2013-10-08 | Нийтэлсэн:admin | Үзсэн:4885
Орчуулагчаар дамжуулан: Жамиа Миллиа Исламиа Их сургуульд, энд буй хүндэт зочин [Энэтхэгийн Хүний Нөөц Хөгжлийн сайд] Доктор Кабил Сибал, Дэд Канцлер, профессорууд, тэнхимийн эрхлэгч нар, оюутнууд болон энд хүрэлцэн ирсэн бүх зочдод талархал илэрхийлье. Юуны өмнө би та бүхэнд мэнд хүргэж, Жамиа Миллиа Исламиа Их сургууль надад энэ шагналыг олгож байгаад талархлаа илэрхийлье.
Дээрхийн Гэгээн Далай лам: Нэгэнт энэ микрофоныг гартаа барьсан юм чинь одоо Англиар ярих гээд үзье. Мэдээж та бүхэн намайг Англи хэлэнд их тааруу, заримдаа буруу үг сонгож хэрэглээд байдаг гэдгийг мэдэж байгаа байх. Ийм ч учраас би өөрийн тааруу Англи хэлээр ярихаас өмнө хүмүүст “анхааралтай” байхыг зөвлөдөг юм. Би заримдаа буруу үг хэрэглэснээсээ болж буруу ойлголт төрүүлээд байх шиг байдаг юм. “өөдрөг үзэлтэй” гэж хэлэхийн оронд андуурч “гутрангуй үзэлтэй” гэж хэлэх жишээтэй. Энэ бол ноцтой алдаа. Энд маш их аюул бий. Тийм учраас миний тааруухан Англи хэлээр ярихыг сонсохын өмнө анхааралтай байхыг хүсье.
Энэ хүндэт зэргийг надад олгож буй явдал нь надад маш том хүндэтгэл үзүүлж буй хэрэг. Би ийм хүндэт зэргийг хүлээн авахдаа хамгийн түрүүнд, би энэ зэргийн төлөө сурч мэдэхэд ямар ч цаг зарцуулаагүй шүү гэдгээ хэлдэг. Докторын зэрэг авч буй оюутнуудын хувьд, та бүхэн маш их цаг, эрч хүчээ зарцуулдаг байх гэж бодож байна. Гэтэл би энэ зэргийг ямар ч эрч хүчээ зарцуулалгүйгээр олон их сургуулиас авдаг. Тийм ч учраас би үүнийг надад олгож буй их хүндлэл гэж үздэг. Харин одоо алдартай Лалын шашны Их сургуулиас энэ зэргийг авч байна. Энэ бол миний хувьд маш онцгой, баяртай үйл явдал. Учир нь би шашны эв нэгдлийг бий болгохын төлөө зүтгэж явдаг хүн.
9-р сарын 11-нд болсон үйл явдлаас хойш би Лалын шашныг хамгаалах байр суурийг хатуу баримталж байгаа хүн. Учир нь Лалын шашны гаралтай хэдэн муу хүний үйлдлээс болж уг шашныг бүхэлд нь сөргөөр хүлээн авах хандлага бий болоод байна. Энэ бол маш буруу. Үнэнийг хэлэхэд Лалын шашин нь энэ ертөнцөд буй хамгийн чухал шашнуудын нэг. Өнгөрсөн олон зууны турш, одоо цаг үе болон ирээдүйд ч Лалын шашин нь сая, сая хүмүүст итгэл, найдвар, урам зоригийг өгч байсан, өгч байгаа, өгөх ч болно. Энэ бол бодит факт. Би бүр хүүхэд байхаасаа л Лалын шашинтай дотнын найзуудтай байсан. Багаар бодоход дөрвөн зууны өмнө Төвдийн Лхаст Лалын шашинт худалдаачид ирж суурьшсан. Ингээд тэнд жижигхэн Лалын шашинтны суурин үүссэн юм. Эдгээр Лалын шашинтнууд хүмүүстэй зөрчилдөж байсан түүх байдаггүй. Тэд маш тайван, хүлцэнгүй хүмүүс байсан.
