2012-01-22 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5751
Бурханы ном бол 6 төрлийн хамаг амьтны амгалан жаргалангийн эх үндэс юм. Бид яагаад зовлонтой байгаагийн шалтгаан, түүнээс гарах арга зам , зовлонг амгаланд урвуулж жаргаландаа хэрхэн хүрэх вэ гэдгийг Дээдийн ном зааж өгч байдаг. Тиймээс Бурханы ном сургаалийн ганц үг байлаа ч гэсэн эсвэл таны багшийн нэр байгаа бол бусад эд өлгийн зүйлээс үнэтэй тул хүндэтгэлтэй харьцах ёстой юм. Хойд төрөлдөө бурханы номтой учирахгүй байх нүгэл үйлдэхээс зайлсхийхийн тулд номыг /өөр ямар ч ариун шүтээнийг/ шалан дээр тавих, дээгүүр нь алхах, суух, ширээ бүтээх гэх мэт эглийн үйлд зориулахгүй байх ёстой.
Номыг цэвэр, өндөр газар, ертөнцийн бичвэр сэлттэй холихгүй байж, хаа нэгтээ аваачих болгонд баринтаганд ороосон байх хэрэгтэй юм. Эдгээрийг анхааралдаа авбал зохино. Аль нэг ном сургаалийн бичвэр танд хэрэггүй болох тохиолдолд хогийн саванд хаялгүйгээр , тусгай аргаар шатаах ёстой юм. Товчдоо номыг бусад хогтой нийлүүлэхгүй тусад нь шатаах ба УМ А ХУМ тарнийг хэлнэ. Ном шатаахад утаа нь огторгуйд тархаж, зургаан төрлийн хамаг амьтанд Бурханы номын шимийг түгээн тарааж, сэтгэлийг нь ариусган, зовлонгүй болгож, гэгээрэл хүртэл хамаг жаргаланг тэдэнд өгч байна хэмээн дотроо бодно. Та бүхэн дээдийн номыг дээдлэсэн буянаараа төгс амгаланд хүрэх болтугай.
Нийтэлсэн С.Энхмаа