Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

МИЛАРАЙВА ТҮЛЭЭ ТҮҮХЭЭР ОДСОНЫ БӨЛӨГ

Дээдийн багш дор мөргөмү!

Егүзэрсийн эрхэт Миларайва Богд нэгэн цагт Чонлүнгардийн хоргод махамудрагийн гэгээн гэрлийн агаарт тэгш агуулж суусан бөлгөө. Нэгэн өдөр тэрбээр идээнийг бэлдсүгэй хэмээн сэтгээд, энэ тэрүүгээр хайж үзвээс давс, тос, гурил тэргүүтэн байтугай агуй дотор нь ус түлээ ч үгүй болсон байлаа. “Ийм маягтай сууж яахин болох билээ? Ядаж жаахан түлээ түлш бэлтгэж ирье!” хэмээн сэтгээд агуйгаас гарч хэсэг мөчир гишүү хормойлон ирж явтал гэнэт ширүүн салхи дэгдээд, навсархай орхимжийг нь дэрвүүлжээ. Тэр орхимжоо барьтал салхинд түүсэн түлээ нь хийсэх гэв. Түлээгээ гараар дартал орхимж нь мөн л салхинд дэрвэхэд “Аяа би ууланд өдий олон жил бясалган суучихаад би хэмээн баримтлах сэтгэлээ мөн л эс огоорсон ажгуу! Би хэмээн баримтлахуйг эс тэвчвээс, номын үйлээр замнасны хэрэг юусан билээ?” хэмээн бодох зуур “Салхи минь орхимжийг минь таалж буй аваас түүнийг авагтун! Түлээг таалж байгаа бол түүний хэрэг надад юун!” хэмээн өгүүлээд аль алийг нь огоорч, зогссон газраа суутал, удаан хугацааны турш хоол унд муутай байсны улмаас тамир сульдан ухаан балартжээ.
Хэсэг зуур болсны хойно сэргээд үзвээс салхи намжиж, орхимж нь нэгэн модны үзүүрт өлгөгдсөн байхыг үзээд, уярахуй сэтгэл төрж, ойролцоо байсан хонин чинээ чулуун дээр гарч тэгш агуулсны эцэст, дорно зүгийн Доволүн нэрт уулын тэртээгээс нэгэн цагаан үүл тодорхойёо дэгдэн хөөрөхийг харжээ. Миларайва тэрхүү цагаан үүлсийг ажиглан харах зуур “Аяа тэр үүлсийн дор Доволүн нэрт хийд буй бөлгөө. Тэнд дуун хөрвүүлэгч Марва лозава нэрт Богд лам эцэг, номын эх хоёр маань очирт ахан дүүсийн төвд залран сууж, дандарсын утгыг номлоод, авшиг хийгээд увдисыг соёрхон буй за! Хэрвээ үнэхээр тийм бөгөөс би тэдэн дээрээ очоод, уулзан золговол хичнээн сайхан байхсан билээ?” хэмээн санахуй дор, багшийн ачийг санагалзахуй сэтгэл урьд урьдынхаас хавьгүй хүчтэй төрөөд, уярлын нулимсыг асгаруулах зуур мөнөөх хөвөх үүлсэд хандан “Багшийг дурьдахуй нэрт” шүлгийг хайлан өгүүлрүүн:
“Оройн дээд багшийн ачлалыг санагалзахуйд
Огшсон сэтгэл минь бага ч атугай дэвтлээ
Эцгээс өөрцгүй Марва Богд эцэг минь та
Энэлсэн үгээгүй хүүгийнхээ хайлах дууныг сонсогтун!
Улаан хадат Чонлүн нэрт дорно зүгийн хавцалд
Усан баригч цагаан үүлс үймцэн тогтвой!
Цавцайх үүлс хөшилдөх тэр уулсын
Цагаан заан өлийх мэт өмнөд оргилын
Арвин эрдэмт Доволүн нэрт хийдийн
Амолигагийн их чулуун тавцан дээр
Асар том голч гөрөөсний арьсан олбог дээр
Ачит дуун хөрвүүлэгч Богд ламаас өөр
Аюумшиггүй залрах нь хэн байх билээ?
Эцэг та минь их сууринаа залран байх аваас
Энэрэнгүй дүрийг тань нэгэнтээ үзвээс юутай бахтай!
