2013-11-08 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5951
Хорвоогийн зовлон ба түүний шалтгааныг эрэн хайгч бясалгагч-эрэлчин бээр
Хамаг зовлонгийн үр ба түүний мөн чанарыг бэдрэн хайсны эцэс төгсгөлд
Хүмүүний зовлон хийгээд түүний хувиршгүй үнэний шалтгаан үндэс болбоос
Хүсэл дээр суурилсан бидний шунал, уур, мунхаг сэтгэлээс үүдэлтэйг танив би
Сэтгэл гээч үзэгдэж баригдахгүй бөгөөд уяа цулбуургүй атлаа
Саад бэрхшээл зовлон бүгдийн маань шалтгаан нөхцөл тул
Сэтгэлээ удирдан жолоодох арга ухаанд суралцахаас өөр
Сонголт, зорилго надад үлдээгүй болохыг сэрэж ухаарав би
Өвдөж, өтлөж, үхэхийн хувиршгүй зовлон хийгээд
Өөрчлөгдөн солигдохын хувирдаг зовлон тэргүүтнүүд ба
Өнө мөнхөд орших зургаан ертөнцийн үйл түйтгэрээс бултах
Өршөөл гарц бидэнд үгүй болохыг ойлгож мэдэв би
Зовлонгоос өөр учир шалтгаангүй үйлийн хорвоогоос
Зол жаргалыг хайж цагаа үрэх нь мунхаг гэдгийг ажаад
Зовлонгоо эдлэх үйлийн үрийн шалтгаан нөхцлийг арилгах
Зам мөрийг хөөхөөс өөр зорилго тэмүүлэл үлдээгүйг сэхээрэв би
Хорвоогийн юмс бүгдэд үл хүлэгдэхүйн магад гарах сэтгэл ба
Хоосон чанар буюу билиг ухааныг онож танихын тухайтад
Хамаг амьтныг нөхцөл болзолгүй энэрэх бодь сэтгэлийг олж
Хайрын далай бурханлаг чанар гэгээрлийн оргилд хүрэх мөрийг хөөв би
Өглөг буяны сэтгэл үгүйгээр өөрийн адил бусдыг хайрлах боломж үгүй
Өрөөлийн тусад үйлдэх сахил журам,ёс суртахуун үгүйгээр тэрчлэн бас
Өөрт тавих тэвчээр, хүлцэл ба хичээнгүйн зорилт үгүй бөгөөд
Өнийн зорилго бясалгал дияан, билиг ухааныг онохгүйг олов би
Эдгээр бүгд гэгээрлийн мөр билиг бирамидаар замнахуй дор
Эд өглөгт үл шунан үнэ тариф гэлгүй хамаг амьтны төлөө
Өглөгийн эздийн үмх талх, аяга хоолных нь хариуд тэрээр
Өвчин хийгээд үйл зовлонг нь угааж цэвэрлэдэг буяныг танив би
Хорвоогийн жаргал ба хувийн амьдралаа огоорч
Хамаг амьтныг гэх бодь сэтгэлийг өвөрлөсөн
Хамгаас дээд багш лам тойн Богдос нарын
Хайрыг түгээгч бурхан сэтгэлийг бас бишрэв би
Амьтан бүхний амар амгалан хийгээд аз жаргалын төлөө тэрээр
Алдар нэр гавьяа шагнал харалгүй номын өглөг-бясалгал үйлдэж
Амралт цалин хийгээд төр түмнээс өглөг харамж гэлгүй мөнхийн манаанд
Алагчлал үгүйгээр бүгдийг аварч тэтгэдэг үйлийг нь бахдав би
Түүний өргөл залбирал бясалгалын ерөөл буяны ач үрээр
Түмэн бодис ба амьтан бүхэн амирлан энхжих төдийгүй
Төр засаг, улс үндэстэн хийгээд хүж дэлхий маань хүртэл
Түйтгэр гэсгээлээсээ ангижирдаг болохыг мэдэрч ухаарав би
Энэхүү буянтай сайхан үйлс, ажил мэргэжил болбоос
Эгэл хорвоогоос эрээд олдохгүй ховор нандин эрдэнэ мөн ч
Эл бүгдийг бүтээх бясалгал залбиралыг эзэмшихэд харин
Эд хөрөнгө бус энэрэл хайр,итгэл зүтгэл хэрэгтэйг ухаарав би
Орчлонгийн амьтныг зовлонгоос гэтэлгэх энэрэлийн бурхан Жанрайсаг
Оршихуйн бэрхшээл бүхнийг хүлцэн, хичээх эрч хүчний билэгдэл Очирваань
Оюун билигийн мэлмийг нээн болгоогч гэгээн хутагт Манзушир хийгээд
Оройн Дээд Их Багш ба Бурхад,Ном,Хуврагын чуулган дор сүслэхүйн чухлыг онож гэгээрэв би
Ө.Батболд
ЗочинNovember 10, 2013
sain vv ? bi hvtvm biqig tv bavlgaan suljieen dv neiteelj bvlhvv?
ЗочинNovember 10, 2013
уйгаржин монгол үсгээр коммент, нийтлэл орох байлгүй дээ.