Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Мял Богдын гүр дуулал: САНЖАЙЖАВ ЛУГАА УЧИРСАН НЬ

Дээдийн багшид мөргөмү!

Миларайва хэмээн алдаршсан тэр Богд Монул улс дахь Жаргалант балгасанд биеийн чилээг гаргах хийгээд идээнийг гуйхаар одохуйд нэгэн балгасны төвд олон хүмүүн чуулсан байхыг үзжээ. Мила Богд тэдэнд хандаж: “Өглөгийн эзэд та нар надад энэ өдрийн идээнийг өгөх ажаам уу!” хэмээхүйд цаадуул нь асууруун: “Та Рагма хаднаа бясалган суугч егүзэри мөн буюу?” гэвэй. Богд лам хариуд нь: “Би мөн болой” хэмээн өгүүлжээ. “Та болвоос учрахуйяа нэн бэрх дээдийн явдалт нэгэн хэмээн бид сонссон бөлгөө” хэмээлдээд цугларсан хүмүүс Мила Богдод чин бат сүжиг бишрэл төрцгөөжээ. Тэдний дунд хөвгүүн бээр үгүй, охин бээр үгүй хөгшин эр эм хоёр байсан ажгуу. Тэд Миларайва ламыг гэр орондоо залж аваачаад өргөж хүндлэсэн хойно ийн асууруун: “Дээдийн лам таны ахуй нутаг болоод амраг садан нугууд хаана байдаг вэ?” хэмээжээ.

Мила Богд хариуд нь зарлиг болруун: “Би хэмээвээс өөрийн хамаатан садангаа эгнэгт огоороод, тэд ч намайг тоохоо болиод удаж байгаа гуйланч нэгэн билээ” хэмээжээ.

Хөгшин эхнэр нөхөр хоёр энэ үгийг дуулаад Богд ламд хандан: “Тийм бөгөөс юутай сайн хэрэг билээ? Бидний журмын хөвгүүн болон соёрх! Бидэнд үржил шимт тариалан буй тул сэтгэлд нийцтэй нэгэн сайн охиныг буулган авч ураг холбовоос ямар вэ?” хэмээн асууж гэнэ.

“Тийм үйлс надад хэрэггүй!” хэмээн өгүүлээд Мила Богд доорхи шүлгийг номловой:
«Үржилт тариалан хэдий жаргалтай мэт боловч
Үнэндээ бие, хэл, сэтгэлийн энэлэн төдий болой
Хатуу хөрсийг хүч шавхан хагалсаны эцэст
Харамгүй сэтгэлээр үрийг цацавч ургахгүйг яалтай
Ган гачиг, зуд турхант ертөнцийн тариалан
Гандирсын эндүүрүүлэгч балгаснаас өөрц юун
Эцэстээ тус үгүйг мэдээд огоорч одох байтал
Эгнэгт хилэнцийг хураагч балгадад юунд хоргодох вэ?
Ашид бусын тийм энэлгээт шоронг эс таалах тул
Ахмад настан та хоёрын хөвгүүн болж чадашгүй!» хэмээн зарлиг болвоос өглөгийн эзэн эхнэр нөхөр хоёр өгүүлрүүн: “Лам та бүү тийн зарлиг болох ажаам уу! Хөгшин эр эм бид хоёр удамт айлын ухаант охин нэгийг бэр болгон буулгаж ураг холбовоос та таалан болгоохсон болов уу?” хэмээжээ. Сацлал үгүй Миларайва лам хариуд нь ийн шүлэглэвэй:
«Анх харахад шинэ бэр тэнгэрийн охидоос өөрцгүй
Алаг нүдийг баясган хүрэн зүрхийг булгилуулмой
Аажимдаа жидэр нүдэт эм рагшагийн төрх тодроод
Амнаас унасан үгийг арав болгон хариулмой
Арцалдаж муудалцахын цагт үснээс нь зулгаавал
Арга саамыг олон өвдөг хөл рүү өшигчмүй
Айлгах санаатай шийдмээр занчъя хэмээхүл
Аяга шанага тэргүүтнээр өөдөөс хариу нүүлгэмүй
Өтлөвөөс өнгө зүс гундаж улаан буйл ярзайлгагч
Өөдгүй уринт эм рагша түүгээр юу хийх вэ?
