрхнийг нийлүүлэн эгшиглэн дуулсаны төлөө зандалчин дагинас чиний амин сүнс ба голт зүрхийг улбалзуулсаар над лугаа учирч, өнгөрсөн шөнө бид бүгдээр чуулганы хурим хийн идэж дуусгалаа. Тийм болохоор чи энэ шөнө нөгчих буй за. Үхэхээс үл аюух гүн зориг чамд хэр зэрэг байна вэ?” гэхэд Миларайва хувилсан газраас яаран босоод “Үхэхээс үл аюух зургаан зүйлийг” шүлэглэн өгүүлэвэй:

“Үнэн их хязгаараас хагацсан омогт арслан би
Үргэлжид аюумшиггүйн соёо шүдийг ярзайлгаж
Омог зүдэх үгүй цаст уулнаа хэвтэх нь
Одоо егүзэр миний тэгш үзлийн гүн зориг!
Үзэл тэгш егүзэр үхэл ирвээс баясмуй
Үхээд сац тонилохуйн мөрд ормуй!
Аглаг хөндийд дураар идэшлэх буга миний
Арван салаа эвэр хамгийг ганцад урвуулнам
Гэгээн их амгалангийн талд ажиггүй хэвтэх нь
Гэмээс хагацсан егүзэр миний бясалгалын гүн зориг!
Хоосныг бясалгагч егүзэр үхэл ирвээс баясмуй
Хорвоог орхиод сац тонилохуйн мөрд ормуй
Арван хар нүглээс ангижирсан аварга загас миний
Алтан нүд ямагт арван цагаан буянд эргэлдмүй
Алгасралгүй бясалгалын мөрний төвд жаргах нь
Аяа тэр хэмээвээс егүзэр миний явдлын гүн зориг!
Үлэмж явдалт егүзэр би үхвээс баясмуй
Үхээд сац дээд тонилохуй мөрд одмуй”
Өөрийн сэтгэлийг таньсан өлөгчин барс надад
Өөрөөсөө бүтсэн бусдын тусыг хичээх сэтгэл буй
Өргөн ойн төвд аюумшиггүй жаргах нь
Өдгөө егүзэр миний тангарагийн гүн зориг!
Хатуу тангарагт егүзэр би үхвээс сэтгэл баясмуй
Харин үхэвч сац тонилохуй мөрд одмуй
Гэрэлтэгч улаан цагаан цаасны дээр
Гэгээн биет сэтгэлийн бичгийг тэрлэж
Хоёр үгүй үнэнийг үзэн шинжлэх нь л
Хоосныг таньсан егүзэр миний номын гүн зориг!
Үнэн номч егүзэр би үхвээс баясмуй
Үхээд сац тонилохуй мөрт одмуй!
Ариун гэгээн хүчит гарьд шувуунд
Арга билгийн хоёр жигүүр дэлгэрээд
Хуран эс үүдэхүйн огторгуйд нисэх нь
Хутагт егүзэр миний үндсэн гүн зориг
Эндүүрэлгүй удирдагч егүзэр би үхвээс баясмуй
Эндээс үхээд сац дээд тонилохуй мөрд одмуй!” хэмээхүйд Дамбасанжаа өгүүлрүүн “Чиний наад шүлэг чинь гадаад бодит байдалд үлгэрлэн номлосноор, дотоод сэтгэлийн эрдмийн хүрсэн түвшингийн утга чанарыг алдагдуулжээ. Чи үнэн магад егүзэр мөн л бөгөөс газар дээрээ гэгээн гэрэлт биеийг нэвтэрхий ухаж мэдэх хэрэгтэй бус уу?” гэжээ.

Мила Богд түүний хариу болгож “Ухаан билигийн зургаан нэвтэрхий мэдэхүй” нэрт шүлгийг номлоруун:

