Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

НОГООН ДАРЬ ЭХИЙН ТУУЖ

Сайн цагийн мянган бурханаа мөргөмүй. Эрт урьд зургаан зүйл хамаг амьтны эх болсон илэрхий зөөлөн авирт, илт ногоон тонилгогч Ногоон дарь эх Яншин сүм Дүнжингаравын хийдэд 10 наснаасаа 77 нас хүртэл хатуужил дияаныг бясалган суувай. Дияаны үндсэнийг дүүргээд зургаан зүйл хамаг амьтны эх болсон илэрхий зөөлөн авирт илт хурдан тонилгогч Ногоон дарь эх дээд Сайн цагийн мянган бурхан, Шигамуни бурхан, Очирваань бурхан, огторгуйн түмэн хуврагуудын оронд дээш нисэн өөд болвой.

Мянган бурханы орныг гурван үе эргэж мөргөөд "Би Яншин сүмд Дүнжингаравын хийдэд арван наснаасаа 77 нас хүртлээ хатуужил дияаныг бясалган суувай. Урьдах минь холдож, хойдох минь ойртож эдүгээ ганцаар тул надад нэгэн үр заяа" гэж хутаг гуйсанд Сайн цагийн мянган бурхан зургаан зүйл эмийг адислан өгвэй.
Тэр эмийг зооглосны сүүлд 99 насан дээр нь Очирвааниас үндэстэй, ургамал наран мэт өнгөтэй, улаан вимбийн (тоор жимс) уруултай, өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ мэт шүдтэй, галбирваасан мод мэт нуруутай, бодтой бурханы дүртэй, Оюу нэртэй бодисадуа хөвгүүн төрвэй. Тэр хөвгүүнийг бадамлянхуа цэцгэнд хучиж, элдэв зүйлийн жимсийг шимүүлэн байтал гурван хоногийн сүүлд хөвгүүн үгүй болон одвой.

Тэр Ногоон дарь эхийн дэлгэр цорой нь дээш эвхтэл татвай. Бадрангуй саруул цээж нь балар харанхуй болж, бат төвшин сэтгэл нь дайвалзан юмжин цагаан хөх нь ширгэн хатвай. Саран цагаан царай нь харлаж, сайхан зандан хөл нь сөхөрч алтан амаар шороо үмхэн унаад, дээр тэнгэрийг дэнсэлтэл, доор газрыг донсолтол уйлж хувхай модноос навч цэцэг ургатал, хонхор газар ус тогттол хайлвай.

Тэр цагт дээд Сайн цагийн Мянган бурханы орноос Шигамуни бурхан өөд болон ирээд баруун мутраас нь дээш татаж аваад гурван үе сургаал талбиад дээш нисэн өөд болвой. Зургаан зүйлийн хамаг амьтны эх болсон илэрхий зөөлөн авирт илт хурдан тонилгогч Ногоон дарь эх алтан жигүүртэй, мөнгөн сүүлтэй бор эрээн харцгай болоод Мянган бурханыг гурван үе эргэж мөргөөд "Би Яншин сүмд Дүнжингаравын хийдэд 10 наснаасаа 77 нас хүртлээ хатуужин дияаныг бясалган суувай. Дияаны үндсэнийг төгсөөд Сайн цагийн Мянган бурханы оронд хүрч "Эдүгээ би ганцаар тул надад нэгэн үр заяа" гэж айлтгасанд 99 насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй, улаан вимбийн уруултай, өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ мэт шүдтэй, галбирваасан мод нуруутай, бодтой бурханы дүртэй, Оюу нэртэй бодисадуа хөвгүүн төрсөн билээ. Бадамлянхуа цэцгийн дотор хучиж байн атал гурван хоногийн сүүлд гагцхүү төрсөн Оюу бодисадуа минь үгүй болон одвой. Сайн заяатай агсан болвоос Мянган бурханы оронд шавь болон төрсөн болов уу гэж санаад ирвэй. Гагцхүү төрсөн бодисадуа хөвгүүнийг минь үзэв үү?" хэмээн мэдүүлсэнд "Эвий зургаан зүйл хамаг амьтны эх болсон Ногоон дарь эх минь чиний гагцхүү төрсөн бодисадуаг чинь үзсэнгүй" гэв. Тэр цагт хойд мөрт зар талбихын тул бэлгэ тэмдгийг айлтганам. "Зүрхний эхэнд таван зуун цогцын бэлгэ бүрдсэн бэх хар мэнгэ буй билээ. Тийм болохул миний хөвгүүн магад мөн" гэж зар талбиад доор Замбуутивд бууж арван найман тамын амьтны аливаа зовлонг арилгаад Замбуутивийн дээр хоёр хөлт хүмүүн, дөрвөн хөлт адгуусанд төрсөн болов уу гэж тэр амьтнаас бас асуувай. Тэд амьтан бас "Үзсэнгүй" гэв.