Өнө холын энх жаргаланг бясалгагч егүзэри надад
Өөрсдийн чинь санал болгосон бэр огтоос хэрэггүй!» хэмээн зарлиг болвоос хөгшин эр эм хоёр өчрүүн: “Уул харах нүдгүй уушиг даах шүдгүй өтөл дорой бидэн хоёр ханат гэрээс холдож хадан гэртээ дөхөхийн хэрээр аливаа бүхэн залуу зандан цагийнх лугаа адил амар жаргалант биш байдгийг ухаарлаа. Үнэрлэж таалах хөвгүүнгүй үлдэх насыг өнгөрөөнө гэдэг ямар хэцүү бэрх болохыг үг хэлээр өгүүлж гүйцэх юм биш. Та ч гэсэн бас хөвгүүнийг үл хүсдэг гэж үү?” хэмээхүйд Богд лам доорхи шүлгийг хариу айлдавай:
«Хөвгүүн бээр нялх бүхүйд сэтгэлд нэн тааламжтай
Хөөрхөн булбарай төрхийг харж хайрлаад барамгүй
Өсөж томрохын хэрээр өр нэхэгчээс өөрцгүй болж
Өгсөн тэтгэсэн эд бүхэнд сэтгэл нь эс ханамой
Өнгө зүс сайтай айлын охиныг гэртээ авчраад
Өөрийн эцэг эхийг үүдний цаана гаргамой
Эцэг нь хэрэг болгон дуудавч тоож дуугарахгүй
Энэрэлт эх нь очлоо гээд бас л нэмэр байхгүй
Айл саахалтын дунд гэмт үгсийг цацлан
Амраг садангуудын хоорондохь эв найрыг эвдмүй
Ачлалт хөвгүүн хэмээгч орчлонгийн хүлээс төдий тул
Ах эгч хоёрын дурьдсан тийм хөвгүүн надад хэрэггүй!» хэмээн зарлиг болжээ. Хөгшин эр эм хоёр өчрүүн: “Төрүүлсэн хөвгүүн хэмээгч төөрөг заяаны эцэст өшөөтөн лүгээ ижил болон хувирдаг ёсонг бид ойлголоо. Тэгвэл оюуныг баясгах нэгэн охин буй бөгөөс л олдсон насны ганц жаргал хэмээгч тэр бус уу?” гэжээ. Удирдагч Миларайва тэдний өгүүлсэний хариу болгож ийн номлоруун:
«Анх эхэн дор охин хэмээгч сэтгэлд нэн тааламжтай
Алт мөнгөөр ч үнэлэмгүй хайр энхрийллийг булаамой
Аажмаар томрохын хэрээр өр нэхэгчээс өөрцгүй болмой
Ачит эхийнхээ ар худрагаар эд хөрөнгө зувчуулаад
Аавыгаа байна гэж тоох ч юмгүй эд таваарыг зөөцгөөнөм.
Ач энэрлийг хариулах сэтгэлийг угаас өвөрлөхгүй
Аав ээжийнхээ санааг цаг ямагт зовоомой
Ааль муут улаан нүүртэй чөтгөр болон хувирч мэдэшгүй
Арай гайгүй нь бусдын цогийг сайтар үүсгэмүй
Адсага шиг ааштай нэг нь гай барцдыг дуудмой
Охин үр хэмээгч нисваанисыг өдөөгч шалтгаан тул
Олиггүй муу авирт эм рагшагаас чухам өөрц юун?
Олонтоо хэрэг явдал бүхнийг бусниулан зохиогч
Орчлонд сэтгэлийг хүлэгч тийм охин надад хэрэггүй!» хэмээн зарлиг болохуйд мөнөөх эр эм хоёр ийн өчрүүн “Дээдийн багш та охин, хөвгүүнийг таалдаггүй бөгөөс ганц нэгийн төдий анд нөхөр хэрэггүй гэж үү? Өмөгт сайн нөхөр үгүй болвоос омогт муу хүмүүнд басагдаад тэсэхүйеэ бэрх зовлон шаналалд унавзай!” хэмээлдэвэй.
