Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Богд Зонхавагийн их дүйчэн өдөр миний амьдралд

Арлын Япон орны нийслэл Токиогийн амьдрал өрнөдгөөрөө л... гүн бодол тээж урагшаа ширтсэн, сонин гарчиглаж галт тэрэг хүлээсэн, очих буудлаа сонсон дэншянд зүүрмэглэсэн, бугуйн цагаа харан яаран хөлхөлдсөн түмэн олон. Энэ дунд би гэдэг хүн 'усыг нь уувал ёсыг нь дагана' гэгчээр хэн нэгэнд саад төвөг учруулчихвий гэсэн байртай биеэ хумих олны адил хурдалсаар сургууль-хичээл-байр гэсэн маршруттай л өдрийг өнгөрөөх шив дээ... Өнөөдөр сүүлчийн хичээл удахгүй төгсөх болохоор бодож төлөвлөсөн зүйлээ ч зангарагтай сайхан амжуулаад авна а гэсэн шүү юм бодон эргэцүүлсээр өрөөндөө орж ирэнгүүтээ л рефлэкс аятай ПС-гээ асаадаг юмдаа. - Хээ, Ээжтэйгээ холбоо баритал өнөөдөр Өвлийн эхэн сарын шинийн 25 буюу Зулын 25-н гэнэ э. Мэдэлгүй өнгөрөөх шахжээ. Энэхүү өдрийг ч ээж ааваасаа холдсоноос хойш жам ёсоор нь тэмдэглээгүй удаж дээ.

Удалгүй Монголдоо ирэн бараг жил гаруй ажиллаа. Их л хичээл зүтгэл гарган шамдан ажилласан боловч хүмүүс ажлын байранд цаагуураа нэг нэгнийгээ муулна, гүтгэнэ, гүжирдэнэ. Энэ бүхнийг хараад өнөөгийн хүмүүс ийм болчихсон юм байх да гэсэн бодол төрж хичээл зүтгэл ч буурч, ажиллах ч сонирхол төрхөө байж, юм юм л бодогдох болов. Яагаад ч юм цагаа дэмий үрээд байгаа юм шиг санагдаж, өглөө ажилдаа явна орой ажлаа тарлаа, тараад гэртээ ирж ном унших, дуртай зүйлдээ цагаа зарцуулах гэх мэт зүйлүүдэд цаг гаргая гэхээр өдөржин ажилласан хүн өөрийн эрхгүй ядарсандаа унтаад л өгнө. Нэг мэдэхэд л өглөө болно ажилдаа явна. Энэ мэт явсаар байтал нэг мэдэхэд л сар болно, нэг мэдэхэд л нэг жил, нэг мэдэхэд л цаг хугацааг анзааралгүй хөгширсөн байна. Эргээд залуу насандаа очихыг хүсэвч бүтэхгүй амьдралыг хоосон алдчихаж байгаа юм. Амьдралаа илүү утга учиртай болгохын тулд яах ёстой юм бол гэсэн бодол толгойд их эргэлдэх болж.

Ингээд удалгүй мөн л зулын 25 боллоо. Шар малгайтны тэргүүн Зонхов хэмээн олонд алдаршсан Лувсандагва гээчийн хорвоод мэндэлсэн хийгээд нас барсан өдөр давхацсан гэдэг ч төрсөн өдөр нь бол яг тодорхойгүйл юм гэнэ.

Эмээ маань "миний хүү Бурхан багшийн зулайд нь харьяалагддаг юм шүү, “Мэгзэм” номыг ямарваа болж бүтэхгүй зүйл тохиолдсон үед уншиж байгаарай" гэж хэлдэг боловч би гэдэг чинь "шинжлэх ухаан, техник технологи бүхнийг шийдэх үед амьдарч байхад тийм сонин зүйлээр өөрийгөө хуурах нь ..." гэж зүтгэдэг тэрсүүд үзэлтэй байвч яагаад ч юм Мэгзэмийг зулын 25-нд нилээд уншчихдаг байлаа. Нэг зүйл уншиж байхнээ "Бурханы сургаалийн эцсийн зорилго нь амьтан бүгдэд тусалж, өөдлүүлж, бурхан болгох явдал. Бурхан болно гэдэг нь гэгээрэхийн нэр." гэнэ. Тэгээд л гэгээрнэ гэдэг нь яг одоогийн бодит амьдрал дээр яахыг хэлэх юм болоо гэж бодож байтал удалгүй телевезээр гэгээрэлд хүрэх мөр болох "Бодь мөрийн зэрэг" ном шинээр орчуулагдан гарлаа гэсэн мэдээлэл явахыг харлаа. Тэгээд энд л нэг юм байж таараа, энд л миний хайж байсан зүйл байж магадгүй байх гээд тэр номыг авч нам гүм орчинд очоод анхааралтай эхнээс нь уншлаа. Гэтэл тэр номыг уншиж эхэлсэн цагаас эхлэн биеийн шар үс босох шиг болж ихэд баяр төрж, хайж байсан зүйлээ олсон мэт хамаг эргэлзээ тайлагдаж эхлүүлсэн цагаас эхлэн өндөрлөж чадалгүй хэдэн цагаар уншиж дуусгаж билээ. Тэр ном бол "Их Бодь Мөрийн Зэрэг"-н эхний боть байсан. Уншиж дууссаны дараагаар хамгийн сүүлд нь Богд Зонхавагийн бүтээл болохыг мэдсэн бөгөөд Монголчууд бид үнэхээр сонгодог зүйлийг сонгож чаддаг агуу ард түмэн байжээ гэсэн бодол төрж дараагийн ботийг хурдан гарахийг хүсэв. Төд удалгүй Богд Зонхавагийн намтарыг айлдана гэсэн сураг сонсоод түүнийг ёстой таслалгүй сууж бүгдийг сайн бичин тэмдэглэн авна аа гэсэн хүчтэй бодол төрж, ингээд би Богд зонхавагийн намтарыг бүтэн улирал тасралтгүй сууж түүнийг хичнээн агуу хүн болохыг мэдсэн юм.