Замбуутивийн амьтны зовлонг арилгаад Ногоон дарь эх бишгүүр мэт дуунаар хашгираад хайлж яваад "Гадаад далайд живж үхсэн болов уу" гэж санаад гадаад далайг гурван сар болтол шүүрдэж эс олоод, буцаж бишгүүр мэт дуунаар хашгиран хайлж явтал нэгэн хун хэрээ уулзвай. "Зургаан зүйл хамаг амьтны эх болсон Ногоон дарь эх аль газраа морилж явмуй?" хэмээн айлтган үзвээс Ногоон дарь эх "Ерэн есөн насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй улаан вимбийн уруултай, өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ шүдтэй галбирваасан мод мэт нуруутай, бодтой бурханы дүртэй Оюу нэртэй бодисадуа хөвгүүн төрсөн билээ. Тэр хөвгүүн минь гурван хоногийн сүүлд үгүй болон одвой. Түүнийгээ эрэн сураглаж дээд Сайн цагийн Мянган бурханы оронд эрж эс олвой. Доор тамын амьтнаас асууж эс олвой. Замбуутивийн хоёр хөлт хүмүүн, дөрвөн хөлт адгуусанд очиж асуугаад эс олвой. Гадаад далайг гурван сар шүүрдэж эс олвой" хэмээн айлдвай.

Хон хэрээ энэрэхийн сэтгэл үгүй, элэглэхийн сэтгэлтэй, хайрлахын сэтгэлгүй, халдахын сэтгэлтэй боловч хариу "Мэдсэнгүй" гэж айлтгаад Алтан уулын орой дээр долоон үе номын чанар бясалгасан, 99-ний дияан хийсэн есөн хэл мэдэх Огторгуйн мэргэн цагаан арш хар цагаан зурхай зурж, хар цагаан чулуу талбиж байхыг үзвэй. "Тэр мэдэх буй" хэмээвэй. Ногоон дарь эх хэрээнд өргөл талбивай. "Ээ, чи миний замыг зааж, мөрийг шулуутгаж өгснөөр жаварт тэнгэрт даарахгүй биетэй болгоорой. Жаран жалгыг нэвт харах нүдтэй болгоорой" хэмээгээд усан нүдний оронд билгийн нүдийг өгөн соёрхвой.