“Дагинас аяндаа чуулах аглаг оронд
Дандаа гагцаар номын утгыг сэтгэсэн
Тэнсэлгүй “Би” хэмээхийг дарагч баатарт мөргөмү
Тэгээд төрөлгүй сэтгэлийн агаарт үхэлгүй жаргаму
Төрөх үхэхийн бэлгэс өөрийн оронд алдраад
Тэрхүү үзлийг оносон сэтгэл минь амгалан
Тийм ёсон үнэн бөгөөс Богд чи мөн тэрчлэн үйлдсүгэй!
Тэмдэгтэй бясалгал үгүй аваас сэтгэл эс алгасраад
Тэгш агуулахуй даган олсон өөрийн орноос алдарлаа
Тэмдэгтэйеэ бясалгалыг нэвтэрсэнд оюун сэтгэл амгалан
Тийм ёсон үнэн бөгөөс Богд чи мөн тэрчлэн үйлдсүгэй!
Өөрөө одохуйн агаараас түрдэлгүй бясалгасаар
Өнгө хэлбэрийг баримтлах бэлгэс аяндаа тониллоо
Ашдын явдалд нэвтэрсэнд сэтгэл минь амгалан
Адилтгашгүй түүнийг мөн хэмээвээс түүнчлэн үйлдсүгэй!
Санваар үгүйн агаараас салалгүй бясалгасанд
Сахилын бэлгэс өөрийн орноос алдарвай”
Сайтар тангараг нэвтэрсэнд сэтгэл минь амгалан
Саарал үгүй тийм хэмээвээс тэрчлэн үйлдсүгэй!
Эгээрэлгүйн агаараас сайн үрийг салалгүй бясалгасанд
Эрмэлзэн аюухуйн бэлгэс өөрийн орноос алдарвай
Үрсийг нэвтэрсэнд оюун сэтгэл минь амгалан
Үнэндээ тийм бөгөөс Богд чи тэрчлэн үйлдсүгэй!” гэхэд Дамбасанжаа тэрхүү шүлгийг сонсоод сэтгэл ихэд баясан “Чиний өгүүлсэн эдгээр орон нугуудыг би урьд нь туулж өнгөрүүлсэн билээ. Түвдийн номчдын дунд чам лугаа хүсэхүй бээр үгүй, үйлдэхүй бээр үгүй, бясалгахуй бээр үгүй нь чамаас өөр үгүй буй за. Манай Жагарын оронд ч ганц нэгээс хэтрэхгүй тул эдүгээ чи надад хэрэггүй. Чамд би ч мөн хэрэггүй ажгуу” хэмээн хэлээд явахыг завдсанд Миларайва лам Дамбасанжаагийн дээлээс барьж өгүүлрүүн “Чамд зовлон амирлуулагч Богдсын ном буй бөгөөд түүнийг бясалгаваас хамаг Бурхадын тааллыг нэгнээ хамт ухаж чаддаг хэмээн сонссон билээ. Түүнийг номлон соёрх!” хэмээвээс
Дамбасанжаа хариу айлдруун “Урьд нь миний эгшиглэн дуулахыг сонссон хүн үгүй. Хожим ч тийм хүн гарахгүй буй за. Тийм болохоор намайг тавь!” гэхэд Миларайва лам хичээнгүйлэн өчсөөр байхыг үзээд доорх шүлгийг өгүүлрүүн:

“Домогт зовлон амирлуулагч Богдсын номыг айлдсу!
Эр эм ад ягчас хуран чуулахуй цагт
Эргээд түүнийг нууц явдлын орон хэмээн сэтгэ
Энэ биед өвчин тахал халдахын цагт
Эрдэнэ мэт номын агаарт урвуул!
Атгаг сэжиг өчүүхэн төдий төрсөн цагт
Алжаалт нисваанис дэгдлээ гээд дарж ав
Аглагийг шүтэн гагцаар суухуйн цагт
Ариун биеийг ил гарган илт дурьдан талби!
Тоогүй олны дотор суухуй цагтаа
Тодорсон аливаа үзэгдлийг шулуунаар үз
Агшны төдий нозоорлыг “Пад!” хэмээн сэрээ
Алгасрал хэрвээ ирвээс үндсээр нь түүнийг тасла!
Зөрүүд нисваанисын үүлс олонтоо дэгдвээс
Зөнгөөр нь түүнийг бэлгэ чанарын дунд орхи!
Санаа сэтгэл вишайд автахуйн цагт
Сацлал үгүй чанар утгыг үзэгтүн!
Амирлуулан жаргаагч энэ Богдсын ном
Алжаас нүгэлт үйлийг ч буянд урвуулмуй
Аливаа бодол төрөвч сэтгэлд цөвгүй
Аюулт өвчин төрөвч бясалгал болгомуй
Үзсэн орон бүхэн сэтгэлд нэн тааламжтай
Үхэл егүүтгэхүйн цагт ч номын мөр болгомуй
Эрлэгийн эзэн лүгээ учравч сэтгэлд тааламжтай
Энэхүү зовлонг амирлуулагч Богдсын ном нь
Туст гурван цагийн ялгуугсдын таалал бөлгөө
Түгээмэл Очирдарийн нууц үг болой
Дөрвөн аймаг дагинасын гол зүрхэн буюу
Дөрвөн аймаг дандарсын гол зүрхэн увдис билээ
Яруу үндсэний оньсон увдис бөлгөө
Ямагт уран аргын түлхүүр нь болой
Илт зовлонг амирлуулагч Богдсын ном билээ” хэмээн зарлиг болсонд Миларайва лам сэтгэл баясаад бие дэх нууцын орныг ил гарган суусанд Дамбасанжаа өгүүлрүүн “Бие дэх нууцын орныг ил гарган явах нь галзуу солиотой хүнээс өөрц юу байх билээ? Битгий тийн үйлдэгтүн!” хэмээхүйд Мила Богд хариуд нь “Галзуусын ёсон” шүлгээ хариу айлджээ.

