2021-10-05 | Нийтэлсэн:admin | Үзсэн:4099
Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг. Ногоон Дарь Эх нь хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй, хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй, сайн сайхан зүйлс бүхнээ хүсэхэд бий болох болно” хэмээн магтсан байдаг.
Эх хүн үрдээ ямар их хайр энэрлээр ханддаг билээ, түүнтэй адил Ногоон дара эх зургаан зүйлийн хамаг амьд амьтан бүхнийг тийнхүү энэрэн хайрладаг учир үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг.
Ногоон Дарь Эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж буй.
Ногоон дарь эх бурханы номыг унших үед юу бодох вэ?
Өөрийн өмнөх огторгуйд Ногоон Дарь Эх бурхан бодитой залран ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшинаас гэрэл цацарч өөрийн биед тусах үед бие, хэл, сэтгэл гуравт Ногоон Дарь Эх бурханы лагшин, зарлиг, таалалын адистид шингэх ба энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан бүгдэд адистид шингэж байна хэмээн бясалгана. Ийнхүү агуу адистид хүртсэнээр уур хилэн, хүсэл шунал тэргүүтэй хамаг муу сэтгэлүүд арилан ариусч санасан сэдсэн үйл хэрэг сэтгэлчилэн бүтэх болтугай, эцэг, эх тэргүүтэй хамаг амьтдын хүссэн бүхэн ачлалт Ногоон Дарь Эхийн адистидээр биелэх болтугай хэмээн залбирах болой.
Ногоон Дарь Эхийн Зүрхэн Тарни:
Ум дарэ дүдарэ дүрэ суха.