Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

БОДИСАДВЫН СЭТГЭЛ, САНВААРЫН ТУХАЙ

Агуй их нигүүлсэнгцйн сэтгэлээр
Амътан бүгдийг алагчаалалгүй бодоод
Ашидын амгаланд хөтлөхийг хүссэн
Асар ариун сэтгэл Бодисадвын сэтгэл буюу

Ер нь бурханы шашинд багшаас Бодисадвын сахил санваар авах ёс нэг боловч бодох бодлын тухайд хэдэн янз байж болох юм. Нэгд Өөрийн хийсэн буяныг амьтны тусын тулд зориулъя хэмээн, Хоёрт Багшаасаа болон дээдсээс бурханы ном сонсоод хураах буяныг амьтны тусад зориулъя гэж, Гуравт. Их хөлгөний нууц тарнийн номын авшиг авах үед хамаг амьтны тусын тулд бурханы хутгийг түргэн олъё гэж тус тус бодоод бодисадвын санваар авч болох юм. Эдгээрийн аль нь ч байсан эхлээд өөрийн сэтгэлд бодисадвын сэтгэлийг төрүүлэх, тэгээд бодисадвын явдалд суралцахыг хүсэх, дараа нь бодисадвын санваар авах явдал юм. Иймд бодисадвын сэтгэлийг яаж төрүүлдэг, бодисадвын санваарыг авах, сахих, тус эрдэм нь юуг хэлдэг тэр бүгдийг Богд Зонхова (1357-1419), Жовужи (982-1054), Шиванлха (V зууны үе) нарын үндэслэсэн үндсэн дээр товч өгүүлбэл,
Нэгдүгээрт: Бодисадвын сэтгэлийг төрүүлдэгийн хэргийн учир,
Хоёрдугаарт: Бодисадвын сэтгэлийг төрүүлэх шалтгаан,
Гуравдугаарт: Бодисадвын сэтгэлийн байдал мөн чанар
Дөрөвдүгээрт: Бодисадвын сэтгэлийн сургаал,
Тавдугаарт: Бодисадвын сахил санваарыг сахих,
Зургаадугаарт: Бодисадвын сэтгэлийн тус эрдэм гэсэн хэдэн үндсэн дээр авч үзэж байна.

Нэгдүгээрт. Бодисадвын сэтгэлийг төрүүлэх хэргийн учир. Үүнийг
а) Бурхан шашны, б) Хүн төрөлхтөний хүнлэг байх мөн чанарын талаас нь гэсэн хоёр янзаар авч үзэж болох юм.

а) Бурхан Будда бидний авралын орон болсон, бид орчлонд зовж байгаа нь юуны учраас болж байна гэвэл Бурхан Будда амьтныг бодож энэрэн их хөлгөний бодисадвын сэтгэлийг өөртөө төрүүлж чадсанаараа эрдэм бүгдийг олж туулсан бурханы хутгийг олсноороо бидний авралын орон болсон юм. Бид орчлонд бусдыг хайрлах энэрэх, асрах нигүүлсэнгүйн сэтгэл байхгүй зөвхөн өөрийгөө бодсоноос болж зовж байгаа юм.

Бурханд буяны, билгүүний хоёр чуулган гүйцэд төрсөн нь ямар учиртай буй хэмээвээс амьтан бүхний тусын тулд бодисадвын сэтгэлийг анхан төрүүлсэний учир шалтгаанаас болсон байна.
Нууц тарниар амирлуулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйл тэргүүтэн дөрвөн үйлийг бүтээх үндэс, шалтгааны хүч нь бодисадвын сэтгэлийн хүч их бага байгаагаас шалтгаалах учиртай ажээ.
Нэг насанд хэн хүний хийсэн буянд ажил үйлс ирээдүйд бурханы хутгийг олох шалтгаан болох уу, эс болох уу гэдэг нь ямар нэг үйлийг хийхдээ амьтан бүхний тусын тулд бурханы хутгийг олъё гэсэн бодисадвын сэтгэлтэй хийсэн байвал бурханы хутгийг олох буяны үйл болох буюу тийм биш сэтгэлээр хийсэн ямар нэг үйл бол ирээдүйд бурханы хутгийг олох буяны үйл болж чадахгүй юм.