Хоосон чанар болоод нууц тарнийн үндэсийг хослон барилдуулсан ийм шашныг байнга дэлгрүүлж явая гэж Богд Зонхава бээр Бурхан багшид андгай тангараг тавьсан юм байна. Богд Зонхава бээр Бурханы шашны бүхий л сургаал номыг үзэж судалсан бөгөөд тэр ч утгаараа Бурхан багшийн айлдсан номыг нэгэн цэгцэнд оруулан системчилснээр шашныг нэгэн шинэ түвшинд гаргаж чадсан хүн билээ. Тэрээр олон удаа төрлийг авч амьтаны тусыг хийсэн байдаг бөгөөд зөвхөн Бурхан багшийн үеийн "ЛЯНХУАН ҮНЭРТ" нэртэй бодьсадвагаас эхлээд Богд Зонхава хүртэлх төрөл авсаныг нь тоолвол тэрээр 17 удаа авсан байдаг. Үүн дунд бидний сайн мэдэх төв үзлийг дэлгэрүүлэгч гэгээнтэн Нагаржунай, Лозойва Лодон шарав, Мил богдын багш Марва Лозова, Ловон Бамажунай зэрэг нь Богд Зонхава ламын урд урдын төрлүүд бөгөөд өөрөөр хэлбэл Бурханы шашны Нямава, Сажава, Гаржүдва, Гэлүгва гэсэн 4 урсгалыг нэг л хүн үндэслэсэн учир хоорондоо харшилах ямар ч шалтгаан байхгүй юм.

Энэ бүхнийг хамгийн эхний хичээлээр мэдээд улам их бишрэл төрсөн бөгөөд намтарыг айлдсан багш нь мөн Энэтхэг улсад суралцаж төгсөөд нутагтаа шинэхэн ирсэн лам байсан ба ингээд миний номын гараа шинэхэн гарсан "Бодь Мөрийн Зэрэг" ном болон шинэхэн ирсэн ламын анх айлдсан Богд Зонхавийн намтараар эхэлсэн билээ. Тэрхүү Богд ламын намтарын хамгийн эхний хичээлд нэгэн түүх гардаг.

"Бурхан багшийн ойрын шавь Монголжийбуу нэгэн шавийнхаа Бурханы шашинтай учирах буяны ёзоорыг харсан байдаг. Түүнийг нь үзүүлэх гээд шавиа дагуулан рид хувилгаанаараа энэ ертөнцөөс гараад тэс өөр ертөнцөд дагуулан аваачиж нэг уулан дээр буужээ. Тэгээд Монголжийбуу нэгэн зүйлийг үзүүлэн тэр юу вэ гэж асуутал мэдэхгүй гэж хариулав. Энэ бол урд төрлийн чинь яс байгаа юм. Чи урд төрөлдөө далайд дотор явдаг ийм том амьтан байсан. Тэгээд олон жилийн турш далайн ёроолд байж байгаад хааяа нэг гарч ирээд амаа ангайхад далай дээр хөвж явж байсан янз бүрийн амьтан, усан онгоц, завь гэх мэт бүх зүйл урсаад ордог ба тэгээд амаа хаагаад далай ёроолд хэдэн жилээр хэвтдэг амьтан байсан. Нэгэн удаа хоолоо идэх гээд далайн ёроолоос гарч ирээд амаа ангайхад далай дээр хөвж явсан амьтан, усан онгоц эд нар аяндаа татагдан сорогдож байлаа. Тэгсэн нэг усан онгоц дээр байсан хүмүүс нь янз бүрийн авралыг одуулаад зарим нь эсуран тэнгэр, зарим нь хурмаст тэнгэр, зарим нь лус савдаг эд нарт аврал одуулан авраач гэж завсаргүй хашгиралдах тэр үед Бурханы шашны гэнэн санваартай хүн явж байгаад "Бурханд мөргөе, номд мөргөе, хуврагт мөргөе" гэсэн авралыг одуулахад тэр үед нөгөө амьтан Бурхан тэгж байна гэж мэдээгүй ч гэсэн тэр дууг сонсоод амаа хамхисан. Тэгээд тэрхүү усан онгоц дээр байсан бүх хүмүүс аврагдсан. Зөвхөн тэр дууг сонссон төдийгөөр Монголжийбуутай уулзаж Бурханы шашинтай учирч байгаа юм гэсэн түүх байдаг. "