«Эн тэргүүнд анд нөхдөд уригдаж залагдаад
Энэ тэрийг хүүрнэн ярихад сэтгэлд тааламжтай
Архи дарс, мах зууш тэргүүтнийг өрөлцөөд
Аль үнэтэй бэлэг сэлтийг харилцан өгч авалцмой
Адаг сүүлдээ тэр бүхэн мунхаг шуналыг үүтгээд
Албаны яаманд зарга мэдүүлэн эв найр эвдэрмүй
Амтлаж жаргахыг дээдлэн бахдагч анд нөхдийг
Ай егүзэр би угаас таалдаггүй тул юунд хүсэх вэ?» тийн хэмээн номловоос мөнөөх настай эр эм хоёр өгүүлрүүн “Лам та ураг садныг угаас эс таалах бөгөөс эр эм бид хоёр эд хөрөнгөөр нэн элбэг баян бөлгөө. Дээдийн багш та тэдгээр эд таваарын эзэн нь болоод суун соёрх!” хэмээн өчвөөс Миларайва лам хариу зарлиг болруун “Нэгэн өчүүхэн орон улсын харанхуйг арилгахын тулд саран наран хоёр саатан түдэж болдог бил үү? Би бээр бүтээхүй хийгээд хамаг амьтны тусыг огоорч өглөг хишигт уягдан өргөмөл хүү тань болон сууж чадашгүй. Гэвч эхнэр нөхөр та хоёр над лугаа учран золгосны төдийхөнд энэ ба хойд насны тус бүтэх нь гарцаагүй. Өглөгийн эзэн та бүхэн лүгээ хойд заяандаа Үржинлхүндэвийн оронд золголдохуйн хутаг гуйн ерөөсүгэй!” хэмээх ерөөл талбиад доорхи шүлгийг айлдан номловой:
«Эд таваар хэмээгч туст сайн нөхөр лүгээ адил
Эдлэж хэрэглэхэд таатай бусдын атааг хөдөлгөмүй
Арвижин хурахын хирээр ханашгүй шуналыг бадраан
Асар удахын хэрэггүй хармын шалтгаан болмой
Будангуй харамч занд сэтгэл бат хүлэгдвээс
Буян номын сайн зүгт яахин зарж чадах вэ?
Ад чөтгөр өшөөт дайсныг даллан дуудмой
Алжаал зүдрэлээр арилжин олсон эд хөрөнгө
Адаг сүүлдээ бус хүмүүний идэш хоол болоод
Амь нэхэх шулмын дүрд илт хувирах тул
Атаат дайсан мэт эд таваарт сэтгэл чилмүй.
Орчлонгийн эд таваарыг таягдан хаяваас зохилтой
Олон шимнусын тэдгээр хуурмагийг үл таалъюу!» хэмээн үндсэн лам тийн хэмээн номлож гүйцсэнд өглөгийн эзэн эр эм хоёрт чин бишрэл төрөөд хамаг эд таваараа буяны үйлд зараад Миларайва ламд увдис айлтгаж бясалгаснаар үхэл егүүдэхүйн цагт мөрийн хязгаарт хүрч үргэлжид муу заяаны зовлонгоос ангид тонилоод аажмаар бодь хутгийг олцгоожээ.

Тэндээс Мила Богд тэр даруй Рагма бодь хутгийн хоргод өөд болж суухуйн цагт урьд өмнийн өглөгийн эзэд идээ зоогоор өргөж хүндлэхэд Богд ламын тугдам бясалгалын үр улам бүр арвижин дэгживэй.
Нэгэн өдөр хоёр малчин хөвгүүн Богд ламд мөргөхөөр ирэхэд тэр хоёрын дундахь насаар арай залуу нь ийн өчрүүн “Лам багш та нөхөр хань үгүй гагцаар сууж яахин чаднам билээ?” гэжээ.
“Надад нөхөр хань буй бөлгөө.” хэмээн Богд лам хариу зарлиг болов.
“Таны нөхөр хэн гэгч ямар хүмүүн байдаг вэ?” гэж малчин хөвгүүн асуужээ.
Мила Богд зарлиг болруун “Миний туст сайн нөхрийг бодичид сэтгэл хэмээмүй” гэв.
“Тэр эдүгээ хаана байгаа вэ?” гэж малчин хөвгүүн асуужээ.
“Тэр эдүгээ мэдэхүй хамгийн шүтээний харшид буй.”
“Мэдэхүй хамгийн шүтээний харш хэмээгч юусан билээ?”
“Тэр болвоос миний бие махбод бөлгөө.” хэмээн Богд ламыг зарлиг болохуйд хоёр хөвгүүний арай насаар ахмад нь өгүүлрүүн “Энэ лам бидэнд тус болж чадах эсэх нь мадагтай тул хоёулаа эртхэн харьцгаая!” гэжээ. Гэвч насаар бага хөвгүүн явах шинжгүй Мила Богдод хандан “Ламтаан! Мэдэхүй хэмээсэн нь сэтгэл буй за! Харин бидний бие тэрхүү сэтгэлийн хувьд харш нь буюу?” хэмээн асуужээ.
“Тийм ээ! Чухам тийм бөлгөө.” гэж Мила Богд зарлиг болов.