Миний мэдэх зарим Лалын шашинтнууд надад жинхэнэ Лалын шашныг дагагчид нь бүх л амьд зүйлсийг хайрлаж, энэрч байх ёстой бөгөөд хэрэв хэн нэгэн Лалын шашинтан цус урсгах алхам хийж байвал үнэн хэрэгтээ тэр алхмыг хийсэн үедээ уг шашинтан биш боллоо гэсэн үг гэж хэлж байсан. “Жихад” гэсэн үг нь “бусад руу довтлох” гэсэн үг биш. “Жихад” гэсэн үг нь өөрийн сэтгэлд буюу дотооддоо зөрчилдөх, тэмцэх гэсэн гүн утгатай. [алга ташилт]: Энэ тэмцэл нь уур хилэн, үзэн ядалт, эд зүйлст хэт хамааралтай болох гэх мэт сөрөг сэтгэлийн хөдлөлийн эсрэг хийгддэг. Эдгээр сөрөг сэтгэлийн хөдлөл нь тухайн хүний оюун бодолд нөлөөлж, улмаар гэр бүлд нь цаашлаад нийгэмд асуудлууд үүсгэдэг. Тэгэхээр “Жихад” гэдэг нь эдгээр сөрөг сэтгэлийн хөдлөлийн эсрэг тэмцэж буй тэмцлийг илэрхийлсэн илүү гүн утга агуулгатай үг гэдэг нь харагдаж байна.
Иймээс, хэдийгээр энэ шашны гүн ухаан бусад шашныхаас өөр ч мөн чанартаа бусад шашинтай адилхан юм. Бусад шашны дагагчидтай илүү ихээр харилцаж эхэлсэнээс хойш би бусад шашны гүн ухаанууд хоорондоо огт адилгүй байдаг ч, бүгд л адилхан хайр, энэрэл, уучлал, тэвчээр, сахилга бат, сэтгэл хангалуун байдал гэх мэт үйлдэл, зарчмыг хийж, сахиж, амьдралдаа хэрэгжүүлж байхыг сургадаг болохыг ойлгосон. Иймд надад боломж гарах бүрт би хүмүүст хэдэн муу үйл хийгч Лалын шашинтнуудаас болж Лалын шашны талаар хөнгөн, хуумгай дүгнэлт хийх нь буруу гэдгийг хэлж, ойлгуулахыг хичээдэг. Зарим муу үйл хийгч хүмүүс Хиндү, Йүдийн, Христийн болон Буддын шашинтнууд дотор ч байж л байдаг. Мөн хэдийгээр цөөн ч гэсэн Төвдийн Бурханы шашинтнууд дотор ч ийм хүмүүс байдаг нь тодорхой байгаа. Ийм учраас надад Лалын шашны Их сургуулиас хүндэт зэрэг олгож байгаа нь надад маш их хүндлэл үзүүлж байна гэж үзэж байна.