Үнэмшил итгэл өчүүхэн боловч мөргөхийг хүснэм
Үнэн сүжиг маруухан атугай ч золгомоор байнам!
Ачит эцэг таныгаа санагалзахуй хүслийг маань
Авралт богд багш минь таалалдаа болгоогтун!
Энэрэлт эхээс ч дутуугүй ачлалт Дагмэдмаа та минь
Эдүгээ цаг дор хийдийн газраа залран сууна уу?
Номын эх маань урьдын адил заларсаар байх аваас
Номхон дүрийг тань нэгэнтээ үзвээс юутай бахтай вэ!
Урт холын замыг туулан туулсаар золгохсон
Уул гүвээг хэжин даваад тандаа очихсон
Хэтэрхий эрдэмт эцэг таныгаа санагалзахуй хүслийг
Хиргүй ариун богд багш минь таалалдаа болгоогтун!
Ухахуйяа бэрх Мишээгч Очирын дандарсын номын
Утга чанарыг соёрхсоор буй бол юутай бахтай вэ?
Энэ биеийн билиг мөхөс ч хичээнгүйлэн сонсохыг хүснэм
Эгээрэл оюун өчүүхэн атугай ч уншмаар байнам
Эрдэнийн чанарт эцэг таныгаа санагалзахуй хүслийг
Энэрэлт богд багш минь таалалдаа болгооно уу!
Сайн яруу үндсэн дохиосын дөрвөн авшгийг
Сааралгүй эдүгээ соёрхсоор буй бол юутай сайн бэ?
Үгээгүй хэдий ч өргөл тахил үйлдэхийг хүснэм
Үнэн сэтгэлийн угаас авшиг гуймаар байнам
Угаас надад тус эрдэм хомс боловч
Утга гүн номын авшгаа хайрлахсан болов уу!
Ачит төгс билигт эцэг таныгаа санагалзахуй хүслийг
Авралт богд та минь таалалдаа болгооно уу!
Машид гүн нарийн Наровагийн зургаан номыг
Марва багш маань номлосоор буй бол юутай сайн бэ?
Хүсэхүй зориг маань өчүүхэн боловч сурахыг хүснэм
Хүнээс илүү хичээнгүй бус ч бясалгамаар байнам!
Ариун сэтгэлт эцэг таныгаа санагалзахуй хүслийг
Ачит богд та минь авралдаа болгооно уу!
Үй болон Зан газрын Очирт ахан дүүс минь
Урьдын адил хийддээ шавилан суусаар байна уу?
Ухаан мөхөс ч та нар лугаа учрахыг хүснэм
Ухаарч оносон цөөн зүйлсийг хэлэлцмээр байнам
Үндсэн төгс чанарт эцэг таныгаа санагалзахуй хүслийг
Үлэмж ачлалт богд та минь таалалдаа болгооно уу!
Үнэн сүжгийн агаар эс тасалдваас
Өдөр шөнийн алинд ч багшаас хагацахгүй гэдэг
Учир ёсон хэдий ийм боловч
Ухаант багшаа санагалзахуйг яалтай билээ?
Амин зүрхэндээ дурьдан санагалзахуй сэтгэлийг
Аялгуулан хайлж нулимсан горхийг урсгавай
Үндсэн лам эцэг минь тогтоон соёрхож
Үгээгүй хөвгүүн миний сэтгэлийг амирлуулж хайрлагтун!” хэмээн өгүүлж дуустал, таван зүйл хив хадаг дэлгэн сунгасан мэт тэр их үүлсийн цацагт, богд Марва лозава лам урьд өмнөхөөс нэн үлэмж цог жавхланг бадруулан, олон чимэгт цагаан арсланг хөлөглөн өмнөх огторгуйд хүрч ирээд “Их хараалч хөвгүүн ээ! Чи өнөөдөр юуны учир ийнхүү уяран хайлж намайг дуудах болов? Дээдийн багш, ядам хийгээд, гурван эрдэнэ дор сэтгэл чинь цөхрөө юу? Аль эсвэл муу шалтгаанд ухаанаа түйдэв үү? Бясалгах агуйд чинь ертөнцийн найман номын зэтгэр оров уу? Бясалгал чинь тотгорлогч чөтгөрт хөнөөгдөв үү? Дээр хэмээвээс чи цаг ямагт дээдийн багш болон чухаг дээд гуравт аврал одуулж, дор хэмээвээс зургаан зүйл хамаг амьтанд өглөг өгөөд, энэ завсарт нүгэл хилэнцээ наманчлан, буянд шамдаж байх аваас сайн эрдмүүд төрөх зохилдох шалтгаан тэр буюу. Гагцхүү тэгж чадваас цаг ямагт над лугаа эс хагацахын ёсон тэр болой! Чи үүнийг эш үндэс болгон шажин хийгээд амьтны тусыг бүтээгтүн!” хэмээн номлохуйд Миларайва сэтгэлдээ тэсгэлгүй баяссаны хариу болгож ийн шүлэглэвэй:
Тогтуун дүрээр айлдан номлохыг сонсоод
Тольт зүрхний хий ухааны сүвийг нээвэй
Чин шудрага багшийн сургаалыг дуулаад
Чигч сүжгийн сэтгэл аяндаа төрвэй
Ачит багшийн адистидын их хүчин
Аху биед маань уусан шингэсний хүчинд
Аливаа ном бус хамаг үзэл түрдлээ
Ачит багшийг санагалзахуй сэтгэлийн үүднээс
Аяга дүүрэн нулимс цувруулан хайлах дуу минь
Алс тэртээд таны сонорыг дэлдэх болов уу
Аврал нигүүлсэлдээ багтааж хайрла гуйланч намайг!