Мөнөөх хөвгүүн асууруун “Хүмүүний харшийн дотор нэгэн хүмүүн төдийгүй хэд хэдэн хүн суух нь буй. Харин биеийн харшийн дотор нэгэн сэтгэл байдаг уу? Олон сэтгэл хамт цугаар оршдог уу?” гэжээ.

Богд лам хариуд нь “Сэтгэлийн ганц буюу олон эсэхийн алин болохыг хөвгүүн чи өөрөө ажиж шинжээд ирэгтүн!” хэмээн зарлиг болж гэнэ.
“Ламтаан! Таны айлдсанчлан үйлдсүгэй!” хэмээгээд малчин хөвгүүн харьж одовой.
Удаах өдрийн өглөө мөнөөх малчин хөвгүүн Богд ламын өмнө дахин хүрч ирээд “Дээдийн багш минь! Өчигдөр орой би өөрийн сэтгэл ганц болоод олон эсэхийн алин болох төдийгүй ямар дүр байдалт бүхийг сайтар ажиглаж шинжлээ. Түүний үр дүнд сэтгэл хэмээгч ганц л зүйл бөгөөд түүний нуугдсаныг эс олох, хөөвөөс үл гүйцэх, сарвайваас гарт эс баригдах төдийгүй сайтар даръя хэмээвч огт болдоггүй ажээ. Тэгсэн атал бас талбиваас эс тогтох, хөөгөөд үл одох, хурааваас үл цуглах, харъя гээд үл үзэгдэх чанартай болой. Хүмүүний сэтгэл хэмээгч угаас буй хэмээхүйд үгүй мэт, үгүй юу гэтэл илт оршдог тийм гэхийн тэмдэггүй нэгэн зүйл ажгуу. Лам та дорд надад сэтгэлийн ямар ёст бүхийг сайтар үзүүлэн соёрхох ажаам уу!” хэмээн өчвөөс Мила Богд доорхи шүлгийг айлдан номложээ:
«Ааль ялдам малчин хүү чи сайтар сонсогтун!
Амтат бурмын сэтгэлд таатай дээд амтыг
Өгүүлж хэлэх төдийгөөр яахин мэдэрч чадах вэ?
Өөрийн хэлэн дээр тавиад амтлаж чадах бус уу?
Үүнчлэн лүгээ сэтгэлийн бэлгэ чанар юу болохыг
Үг хэлээр өгүүлсэн төдийгөөр эс таних боловч
Үнэн туст номын садангийн айлдварын дагуу
Өчүүхэн хормын төдийд учирч болмой.
Үзэгдэж мэдрэгдэх тэр орноор баримжаа болгон
Үргэлжлүүлэн сэтгэлийн мөн чанарыг эрэх аваас
Үнэн аху ёсонг удалгүй таньж ойлгох тул
Өөрөө ч мөн өөрцгүй тэр мэт үйлдэгтүн!» хэмээн зарлиг болсонд малчин хөвгүүн өгүүлрүүн “Ламтаан тийм бөгөөс дохиосын тийм утгасыг над дор айлдан соёрхох ажаам уу! Би өнөө шөнө сэтгэлийн мөн чанарыг сайтар ажиглан шинжээд маргааш тан дээр ирсүгэй!” гэжээ. Мила Богд малчин хөвгүүнд зарлиг болруун “Малчин хөвгүүн чи өнөө шөнө өөрийн чинь сэтгэлийн өнгө цагаан, улаан тэргүүтэнгийн алин болох хийгээд дүр ёсон ямар болохыг сайтар шинжээд ирэгтүн! Түүнчлэн тэргүүнээс хөлийн өлмийн хооронд чухам хаана оршиж байгааг ажиглахыг мартавзай!” гэжээ.
Маргааш өглөөний мандахын улаан нарнаар малчин хөвгүүн бас дахин Мила Богд дээр мөргөхөөр хүрэлцэн ирэв. “Малчин хөвгүүн чи өнгөрсөн шөнө өөрийн сэтгэлийг эрж олов уу?” хэмээн Мила Богд асуужээ.
“Тийм ээ! Би эрж олов.” хэмээн малчин хөвгүүн хариулж гэнэ.
Мила Богд асууруун “Ямар ажгуу?” гэв.