Би амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл өөрийн хийхээр зорьсон зүйлийн төлөө явах болно. Надад хоёр зорьж явдаг зүйл бий. Нэг нь миний өмнө дурдсан шашны эв нэгдлийг бий болгох, нөгөөдөх нь хүнд дотоод үнэт зүйлийг бий болгох өөрөөр хэлбэл бусдыг хайрлах гэх мэт хүнд байгалиас нь байж байдаг тэр сайн шинж чанарыг нь гаргаж ирэх юм. Ээж нарын хувьд биднийг дөнгөж төрөнгүүт л ээжүүд маань бидэнд маш их хайр, халамжийг өгдөг. Хүүхдийн хувьд дөнгөж төрөнгүүтээ л ямар хүн өөрийг нь бий болгосныг мэдээгүй байж, биологийн хувьд тухайн хүний бүрэн халамжинд байх болдог. Ээж хүүхдээ авч тэврэхэд хүүхэд маш тайван, сэтгэл хангалуун байдаг. Харин хол тавихад хүүхэд аюултай байдалд орсон мэт болдог. Амьтад хүртэл ийм нөхцөл байдлыг мэдэрдэг. Тэгэхээр бидний амьдрал ингэж эхэлдэг байх нь. Төрөх үедээ болох бүх л хайр, халамжийг авсан хүүхэд, төрсний дараах хэдэн жил, бүр бүх амьдарлынхаа турш эрүүл саруул байж, бусдыг хайрлан энэрэх сэтгэлтэй хүн болдог. Харин энэ насандаа хайр энэрлийг авч чадаагүй, бүр харгислалд өртсөн хүний хувьд, түүний энэ туулж өнгөрүүлсэн зүйл нь бүх л амьдралынх нь турш тэдний оюун санаанд хамт байна. Тэдний гаднаасаа харагдах байдлаас үл хамааран тэдний сэтгэлийн гүнд айдас, үл итгэх байдал нуугдаж байдаг ажээ. Хүмүүс бие биедээ үл итгэх нь хүний үндсэн шинж чанартай харшилдаг бөгөөд хүн бол нийгмийн амьтан. Ямарваа нийгмийн гишүүд бүрэн хамтран ажиллаж байх нь хүн нэг бүрийн сонирхолд нийцдэг. Хувь хүн бол нийгмийн нэг хэсэг. Тухайн хувь хүний ирээдүйн хувь заяа тухайн нийгэм, хамт олноос бүрэн шалтгаална.
Одоо хувь хүний амжилт, аз жаргалыг амьдралтай холбож үзье. Хэрвээ таны дотор бусдад үл итгэх үзэл, айдас төлөвших юм бол, хэрвээ та бусдаас зайтай байх юм бол яаж аз жаргалтай хувь хүн байж чадах юм бэ? Энэ бол маш хэцүү байх болно! Иймд үнэн сэтгэлээсээ хамтран ажиллахын тулд нөхөрлөх нь маш чухал. Нөхөрлөлийн үндэс нь итгэлцэл. Итгэлцлийн үндэс нь нээлттэй, ил тод байдал. Ингэвэл итгэлцэл бий болно. Энэ бүхний үндэс нь бусдын сайн сайхны талаар санаа тавих халуун, дулаан сэтгэл. Ийм сэтгэл байгаа цагт бусдыг ашиглах, хуурах, дээрэлхэх гэх мэт үйлдэл гарахгүй. Учир нь та бусдын төлөө үнэн сэтгэлээсээ анхаарал, халамж тавьж байгаад байгаа юм. Тэгэхээр энэ бүхэн заавал шашнаас бий болох албагүй. Харин биологийн хүчин зүйлээс бий болж байна.
Иймд би хүмүүст “бид бол нийгийн амьтан” гэж байнга сануулж байхыг зорьдог. Нэн ялангуяа өнөөгийн долоон тэрбум шахам хүнтэй, даяаршсан эдийн засаг, байгаль орчны асуудалтай, энэ дэлхий ертөнцөд хувь хүн бүрийн асуудал бусдын эрх ашигтай холбогдож байна. Энэ үүсэж буй нөхцөл байдалтай холбоотой авч үзвэл “бид” “тэд” гэсэн ойлголтууд байх нь утгагүй болно. Одоо бидэнд хүн төрөлхтнийг нэг гэр бүл гэж үзэх шаардлага бий болж байна. Иймээс би хүмүүст энэ дэлхий ертөнцийн нэг хэсэг гэдгээ байнга санаж явахыг захидаг. Хэрвээ “бид” болон “тэд” гэсэн ойлголтын зааг хязгаар маш тодорхой байвал хүчирхийлэл бий болдог. Харин хэрэв бид бүх хүн төрөлхтнийг бидний нэг, өөрийн нэг хэсэг гэж үзвэл хүчирхийлэл үйлдэх нь ямар ч утгагүй болно.
