2013-08-08 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6693
Дэндэвийн Нямсамбуу /Гавж, Шашны их сургуулийн гүн ухааны багш/
Амарсанаагийн Амармэнд: Хүний амьдралын зорилго нь аль болох их аз жаргал хүртэж, аль болох бага зовох гэвэл маргах хүн нэг их гарахгүй байх. Гэтэл аз жаргал гэж юу вэ гээд асуухаар хариулахад их түвэгтэй байдаг. Та аз жаргалыг юугаар төсөөлдөг вэ?
Дэндэвийн Нямсамбуу: Аз жаргал үнэлэмжээс буй болдог. Хүн юуг гоё сайхан гэж үнэлнэ, түүнээсээ л таашаал авна. Нэг хүн зохиолын дуу сонсоод таашаал авч байхад нөгөө нэг нь рок хөгжим сонсох гэнэ. Үнэлэмж заяагдмал биш. Рок хөгжим л сонсохоор заяагдаж төрсөн хүн гэж байхгүй. Орчин нөхцөл үнэлэмжийг буй болгоно. Тэр үнэлэмж нь ч хувьсан өөрчлөгдөнө. Миний хувьд бусдаас илүү зүйл алга. Бурханы шашны анхан түвшний суралцагч төдий энгийн л хүн болохоор сайхан үнэр, сайхан амт, сайхан дуу, нэр хүнд гээд хүн бүрийн таашаадаг бүхнийг таатайгаар л хүлээж авна. Бурханы шашинд хамгийн сайхан таашаал бол бусдад аз жаргалыг түгээж, түүнээсээ сэтгэлийн цэнгэл эдлэх гэж үздэг. Өнөөдөр Монголд баян тансаг байдлыг, албан тушаалыг, өндөр боловсролыг л үнэлэх болж. Гэтэл үнэн, зөв амьдралыг үнэлэх үнэлэмж алга. Аав ээжүүд үр хүүхдэдээ "Тэрний хүүхдийг хар, онц сурч байна", "Энэний хүүхдийг хар, баян тансаг амьдарч байна" гэхээс биш "Тэр үнэн, зөв амьдралаар амьдарч байна" гэж ярихаа байж. Намайг бага байхад эмээ өвөө нар "Тэр ч их зөв хүн дээ", "Энэ л сайн хүн дээ" гэж их ярьдаг байсан. Баян ч бай, ядуу ч бай, боловсролтой ч бай, боловсролгүй ч бай "Миний халбагадан идэж байгаа будааны ширхэг бүр нь ариун цагаан хөдөлмөрийн минь үр шим" гэж үнэлээд сурчихвал идэх хоолны ширхэг бүр нь таашаал төрүүлнэ шүү дээ. Зөв амьдралаа үнэлж сураагүй бол "Тэр ийм сайхан машин унаж байхад би ийм юм идэж байна" гээд л сэтгэл хангалуун бус амьдарна.
А.А. Бурханы шашны мөн чанарыг сэхээрэх нас нь болоогүй гэмээр бяцхан хүүхдүүд лам дээл өмсчихсөн л явж байдаг. Тэдний зарим нь тэр зам мөрөөрөө бүхий л амьдралаа өнгөрөөдөг байх, эргээд хар болох нэг нь ч бий байх. Та хэдэн настайдаа анх лам болсон бэ?
Д.Н. 1990 онд буюу Монгол оронд ардчилал дэлгэрэх үед бурханы шашны нэр хүнд их өндөр байсан л даа. Монголчуудын оюун санааны жолоо нь бурханы шашин юм аа гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрсөн хэрэг. Тэр утгаараа олон хүн хүүхдээ лам болгож байсан. Миний хувьд, лам болох нь миний хүсэл байгаагүй. Өвөөгийн хүүхэд байсан болохоор өвөө маань хүчээр шахам лам болгож байсан юм. Арван тав, арван зургаатай л байсан байх. Яг л ид хөгжиж баясдаг насан дээрээ огт өөр ертөнц рүү яваад орчихсон хэрэг. Дандаа надаас ахмад хүмүүс мэдэхгүй хэлээр ном уншаад л, утгыг нь мэдэхгүй төвд ном цээжлээд л... Надад огт таалагдаагүй. Дараа нь орчуулга үзлээ. Гэтэл орчуулга нь хүртэл маш эртний хэлээр. Орчуулж чадаад байгаа хэрнээ утгыг нь бүрэн нээж чадахгүй. Тэгэж байтал монголын хамгийн анхны хамгийн том Буддын гүн ухааны сургууль Дашчоймбол дацан ахин сэргээгдэж, би Дашчоймбол дацанд шавилж, буддын гүн ухаан, Чойрын ном үзсэн. Эхлээд огтоос итгэл үнэмшилгүй, за юу гэж тархи угаах бол доо л гэж боддог байлаа. Бид тийм л хүмүүжлээр өссөн. Ингээд судлаад эхэлтэл анхаарал татам, гайхамшигтай гэж болмоор ёс зүйн түвшин. онолууд байж таарсан. Гүн итгэл төрөөгүй ч тун сонирхолтой ажиглалт, судалгаа болохыг нь анзаарч эхэлсэн. Чойрын номыг мэтгэлцээн дээр суурилж судалдаг. Өөрөөр хэлбэл, энэ тийм, тэр ийм гэж шууд тулгадаггүй. Ингээд Чойрын ном судалж байсан 10 хүүхэд Гандан хийдийнхээ захиргаанд Энэтхэг явж сурах хүсэлтээ гаргаад, 1995 онд анх Энэтхэг рүү явж байлаа.