Тэндээс, Ногоон дарь эх Алтан уулын орой дээр очоод долоон үеийн номын чанар бясалгасан, 99 жил дияан хийсэн, есөн хэл мэдэх Огторгуйн мэргэн цагаан аршийг гурван үе эргэж мөргөөд айлтгавай. "Би Яншин сүмд Дүнжингаравын хийдэд 10 наснаас 77 нас хүртлээ хатуужил дияаныг бясалган суувай. Дияаны үндсэнийг дүүргээд эдүгээ гагцаар тул "Нэгэн үр заяа" гэж Сайн цагийн мянган бурханаас хутаг гуйсан тул 99 насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй, улаан вимбийн уруултай, өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ мэт шүдтэй, галбирваасан модон мэт нуруутай, бодтой бурханы дүртэй Оюу нэртэй бодисадуа хөвгүүн төрсөн билээ. Тэр хөвгүүн минь гурван хоногийн сүүлд үгүй болон одвой. Дээд Сайн цагийн мянган бурханы оронд эрж эс олвой. Доор тамын амьтнаас асууж эс олвой. Замбуутивийн дээр хоёр хөлтэй хүмүүн, дөрвөн хөлтэй адгуусанд очиж асуугаад эс олвой. Гадаад далайд гурван сар шүүрдэж эс олвой. Тиймийн тул би Огторгуйн мэргэн цагаан арш танд бэлгэ төлөг айлтгая" гэв.

Огторгуйн мэргэн цагаан арш цагаан, ногоон, хөх гурван өнгийн чулуугаар зурхай зурж бэлгэ буулгаад "Авай зургаан зүйлийн хамаг амьтны эх болсон Ногоон дарь эх минь, гагцхүү төрсөн Оюу бодисадуа хөвгүүн чинь Сайн цагийн Мянган бурханы оронд байна гэж буух чинь юу вэ?" гэв. Тэр цагт Ногоон дарь эх "Авай энэ зарлиг чинь үнэн болтугай. Үнэн болохул ширгэсэн юмчин цагаан хөхнөөс минь сүү урс" гэж байтал юмчин цагаан хөхнөөс нь сүү далай мэт урсвай. Алтан тэвш дүүртэл сааж барьц барьж барамидыг гүйцээвэй.

Огторгуйн мэргэн цагаан арш бас өнгийн чулуугаар бэлгэ буулгаад "Ногоон дарь эх минь, Оюу бодисадуа хөвгүүн чинь ахуй их магтаалтай, арилсан номын биетэй, арван нэгэн нигууртай, Авид бурхан титэмтэй, төгс лагшин биетэй, тэгш мянган мутартай, алга бүгддээ нүдтэй, амьтныг нигүүлсэхүй дүртэй, арц зандан үнэртэй, элдэв хивийн хувцастай, эрдэнэсийн чулуун чимэгтэй, Хонсим бодисадуагийн зарлигтай, хун галбингаагийн эгшигтэй, хутаг эрдэм төгссөн зургаан үсгийн тарнитай, гурван цагийг айлдагч бэлгэ билгийн зүрхтэй, хүсэл бүгдийг хангагч чандмань эрдэнийн сантай, хүчин бүгд нь төгссөн цагаан лавайн өнгөтэй, цаглашгүй гэрэлтэй бодтой бодисадуа лавтай мөн гэж буух чинь юу вэ?" гэв. Ногоон дарь эх "Энэ зарлиг чинь үнэн болтугай" гэж эрдэнэт дөрвөн мөчөө барьц барьж барамид гүйцээвэй.

