Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Мял богдын зүрхний дуулал

Агуу их Марва багшийн
Ариун өлмийд сүслэн мөргөе
Алдрай муу шавийнхаа сэтгэлийг
Атгаг шуналаас хамгаалж хайрла

Ахуй амьдралын буулганд зүтгэсээр
Алдарч сөхрөхийн гомдол дүүрэн.
Ашиг олзны зэрэглээг хөөсөөр
Ангаж үхэхийн тавилан гашуун.

Хүсэл дагаж хясал ирсээр
Хүйтэн халуун там ээлжилнэ
Хөөрхий тэд үйлээ зузаалсаар
Хүний насыг хоосон барна.

Гэм нь өмнөө гэмшил нь хойноо
Гэсгээл хатуу мөч тулна.
Гэгээрлээс өөр санах зүйл үгүй
Гэгээн ухаарлыг адисла,багш минь

Буцаж иртэл нутагт минь
Будант хорвоо хөмөрчээ.
Буман сүргийн бэлчээрт минь
Буг чөтгөр нүүрлэжээ.

Алдар цуутай байшин минь
Арслангийн ам шиг далбайжээ.
Алтан чимэгтэй ганжир минь
Илжигний чих шиг навсайжээ.

Энэ жишээнээс би
Эвдрэх жамыг ухаарлаа.
Эргэж буцах хүсэлгүй
Номын мөрийг хөөлөө.

Үржил шимт тариалан маань
Өмхии шарилжинд дарагджээ.
Үндэс нэгт садан маань
Өштөн дайсанд хувирчээ.

Цуутай явсан эцэг минь
Цуурай болон замхарчээ.
Хүүгээ харуулдсан ижий минь
Хүүрийн ясанд шингэжээ.

Мөнөөх жишээнээс би
Мөнх бусыг ухаарлаа.
Мөнхөрч сөхрөх аргагүй
Мөр зам минь шулуудлаа.

Үсэг нүдлүүлсэн багш маань
Үнс чандруу болжээ.
Өөд нь залсан судар маань
Үүр үлий болжээ.

Өнөр явсан авга маань
Өгөр толгой хоцорчээ.
Өсөхөөс ганц дүү минь
Сураг алдран талийжээ

Ийм жишээнээс би
Илбийн хорвоог танилаа
Эргэлзэж будилах зүйлгүй
Даяанчын амьдралыг сонголоо.

Ариун мижид бурхны
Асрал хайрыг ундраагч минь
Аглагт суух чадлыг
Алдрай шавьдаа соёрхооч.