Малчин хөвгүүн хариу өгүүлрүүн “Хүмүүний сэтгэл хэмээгч гэгээн тунгалаг агаад үргэлжид хөвсөлзөн хөдлөж, үзэгдэх өнгө хэлбэр гэж үгүй ажээ. Нүдэн лүгээ хавсарч үзэх, чихэн лүгээ найралдан сонсох, хамар лугаа нийлэлдэж үнэрлэх, хэл лүгээ хослон өгүүлж амсах, хөл лүгээ хамтдан явах чадалтай бөлгөө. Эх нь хөдлөх бөгөөс адаг нь дайвалзмой. Зүйрлэн өгүүлвээс биеийн хамаг эд эрхтэн нь сэтгэлийн боол зардсан төдийхөн юм. Бие эрхтнийг эрүүл чийрэг цагт нь сайтар зараад тааллаар үйлдмү. Бие өтлөн, өвдөж зовохуйн цагт бузар буртгийг арчсан чулуу мэт огоорч, холдон явагч тийм нэгэн ажгуу. Сэтгэл хэмээгч нь ашиг завшаан эрэлхийлэгч зальхай хүмүүн лүгээ адилхан. Бие хэдийвээр түүнд хичээнгүйлэн үйлчлэх боловч адаг сүүлдээ түүнийг торгоон үлдээж чаддаггүй. Бие зовж шаналахын цагт тэр түвшин аалиар сууж эс чадмой. Шөнө унтахын цагт сэтгэл биеэс ангижран өөрийн тааваар зорчино. Сэтгэлд чилэх, алжаах шалтгаан нэн олон болой. Түүний үрээр бид өөрсдөө чамгүй их зовлон амсдаг ажээ.” гэв.
Мила Богд түүний өгүүлэхийг сонсоод доорхи шүлгийг эгшиглэн номловой:
«Элбэрэл найртай малчин хүү чи сайтар сонс!
Энэ биеийн бодит байдлыг өгүүлэхүйеэ бэрхтэй
Энгийнээр хэлбэл хоёр мунхагийн завсарт түйдмүй.
Тийн мэдэлт сүнс нь их хилэнцэт хүмүүн мэт
Тэвчишгүй бэрх муу заяаны зовлонг амсах тул
Үтэр түргэн орчлонг сайтар тэвчин огоороод
Үлэмж сайн төрөлт тонилохуйн балгасанг зоригтун!
Ховор заяат чамд тийм хүсэл буй бөгөөс
Холхи алсын аян замын хөтөч чинь болсугай!» хэмээжээ. Малчин хөвгүүн “Эрдэнэ Богд лам минь та энэрэхүй сэтгэлдээ дорд намайг өршөөн соёрх!” хэмээн өчвөөс Миларайва лам хариу асууруун “Чиний нэрийг хэн гэдэг вэ?” гэжээ.
“Санжайжав нэрт увш бөлгөө би.” гэж малчин хөвгүүн хариулжээ.
“Нас сүүдэр хэд билээ?” хэмээн Мила Богд асуувай.
“Өнөө жил арван зургаан нас хүрсэн.” гэж Санжайжав хариу өчив. Тэр даруй Богд лам итгэл одуулахуйн сахил хүртээж, итгэл аврал одуулахуйн ач үр, тус эрдэм юу болохыг товч номложээ. “Өнөө оройноос эхлэн итгэл одуулахдаа тэр нь чиний биед хамаатай юу, аль эсвэл сэтгэлд чинь тустай алин болохыг ажиж шинжээд маргааш надад хариу өгүүлэгтүн!” хэмээн зарлиг болов.