А.А. Та Энэтхэгт буддын гүн ухаан судлаад, мөн Англид буддын шашин судлалаар суралцжээ. Баруунд буддын шашин судлал ямар түвшинд байна вэ?
Д.Н. Буддын шашин судлал 100 гаруй жилийн түүхтэй. Сүүлийн үед дэлхийн том сургуулиуд дэргэдээ Бурханы шашин судлалын тэнхимтэй болж байна. Одоогийн бурханы шашин судлаач эрдэмтэд бурханы шашин судлалыг дөнгөж хөлд орж буй хүүхэдтэй жишиж үздэг ч сүүлийн 30-аад жилд энэ салбарт асар өргөн хүрээтэй, гүн гүнзгий судалгаа шинжилгээ хийгдсэн. Өмнө нь зөвхөн бурханы шашин судлал гэсэн ганц том сэдэв байсан бол өнөөдөр өмнөдийн бурханы шашин судлал, хойд энэтхэгийн бурханы шашин судлал, зүүн азийн бурханы шашин судлал, хойд энэтхэг нь ахиад төвд монголын бурханы шашин судлал, бясалгалын арга техник гэх мэтээр маш олон хэсэгт задраад явж байна. Үүн дотор хүний rap хүрээгүй талбар маш их. Аль нэг чиглэлд нь л гэхэд нэг судлаач бүхий л насаа зарцуулах их судлагдахуун байна даа.
А.А. Энгийн хүний хувьд хөндлөнгөөс ажиглахад лам гэсэн ерөнхий нэршлийн дор бурханы шашинтнууд хэд хэд хуваагдаж байх шиг. Жишээлбэл, та буддын шашны ойлголтуудыг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх үүрэгт илүү анхаарлаа хандуулж байхад ууланд очоод суучих даяанч нэгэн ч байна. Аль нэг хийдэд шавилан сууж бурханы ном үзэж, ном хуран суух төдийхнөөр өөрийгөө хязгаарлах нэгэн ч бас байна. Энэ мэт зам мерүүдээс та хэрхэн өөрийн замыг сонгов?
Д.Н. Шри Ланкад ууланд суугч хуврага, тосгонд суутч хуврага гэсэн ойлголт байдаг. Гэхдээ тосгонд суугч хуврага нь насаараа л тосгондоо суугаад байдаггүй. Тосгодод хичээл заана. Дараа нь нэг цагт ууланд сууна гээд амьдралынхаа туршид ээлжлэх жишээтэй. Тэгэхээр хэзээ ч нийлдэггүй өөр сонголтууд биш, лам хуврагууд аль алийг нь хийнэ. Бурханы шашин 2500 жилийн түүхтэй хүмүүжлийн арга барил бүхий ёс зүйн сургалттай. Миний хувьд энэ сургалтаар дамжуулан өнөөгийн Монголд дутагдаж буй зүйлсийг нөхөх санаа их байдаг. Бурханы шашны талаар ярьж бичдэг манай эрдэмтэн, доктор, нийтлэлч гээд том том зэрэг цолтой хүмүүсийн дийлэнх нь бурханы шашны талаар маш өнгөц ойлголттой байна. Үүнээсээ болоод бурханы шашныг дэндүү хийсвэр үнэлж, дүгнэж, яллаж, магтдаг. Монголчууд бурханы шашныг шүтэх эсэх нь чухал биш. Хамгийн гол нь бурханы шашны талаар үнэн зөв мэдлэгтэй л байх хэрэгтэй. Өнөөдөр монголчуудын дийлэнх нь бурханы шашинтай гэж явдаг. Түүгээр нь дамжуулж нөлөөлмөөр байна.