Бас, нэгэн өнгийн чулуугаар бэлгэ буулгаад Оюу бодисадуаг чинь эх болсон зургаан зүйл амьтны зовлон ихэдсэний тул Сайн цагийн Мянган бурханы оронд Шигамуни бурхан, Очирваань бурхан, Огторгуйн түмэн хувраг хулгай хийж аваад алтан суварганы дотор 366 давхар алтан цагаан бумбаны дотор буруулан байна гэж буух чинь юу вэ?" хэмээсэнд Ногоон дарь эх бие, хэл, сэтгэл юүгээ барьц барьж барамидыг гүйцээвэй. Ногоон дарь эх Огторгуйн мэргэн цагаан аршид ерөөл талбивай. "Чи энэ насанд хар багш агсан боловч хойд насандаа Жимсгэлэн нэрт уулыг эзлэн Цагаан өвгөн нэртэй бурхан болж туулаад хамаг хүмүүн, адгуусны гамшиг дамшгийг арилгаж, баруун мутартаа луун тэргүүнт таягийг барьж явах болтугай" гэж ерөөл талбивай. "Ногоон дарь эх минь, Оюу бодисадуа юугаа эрж олоод зовлонт амьтныг зовлонгоос тонилгоод амгалан өөд болж явтугай" гэв. Ногоон дарь эхийн ерөөл талбисны хүчээр Цагаан өвгөн гэж явагч Очирдарь бөлгөө.
Зургаан зүйлийн хамаг амьтны эх болсон илэрхий зөөлөн авирт, илт хурдан тонилгогч Ногоон дарь эх алтан жигүүртэй, мөнгөн сүүлтэй бор тарлан харцгай болон хувилаад дээд Сайн цагийн Мянган бурханы оронд зорин очоод бишгүүр мэт дуунаар хашгиран хайлж хар уулын орой дээр хархиран явагч хар эрээн барс минь хаа байна" гэж хангинан дуудаж хүрэн уулын орой дээр хүрхрэн явагч хүрэн эрээн барс минь хаа байна? гэж дуудаж хангинаж явтал хоёр замын уулзвар дээр нэгэн хар хэвнэг өмссөн, араг үүрсэн хатагтайг үзээд хамаг чимгээ түүнд тайлж өгөөд түүний аргийг үүрч, баруун гартаа эрээн таар барьж, зүүн гартаа хувхай таяг барьж гуйланч эмгэн болон хувилж, зарсан хүмүүний гэрт гурван сар явбай.
Тэр цагт Сайн цагийн мянган бурхан Оюу бодисадуаг зуны дунд сарын 15-нд арван найман хөлтэй алтан ширээн дээр залаад зүг зүгт нь мянгаад бодисадуагаар хүрээлүүлж авшиг номыг сонсож байвай. Ногоон дарь эх түүнийг харахул "Миний хөвгүүн мөн бололтой" гэж санаад даган гаран ядаж байтал Шигамуни бурхан зарлиг болвай. "Та нар энэ эмгэний хэн байна гэж санадаг вэ?" хэмээхэд тэр бодисадуа нар "Бид танихгүй" гэв. Ногоон дарь эх "Энэ биш үү?" гэв. Тэгмэгц тэр бодисадуа нар Ногоон дарь эхийн өмнөөс цагаан солонго татуулж Оюу бодисадуаг ширээнээс нь буулгаж аваад 366 давхар алтан цагаан бумбаны дотор буруулаад өөр нэгэн бодисадуаг ширээнд суулгаад тахиж байвай.

Тэр цагт Ногоон дарь эх цагаан солонгыг үлээж орхиод харан гэхүл өөрийн бодисадуагүй, танихгүй нэгэн бодисадуаг үзвэй. Ногоон дарь эхийн саран цагаан царай нь харлаж, сайхан зандан хөл нь сөхөрч бишгүүр мэт дуунаар хашгиран хайлж "Гагцхүү төрсөн Оюу бодисадуа минь, намайг юун орхих чинь энэ билээ?" гээд амаараа шороо үмхэн унавай.

Тэр цагт Шигамуни бурхан өөд болж баруун мутраас нь дээш татаж аваад аман дахь шороог нь хэлээрээ долоогоод гурван үе дээш татаж босгоод гурван үеийн сургаалыг айлдвай. "Амрагийн эцэс хагацдаг биш үү. Хагацсаны эцэс уулздаг биш үү. Төрсний эцэс үхдэг биш үү. Үхсэний эцэс төрдөг биш үү. Тарьсны эцэс хатдаг биш үү. Хатсаны эцэс тарьдаг биш үү" хэмээн сургаж зарлиг болоод орондоо өөд болвой.

