2021-10-19 | Нийтэлсэн:admin | Үзсэн:2632
Мигзэм нь "Язгуурын гурван бурхан" буюу хамаг бурхадын айлдал нь нэгэн дор хурсан Манзушир, хамаг бурхадын энэрэл нигүүсэл нь нэгэн дор хурсан Жанрайсиг, хамаг бурхадын хүч чадал нь нэгэн дор хурсан Очирваань хэмээх гурван бурханы үүднээс Зонхова Богдод залбирал соёрхол тавих уншлага юм. Анхлан богд лам өөрийн багш Жавзүн Рэндаваад зориулан:
"Хиргүй айлдагч эрхэт Манзушир
Цаглашгүй энэрэлийн гуу сан Арьяабал
Цаст мэргэдийн оройн чимэг Рэндаваа
Шонулодойн өлмийн лянхуад сөгдмуй
Тонилохыг хүссэн зөгий намайг тэтгэн соёрх" хэмээн зохиож өргөсөн боловч Жавзүн Рэндаваа "Энэ магтаал надад зохисгүй харин чамд зохистой" хэмээн зарлиглаад өөрийн нэрийг Богд Зонховын нэрээр солин цөөн үгийг засварлаад буцаан өргөснөөр Богд Зонховын залбирал, зүрхэн тарни болсон ажээ.
Бурхан шашинтнууд тэр дундаа Гэлүгвийн шашныг шүтэгч олон бээр Мигзэмийг ихэд эрхэмлэн уншиж залбирч ирсэн уламжлалтай. Мигзэм нийтэд ихэд дэлгэрсэн нь таван шадны, дөрвөн шадны Мигзэм гэж байдаг.
Дөрвөн шадны мигзэм:
Мигмэд зэвий дэрчин Жанрайсиг
Дэмид чэнбий ванбу Жанбий-ян
Ганжин хайвы зүгжан Зонхава
Лувсандагвий шавла солва дэв.
Таван шадны мигзэм:
Мигмэд зэвий дэрчин Жанрайсиг
Димэд чэнбий ванбу Жанбий- ян
Дүдбүн малүй жомзад Санвийдаг
Ганжин хайвы зүгжан Зонхава
Лувсандагвий шавла солва дэв.
Дөрвөн шадны Мигзэмийг монголоор:
Зоригдолгүй нигүүлсэхүйн гуу сан Аръяабал
Хир үгүй айлдлын эрхэт Манзушир
Цаст мэргэдийн оройн чимэг Зонхова
Сумадигирдийн өлмийд залбирмуй
Таван шадны Мигзэмийг монголоор:
Зоригдолгүй нигүүлсэхүйн гуу сан Аръяабал
Хир үгүй айлдлын эрхэт Манзушир
Шимнусын өмгийг хоцроолгүй дарагч Очирваань
Цаст мэргэдийн оройн чимэг Зонхова
Сумадигирдийн өлмийд залбирмуй