б) Ер нь бурханы шашинд сүжиглэн итгэж бишрэн шүтдэг байсан ч огт сүжиглэн биширч шүтдэггүй байсан ч амьтан бүгдийг энэрэн хайрлах, нигүүлсэнгүйн сэтгэл байх юм бол өөрт ч бусдад ч хязгааргүй их тустай, Бусад ч өөрийг чинь аяндаа энэрч хайрлан хүндлэх юм. Ийм сэтгэлгүй бол хэн ч хэнд тийм асрах энэрэхүйн сэтгэл гаргахгүй. Өөр бусад хэн боловч бүгд амар амгалан, жаргаланг хүсэх нь адил шиг зовлонг хэн ч хүсэхгүйн бүгд адил.
Тийм учраас өөрийн амар амгалан, зовлон жаргал бас бусдаас харгалзан ирдэг учраас бусдад амар амгалан, жаргалыг бий болгож төрүүлнэ гэдэг учир шалтгаантай үнэн зөв маш их ухаалаг үйл болох билээ.
Бид ертенцөд чөлөө учралт эрдэнэт хүмүүний биеийг олж төрөөд төрсөн цагаасаа эхлэн хэзээ үргэлж амьтныг асрах, энэрэх тэргүүтэн ач тустай сэтгэл, үйлийн дэмжлэг хүчээр байгаа бөгөөд тиймгүй нэгээхэн цаг мөч үгүй билээ. Бидний эдэлж хэрэглэж байгаа эд зүйлс, ууж идэж байгаа хоол унд тэргүүтэн бүхий л зүйлс амьтнаас гарч, амьтны хүч оролцоо тусаар бий болж байгаагаас бид өөрсдөө ганц энэ биеэр бүтээсэн зүйл гэж нэг ч үгүй буйзаа. Дээр өгүүлсэн бүгдийг өөрийн сэтгэлд бодож, зөвхөн энэ насны тухайд амьтныг асарч энэрэх, бодисадвын сэтгэлийг

өерийн сэтгэлд бий болгох нь чухал байгаа юм.
Ийм учраас бодисадвын сэтгэл гэдэг Бурхан шашныхаа талаас ч хүн төрөлхтөний хүнлэг энэрэнгүй байх мөн чанар ёсны үүднээс чухал гэдэг нь ийм учиртай.

Хоёрдугаарт. Бодисадвын сэтгэлийг төрүүлэх шалтгаан бол бусдыг зовлонгоос нь ангижруулж хагацуулах гэсэн асар нигүүлсэнгүй сэтгэл бөлгөө.
Амьтан бүхнийг өөрийн эх адил санах, эхийн ачийг дурьдах, ачийг нь хариулах, сэтгэлд зохистой асархуй, нигүүлсэхүй, зовлонгоос нь гаргаж амгалантай байлгахыг би зөвхөн хийе гэсэн үлэмжийн сэтгэл, энэ зургаа бол Жову Адишагийн ёсны бодисадвын сэтгэлийг төрүүлэх шалтгаан юм.
Шиванлхан ёсны Бодисадвын сэтгэлийг төрүүлэх шалтгаан нь орчлонд хүмүүс одоо хүртэл зөвхөн өөрийнхөө сайн сайхныг бодож бусдыг хайрлаж асрах нигүүлсэнгүй сэтгэлийг гаргадаггүй учраас өөрийн гэсэн сэтгэлээ орхиж бусдыг бодсон сэтгэлээр солих ёс юм.
Энэ хоёр ёсны бодисадвын сэтгэлийг төрүүлэх шалтгааны аль нэгийг өөрийн сэтгэлийн үндсэнд хүчтэй төрүүлээд багш, арван зүгийн бурхан бодисадвын өмнө бодисадвын явдалд суралцая гэж хүсээд түүний дараа бодисадвын сахил санваар авах юм.

Гуравдугаарт. Хамаг амьтны тусын тулд бусад хэнд ч болов туслая гэсэн сэтгэл төрүүлээд тэр тусыг хийх хамгийн сайн арга бол бурханы эрдмийг олохоос өөр найдвартай сайн арга байхгүй тул өөрөө эхлээд бурханы эрдмийг олох хэрэгтэй.
Энэ нь бодисадвын сэтгэлийн мөн чанар бөгөөд хэзээ бурханы эрдмийг олохыг хүртэл энэ сэтгэлээ орхихгүй барьж байх нь Бодисадва юм.
Дөрөвдүгээрт. Энэ насанд бодисадвын сэтгэлийг төрүүлээд доройтуулахгүйгээр сахиж байх дөрвөн сургаал бий. Үүнд:
1.Бодисадвын сэтгэлд дуртай байх тухайд тус эрдмийг үргэлж санаж байх.
2.Бодисадвын сэтгэлийг доройтуулахгүй байх тухайд нэг
өдөрт зургаан удаа санаж байх.
3.Юуны тухайд бодьсадын сэтгэлийг төрүүлсэн, амьтныг нэгийг ч орхилгүй санаж байх.
4.Буяны чуулган, билиг билгүүн чуулганы буян хураахад
суралцах гэдэг юм.