“Дээдийн лам нарын өлмийд мөргөмү
Далай ачлалт багшдаа итгэмү
Үл зохилдох шалтгааныг арилган соёрх
Үнэн зохилдохуй зөв мөрд удирдан соёрх!
Егүзэрсийн эрхэт Миларайва намайг
Ерийн хүмүүс галзуу мэт үзнэм
Аглаг уулын агуйд суухуйн цагтаа
Арай тийм биш байгаадаа ч гэж бодном
Энд би галзуусын ёсонг товч номлоё сонсогтун!”
Эцэг галзуу хөвгүүн галзуу үе дамжин галзуу
Үндсэн эцэг Очирдарь бээр галзуу
Өндөр элэнц Диловбалсан бээр мөн галзуу
Өвөг эцэг Нарова шидтэн бас галзуу
Өөрийн багш Марва лозава мөн л галзуу
Өдгөө энд агч Миларайва би вээр тэднээс өөрцгүй галзуу
Үндсэн эцэг дээдийн Очирдарь
Өөрөөсөө бүтсэн адсаар дөрвөн бие нь галзуу
Өндөр элэнц Диловбалсан шидтэн
Үлэмж Махамудрагийн адсаар галзуу
Өвөг эцэг Нарова гэгээнтэн
Ухаан дүр явдлаар галзуу
Туст эцэг Марва лозава харин
Дөрвөн аймаг дандарсын чуулганаар галзуу
Өдгөө энд агч Миларайва миний бие
Өөрийн хий сэтгэлийн адсаар галзуу
Алагчлах үгүй өөрийн үзэл галзуу
Алгасангуй гэгээн бясалгал галзуу
Аливаа баримтлалгүй алдарсан явдал галзуу
Ангид эрмэлзэл айдас үгүй үр галзуу
Гагцаар худал хуурмаггүй тангараг галзуу
Галзуусаас илүүтэй чөтгөр хор хийнэ
Халагч эр ад ламын увдисаар хор хийнэ
Хар эм ад дагинисын адистид хор хийнэ
Сэтгэл амгалан хомсотгогч чөтгөр дотор ормуй
Сэхээрэн онохуйд эм чөтгөр үргэлж тушмуй
Самуун чөтгөрийн хороос илүүтэй өвчин халдмуй
Сайн махамудра бээр ар биеээс дайрмуй
Түүнчлэн хотол төгссөн өмнөөс өвтгөмүй
Тэгш хумхат хийн өвчнөөр энэлэн уйлмуй
Дээрээс билиг бэлгийн халуун өвчин шаналгана
Тэрчлэн самадсийн хүйтэн өвчнөөр энэлнэ
Ай дунд амгалан хоосон халуун хүйтэн хольцон өвдмүй
Амнаас увдисыг цусан мэт бөөлжмүй
Асар номын чанараар цээж минь бөглөгдөвэй
Аюулт өвчнөөс нэн үлэмж бас үхмүй зэ
Үзлийн төвд алагчлах үгүй үхнэ
Үнэн бясалгалын төвд живэх догшрох үхнэ
Онц явдлын төвд засдаг зан үхнэ
Үрсийн төвд эгээрэх эмээхүй үхнэ
Тангарагийн төвд хуурмаг бээр үхнэ
Дээд гурван биеийн агаарт егүзэр үхнэ
Цэлмэг өглөө егүзэрийг бие барахад
Цэмбээр түүний биеийг ороохгүй
Гадаад үзэгдхүүний олон өнгө хүүрийг нь орооход
Хатуу чанга дээсээр түүнийг уяхгүй
Гажуугүй авадхүдийн дээсээр хүлнэ
Үр ач нар нь үхсэн хүүрийг өргөх бус
Өөрийн гэгээн биетийн хөвгүүн түүнийг мөрлөөд
Егүзэрийн хүүрийг ийнхүү өргөн явахад
Ердийн тоост замаар явах бус
Үнэн их бодь хутгийн мөрд өргөн яваад
Дөрвөн аймаг дагинас газрыг шинжлэн
Үндсэн лам нар хүүрийг удирдаад
Өндөр уулын дэвсэгт аваачих бус
Тунамал цогт Самандбадрын орноо хүргэмүй
Үхээрийн тэр газар үнэн биет үнэг чоно хоёр бус
Үнэн арга билгийн үнэг чоно хоёр цэнгэлдмүй
Аварга том булшны дотор Үндсэн их Очирдарь
Аглагт суугч егүзэр миний хүүрийг булшилмуй!” хэмээн өгүүлж дуусахад Дамбасанжаа ихэд баясаад “Ай егүзэр чиний тэр галзуугийн ёсон үнэхээр сайн ажгуу” гэжээ.