Тиймээс адгуус амьтан хүртэл сонссон төдийгөөр буян хурааж номтой учирч гэгээрдэг юм бол бид нар язгуурын 3 Бурханы хувилгаан болсон Богд ламын нэрийг хэлсэн төдийгөөр болон түүний “Мэгзэм” гэдэг номыг уншсөн төдийгөөр олон галавт хураасан нүгэл хилэнц арилж, нирваан буюу гэгээрэхийн хөрөнгө өөрийн сэтгэлд сууж үүнийг жил бүр "ЗУЛЫН 25" гэсэн нэрийн дор тэмдэглэн буян хурааж байна аа гэдэг чинь барилдлага тогтоож түүний номыг амархан ойлгож, ингээд гэгээрэх учиртай юм байна.

Мэгзэмийн утгыг сайн мэдэхгүй ч эмээгийнхээ зөвлөснөөр энэхүү дүйчэн өдрөөр цөөн удаа ёс болгоод уншдаг байсан нь энэ нь явсаар байгаад ингэж их шарын шашныг сонирхон судлах үндэс болж, цаашлаад түмэнд энэхүү номын утга шимийг таниулах ажлын үндэс болсонийг зүүдэлсэн ч үгүй явж дэ. Аливаа зүйл тун жижигээс эхэлдэг болохыг үүнээс харж болох юм. Тэр утгаараа миний бие Богд ламын намтарыг дүйчэн өдрөөр нь дахин сонсож дадлага болгодог түүхтэй. Учир нь Багш нарын намтар нь шавийн гарын авлага болдог гэсэн үг байдаг.

Намтарыг дахин сонсож байх үест Богд Зонхавагийн төрсөн газар болох Гүмбэн хийдийг ерөөсөө очиж үзье гэсэн бодол төрөв. Тэгээд аян замдаа гаран урд нутагт очоод нэгэн Хятад хүнээс хэлийг нь мэдэхгүй ч ханзыг нь үзүүлэн Гүмбэн хийд хаашаа вэ гэж асуутал тэр хүн намайг унаанд суулгаж өгөөд жолоочид нь буух газарыг нь захиж хэлэн унааны зардлыг өөрөө жолоочид нь өгч байх юм. Тэр хүний сайхан сэтгэлд ихэд талархсан бөгөөд Гүмбэн хийдийн үүдэн дээр нөгөө унаа яг ирж би ч буулаа. Хийдийн үүдээр орон танилцан явж байх үед нэгэн Монгол хэлтэй Түвд хүнтэй таарлаа. Тэр хүний багш нь Монгол болохоор Монгол хэл мэддэг юм гэж хэлсэн бөгөөд намайг дагуулж хийдээ танилцуулсан юм.

Монгол хүнийг энэ хийдэд ихэд хүндэтгэдэг бөгөөд Монгол хүмүүсээс төлбөр авдаггүй юм байна лээ. Учир нь Монголчууд тэнд ихийг хийж бүтээсэн нь харагдах бөгөөд ингээд би гэдэг хүн чинь өвөг дээдсүүдээрээн ихэд бахархаж, бидний өвөг дээдэс юмны сайныг нь аньсыг нь сонгож чаддаг улс байжээ. Түүнийгээ алдагдуулахгүйн тухайтад жил бүр онцлон тэмдэглэж, уламжлан үлдээсэн нь тэдний үр хойч болоод миний бие үнэхээр их бахархаад баршгүй бөгөөд ЗУЛЫН 25 БУЮУ БОГД ЗОНХАВАГИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР миний амьдралд ингэж л нөлөөгөө үзүүлсэн түүхтэй.

Сийрүүлэн бичлээ: Ч.Одгэрэл

Холбоотой мэдээ: “Их Бодь Мөрийн Зэрэг”
“Богд Зонхавагийн намтар-mp3”
“Их бодь мөрийн зэрэг-(1-р боть)-pdf”

    Бусад мэдээлэл