Удаах өдрийн өглөө малчин хөвгүүн буцаж ирээд Мила Богдод айлдаж өгүүлрүүн “Авралт лам эрдэнэ минь ээ! Би урьд шөнө итгэл аврал одуулагч нь бие сэтгэл хоёрын чухам алин болохыг ажиглан шинжээд хоёулаа бус юм байна гэж ойлголоо. Бие хэмээгч зүйл нь тэргүүнээс хөлийн ул хүртэл тус тусдаа өөр нэртэй бөлгөө. Итгэл одуулагч нь биеийн бүх хэсгүүдийн нийлбэр байж болох бус уу гээд бодож үзтэл насны эцэст бие цогцосноос сүнс ангижран одохын цагт хүүр болон хоцрох жамтай билээ. Тийм болохоор бие цогцсыг итгэл одуулагч хэмээн үзэж яахин болох вэ? Үхдэл хүүр нь эцэс сүүлдээ тэр гэхийн тэмдэггүй болтлоо замхран үгүй болдог. Тэгээд би итгэл одуулагч нь лав сэтгэл байж таарна хэмээн бодож үзэв. Хэрвээ нэгэнт сэтгэл хэмээгдсэн бол яахин итгэл одуулагч байж чадах вэ? Учир нь «сэтгэл» хэмээх нэрийдлийг «итгэл одуулагч» болгон өөрчилвөл сэтгэл хэмээх мөн чанараа алдах бус уу? Өнгөрсөнийг нь «сэтгэл» хэмээн нэрийдээд ирээдүйн төлвийг нь итгэл одуулагч гээд нэрлэчихвэл өнгөрсөн хийгээд ирээдүйн сэтгэл бүгд үгүй болсноос өөрцгүй. Тийм болохоор бид тэдгээрийг ялгахын тулд эдүгээгийн сэтгэл ирээдүйн сэтгэл гэж нэрлэвээс зохилтой. Өнгөрсөн хийгээд ирээдүй цаг дорхи хамаг сэтгэл нүгүүдийн нийлбэрийг «итгэл одуулагч» хэмээн нэрийдвээс сэтгэл сая үхэхгүй болмуй.Тэгснээр урьд хойд хамаг төрөлд зургаан зүйлтний алинд бээр төрвөөс түүнийг итгэл одуулагч хэмээн нэрийдэж болох юм. Тэгээд ч урьд төрөлдөө юу хийснийг санахгүй, хойд төрөлд хэрхихийг мэдэхгүйн дээр урьд он хийгээд өчигдөр тэргүүтний сэтгэл нөгчиж дууссан. Маргаашийн сэтгэл хараахан илрэн гараагүйн дээр эдүгээгийн сэтгэлийг торгоож тогтоох арга үгүй билээ. Ойлгохуйяа бэрхтэй энэ учир ёсонг лам эрдэнэ та минь гэгээндээ сэтгэж айлдан соёрх!” хэмээн өчвөөс Миларайва лам түүний хариу болгож доорхи гүр дууллыг эгшиглэн номложээ.
«Би үгүй ахуй ёсонг ухсан ламын өлмий дор
Бид бүхэн гурван хаалганы сүсгээр залбирмуй
Өтөл би хийгээд даган орогч шавь нугууд дор
Өндөр дээд би үгүйг онох адистэд өгөн соёрх
Мань хэмээн баримтлах атгагт орноос тонилго!
Малчин хөвгүүн чи чих талбин сонсогтун!
Авирд би хэмээн баримтлах тийн мэдэхүйг
Анхаарч сайтар шинжвээс би-г эс олж үзлээ
Үнэн хосгүй Махамудрагийн аргад хичээн шамдваас
Үзэгдэх үгүй үзэл лүгээ сая учирч чадмой
Оройн дээд Махамудрагийн аргыг бясалгая хэмээвээс
Оюундаа сүсэг бишрэлийг ихэд хичээн дээдлээд
Орчлон хорвоогийн ач үрийн ёсыг ухваас зохимой
Үр шимийг нь илт тод болгосугай хэмээхүл
Үндсэн ламаас авшиг увдисыг залах хэрэгтэй
Хүмүүн заяаны учрахуйяа бэрхийг ойлгож ухваас
Хүртсэн авшиг увдисын хэргийг гаргаж чадмой
Үлэмж Махамудрагийн аргад шамдагч шавь нар
Үг хэл, бие сэтгэлийн буяныг хичээвээс зохилтой
Будангуй зовлон жаргалыг сэтгэлийн угаас огоорвол
Бусцар үхэл егүүдэхийн цагт аюух хэрэг юун!
Хувь ерөөлт малчин хөвгүүн чи мэдсүгэй
Хутагт Махамудрагийн аргад дээр өгүүлсэнчлэн бэлд!
Айлдаж номлосон арга бүхнийг бүтээн чадваас л
Адгуусч хөвгүүн чи сайны ерөөл барилдлагатай буй за!
Арай барахгүй болов уу хэмээн айж буй бөгөөс
Авшиг увдисыг хүртээгээд ч ямар тус байх билээ?
Бодож сэтгэвч урьд шөнө би-г эс олсон тэр нь
Бодгалийн би үгүй ёсонг сайтар ухсан нь буюу
Арга номын би үгүйг ойлгож ухсугай хэмээхүл
Арван хоёр жил миний зам мөрийг үлгэрлэн дагаваас
Адаг сүүлд нь бэлгэ чанар лугаа магад учирмой
Тэнсэшгүй хувь ерөөлт малчин хөвгүүн чи
Тэр мэт ёсыг сэтгэлдээ сайтар агуулагтун!» хэмээн зарлиг болвоос тэр хөвгүүн ийн өчрүүн “Дээдийн багш минь! Би эдүгээ танд гавал тархи тэргүүтэн бие цогцсыг өргөл болгон барьсугай! Та харин надад сэтгэлийн мөн чанарыг нэвтэрхийеэ ухаж, төөрөгдлөөс эгнэгт ангижрах арга номыг айлдан соёрхох ажаам уу!” хэмээжээ.