Санжай чойдан цогжий чог намла
Жанчүв вардү дагний жавсүчи
Даги жинсог жэба соднамжийс
Дола панчир санжай дүвар шог

Бодисадвын сэтгэлийг төрүүлээд доройтуулахгүй сахиж байх тухайд энэ шүлгийг өдөр гурван удаа, шөнө гурван удаа уншиж байх бөгөөд эхний хоёр мөр нь нийт бусын их хөлгөний чухал дээд гуравт итгэл явуулж байгаа ба сүүлчийн хоёр мөр нь хамаг амьтны тусын тулд бурханы эрдмийг олох гэсэн бодьсадвын сэтгэлийг төрүүлж байх учиртай юм.

Хязгааргүй олон хойд төрөлд бодисадвын сэтгэлийг доройтуулахгүй байх тухайд ман дөрвөн буян, дөрвөн хар нүглийг санаж байх хэрэггэй юм. Үүнд дөрвөн буянт зүйл нь:

1.Амьтан бүхэнд мэдсээр байж худлаа хэлэхийг тэвчих
2.Амьтан бүхэнд арга баширгүй үлэмж үнэн шударга сэтгэлтэй байх.
3.Бодисадва нарыг хүндэтгэж эрдмийг нь магтаж байх.
4.Өөрөөр нь туслуулах хувьтай бусдыг их хөлгөний бурханы
хутгийг олох замд хөтлөх эдгээр дөрөв болно.

Бодисадвын сэтгэлийг доройтуулахгүй байх дөрвөн буяныг хийж байх юм бол дөрвөн хар нүгэл гарахгүй байх бөлгөө.

Тавдугаарт. Бодисадвын сахил санваарыг сахина гэдэг бол нэгд дээр өгүүлсэн бүгдийг бодож сахиж байх, хоёрт хамаг амьтанд туслахыг янз бүрийн талаас хэзээ үргэлж бодож байх юм. Ерөнхийдөө бол бодисадвын санваарын сахих зүйл бол арван найман үндсэн зүйл дөчин зургаан гишүүн зүйл байна. Гэвч энд тэр бүгдийг өгүүлэх боломжгүй тул оруулсангүй. Үүнийг цааш дэлгэрүүлж үзэх хэрэгтэй бол энэ тухай өгүүлсэн тусгай ном байдаг тул тэдгээрээс үзнэ үү.

Зургаадугаарт. Бодисадвын сэтгэлийг өөрийн сэтгэлд төрүүлэх, бодьсадын санваар авч сахих тэргүүтэн хязгаарлашгүй их ач тус олон эрдэмтэй юм.

Иймд бодисадвын сэтгэлийн тэр тус эрдмээс товч өгүүлбэл:
а)бодьсадын сэтгэл нь Их хөлгөний ёсонд суралцаж орох үүд
нь болох.
б)Буяны үрийг эдэлж байсан ч дуусахгүй үргэлжид байх.
в)Урьд хураасан муу заяаны шалтгааныг ариусгах хойшид
дахин гарахыг таслах.
г)Сайн заяаны шалтгааныг шинээр дэлгэрүүлж бүтээх ба
урьд байсныг арвижуулна.
д)Урьд хураасан буян бүгд бурханы эрдэм олох үндэс,
шалтгаан болно.
ж) Ямар ч төрөлтэй төрөлхтөн байсан ч түүнд бодисадвын сэтгэл хэзээ төрж байна, тэр цаг үеэс тэнгэр хүмүүний өргөл хүндлэлийн орон болно гэх мэт.

Өнеөдрийн үед ч бодисадвын сэтгэлтэй байвал өөрөө амгалан, жаргалтай, бусад ч амар амгалан жаргалтай байх ба харилцан бие биенээ асарч хүндлэх, уур хилэнц, хэрүүл маргаан, зодоон цохион гарахгүй байх, өвчин эмгэг тусахгүй эрүүл саруул байх билиг билгүүн хурц, царай зүс үзэсгэлэн төгөлдөр, байгаль дэлхий амар амгалан сайхан байх, бусад өөрт нь баярлаж баясгалантай байх, өөрөө бусдад баярлаж баясгалантай байх тэргүүтэн сайн сайхан бүхэн бүрдэнэ.

Бодисадвын сэтгэл гэж бурхан шашны хаа талаас ч хүн төрөлхтөний хүнлэг энэрэнгүй байх мөн чанар, ёсныхоо талаас ч маш их тус эрдэмтэй асар нигүүлсэнгүй сэтгэл байгаа тул эрдэнэт хүмүүний төрлийг авсан хүн төрөлхтөн минь энэ ариун сэтгэлийг мэргэн ухаандаа дахин дахин тунгаан болгооно уу.
Бодисадвын сэтгэлийн талаар цааш дэлгэрүүлж үзэхийг хүсвэл Зонхавын "Их бага бодь мөрийн зэрэг" болон "Бодь мөрийн зэргийн тайлбарууд", Шиванлхагийн "Бодисадвын явдалд орохуй" ба түүний тайлбарууд зэрэг Монгол, Төвдийн эрдэмтдийн хийсэн бүтээлүүдээс үзэж болно.

    Бусад мэдээлэл