2013-11-19 | Нийтэлсэн:admin | Үзсэн:14418
Бидний тооллоос өмнөх таван зууны тэртээ
Будда хэмээн хожим нь алдаршсан гэгээнтэн
Бурхан багш Шагжа овогт Сидхарта хан хүү
Балар эртний Энэтхэгийн нэгэн ханилаг улсад төрсөн гэдэг
Хан хүүгийн бага хийгээд идэр залуу нас
Хатуу бэрх амьдралын зовлон гуйланчлал ба
Хагцал өнчрөл өвчин өтлөх үхэхийг мэдрэлгүй
Хангалуун чинээлэг аз жаргалд умбаж өссөн гэнэ
Хатан эх нь хүүгээ төрүүлээд удахгүй өөд болсон ч
Хаан эцгийн хайр халамж болон сүр хүчний дор
Хан хүү тансаг амьдрал зугаа цэнгэл дунд торниод
Хожим нь эхнэр авч нуган хүүтэй ч болсон гэдэг
Хан хүү эрийн цээнд хүрч хорин есний жилээ
Хорвоогийн мөнх бус хийгээд өвчин ба үхлийн жам ёс
Хувиршгүй үнэний гашууныг анхлан анзаарч таниад
Хүмүүний зовлонгийн шалтгааныг хайж ордноос гарсан байдаг
Хаан аавын хүсэлт гуйлт ятгалга хийгээд
Хайртай эхнэр хүүдээ хорогдох сэтгэлээ ч огоорч
Хорвоогийн үнэнийг таньж мэдэхээр тэрээр
Холын аглагийг зорьж ганцаар одсон гэнэ билээ
Замбуулингийн нууцыг хайж бэдэрсэн хан хүү
Зүйлийн ном бясалгалд суралцаж багшид шавь орсоор
Зургаан жил хатуужил дияаныг үйлдсэний эцэст
Зовлонгийн шалтгааныг онож гучин тавтайдаа гэгээрсэн гэнэ
Бодь модны дор дөчин есөн хоног хатамжлан бясалгаж
Бурханы төгс гэгээрэлд хүрсэн бясалгагч хүмүүн түүний
Бусад дагалдагч анд ба шавь нартаа анхлан айлдсан нь
Бурханы багшийн “Хутагтын дөрвөн үнэн” гэх алдарт сургаал байлаа
Зовлон бол амьдралд тохиолдох бодин үнэн
Зовлонд шалтгаан байдаг нь бас тэгээд үнэн
Зовлонгоос ангижирч болох нь ч түүнчлэн үнэн
Зовлонгоос гэтэлгэх арга бий нь мөн үнэн хэмээжээ
Энэ сургаалаас хойш Шагжмуни гэгээнтэн
Энэ хорвоо дээр дөчин таван жилийн турш
Энэ мэтчилэн олон ном айлдсан гэх бөгөөд
Эцэст нь түүнийг нь шавь нар нь цаасанд буулгажээ
Ганжуур хэмээх зуун найман боть эх судар болон
Данжуур гэх хоёр зуун хорин таван боть тайлбар ч
Гэгээнтэн Буддагийн аман айлдваруудын хөрвүүлэг ба
Дөрвөн үнэний сургаалийнх нь үргэлжлэл гаргалгаа гэдэг
Эдгээр сургаалуудын шим санаа номлол нь болбоос
Эгэл нэгэн зовлонтой гарцаагүй учрагч хүмүүн бээр нь
Энэ хорвоод үйлийн үр ба шүтэн барилдлагаар учирсан
Эдлэх зовлонгоосоо ангижрах төдийгүй гэгээрч бас болохыг заажээ
Тэрчлэн жаргалыг харьцангуй харин зовлонг бодитой гээд
Түүний шалтгаан нь сэтгэлийн гурван гэм нисванис ба
Тэдгээр нь шунал уур мунхагаас үүдэлтэйг нотлоод
Тогтоон хянах арга нь сэтгэлээ удирдах буюу бясалгал гэжээ
Бясалгал дияаны эхлэл гараа нь сэтгэлээ ариусгах явдал
Билиг бирамидын зургаан мөр болох өглөг буян тэргүүтэй
Бодь сэтгэл буюу энэрэл нигүүсэл дээр суурилсан хайр ба
Билиг билгүүнд хөтлөх сахил тэвчээр хичээнгүй зэрэг ажээ
Энэ бүх дадал мөрөөр замнасаны ач үрээр
Эгэл хүмүүний сэтгэл ариусч явдал нь тэгшрэн
Энэ орчлонгийн хүлээс сансарын хүрднээс ангижирч
Эзэн бурхантай нэгдэж энэ насандаа гэгээрдэг гэнэ
Гэгээрэл гэдэг хүмүүний дотоодод угаас буй билиг чанар
Гэгээрэл бол хамаг амьтныг болзолгүй хайрлах бодь сэтгэл бас
Гэгээрлийн тулгуур багана нь магад гарах сэтгэл ба хоосныг онох
Гэгээрэл гэдэг угтаа сэхээрч сэрсэн хүмүүний бурханлаг чанар
Буддха бол сэрж сэхээрсэн гэсэн утгатай үг
Будда гэдэг сэхээрч гэгээрсэн хүмүүн өөрөө
Бурхан бол харин энэрэл нигүүслийн өөр нэр
Бидний дотоод эрдэнэс болох бурхан чанар буюу хайр
Ө.Батболд
ЗочинNovember 20, 2013
Гайхалтай бичжээ