Би болоод миний нөхөд сая болж өнгөрдөг 20-р зууныг хүчирхийллийн зуун болсон гэж бодож байгаа. Энэ өнгөрсөн зуунд 200 гаруй сая хүн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан. Би саяхан Японы Хирошима дахь Нобелийн шагналтнуудын цугларалтанд оролцоод ирсэн. Тэнд анхны атомын бөмбөгийг хүмүүс дээр туршсан түүхтэй. Маш аймшигтай! Тэр зуунд цөмийн зэвсгээр хүний амь хөнөөж байж! Тэгэхээр хэдийгээр энэ зуун олон хөгжил дэвшил авчирсан ч, цус урсгасан зуун болсон нь тодорхой байна. Энэ их хүчирхийлэл, цусаар хүн төрөлхтөн зарим нэг асуудлаа шийдсэн байх л даа. Гэхдээ үүнийг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Иймээс бид өнгөрсөн туршлагаасаа сургамж авч энэ 21-р зууныг харилцан ойлголцлын зуун болгохын тулд бүх хүч, зүтгэлээ гаргах ёстой. Иймээс бүх хүн төрөлхтний дунд бүгдийг нэг бүхэл зүйл гэдгийг ойлгон хүлээж авах шаардлага гарч байна. Өөр иргэний харъяалалтай байх, өөр соёлтой байх, өөр өнгөтэй арьстай байх, өөр шашинтай байх зэрэг нь миний бодлоор хоёрдогч ач холбогдолтой зүйлс. Юу чухал вэ гэвэл, бид эцсийн дүндээ бүгдээрээ л адилхан хүмүүс шүү дээ.
Би заримдаа боддог юм. Бидний энэ олон асуудал үнэн хэрэгтээ бидний өөрсдийн бүтээл юм. Бид хоёрдогч ач холбогдол өгөх энэ зүйлсэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, үндсэн өөрсдийн адил шинж чанараа мартсанаас болж өөрсдөө өөрсөддөө асуудал үүсгэж байна. Одоо аз жаргалтай, энх тайван дэлхий, ертөнцийг бүтээх цаг болжээ. Үүний тулд бид хүн гэдэг энэ үндсэн шинж чанар руугаа өнгийх, ач холбогдол өгөх хэрэгтэй. Хүн бүр л адил аз жаргалтай байх эрхтэй. Нэг хүний ашиг сонирхол бусдын ашиг сонирхолоос хамаарна. Иймд бид бусдын ашиг сонирхолыг харж үзэх хэрэгтэй. Энэ нь өөрийн ашиг сонирхолыг дээд зэргээр хангах хамгийн зөв арга зам.
Энэ бол миний хоёр дахь зорьж буй зүйл. Харин миний нэгдүгээр зорьж буй зүйл бол шашны эв нэгдлийг хангах. Хоёр дахь нь хүн чанарын үнэт зүйлсийг төлөвшүүлэх. Би амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл эдгээр зорилтуудынхаа төлөө явна.
Би энд байгаа залуу хүмүүс, оюутнуудад юуны өмнө баяр хүргэмээр байна. Би та бүхнийг өөрсдийнхөө асар их хүчин зүтгэлээр энэ эрдмийн зэргийг олж авсан гэж бодож байна. Магадгүй өнгөрсөн хэдэн өдөр та бүхэн унтаагүй ч байж магадгүй. Үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал. Харин өнөө шөнө та бүхэн сайхан нойрсох байх гэж бодож байна. Ямар ч байсан би та бүхэнд баяр хүргээд, нэг зүйлийг хуваалцъя гэж бодлоо. Амьдрал бол тийм амар биш. Ямар ч баталгаа байхгүй. Чамд олон асуудал тулгарна. Гэхдээ бид нэг л хүн төрөлхтөн гэдгээ санаарай. Тэгэхээр бидэнд ямар ч асуудал тулгарсан байлаа, бидэнд даван туулах чадвар бий. Тэгэхээр өөртөө итгэх итгэл, өөдрөг үзэл маш чухал. Бас залуу хүмүүст бага зэрэг тэвчээр байх хэрэгтэй. Ихэнх залуу хүмүүс заримдаа хүсч буй бүхнээ маш хурдан, газар дээр нь авахыг хүсээд байдаг. Тэгээд ганц, нэг асуудалтай тулгарахаараа урам зориггүй болдог. Нэг Төвд үг байдаг юм. “Есөн удаа алдсан ч есөн удаа оролдож үз” гэж. Энэ бол маш чухал. Үүнийг тогтоогоод аваарай.