Зургаан зүйлийн хамаг амьтны эх болсон илэрхий зөөлөн авирт, илт хурдан тонилгогч Ногоон дарь эхээ бишгүүр мэт дуугаар хашгиран хайлж байхыг Оюу бодисадуа хөвгүүн сонсоод Оюу бодисадуа хөвгүүн нь часхийтэл дуун гаргаад "Цагтай юм цагтаа, хэмжээтэй юм хэмжээндээц гэж айлдаад 366 давхар алтан бумбыг дэлбэ тийрч алтан суваргыг орхин гараад эхдээ ирж хүзүүнээс нь тэвэрвэй.
Тэр цагт тэр хоёрын уйлах дуунд Шигамуни бурхан ширээнээс шилжин догдолж байвай. Байсан шавь нар бүгд барагдашгүй уй гашуунд дарагдвай. Очирваань бурханы гурван өдрийн дун бүрээний дуун тасарч хурлын чуулган тасарвай. Эх, хөвгүүн хоёрын уйлсан нулмис нэгэн их далай болж, тэр далайгаас уусан хүн амьтан эрхтэн дутуу нь эрхтэн бүрэн болж, балай амьтан нүдтэй болж, дүлий амьтан чихтай болж байвай. Тэр цагт Шигамуни бурхан, Сайн цагийн мянган бурхад болон хамаг бодисадуа нар ирж Ногоон дарь эх, хөвгүүн хоёрыг хагацуулан ядвай.
Очирваань бурхан дор Шигамуни бурхан зарлиг болвой. "Чи нэгэн аргатай биш үү, энэ эх, хөвгүүн хоёрыг хагацуулж үз" гэв. Тэгмэгц Очирваань бурхан ширүүн дүр бариад оройн очирыг булга татаж аваад хоёр төмөр соёо болгоод баруун хөлнөөсөө бараан эрээн лууг гаргаж, зүүн хөлнөөсөө шар эрээн луу гаргаж хүрхрүүлэн эх, хөвгүүн хоёрыг хагацуулвай. Ногоон дарь эх хөвгүүнээ баруун мутраас нь барьж байгаад бас дахиад "Бас дахин үгүй болох болов уу гэхүл тавьж болохгүй байна" гээд дахин тэвэрвэй. Тэр цагт Оюу нэрт бодисадуа эхээсээ алдуулж ядаад гучин хоёр лагшин төгссөн эрдэнэт цагаан шүдээ булга татаад гурван насны дүрээр хувилж эхийн юмчин цагаан хөхийг хөхөн суувай. Гурван сар болсон хойно эхийн хөх дундаа орж хөвгүүн ч ханавай.

Тэр цагт эх, хөвгүүн хоёр талбилцвай. Эх, хөвгүүн бидэн хоёрын уйлах дуунд Шигамуни бурхан ширээнээс шилжин догдолж гэнэм. Байсан шавь нар бүгд барагдашгүй уй гашуунд дарагдаж гэнэм. Очирваань бурханы дун бүрээний гурван үеийн хурал тасарвай гэнэм. "Одоо бидэн хоёр тэр алдлаа наминчилсугай" гэж таван зуун илжиг, луусаар хив хадаг ачиж ирээд арван найман хөлтэй алтан ширээн дээр бурхан, бодисадуа нарыг залаад барьц барьж барамидыг гүйцээвэй.
"Би Оюу бодисадуа юун ирж явахдаа олон амьтныг үзвэй. Жаргалтай амьтан ч олон, зовлонтой амьтан ч олон байна. Гэвч зовлонт амьтан илүү олон бололтой байна. Би тэр зовлонт амьтныг зовлонгоос тонилгоё гэж санасан минь зөв буюу, буруу буюу?" гэж айлтгавай.

Тэр бурхан, бодьсадуа нар "Авай энэ санаа чинь зөв зөв. Сайхан санаа байна. Бид илт туулсан бурхан ч болов амьтныг энэрч чадахгүй байна" гэж зарлиг болоод "Бид харин даган баясалцъя" гэв. Тэдүй бодисадуа нар Ногоон дарь эх, хөвгүүн хоёрыг бас арван найман хөлтэй ширээн дээр залж долоонтоо тойрч, гурвантаа мөргөөд "Чамайг юун бид зовоосон учир болвоос зургаан зүйл хамаг амьтны зовлон их болсны тул зовлонт амьтны зовлонг үзтүгэй гэж чилээсэн минь тэр бөлгөө" гэж хив хадгаар барьц барьж барамидыг гүйцээвэй.

