2013-11-21 | Нийтэлсэн:admin | Үзсэн:11378
Баян гэгдэх залуус бүсгүйчүүлийн байр мөнгө хийгээд
Булган шуб, брендийн хувцасыг нь хуулаад нэг хар
Бас тэгээд өөрийнхөө биетэй харьцуулж төсөөлөөд үз
Баярлаж атаархах нь уу,балмагдаж гайхах нь уу
бодох л зүйл
Баячуудын хөрөнгө чинээ, байр суурь их л гэнэ
Бусдын юм чамд хүртээлгүй бөгөөд оногдохгүй
Бачимдаж юунд өмнөөс нь сэтгэлээ чилээнэ вэ
Бор гэртээ богд хар гэртээ хаан байвал болоо биш үү
санах л зүйл
Баян хүн хүссэн цагтаа өглөөний цайгаа уудаг байхад
Борчууд харин олдсон цагтаа цайлдаг нь бодит үнэн ч
Баян гээд өдөрт илүү хооллож, давхар дээл өмсөхгүй
Борчуудын адил тэд нэг бие, ижил ходоодтой бүү барьц
анхаарах л зүйл
Өнгөц гаднаас харахад тэд илүүг эдлэж, зөөлөнд тухлан
Өөдтэйг өмсөж, амтатныг идэж буй мэт амьдрах боловч
Өнөөх хөдөлгөөн нь хомсдож, хоолондоо пологдох нь элбэг
Өлмөн хоол, илүү хөдөлмөр биед тань тустай тэдэнд бүү өсөрх
өрөвдөх л зүйл
Баян хүн гээд бас заавал ухаантай, хүмүүжилтэй байх албагүй
Боловсрол мэдлэгээр хүмүүн болохгүй адгуус мэт үлдэх нь ч бий
Бор амьдралтай боловсрох боломж мөнгөгүй байлаа ч гэсэн та
Буурал мэргэдээсээ уламжлал жудгийг өвлөсөн бол болов бус уу
баясах л зүйл
Боловсрол мэдлэг, арга ухаан гэдэг бор тархины чинь зүүн хөгжил төдий
Баруун тархины билиг ухаан, зүрх сэтгэлд тань харин тэр огт падгүй
Баялаг эд, эрх мэдэл хүмүүнийг ялгалгүй эвдэж хорлох магадтай тул
Буяны сэтгэл болон билиг ухааныг олж таньсан бол та баярлах хэрэгтэй
бахархах л зүйл
Баячуудын сэтгэлийг тэрчлэн анзаарч ажаад үзвэл
Баяжих хураах шунал хүсэл нь арвин байх нь олон
Буяны үйлийг хийхдээ хүртэл магад тэдний ихэнх нь тэгээд
Баялаг ба алдрыг горьдох нь элбэг тул атаархах юусан билээ
жигших л зүйл
Хүний сэтгэл гээч нэр төр, эд хөрөнгө лугаа бодигүй ч
Ханаж цадахыг үл мэдэх мөн чанартай бас жолоогүй тул
Хоосон ядуу бөгөөд баян чинээлэг ялгаагүй тэрээр таны
Ховдог сэтгэлийг дэврээж хүмүүн чанарыг тань устгана
анхаарах л зүйл
Баян хүнийг алдах ядуурахын айдас дарна
Борчуудыг харин олох баяжихын дон дагна
Баян ядуугийн хооронд ялгаа буй харагдавч
Баялагийг тойрсон хүсэл шуналд нь харин ялгаа нь үгүй
бодох л асуудал
Баялаг, эд хөрөнгөө аваад үхдэг бил үү бид бүгд
Баатар гавьяагаа сонсоод хэвтэх үү үхлийн дараа
Баян, хоосонгүй нүцгэн ирээд шалдан буцах хорвоод
Баян ядуугаараа талцаж өрсөлдөх шаардлага байна уу
бясалгаад сайн бод андууд минь ...
Ө.Батболд