2020-07-16 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6008
Энэ сэтгэгч 1759 оны шарагчин туулай жил Алшаа хошоонд хошуу зүүн сумын Баяннуруу багийн нутагт их Хойд Овогт зайсан гэгчийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр бага наснаасаа Алшаа хошууны яаман сүмд /Буян арвитгагч сүм/ шавилан сууж бурхны шашин, гүн ухааны анхны шатны боловсролыг эзэмшиж, улмаар Төвдийн Лхас хотноо буддын чойрын таван ботид гүнзгийрэн мэргэжсэнээр “лхарамба” хэмээх эрдмийн өндөр зэрэг цолыг хүртсэн ажээ. Дараа нь эх нутагтаа буцаж ирээд бурхны шашин, гүн ухааны ном заах, бичих зэрэг ажлыг хийж, хожим нь хошууныхаа баруун хийдийг байгуулахад оролцож явжээ. Тэрбээр “Дандар лхарамба” гэдэг нэрээр алдаршжээ.
Дандар лхарамба бол буддын сургаалыг гүнзгий эзэмшсэнээрээ алдаршиж байсны дээр буддын учир шалтгааны ухаанд онцлон шалгарч, шалтгааны ухаанаар арван дөрөв, хэл шинжлэлээр зургаа, шашны зан үйлийн чиглэлээр долоо, элдэв тэмдэглэлээр гурав зэрэг нийт гучин зургаан зохиол бичжээ.
Агваандандар эртний Энэтхэгийн учир шалтгааны ухааны нэрт төлөөлөгч Дигнагийн “Аламбанадича” Оногдохууны тийн шинжлэл, “Ньяявартика” /Асар тайлбар/ хэмээх бүтээлүүдийг судалж, “Оногдохууны тийн шинжлэлийн тайлбар” гэдэг зохиол бичиж, түүндээ ертөнцийн бодислог эхлэлийн тухай асуудлыг авч үзсэн байна. “Гадаад талыг номлогчдын гадаад утга хэмээх нь дотоод билгүүнд үл харгалзан бүтсэн зүйл болно” гэсэн нь ухамсраас үл хамааран орших бодит байдлыг нотлон баримтлагч эртний Энэтхэгийн болон буддын гүн ухааны урсгалынхны үзлийг хамгаалсан үзэл юм. Улмаар тэрээр бодот юмс бүрэлддэг гэсэн материалист дүгнэлт хийжээ. Тэрбээр энэхүү “маш нарийн тоос” хэмээх ойлголтыг тодорхойлохдоо: “... ухааны нүүрт ч тодролгүй бүх дүрсийн хувьгүйг хэлнэ” гэж бичсэн нь хамаг юмыг буй болгогч нүдэнд үл үзэгдэх, цааш задлан хуваагдашгүй, бодисын эцсийн жижиг хэсгийг өгүүлж буй бөгөөд энэ нь Европ дахины хэлээр бол “атом” хэмээх ойлголттой дүйх юм.
Агваандандар гол төлөв буддын танин мэдэхүйн онолын асуудлаа бүтээлээ туурвисан юм. Тэдгээр бүтээлийн дотор нь ч юм, үзэгдлийн мөн чанар, тэдгээрийн хоорондын хэлхээ холбоог гарган нотлохдоо материалист байр сууринаас хандаж байсны илрэл цөөнгүй тохиолддог юм. Жишээлбэл: “... энд бумба байхгүй, яагаад гэвэл байж ч байвал илтэд харагдах байтал харагдахгүй тул эсэргэлдэн түүнийг үзээгүй болно” гэсэн логик гаргалгаагаар Агваандандар бумбагүй газарт бумба үл мэдрэгдэх оршин буйг үгүйсгэн номлохдоо тэр эс тусгагдах байдлыг үндэс болгон тэрхүү юм оршин байхгүйн тухай мөрдлөгөө гаргаж байна. Хэрэв бидний өмнө тухайн мөчид хэлэлцэн буй бумба байх ахул бид түүний бодит оршихуйг шууд хүртэн мэдрэхүйгээрээ батлан нотлох болно.
Тоосны тухай буддизм дэх сургаалыг Агваандандар судлан эцэст нь “маш нарийн тоос” бүрийг хүний ухамсарт тусгагдах бодит зүйл хэмээн үзсэн байна. Тэрээр эрхтний билгүүнд тэр мэт дууны утга үзэгдэлгүй, орон эд хувь тус бүртээ үл ялгагдах маш нарийн тоос ба тэр зуураа мөнх бус агшин зэрэг нь тэр янзаараа үзэгддэг гэж түүний оршин тогтнох орон, зай, цаг хугацаа, хөдөлгөөнийг өөр хооронд нь салшгүй нэгдмэл болох тухай өгүүлсэн байна.
