Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Тогтсон тааллууд

Сэтгэл оюунд тогтсон гүн ухааны цогц үзэл баримтлал нь тогтсон таалал юм. Бурханы шашны эдгээр тогтсон тааллууд нь бурханы шашны бус үзэл баримтлалуудаас дараах дөрвөн тулгуур баримтлалаар ялгаатай:

  1. Хуран үүдсэн (бодитой) бүхэн мөнх бус
  2. Цуврилт (нисванист буюу муу сэтгэл бүхий) бүхэн зовлонт
  3. Юмс бүхэн би үгүй
  4. Гаслангаас нөгчих нь амгалан

Бурханы шашны тогтсон тааллууд. Суурь, мөр, үрийг тайлбарладаг дөрвөн аймаг байдаг:

  1. Өвөрмөц өгүүлэгч (санскрит: Вайбасика) – шинжээчид
  2. Судрын аймагтан (санскрит: Саутрантика) – Уламжлалыг баригчид
  3. Сэтгэл төдийтөн (санскрит: Читтаматра) – идеалист
  4. Төв үзэлтэн (санскрит: Мадъямика) – Төвийг баригчид

Номын гурван хүрдэн

“Хутагтын дөрвөн үнэн”-ий сургаал болох анхны номын хүрдэнг бодь гөрөөсний цэцэрлэгт гагц бүдүүн ойлголтын “би” үгүй-г ухаарч чадах Өвөрмөц өгүүлэгч, Судрын аймагтны таалал бүхий Бага хөлгөнийхөнд зориулан номлосон. Нарийн хувьт “би” үгүй хэмээх сургаал нь тэднийг тасархайн хязгаарт (бодгалын оршин тогтнохыг үгүйсгэх) унагах байлаа.

Тас цогцолсон уул хэмээх газарт Их хөлгөний “Төв” үзэл баримтлал бүхий, нарийн хувьт “би” үгүй хэмээхийг ухаарч чадах хурц оюун ухаантнуудад зориулан “билиг билгүүний чанадад хүрэх” номыг айлдан хоёрдугаар номын хүрдэнг эргүүлсэн.

Төв үзэл хэмээх нь мөнх (хэт дөвийлгөх) хийгээд тасархайн (хэт үгүйсгэх) үзлээс ангид байхыг хэлнэ. Дээрх дөрвөн тогтсон таалал нь өөр өөрийнхөөрөө хоёр хязгаараас хагацсан байдаг.

  1. Өвөрмөц өгүүлэгчид “Үр гармагц уг шалтгаан эвдэрнэ” хэмээхээр үр дагавар гарсан ч уг шалтгаан хамт оршино хэмээх мөнхийн хязгаарыг хаана. Харин уг шалтгаан үр гарах үед ч үргэлжилнэ гэснээр тасархайн хязгаарыг тэвчдэг.
  2. Судрын аймагтнууд “урьдын эгшин эвдэрснээр л дараагийн эгшин гарна” (эгшин тутам хэмхэрдэг) хэмээн мөнхийн үзлийг, “зуу дахь эгшинд оршин байгаа зүйл эхний эгшинд байсан уг шалтгааныг хадгалсаар л байна” (бодит зүйлс тасралтгүй үргэлжилдэг) хэмээн тасархайн үзлийг тэвчдэг.
  3. Сэтгэл төдийтөн “нэрийтгэл төдий зүйлс (хоосон чанараас бусад мөнх юмс) үнэхээр бүтэж эс оршино” гэдгээр хамаг юмс үнэхээр бүтэж оршино хэмээх мөнхөд барих үзлийг, “бодит хийгээд үнэмлэхүй юмс үнэн оршино” хэмээхээр тасархай үзлийг хорино.
  4. Өөрийн үндэст Төв үзэлтэн “Юмс бүхэн үнэхээр бүтэж оршихгүй” хэмээн мөнхөд барих үзлийг, “хэдийгээр юмс үнэн бүтэж эс орших ч томъёолол төдий оршино” хэмээн тасархай үзлийг боомилно. (хэрэв юмс үнэхээр бүтэж оршихгүй бол огт эс оршино гэсэн доод тааллуудын үзлийг хаана.)
  5. Хэтрүүлэгч Төв үзэлтэн “Юмс өөрийн зүгээс бүтэж үл оршино” хэмээн мөнх үзлийн хязгаарыг, “хэдий юмс өөрийн зүгээс бүтэж эс орших ч томъёолол төдий оршино” хэмээн тасархайн хязгаарыг тэвчинэ. (өөрийн мөн чанараас бүтэж оршоогүй бол огт оршихгүй хэмээх Өөрийн үндэст төв үзлийг хаана.)
  • ЗочинNovember 18, 2012

    юу ч үл ойлгомой

  • ЗочинNovember 18, 2012

    Цээжилчих. Тэгвэл ойлгоно.

  • ЗочинJanuary 19, 2013

    Дөрвөн тогтсон таалал нь Бурханы шашны онолын суурь ойлголт юм гэсэн. бага их хөлгөнийх гэж гоочлохгүйгээр аль нэг тогтсон тааллыг сайтар ойлгоод эзэмшчихвэл ямар ч тэрсүүдийн үзлийг няцааж чаддаг гэнэ лээ. манайхан хамгийн зөв нь төв үзэлтэн гэхээр бүгд төв үзэлтэн болох гэж оролддог боловч тэрийгээ эзэмшиж ойлгосон хүн бараг байдаггүй юм шиг байгаан.

  • ЗочинJanuary 20, 2013

    Тийм шүү яг үнэн.

Бусад мэдээлэл