Бас нэг зүйл. Та нар бол жинхэнэ 21-р зуунд хамаарах үеийн хүмүүс. Би болоод энд буй зарим багш нар, удирдлагууд бол 20-р зуунд хамаарна гэж би бодож байна. 21-р зууны ердөө л 10 жил өнгөрчээ. Цаашаа 90 жил байна. Тэгэхээр энэ шинэ зууны ямар байхыг шийдэх хүмүүс бол та нар. Иймд та нар үүнд бэлэн байх хэрэгтэй. Энэ дэлхий, ертөнцийг илүү сайн сайхан, илүү энх амгалан, илүү аз жаргалтай болгохын тулд та нарт алсын хараа хэрэгтэй. Боловсролоос гадна бас ёс суртахуун хэрэгтэй. 20-р зуунд тулгарсан олон асуудал, энэ зууны эхээр тулгарсан олон асуудлуудыг бид боловсрол дутсандаа бий болгоогүй. Харин ёс суртахуун дутсан юм. Тэгэхээр аз жаргалтай, энх тайванч дэлхий, ертөнцийг бүтээхийн тулд боловсрол, ёс суртахуун хоёр хамтдаа байх ёстой.
Ёс суртахууны талаар авч яривал маш олон төвшнийг ярьж болно. Нэг төвшин нь шашны итгэлтэй холбоотой. Нөгөө арай үндсэн төвшин нь шашны итгэлтэй огт холбоогүй. Энэ бол зүгээр л хүний амьдралын туршлага, хүний эрүүл хандлага, сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтуудаар тодорхойлогддог зүйл. Шинжлэх ухааны нөлөөгөөр халуун, дулаан сэтгэл, нээлттэй байдал зэрэг нь хүний сэтгэл санаанд сайнаар тусахаас гадна бүр биеийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдгийг тогтоосон. Хүн бүр л эрүүл мэнддээ анхаарал тавьдаг. Эрүүл байхын нэг чухал хүчин зүйл нь сэтгэл санааны тайван байдал. Иймд нигүүлсэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх оролдлого хийх нь үнэндээ таны эрүүл байх нэг чухал хүчин зүйл болоод зогсохгүй, мөн аз жаргалтай гэр бүлийг бий болгох үндэс болдог.
Боловсролын хувьд та бүхэн аль хэдийнэ дээд боловсролын зэрэг олж авлаа. Харин одоо дотоод үнэт зүйлс рүүгээ илүү анхаарахыг хүсье. Энэ бол хүн чанар, ёс суртахуун юм. Дэд Канцлер ёс суртахууны талаар, хүмүүнлэг байх талаар аль хэдийнэ ярьсан. Энэ бүгд бол маш чухал зүйлс. Иймээс би түүнийг та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. За ингээд яриагаа дуусгая. Та бүхэнд маш их баярлалаа.
Шинэ Дели хот, Энэтхэг улс
2010 оны 11 дугаарсарын 23
Шон Жонес, Александер Берзин нар бага зэрэг хянан засварлав
Эх сурвалж: www.berzinarchives.com
ЗочинNovember 9, 2013
Uneheer saihan surgamjtai zuil yarij bn bayarlalaa huniig hunii deedeer hairah setgel ulam turluu buh hun hairaar baylhag