Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Таны ач буянаар

Зовлон баяр баясал болж хувирах нь

Ус хүчилтөрөгч ба устөрөгч хоёроос бүрддэг гэдгийг та бүхэн мэдэх билээ. Тэгвэл хүний бие юунаас бүрддэг юм бол?
Шинжлэх ухааны хариултыг мэргэжлийн хүмүүст нь даатгая. Миний хувьд бидний бие махбодь бусад олон амьтан, ургамлын амийг хүнс тэжээл болгон хэрэглэхээс авхуулаад маш олон зүйлийн ачаар оршин тогтнодог гэдэг нь зөв хариулт болов уу. Өөрөөр хэлбэл, бид тоолж баршгүй олон зүйл, тэдгээр нөхцөл болгоны ачаар амьдарч байдаг бөгөөд энэ нь эсрэгээр бид өөрсдөө ч гэсэн бусдыг амьдруулах нэгэн нөхцөл болж байдаг гэж хэлж болох биз ээ.
Гэтэл бид үүнийг умартаж, ямар нэг зүйлд сэтгэл ханахгүй гомдоллон, бусдад атаархаж байдаг. Мөн өөрчлөлт хувиралыг мөнх бус хуулийн үүднээс аваад үзвэл мэдээжийн зүйл байхад, тэр нь бидэнд тааламжгүй зүйл байх юм бол хүлээн авч чадалгүй, ихэнх тохиолдолд зовлон хэмээн боддог.
Буддизмд “бүх бодит үзэгдэл хоосон” хэмээх сургаал байдаг. Өөрөөр хэлбэл юмс үзэгдэлд сайн, муу гэж байдаггүй, нойл буюу хоосон чанартай байдаг. Хэцүү, гаслантай, зовлонтой гэж бодох сэтгэлээ нойллож, хов хоосон болгоод, нүдний өмнө тулгараад байгаа үзэгдлийг байгаагаар нь хараад үзэх юм бол илүү уужим сэтгэлээр хүлээн авч чадах болов уу. Жишээлбэл, зовлон нь баяр баясал, амьдрах хүслэн болон хувирч, гаслан зовлон нь сэтгэлийг хөгжүүлэх ба уур хилэнд хүртэл “баярлалаа” гэж хэлж чаддаг болно. Үүний эх үндэс нь шүтэн барилдлагын хууль, мөнх бусын хууль, хоосон чанарын хууль зэрэг Жинхэнэ Үнэнийг ухамсарлахад оршино. Тиймээс Жинхэнэ Үнэний сургаалыг суралцсанаар аз жаргалыг илүү ихээр мэдрэх юм.

Талархсан сэтгэлээ үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь

Оны эцэс ойртож өнгөрсөн жилээ эргэн харж дүгнэх цаг боллоо. Ийм үед бид нэгэн хэвийн, баригдмал үзэл бодлоосоо салж, аль болох юмыг өргөнөөр харж, “таны ач буянаар” гэсэн талархсан сэтгэлийн үрийг тарьж, шинэ оноо угтвал ямар вэ?
Эдогийн үеийн дуучин Тачибана Акеми “баяр хөөр” гэсэн үгээр эхэлсэн олон дуу үлдээсэн байдаг.
“Баяр хөөр гэдэг өглөө босоод өчигдөр байгаагүй цэцэг цэцэглэсэн байхыг олж харах явдал”, “баяр хөөр гэдэг намар будаагаа хураачихаад сэтгэл амар суух явдал.” Энэ дуу мэт өдөр тутам тохиолдох энгийн зүйлд баярлан талархаж, тэндээс аз жаргалыг мэдэрдэг болох юм бол үглэж, гомдоллох нь аяндаа багасаж ирнэ. Би ч гэсэн бурханы сургаалыг сурснаар үргэлж үглэж, дургүйцэж байдаг байсан өөрийгөө засаж, “харах өнцгөө өөрчлөх юм бол талархмаар сайхан зүйл хаа сайгүй байдаг юм байна” гэдгийг ойлгосон маань хамгийн сайн хэрэг гэж боддог юм.
Ийнхүү “талархмаар”, “таны ач буянаар” гэж бодсоноор энэрэнгүй сэтгэл төрж, уян зөөлөн, халуун дулаан үг сэтгэлээс гарах болно. Яагаад гэвэл бид Жинхэнэ Үнэний сургаалд суралцсанаар “бүгд нэгэн амьтай” гэдгийг ухамсарлаж, бусдыг энэрэх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. “Хайрлавал хайрлуулна” гэсэн үгийн дагуу ийнхүү бусдын төлөө хийсэн үйлийн хариу заавал өөрт эргэн ирдэг билээ.
“Баярлалаа” хэмээн хэлж, талархсан сэтгэлээ үйл хөдлөлөөрөө илэрхийлснээр бусдыг баярлуулж, улмаар тухайн хүн ч таньд талархах болно. Ийнхүү харилцан бие биенээ ойлгож, халуун дулаан уур амьсгал бүрдсэнээр бид баяр хөөр, амьдрах эрч хүчийг мэдэрдэг. Нэг үгээр хэлбэл бурханы сургаалыг бусдад дамжуулах үйл нь аз жаргалтай амьдралыг бий болгох агуу хүч болдог юм. Яагаад гэвэл бурханы сургаал бол ямар ч гутарч, гунисан хүний сэтгэлд “талархал” гэсэн өөдрөг гэгээлэг гэрлийг тусгадаг юм.
Юуны өмнө хамгийн ойр дотны хүмүүстэй “таны ач буянаар” хэмээн талархахаас эхэлцгээе. Ач зээ нар маань эрүүл саруул өсөж том болж байгаа нь “таны ач буян”. Ингэж бодож чаддаг болсон маань ч “таны ач буян”. Ийнхүү өдөр тутам тохиолдох жижигхээн зүйлд талархаж, баяр баясал, аз жаргалыг мэдрэх нь хүний амьдралын аз жаргалын түлхүүр болдог билээ.

*Энэхүү нийтлэлийг япон хэлнээс орчуулсан болно.

  • ЗочинDecember 6, 2012

    гоё нийтлэл байна.баярлалаа.

  • ЗочинJanuary 3, 2013

    zugeer yum bna

  • ЗочинFebruary 6, 2013

    Маш үнэтэй сургаалын тань ач буянаар гэгээрэлийн замд зоригтой эрч хүчтэй итгэл үнэмшил баяр хөөр урам зориг дүүрэн нэгдэе! THANKS ALWAYS.......... GOOD LUCK

  • ЗочинJuly 28, 2013

    Bayarllaa

  • ЗочинJuly 28, 2013

    Bayarllaa

  • ЗочинAugust 8, 2013

    Bayarllaa..tanii ach buyanar shan niitlel unshij setgel mashid bayasav.. Bayarllaa

Бусад мэдээлэл
2020-07-17