2021-11-17 | Нийтэлсэн:admin | Үзсэн:10689
ЖАМСРАН /Бэгз/Улаан сахиус/- Номыг тэтгэгч догшин сахиус. Монгол улс үндэстний өмнө онцгой тангарагтай сахиус.
Ач холбогдол: Дайсан тотгор бүхнийг дарж, хамаг амьтныг авран хамгаална байлгах.монгол орноо Улаан сахиус гэж алдаршсан. Саар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн номыг тэтгэгч чойжин бөгөөд ертөнцийн муу муухай элдэв хорлол, дайсан, өвчин зовлон, гай барцад, албин чөтгөрөөс аливаа амьтан бүгдийг авран хамгаалах тангарагтай. Автай сайн хааны үеэс эхлэн Өндөр гэгээн Занабазар болон үе үеийн богдуудад уламжлагдан буддын шашин догшин Чойжин сахиус Жамсран бурханыг цэргийн яамны шүтээн болгон залсан байдаг. Жамсран сахиусын тэргүүнд Нисванисын таван хорыг дарахын бэлгэдэл болгож гавлын ясан титэм дүрсэлсэн. Баруун гарт мунхаг харанхуйг ялан дийлэх зэс илд атгуулж, дайсныг дарах ухаан нь хурц байхыг илэрхийлж нум сум үүрүүлэн дүрсэлсэн байдаг.
Түүнчлэн догшин сахиус матар толгойт улаан гутлаар хортон дайснаа дарж авдаг бол энгэртээ барьсан толинд гурван орон, гурван мянган сав шимийг хардаг ажээ. Мөн аливаа саад барцдыг арилгахаар тавин хүний нойтон толгойт эрх эргүүлдэг.Жамсран хатуу догшин боловч дотоод сэтгэлийн дайсныг дарахыг эрхэмлэх учир егузэрва нар энэ бурханы бясалгалаар өөрийн сэтгэлийн нисваанисыг дарж бодь сэтгэлийг үүсгэн эрдэм чадлаа хамаг амьтны тусад зориулахыг эрхэмлэдэг билээ.
Ном сударт: Төрөлхийтний эзэн,Төрөлхтний эрхэтийн зүст, Улаан амины эзэн гэх зэрэг олон нэрээр гарах нь бий.
Жамсран бурханы дүр байдал:Жамсран бурхан нь шүрэн улаан нүүртэй, Биеийн өнгө гал мэт бадармал улаан, нүд ба хойд мөрнөөс нь их гал бадарсан, нэг тэргүүнтэй, хоёр мутартай,баруун мутартаа шашны дайсны амин судсыг таслагч зэс илд огторгуйн зүгт далайсан, зүүн мутартаа дайсны уушиг, зүрх барьжээ.Мөн зүүн мутрынхаа тохойд нум,сум хавчуулж, гурвалжин улаан дадар бүхий аянгат улаан манжлагат жадыг барьж, хүний зүрх амтархан идэхээр амаа ангайсан, дөрвөн хурц соёо нь ярзайсан, хэл нь хуйларсан, гурван мэлмийтэй, ууртай байдлаар биеэ хураасан, хөмсөг ба хуузнаас нь зэсэн хайлмал урсч гал, оч бадарсан, тэргүүнийх нь үс нь дээшээ боссон, биеийнх нь шар үснээс аянга цахилгаан тас няс буусан, хүний таван хохимойгоор үсээ чимсэн, цус дусалсан тавин толгойгоор эрих хийж хүзүүндээ зүүсэн,биендээ зэс хөө хуяг, цээжиндээ улаан хив торгон хувцас өмссөн, улаан ямааны арьс ардаа хөдөрсөн, хөлдөө угалзтай улаан гутал өмссөн, баатар хүний дүр байдалтай бөгөөд баруун хөлөө дотогшоо нугалж, зүүн хөлөө гадагшаа жийсэн, бадарсан улаан гал, галт хийн цогц дунд бадрангуй байдлаар оршино.
Жамсран бурханы хоёр үйлчин:
Жамсран бурханы зүүн гар талд Рэгвийлхам хэмээх эмэгтэй үйлчин байх ба биеийн өнгө хөх бараан, нүүр нь улаан, хилэнт төрхтэй,шүдээ ярзайлган,шинэхэн хүүр идэн цэнгэсэн,цус хуралдуулсан гурван нүдээр дайсны зүг ширтсэн, галан хөхөл үсийгдоош намируулсан,тэргүүн ба бүх биеэ алт,шүр,хаш,дун,оюу,чон, номин зэргээр чимсэн,чихэндээ шижир алтан ээмэг зүүсэн,нүүр царай нь догшин ширүүн,баруун мутартаа амь таслах зэс илд дайсанд далайсан, зүүн мутартаа зүрхийг дэлдэх төмөр пүрэв барьж зэтгэрт занасан, хуурай тавин гавлын яс хийгээд могойн ясан чимэгт,хар хивэн өмсгөл хийгээд хүний арьсан малгай өмссөн, хүний мах идэж буй эм хар өтөг/баавгай/ хөлөглөсөн байна.
Жамсран бурханы баруун гар талд Лайхан срогдог хэмээх эр, амаа ангайн, соёо шүдээ ярзайлган, дайсанд агсарсан, биеийн өнгө улаан, нэг толгойтой, тэргүүнийхээ үсээ ар шилэндээ зангидсан, хоёр мутартай, үүнээс баруун мутартаа гурвалжин улаан манжлагат жад далайсан, зүүн мутартаа улаан цалмыг дайсны зүгт орхисон биендээ шүрэн хөө хуяг бүхий хүрэм өмссөн, галзуу цөөвөр чоно хөлөглөсөн догшин ширүүн дүр байдалтай.
Дээрх Рэгвийлхам, Лайхан срогдог хоёр нь тангараг буурсан ба шашны дайсныг эрж олохоор гурван мянган орныг хэрэн хэсүүчилнэ. Лайхан срогдог нь тангараг доройтсоны сүлдний оронг авах ба Рэгвийлхам нь хорлогчдын амь, амьсгалыг аван үйлдэгч болой.Энэ хоёрын өтөг ба цөөвөр чонон унаа хүлэг нь харанхуй шөнийн цагт ч хамгийг бүрэн харж, орчлонгийн хаана боловч огт төөрөхгүй явж, газар орноор хэрэн хэсэж, гайт дайсан тотгорыг эрж олдог ажээ.
Шүтсэний ач тус:
Саар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн ертөнцөөс гэтэлсэн шашныг хамгаалагч, номыг тэтгэгч чойжин жамсран бурхан нь 3 муу сэтгэлийн хороос үүдсэн /бие, хэл, сэтгэл / ертөнцийн элдэв муу хорлол, дайсан зэтгэр, өвчин зовлон, гай барцад, ад чөтгөр, албин зэргийн аюулаас аливаа амьтныг гэтэлгэх ба тэрхүү хорлох сэтгэлийг номхруулж тонилгодог.
Мөн 4 их үйлсийг бүтээдэг.Үүнд:
1.Амирлуулах үйл /өвчин зовлон, барцад саад зэрэг муу бүхнийг/
2.Дэлгэрүүлэх үйл /нас уртсах, эд буян аривжуулах/
3.Хураах үйл /эд баялаг, эрх мэдэл/
4.Хатуугийн үйл /шашны дайсан, тэрсүүд нигүүдийг гэсгээх/