Зургаан зүйл хамаг амьтны эх болсон Ногоон дарь эх Оюу бодисадуа хөвгүүн юүгээ аваад Замбуутивийн арван найман харанхуй тамын амьтныг зорьж их тэрэгний замаар орж явтал хоёр замын уулзвар дээр нэг үхсэн өвгөн лам хэвтэхийг үзээд "Энэ эрдэнэт хүмүүний яаж хагацсан хувраг буй" гээд очвоос арайхан үхсэнгүй амьд хөдөлж хэвтэхийг үзээд эрдэнэт дөрвөн мөчин дээрээ өргөж талбиад юмчин цагаан хөх юүгээ хөхүүлэн гурван сар тэжээгээд чинагш дагуулан явтал өвгөн ламын турсан нь их тул яван чадахгүйд эх, хөвгүүн хоёр ээлжлэн өргөвэй. Мөрний мах барагдаж ясыг цайтал үүрч явтал өвгөн лам мөнх бусын дүрийг үзүүлвэй.
Түүний хүүрийг нэгэн их хурал сүм байхын дэргэд оршуулан талбиад чинагш тамын оронд хүрээд тамын дэргэд алтан гүрмэл зандан суварга босгож, тэр суварган доор эх, хөвгүүн хоёр дияаныг бясалган суувай. Тэр тамын амьтан бурханы хутгийг олж байвай. Тэр цагт огторгуйгаас алтан эмээл хазаартай навчин хар морь ирээд эх, хөвгүүн хоёрт хөлөг болж тэр тамын амьтныг зовлонгоос гарган тонилговой.
Тэр цагт эрлэгийн түмэн яргачин Эрлэг номун хаандаа ирээд "Бид тамын сахиусны тул там юун дүүрэн болбол баярладаг, хоосон болхул гомддог билээ. Одоо там хоосон болоход хүртэй" гэж айлтгасанд Эрлэг номун хаан зарлиг болвой: "Тэр морийг барьж иртүгэй" гэв. Эрлэгийн түмэн яргачин тэр морийг барих гэж иртэл тэр морь ухаанаар мэдээд яргачны өмнөөс угтаж иртэл яргачин моринд өгүүлрүүн "Бид чамайг барих гэж ирсэн бөлгөө" гэв. Тэр морь өгүүлрүүн "Би тамд унах заяатай бөгөөс та нар хийвч, эс хийвч унахгүй биш үү" гэж хэлээд өөрөө баригдвай. Тэр эрлэгүүд морийг аван одох цагт морь яргачныг үс бүгдийн үзүүр дээрээ унуулж Эрлэг хаанд одвой. Эрлэг хаан зарлиг болвой: "Энэ морийг халуун тамд орхигтун" гэв.