А.А. Бурханы шашин Монголд гурав дөрвөн зууны туршид түгэн дэлгэрсэн болохоор 1921 он гэхэд монголын бурханы шашны хөгжил нэлээд өндөр түвшинд байсан гэж үздэг хүмүүс бий. Өнөөдөр тэгвэл бид тэр түвшнээс хэр хол байгаа бол?
Д.Н. Яг гурав дөрвөн зуун ч биш л дээ. Монгол нутагт Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж үздэг. Анх МЭӨ үед орж ирсэн. Гэхдээ тэр үеийн баримт ховор. Хоёр дахь удаагаа Хубилай хааны үед дэлгэрч, төрийн шашин болсон. Монгол хаад бөөгийн шашинтай байсан гэж хүмүүс ярьдаг. Гэтэл Хархоринд 1940 онд анх малтлага хийгээд Их хааны ордон оллоо гэж байтал саяхан Герман-Монголын хамтарсан экспедици түүнийг хааны ордон биш, бурханы шашны дуган байна гэдгийг нь нотоллоо шүү дээ. Хоёр дахь дэлгэрэлтээр эрдэмт гүүшүүд Ганжуур Данжуураас эхлээд буддын судруудыг монгол хэлнээ буулгахын сацуу өөрсдийн бүтээлийг ч туурвиж байсан. Бурханы шашин яг академик түвшинд дэлгэрсэн нь мэдээж гурав дахь удаагийнх. 1920-иод он хүртэл монголчуудын ёс зүйн суурь зарчим нь бурханы шашин л байсан. Тиймдээ ч гэмт хэргийн гаралт маш бага, амар амгалангийн орон байсан. Бид бохир заваан байснаар нь л дурсдаг.
Буддизм бохир байхыг сурталчилдаг байсан юм шиг, Буддизм орж ирэхээс өмнө жигтэйхэн цэвэрч улс байж байгаад лам нар халуун усны газрыг нь хаасан юм шиг ярьдаг. Угаасаа л жилийн дөрвөн улиралд нүүдэллэдэг улс халуун усанд яаж орох билээ. Тэгвэл өнөөдөр бид бохир заваан байдлаасаа салсан ч гэмт хэргийн гаралт, ёс суртахууны түвшин ямар хэмжээнд байгаа билээ? Өвөө эмээгийнхээ яриаг эргээд санахаар тэр үеийн хүмүүс ямархуу ёс зүйтэй байсан нь ойлгомжтой санагддаг. 1910-аад оны үед XIII Далай ламыг дагаж ирсэн төвдийн урдаа барьдаг лхаарамба эрдэмтэд "оготор" Пунцаг, "анги" Шагдар гэх мэт манай алдартай эрдэмтэдтэй ном хаялцаад ялагдаж, улмаар Далай лам Хятад руу соронзон бичлэгийн аппарат захиж авчруулан байж монгол эрдэмтдийн дагсалыг / ном хаялцах үйл явц/ бичиж аваад, нутагтаа очсон хойноо тэр бичлэгээ төвдийн лхаарамбуудад сонсгон загнаж байсан тухай түүхийг би төвдийн эх сурвалжуудаас сонсож байсан.
Өнөөдрийн тухайд тэр үед хүрэхгүй. Энэ нь хэд хэдэн учиртай. Нэгт, буддын шашны академик сургалт гэдэг маш нүсэр зүйл. Христийн шашны судалгаа Библи судар дээр, исламын шашин судлал Коран дээр төвлөрдөг бол Бурхан багшийн амьд ахуйдаа бүтээсэн судрууд 100 гаруй, түүний тайлбар Данжуур судар гэхэд 200 гаруй боть болдог. Өмнөд энэтхэгийн буддын гүн ухааны сургуулиудын хамгийн богино хөтөлбөр нь л гэхэд 16 жил. Ийм хугацаанд сурч байж 2500 жилийн түүхтэй буддын гүн ухааны талаар цогц мэдлэгтэй хүн гарч ирэх нь байна. Тэгэхээр энэ бол ухас гээд хийчихдэг зүйл биш. Хоёр гурван жилийн дараа гэхэд Энэтхэгт сурч байгаа хоёр монгол залуу манай шашны эрдмийн хамгийн өндөр цол болох лхаарамба цолыг авчих байх. Тэд хүрээд ирэхээр бас арай өөр болох байх.
Эх сурвалж: http://goodali.style.time.mn/content/22870.shtml
ЗочинAugust 9, 2013
tanii buyand dagan baysay
ЗочинAugust 19, 2013
Tanii buyan zayag dagan bayasana, bid chine.
ЗочинAugust 28, 2013
нөхдөөрөө бахархаж байгаа нь сайхан юмаа, энэ чанараараа л жирийн мунхаг биднээс ялгагдах юм даа
ЗочинAugust 28, 2013
нисванистай буян гэж юу байдаг байнаа?