“Эхлээд түүний бясалган чадах эсэхийг туршиж үзсүгэй!” хэмээн Богд лам дотроо сэтгээд зарлиг болруун “Хөвгүүн чи эхлээд гурван эрдэнэ дор аврал одуулан залбираад хамрын үзүүр орчимд нэгэн Бурханы лагшин заларлаа хэмээн бясалгагтун!” хэмээгээд амирлан ахуйн нэгэн бясалгалын аргыг соёрхоод явуулжээ.
Түүний дараа долоо хоносны эцэст малчин хөвгүүний эцэг Богд ламын заларсан агуйд хүрэлцэн ирээд ийн өгүүлрүүн “Богд багш минь! Миний хөвгүүн долоо хоногийн турш гэртээ харьж ирсэнгүй. Тийм болохоор би түүнд ямар нэгэн золгүй хэрэг тохиосон юм болов уу гээд энэ тэрүүгээр хайж сураглаж явтал ойр дотно нөхөрлөдөг нэгэн малчин хүү танай энд ном сонсон сууж байгаа. Түүнийг гэртээ харьсан байлгүй хэмээн бодож байсан тухайгаа хэллээ. Би тэдэнд түүний гэртээ хариагүй болохыг дуулгаж сүүлийн долоо хоног түүнтэй уулзсан эсэхийг асуутал бүгд л үгүй гэцгээх ажээ. Миний хөвгүүн хааш одсоныг та мэдэхгүй биз?” гэв. Мила Богд малчин хүүгийн хааш одсоныг мэдэхгүй гэдгээ хэлэхэд эцэг нь нулимс цувруулсаар гэртээ харьжээ. Тэр айл саахалтынхаа хүмүүсийг дайчлан ийш тийш эрэл сурал болцгоосны эцэст нэгэн шавар агуйн дотор биеэ шудрага засаад нүдээ цэх ширтэн сууж байхыг олжээ.
“Чи энэ газар юуны тулд удтал сууна вэ?” гэж хүмүүс түүнээс асуув.
“Би ламын соёрхсон увдисыг бясалгаж байна.” хэмээн малчин хөвгүүн хариулжээ.
“Чи тэгвэл яагаад долоо хоногийн турш гэртээ харьдагггүй билээ?”
“Та нар битгий наадам зугаа хийгээд байж үз! Би энэ газар бясалган суугаад хормын төдийхөн болсон буй за!” гэж хэлснээ малчин хөвгүүн нарны байдлыг хараад бүр мэл гайхаж цэл хөхөрч хоцорчээ. Учир нь тэнгэрийн нар түүний анх суусан үеийнхээс наанадаж хэдэн цагийн эрт байгаа нь илт үзэгдэх ажгуу. “Энэ чинь юу болж байна вэ?” хэмээн малчин хөвгүүн их л гайхсан байдалтай толгой түрүүгээ базлажээ.
Түүнээс хойш малчин хөвгүүн байн байн гэр орондоо ирэхгүй болж заримдаа нэг хоёр хоног, зарим үед бүр тав зургаан хоногоор ч алга болох тул айл саахалтаараа нийлэн эрж хайх хэрэг гарна. Нэгэн өдөр эцэг нь түүнд хандаж “Чиний энэ мэт сураггүй алга болох тоолонд хүн хар эрэл сурал болоод амар тайван байж чадахаа болих нь. Чи Богд ламын дэргэд байнга хамт суух хүсэлтэй байна уу?” хэмээн асуужээ. Түүний хариуд Санжайжав нэрт хөвгүүн “Эцэг минь! Би гагц түүнийг л хүсэх бөлгөө.” хэмээвэй.
Эцэг нь хүнс хоол болон хэрэгцээт зүйлсийг бэлтгээд Богд ламын залран буй агуйд хүргэж өгчээ. Мила Богд түүнд увшийн санваар хүртээж ач үрийн ном номлосны эцэст хамт төрсөн нэгэн бясалгалын хөтөлбөрийг соёрхсонд хөвгүүн ч сайтар хичээн шамдсаар удалгүй сэтгэлд нь сайн бясалгал төрсөнд лам маш ихэд баясаад доорхи шүлгийг эгшиглэн номловой:
«Аяа цогт Нарова Мидровагийн адистэд хайрласан
Ачит дуун хөрвүүлэгч Марвагийн өлмий дор сөгдмү!