Мила Богд өгүүлрүүн “Өдгөө бид хоёр нэг дор уулзсан тул нэгэн чуулганы хурим хийвээс сайн бус уу?” хэмээсэнд
Дамбасанжаа хариуд нь “Тийм бөгөөс маш сайн. Чи Цастын орны уугуул, харин би Жагарын орноос ирсэн бөлгөө. Тийм болохоор чи зочин намайг дайлан чуулганы хуримыг бэлдсүгэй!” гэжээ. Тэр даруй Миларайва лам гавал тархи сэлтийг аваад, хоёр өвдөг ба хүзүүг тулга болгон дээр нь нэрээд, хүйсний их зандалийн галыг бадруулаад, тархийг таван өнгө гэрэл сацруулан чанасанд, Дамбасанжаа долоон хиаг өвсөн дээр долоон бие болон хувилж суув. Миларайва лам бээр Загарсамбарын найман их дагинас идээнийг өргөн бэлдэхүй дүрээр, долоон хиаг өвсний дээр долоон бие болон хувилж, чуулганы хуримыг ханатал цэнгэлдэхүй цагт Миларайва ламын тэдгээр хиаг өвсний тэргүүн өчүүхэн бөхийж байсанд, Мила Богд зарлиг болруун:

“Дамбасанжаа чи бид хоёрын хумхат хий адил бөгөөтөл миний суусан хиаг өвсний тэргүүн бөхийсөн учир юу билээ?” хэмээсэнд Дамбасанжаа хариуд нь зарлиг болруун:
“Бид хоёрын тэвчсэн эрдэм онолын тус эрдмүүд ялгалгүй боловч чи Цастын орноо төрсөний тул тийм бөлгөө. Чи бид хоёр үзэл явдал нэгэн бүхүйн тул ирээдүй цаг дахь сурагч шавь нар бээр үзэл явдал нэгэн болох буй за!” хэмээсэн хойно тэндээс рид хувилгаанаар тус тус оронд өөд болцгоожээ.

Зарим үгсийн тайлбар:

дагинасын голт зүрх- Нандин нууцсыг гэсэн санаа. Хөрв

тэгш үзлийн гүн зориг- Хятад орчуулга нь баталгаа гэсэн утгаар буужээ. Хөрв

сац- Даруй гэсэн утга. Хөрв

Арга билгийн- Уран арга, ухаан билиг гэсэн утгатай. Хөрв

авадхүдийн- Дунд судлын гэсэн санаа. Хөрв

Хятад хэлнээс буулгасан Д.БОЛДБААТАР

  • ЗочинMarch 15, 2013

    МИЛАРЕПА

  • ЗочинJune 26, 2013

    tvrgenee burhan boloh boltugai

  • ЗочинJune 26, 2013

    tvrgenee burhan boloh boltugai

Бусад мэдээлэл