Үгээгүй гуйланч номын хөвгүүн би чинь
Өргөл тахилын эд угаас хомс
Эгнэгт хатуужил явдалд шамдах маань л
Эцэг ламыг баясгах хүндлэл буюу
Олон уулсаар хэсүүчлэн бясалгасан хэмээх нь
Огторгуйн дагинасыг баясгах хүндлэл буюу
Омог дээрэнгүйг дарах богдсын энэ ном нь
Оройн дээд Бурханы шажны хүндлэл буюу!
Өвдөж үхвээс баясах энэ хатуужил нь
Өөрийн хилэнцийг арилгах наманчлал буюу!
Хилэнцэт идээг тэвчсэн энэ хатуужил нь
Хялбархнаа сайн оюун төрөхүйн шалтгаан буюу!
Хичээнгүй бясалгалаар ачийг тань хариулах хүслийг
Хиргүй ариун Богд минь таалалдаа болгоогтун!
Тааллын хөвгүүн намайгаа нигүүлсэн өршөөж
Тагтат уулнаа амгалан оршихыг адислан соёрх!” хэмээн шүлэглээд баясгалант сэтгэлээр орхимж юугаа өмсөн, асгарсан түлээгээ түүж хормойлсоор, бүтээлийн агуйдаа өөд болвоос, агуй дотор аягын чинээ нүдээрээ хялайн харсан таван төмөр азар эзэгнэн суухыг үзвэй. Тэдний нэг нь Миларайвын орон дээр суучихаад ном номлохуй дор, нөгөө хоёр нь хичээнгүйлэн сонсох бөгөөд, өөр нэгэн азар идээ бэлтгэж, үлдсэн нэг нь ном судрыг нь эргүүлж тойруулан үзэх ажээ. Миларайва богд эхэндээ бага зэрэг гайхсан боловч удаад нь “Энэ лав газар дэлхийн эзэд эс баяссаны бэлгэ буюу! Би энэ уулнаа удаан суух хугацаандаа тухайн газрын эзэн сахиулсангуудад тахил өргөж, магтаж байсан удаа үгүй билээ! Харин энэ удаа нэгэн магтаал өргөе байз!” хэмээн сэтгээд ийн дуулжээ:
“Амгалан сүрлэг уулсын энэ орон нь
Агуу Бурхан бодьсад нарыг баясгах газар буюу
Асар шидтэн нөхдийн сууж байсан энэ орон нь
Ашид Миларайва миний суух газар буюу
Улаан хадат Чонлүн гарьдийн хоргод
Угалзрах үүлс салж ядан хоргодоод
Үргэлж гол горхио шуугиулсан хөндийн тэртээ
Үлэмж биет галбинга дээгүүр нь дүүлэх жалганд
Элдэв зүйлийн өвс модод ягч ургаад
Энгүй өндөр найлзуур модны мөчир найгалзмуй
Элдэв өнгийн зуун цэцэгсийн дээгүүр
Эрээн зөгийд тааваар дүнгэнэн нисэлднэм
Сайн шувууд яруу дуугаар донгодсон
Сацлал үгүй Улаан хадат Чонлүн уулнаа
Элдэвтэй бич сармагчингууд тоглон наадаж
Энд тэндгүй гөрөөс араатан хүчээ тэнсмүй
Энэ газар Миларайва би суугаад
Эндүүрэлгүй сэтгэлийн ухааныг бясалгамуй
Эцэст хүрсэн бодичид сэтгэлд шамдан
Эзгүй уулын аглаг орныг шүтмүй
Ай энд чуулан ирсэн хүмүүн бусчууд болоод
Ад тотгор хүргэгчин та бүгдээр
Асрах нигүүлсэхүй энэ номын рашааныг уугаад