Түмэн яргачин морийг аваачаад халуун тамд орхивой. Тэр эрлэгүүд тамын өрхнөөс шагайж харан гэхүл тэр тамын өрхнөөс алтан салаатай, мөнгөн навчтай элдэв зүйлийн жимс ургаад, сэрүүн сайхан булаг урсаад, хөх сайхан навч дэлгэрээд тэр тамын зовлонт амьтан хун цэнгийн дуун мэт эгшиг дуурсган Сайн цагийн Мянган бурханы оронд зорин шавь болон төрж байвай. Яргачин нар хаандаа очоод тэр "Тэр ямар жигтэй морь буй. Тун эс мэдэв" гэж морины аливаа учрыг дэлгэрэнгүйеэ айлтгаваас Эрлэг номун хаан бас "Хүйтэн тамд орхи" гэв.
Хүйтэн тамд орхиод мөн тамын өрхөөр харан гэхүл бас урьдах тамын ёсоор тамын амьтан тонилж байвай. Бас яргачин Эрлэг хаандаа ирж айлтгавай. Хаан "Тэр морийг гурван давхар ширмэн байшинд есөн давхар төмөр ногтоор ногтолж, есөн давхар төмөр чөдрөөр чөдөрлөж орхигтун" гэв. Яргачин нар тэр морийг харанхуй хар байшинд орхиод орон орондоо тархвай. Тэр морь ширмэн байшинг дэлбэ дайрч гараад Ногоон дарь эх, хөвгүүн хоёрт очиж "Урьдах хоёр замын уулзвар дээр хэвтсэн өвгөн лам би бөлгөө. Мөрний мах барагдаж, ясыг цайтал үүрсний ачийг хариулж чадав уу, эс чадав уу эс мэдэв. Дээд Галтан тэнгэрийн гагц охин таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагиныг Оюу бодисадуагийн хатан болгож өгөөд юмчин цагаан хөхний сүүний ачийг хариулъя" хэмээгээд огторгуйд нисэн одвой.
Тэр цагт түмэн яргачин ширмэн байшинд ирж морийг үзвээс үгүй ажгуу. Бас, Эрлэг хаанаас элч ирээд тэр яргачныг "Морио авч ирэгтүн" хэмээвээс айлтгах үгээ олж ядан гурван хоног тамын амсар дээр хэвтвэй. Эрлэг хаан эрхгүй "Бараалх" хэмээсний тул түмэн яргачин хаанд ирж "Бид тэр морийг тун эс мэдэв. Харанхуй ширмэн байшингаас үгүй болж байнам" хэмээн айлтгасанд хаан мишээгээд "Тэр морь бус, Шигамуни бурхан буюу" хэмээж тэр Ногоон дарь эх, хөвгүүн хоёрыг энд залж ирэгтүн хэмээвээс Ногоон дарь эх, хөвгүүн хоёрт элч очиж Эрлэг хааны зарлигийг айлтгаваас бид эх, хөвгүүн хоёр тамын амьтны тусын тулд дияан бясалгаж суумой. "Дияаны үндсийг төгсөөд очиж бараалхъя гэв". Тэр элч харив.

Тэдүйхэн Ногоон дарь эх, хөвгүүн хоёул Эрлэг хаанд очвоос хаан тэдний өмнөөс үнэртэн шатааж угтаад алтан шар ширээн дээр залж эргэл мөргөл хийж байгаад ийн айлтгаруун "Ногоон дарь эхийн адистид нь ер хэдүй чинээ болов?" гэж айлтгаваас Ногоон дарь эх бээр "Хай, эс мэдэв. Эрт урьд цагт Шигамуни бурхан зарлиг болдог билээ. Ногоон дарь эхийн туужийг дуудаж судар номыг уншваас гурван муу заяанд ер үл унах гэж байдаг билээ" гэв. Түүний хойно Эрлэг хаан бээр "Тэр үнэн болохул мянган галав нөгчөөгүй цагт би буян, хилэнц хоёрыг ялгасаар баймуй. Мянган галав нөгчсөний хойно шавь тань болон төрөх ерөөл талбия" хэмээвэй. Түүнээс мянган галав нөгчөөгүй цагт Ногоон дарь эх амьтныг тонилгож байх, Эрлэг хаан буян, хилэнц хоёрыг ялгаж байх учир тэр бөлгөө.

