Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Ном хийгээд ертөнцийн хоёр ёсны сургаал саруул оюуныг баясгагч сургаалаас

Ариун буяныг хийгч нь олон ч
Агуу бодид зорьсон нь цөөн
Амны уншлагыг үйлдэгч нь олон ч
Алгасрал үгүйгээр уншигч нь цөөн

Амь зуулгын номчин нь олон ч
Аглагт дияаныг бясалгасан нь цөөн
Сонсох, санахыг эгээрэгчин нь олон ч
Сонссоноо сэтгэлдээ наасан нь цөөн

Илт маргалдахдаа мэргэн нь олон ч
Эш, ухааныг хослуулсан нь цөөн
Эш, ухаанаар баялаг нь олон ч
Илэрхий онолд хүрсэн нь цөөн

Номлох сургахдаа мэргэн олон ч
Ноттой бүтээхэд хичээсэн нь цөөн
Аманд хэлэхэд мэргэн нь олон ч
Авах, орхиход мэргэн нь цөөн

Ааш сайт нь харахад олон ч
Асрах, нигүүлсэхүйг үүсгэсэн нь цөөн
Сайхан царайт нь үзэхэд олон ч
Санаа сайт, сүсэг төгөлдөр нь цөөн

Ажил үйлийг хийгчин нь олон ч
Алив хийснээ гүйцээгч нь цөөн
Элдвээр хорлох санаатан олон ч
Эцэстээ яахыг бодсон нь цөөн

Их хилэнцийг үйлдэгч нь олон ч
Эргэцүүлж гэмшээд боосон нь цөөн
Нүглийг үйлдэгчин олон боловч
Нүүрлэх гэмийг цэгнэсэн нь цөөн

Буяныг үйлдэгчин олон боловч
Бузар хилэнцийг цээрлэсэн нь цөөн
Сэрэмжгүй, тэнэмхий нь олон ч
Сэрэмжит хянамгай нь цөөн

Гоё царайтай, зөөлөн үгт нь олон ч
Голч сайн, шударга өгүүлэгч нь цөөн
Үзэсгэлэнт эхнэр олон ч
Сүсэгт эхнэр цөөн

Эрхийг барьсан олон ч
Маанийг угшигч нь нэгэн хоёр
Маанийг уншигч нь олон ч
Үг лүгээ эс хольсон нь нэгэн хоёр

Үр хөвгүүн нэн олон ч
Эцгийг жаргаасан нь нэгэн хоёр
Өвс ногоо газраар дүүрэн ч
Эм болох нь нэгэн хоёр

    Бусад мэдээлэл
    2012-03-24