Амаараа ном үйлдэгч номын багш хэмээгч нар
Айлдаж номлохуй дор асар мэргэн мэт боловч
Хэзээ нэгэн өдөр бие сэтгэл ангижрахуйн цагт
Хэл амаар өгүүлсэн бүхэн оргүй хоосноос өөрцгүй.
Үхэл егүүдэхүйн цагт тодрох гэгээн гэрэлт бие
Үүлгэр мунхагт тотгорлогдон түүнээс төөрч одмуй
Аюуж цочсоноос номын биеийн гэрэл бүдэгрээд
Араас нь хөөвч хулгана зурам мэт эс баригдмой.
Амь биеийг дуустал судар номыг судлалаа гээд
Аюумшигт үхэл ирвээс ямар тус байх вэ?
Өдөржин амирлан ахуйд шамдагч бясалгалч нар
Өчүүхэн гэрэл тодроход омтгой занд автаад
Самадисийн гэрлийг билгүүний гэрэл хэмээн эндүүрч
Санаа сэтгэл нь хөөрцөглөн дэвэрсэний харгайгаар
Үхэхүйд тодрох номын бие лүгээ эс учраад
Үнэн гэгээн гэрлийн эх хөвгүүн хоёр эс тохиолдвоос
Бясалгал дияанд шамдсан хичээл зүтгэл талаар болж
Бие сэтгэл хагацахуйн цагт тус нэмэр бололгүй
Бирд хийгээд адгуусны төрөлд төрөх болуузай!
Төгс ерөөлт малчин хөвгүүн чи анхааран сонс
Төв амгалангаар энэ биеийг тэгш агуулсан цагт
Тийн атгаг, гаслангаас нөгцсөн ялгалгүй хэмээх
Тэр мэт үнэн дурадхалыг өөртөө дадуулагтун!
Сэтгэлээ хатуужин бясалгал бүтээлд шамдахуйн цагт
Сэхээрэн онохуйд гэгээн гэрэл гэнэт тодормуй
Дэнгийн гол мэт гэгээн гэрэл тодрохын хэрээр
Дэлгэрсэн цэцэг шиг өөрөө тунамал болмуй.
Арилсан огторгуйг мэлмий юүгээр тольдсон адил
Асар хоосон атал илт тодорхой үзэгдэх
Атгаг бодлын сүүдэр ч үгүй сэтгэлийн тэр орон
Амирлан ахуйн ёр бэлгэс мөн болохыг ухагтун!
Санаа сэтгэлд үзэгдсэн түүнийг шүтээнээ болгож
Сайтар лам гурван эрдэнэд итгэл одуулаарай!
Чихээр сонссон арга ном нугуудыг санаж сэтгээд
Чигч сэтгэлээр үлэмж үзэхүйг нэвтэрхийеэ ухагтун!
Амирлан ахуйн сэтгэлийг сайн сэжмээр хүлээд
Асар нигүүлсэхүйн сэтгэл үүсгэх ерөөл талбигтун!
Амьтан бүхэнд туслах чин бат хүчин бээр
Ариун хутаг гуйснаар дээш дэвших нь магадтай.
Маш арилсан үзэхүй мөрийг илт оносноор
Магад үзэхүйгээр дамжин үлэмж үзэхүйг ухмуй
Улмаар сэрэхүй эгээрлээр сайн ухаан лугаа учраад
Удаж төдөлгүй Бурханы оронд ч хүрэх болмуй
Эс үзвээс номын биеийг тэр цагт үзмүй
Эс бүтээвээс хүсэл бүхэн өөрөө бүтмүй
Хувь ерөөлт гэнэн сахилт малчин хүү чи
Хуудуугүй тийм сэтгэлийг ашид өөртөө дадуулагтун!» хэмээн Эрдэнэ хутагт лам тийн номлож гүйцээд Санжайжав нэрт хөвгүүнийг дэргэдээ авч авшиг увдис соёрхоод үргэлжлүүлэн бясалгахыг зарлиг болжээ. Удаж төдөлгүй тэр малчин хүү бясалгалын хязгаарт хүрсэн гэдэг. Энэ бол Мила Богд өөрийн тааллын хөвгүүдийн нэг Санжайжав лугаа учирсан арван хоёрдугаар бөлөг болой.

Орчуулсан Д.Болдбаатар

    Бусад мэдээлэл