Тэр цагт бурхан, бодисадуа нарын айлдсан нь "Ногоон дарь эхийн хөвгүүн Оюу бодисадуа ертөнцийн хаан болж төрийг барих цагт Галдан тэнгэрийн гагц хүүхэн таван ухаанд мэргэжсэн тансаг зандан дагиныг хатан болгож суулгаваас орчлонгийн хүмүүн, амьтан үхэх зовлонгүй, үгүйрэх гарзгүй энх жаргаж мөнх наслах болно гэж айлдсан бөлгөө. Тэр ёсоор найман эрдэм бүрдсэн навчин хар морь хан тэнгэрийн оронд халин нисч явтал Галдан тэнгэрийн гагц хүүхэн таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагина амьтны тусыг сэтгэж ариун оронд зугаалан явж байгаад тэр морийг үзэж зарлиг болвой. "Гурван ухаанд мэргэжсэн Гоо сэцэн дагина минь, энэ юун сайхан үзэсгэлэнтэй морь вэ? Үүнийг над авчир, би унаж сорьж үзье" гэв.
"Таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагина минь, уужим сайхан цээжиндээ учрыг хянан бодоорой. Утгыг шинжлэн мэдээрэй. Унах адгуус биш бололтой. Урих сахиусан мөн бололтой" хэмээсэнд таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагинын таалал сэтгэлд нийлсэн тул "Найман эрдэм бүрдсэн навчин хар морийг надад барьж ир" гэв. Гурван ухаанд мэргэжсэн Гоо сэцэн дагина өвсний үзүүрт туурайгаа хүргэлгүй, өндөр ууланд сүүдрээ хүргэлгүй өөд сөөргөө хатиран яваа найман эрдэм бүрдсэн навчин хар моринд алтан уургыг сунгаж, мөнгөн хуйваар оосорлож барьж авав. Таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагина найман эрдэм бүрдсэн навчин хар морийг хөлөглөөд тавтай сайхан гүйдлээр нь таван бээрийг өнгөрөөд уужим сайхан гүйдлээр арван бээрийг өнгөртөл Сүмбэр уулын хөндийгөөр ороод Сүн далайн хөвөөгөөр тойроод "Хүүе" гэхийн завгүй хүмүүний ертөнцөд хүрч, "Зай" гэхийн завгүй Замбуутивд ирж буувай.

Гурван ухаанд мэргэжсэн Гоо сэцэн дагина Галдан тэнгэр эцэгт нь, Галбир хатан эхэд нь, Нармай тэнгэр ахад нь, наян түмэн дагинаст нь яаралтай мэдээг зарлаад явж нэхэж ирэв. "Таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагина минь, Галдан тэнгэр эцгээ гасланд нэрвэгдүүлж, Галбир хатан эхээ зовлонд живүүлж, Нармай тэнгэр ахаа энэлэнд дарагдуулж, наян түмэн дагинасаа өнчин болгож орхив уу. Өнөр олноо орхиод өнчин ганцаар юунд одов?" гэж дуудсанд "Гурван ухаанд мэргэжсэн Гоо сэцэн дагина минь, уужим сайхан цээжиндээ учрыг хянан бодоорой. "Ногоон дарь эхийн хөвгүүн Оюу бодисадуагийн хатан болбол орчлонгийн үхэх зовлонгүй, үгүйрэх гарзгүй энх жаргаж, мөнх наслах болно" хэмээсэн буцааж болшгүй бурханы зарлигийг дагаж явна. Хаан эцэг, хатан эх, хамаг улсад минь хариу учрыг айлтга" хэмээсэнд тэнгэрийн орны улс бүгдээр тэнцэшгүй ихээр гашуудан уйлвай.

Ногоон дарь эхийн хөвгүүн Оюу бодисадуа таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагина хоёул сэтгэл нийлэлцэж Ногоон дарь эхийн хамтаар бурхан, бодисадуагийн зарлигаар Бодала уулын дэргэд алтан ордыг барьж, мөнгөн суваргыг байгуулаад амар жаргалангаар ажирахын цагт орчлонгийн хамаг амьтан үхэх зовлонгүй, үгүйрэхийн гарзгүй энх жаргаж, мөнх наслан суувай. Ногоон дарь эхийн тууж төгсвэй.

Өлзий хутаг орших болтугай.

Харгуулан буулгасан Очир овогт Норовсүрэн

    Бусад мэдээлэл