Мэдэрч танин мэдэхүйн асуудлыг Агваандандар хүчтэй тавьж, мэдэрч танин мэдэхүйг бодит үнэнийг нээн харуулах мэдлэгийн хэрэгсэл, анхны шат мөн гэж үзэж байжээ. Тэрээр “Оногдохуйг шинжлэхийн тайлбар” зохиолдоо: “хөхийг баригч баригдахууныг тогтоон оногч нь мэдэл оногдохуунтай ижил болох өвөрмөц мэдлээр оногдохууныг барих ёс ёгт байхгүй билээ.” гэж юмыг сэтгэлийн мөн чанартай гэж үздэг сэтгэл төдийтний үзлийг шүүмжилжээ.
Тэр үеийн нөхцөл байдал, тухайн үеийн сэтгэлгээний хөгжилтэй Агваандандарын үзлийг жишин үзвэл тэр нь нэлээд дэвшилттэй сэтгэгч байсныг дараахи зүйлээс мэдэж болно. “Өөрийн ба ерөнхий чанарын сацрал” зохиолдоо: “...Урьдах сайтар номлолыг арай өөрөөр тайлмаар байна. Бүх гүн ухааны үзэлд тогтсон тааллын ёсыг сурч бүтээсэн хүн биш ч өөрийн сэтгэлд ганц нэг зүйл ургаснаа хэлбэл зарим сударт хүртэгдэж буй юм нүдэнд үзэгдэхгүй гэж гарсан нь бодит байдалтай арай тохирохгүй бөгөөд учир нь сохор хүн галыг үзэхгүй боловч гараараа тэмтэрч мэднэ” гэжээ. Энэ нь танин мэдэхүйд мэдрэхүйн эртнүүдийн гүйцэтгэх үүргийг өндөрт тавьж, тэдгээрийн тусган авах бүтээлч чадвар, харилцан холбоог нарийсган харуулахыг оролджээ.
Үүний зэрэгцээ тэрээр бодит байдлыг хүн мэдрэхүйн эрхтнүүдээр хүлээн аваад улмаар оюун ухаанаараа гүнзгийрүүлдгийг тайлбарласан байна. Иймэрхүү тайлбар нь танин мэдэх логик сэтгэлгээний хувьд Энэтхэгийн буддын логикийн нарийн учрыг хөндөж шинжилсэн нямбай ажиллагаа болсон юм. Үүнд холбогдох зарим баримт дурдъя.
Агваандандар барилдахуйн үгүйсгэл гаргалгаагаа шалтгааны түгэхүйн, бэлгэ чанарын болоод бодит үрийн хэмээн дөрвөн үгүйсгэлд хувааж үзсэн болно. Түүний бүтээлүүдэд юм үзэгдлийн үүсэх, оршин тогтнох, үгүй болох зэрэг шалтгаан, үрийн холбоог авч үзсэн зүйл нэлээд буй. “Үгүйсгэл гаргалгаа” зохиолдоо Агваандандар “Шөнийн далайд утаа байхгүй, яагаад гэвэл гал байхгүй тул” гэсэн гаргалгаагаар гал бол утааны шалтгаан, харин утаа бол галын үр дагавар болон илэрнэ хэмээн үзэж нэгэнт утааны шалтгаан болох гал тэрхүү далайд байхгүй учир галын үр дагавар болох утаа хаанаас байх вэ? гэсэн оюуны дүгнэлтийг үгүйсгэл хэлбэрээр гаргасан болно.
Түгэхүйн үгүйсгэл гаргалгааны жишээг “... арын уулын энгэрт агар байхгүй, учир нь мод байхгүй” гэсэн гаргалгаагаар баталдаг. Буддын логикийн дүрэм ёсоор “уулын ард агар мод байгаа, байхгүй алин болохыг тээнэгэлзсэн хүнийг зөвөөр сэтгэн бодуулахын тулд агар модны тусгай болдог, эсхүл модны агарын ерөнхий гэж үзэн эл санаагаа мод гэдэг ойлголт агар хэмээхдээ түгнэ гэж нотлоод” уулын ард мод байхгүй тул тэнд модны нэгж болох агар байхгүй гэсэн дүгнэлт хийдэг.
Тэрчлэн Агваандандар логик баталгаанууддаа ерөнхий санааг үлэмж хэрэглэсэн байдаг. Энэ нь даруй түүний түгэхүйн үгүйсгэлд эн тэргүүнд холбогдох ажгуу. Тэрбээр түгэхүйн үгүйсгэлд гаргалгаандаа “Арын уулын өвөрт агар байхгүй л дээ. Яагаад гэвэл мод байхгүй тул” /Мөн тэнд/ хэмээн агар бол модны нэг төрөл мөн тул ерөнхий нь болсон модны байхгүй нь тусгай болсон агарын байхгүйд ч нэгэн адил түгэх юм гэж үзсэн байна.
Ийнхүү Агваандандарын философид танин мэдэхүйн онол, логик хоёр нь нягт уялдаж, логик онол нь танин мэдэхүйн онолын үүднээс чухал ач холбогдолтой байдаг.