2012-03-24 | Нийтэлсэн:admin | Үзсэн:9988
Эртний Энэтхэгийн санскрит (самгард) хэлний “буддха” хэмээх үг нь өнө эрт үеэс эхлэн Монгол хэлэнд орж, дуудлага сунжирсаар “Бурхан” гэх монгол хэлний үг болтлоо идээшсэн аж...
Монгол хэлний “Бурхан” хэмээх үг нь “сэрсэн, дэлгэрсэн, гэгээрсэн, ухаарсан” зэрэг утгыг илэрхийлдэг. Түвд хэлэнд “санжай” гэх бөгөөд “сан” (sangs) нь “сэрсэн, арилсан” гэх утгыг илэрхийлнэ. Бурхан бээр “мунхгийн харанхуй нойрноос сэрсэн, бие, хэл, сэтгэлийн гэм бүхнийг арилгасан”-ы тул тийн өгүүлжээ. “Жай” (rgyas) нь дэлгэрсэн” хэмээх үг бөгөөд Бурханы алдар нэрд орсон утга нь “мэдэгдэхүүн бүхэнд оюун нь дэлгэрсэн” буюу “эрдэм бүгдэд ухаан нь дэлгэрч төгс гэгээрсэн” учир энэ мэт нэрийдсэн ажгуу. Бурхан хэмээх үгийг бүрэлдүүлж байгаа “сэрсэн”, “дэлгэрсэн” хэмээх хоёр үг шууд утгаараа бол нойрноос сэрэх, түгэж дэлгэрэхийг хэлдэг бөгөөд Бурханы алдар нэрд орсон утга буюу шилжсэн утга нь нарийн утга учиртай буюу. Мунхгийн харанхуй нойрноос сэрж, бие, хэл, сэтгэлийнхээ гэм бүхнийг арилгаж, эш онолын эрдэм бүрд ухаан дэлгэрэн төгс гэгээрсэн бодгалийг Бурхан хэмээдэг болой.
Бурхан багшийг билэг ухаан, сэтгэл, хүч чадал, үйлс, эрдмийн талаас нь тодорхойлбол: оюун билэг нь юунд ч үл мунхрах, бүхнийг болгоогч (бүхнийг мэдэгч) таалал сэтгэл нь амьтан бүхнийг энэрэгч, хүчин чадал нь юутай ч адилтгашгүй их, үйлс нь агаарт түгсэн мэт асар агуу бөгөөд түргэн бүтэх, аяндаа бүтэх, тасралтгүй бүтэх эрдэмтэй, үнэн сүсэглэгч хэн бүхнийг авран чадагчийг Бурхан хэмээх ажээ.
Монголын нэрт бичгийн хүмүүн Шагж бээр “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгийг тайлбар Чандманийн эрхи” хэмээх толь бичигтээ: “Сонсох, санах, бясалгахын хүчээр гэм бүхнийг төгссөн бодгалисыг Бурхад хэмээнэ” гэж тайлбарсан буй. Харин Я.Цэвэл багштан бээр “Монгол хэлний товч тайлбар толь”-доо: “Буддын шашны ёсонд гэм бүхнийг тэвчиж, эрдэм бүхнийг тугуулж, хамгийг эрхшээсэн хүн буюу бүрний (бүхний) хаан” хэмээн өгүүлчихүй.
Ийнхүү Монгол хэлний “Бурхан” хэмээх эл үг маш нарийн, гүн гүнзгий утга агуулгыг илтгэдэг болой. Өнөө цагт “Бурхан” хэмээхүй нь “бүхнийг бүтээгч, аврагч, эзэн, сахиус, ертөнцийн эзэн, үл дийлдэх нэгэн” гэх зэргээр ойлгогдох болсон байна...
“Буддха” буюу “Бурхан багш” бол орчлонгийн амьтныг зовлонгоос гэтэлгэхийг үүргээ болгосон, хүн төрөлхтнийг буянт зам мөрд хөтлөгч, орчлонгийн мөн чанарыг бодитой таниулагч бөлгөө. Өөрөөр хэлэхүл, нийтийн буюу нийгмийн, бүхий л хүмүүсийн буюу хүн төрөлхийтний сайн сайхны төлөө өөрийн билиг оюунаа зориулан үйлдсэн их багштан, буян хязгааргүйг үйлдэн дэлгэрүүлэгч, далай их номын өглөгтөн бөлгөө...
эх сурвалж: http://jalkhanz.blogspot.com
ЗочинMarch 26, 2012
Бурхан бүр бүхний хаан. Чакравардини ч хаан байх.