Амгалан дүрээр өөрсдийн орондоо одогтун!” хэмээн номлохуйд тэдгээр төмөр азарууд хутагт Миларайвад үл баясахын дүрээр, нүдээ хялайн, шүдээ ярзайлган, доод уруулаа зууж, их дуунаар зүрх зүсэм эвгүй муухай инээцгээн, хорлохоос үл буцах шинжтэй байхыг үзээд Мила богд ийн сэтгэрүүн “Аяа хүмүүн бусын эдгээр чөтгөрүүд надад тотгорлохын тулд ирсэн ажгуу” хэмээн бодоод догшин дүрт Ядмыг бясалган, нууц тарнисыг уриваас ямар ч нэмэргүй, төмөр азрууд тэнд хоргодон байсаар байх ажээ. Их нигүүлсэхүй сэтгэлээр сайн муу үйлийн үр болон Бурханы номыг номловоос азрууд эс одоход Мила богд ийн сэтгэрүүн “Хамаг номнугууд өөрийн сэтгэлээс үүдэлтэй болохыг таниад, өөрийн сэтгэл гэгээн гэрэлт бие хоёр ялгалгүй болохыг нэвтэрхийеэ оновоос л, гадаад ад тотгортой тулгаравч үл аюумой хэмээн дээдийн багш Марва лозава номлосон бус уу? Гэтэл өдгөө би тотгорлохоор ирсэн эдгээр ад чөтгөрүүдийг бодитой мэт төсөөлөх нь хичнээн инээдтэй хэрэг вэ?” гээд аюумшиггүй зориг, чин сүжгийг барин доорх дууг эгшиглэн хайлавай:
“Омогт дөрвөн шумнасын цэргийг дарагч
Оройн дээд хутагт Марвагийн хөлд сөгдмү!
Энд агч долоон чөтгөр та нар
Эдүгээ миний хэн болохыг мэдэх үү?
Араатны хаан арслангийн зулзага билээ би!
Зоригт цагаан арслангийн зулзага миний
Зохист гурван хүчин эхийн хэвлийд бүрэлдлээ
Зоргоор балчир ахуйдаа үүрийнхээ үүдийг сахиад
Зогдроо дэлгэрэхүйн цагт цаст уулыг бараадлаа
Цасан шуурга дэгдэвч айдас үл төрнөм
Цавчим өндөр хавцлаас харьж үл няцнам
Энд агч таван чөтгөр та нар
Эдүгээ миний хэн болохыг мэдэв үү!
Халин нисэх гарьдийн зулзага билээ би!
Хальст өндгөнд өд жигүүр минь дэлгэрээд
Хариугүй цурваа ахуйдаа үүрнээс гаралгүй хэвтсэн
Өчүүхэн цурвага насандаа үүдээ сахин суугаад
Өд сөдөө ургаж гүйцмэгц өндөрт дүүлэн ниссэн
Огторгуйн эн уудам хэмээвч үл бэргэнэм
Одох газар минь хэвцэг бэрхээс үл шантарнам
Өмнө минь агч таван чөтгөр та нар
Өдгөө миний хэн болохыг мэдэв үү!
Уснаа хөвөх аварга загасны зулзага билээ би!
Умайд бүхий цагт алтан нүд минь нээгдээд
Улмаар зулзаган насаа усан цээлдээ үдэвэй
Өсөх бага насандаа шумбаж шунган сураад
Өдгөө бие гүйцэн дөрвөн далайгаар зорчмуй!
Оволзох усан давалгаанаас үл аюунам
Олон гох дэгээнээс ч эс халганам
Хажууд агч таван чөтгөр та нар
Харин миний хэн болохыг мэдэв үү!
Дээд зарлигийн үндсэн ламын хөвгүүн билээ би!
Ачит эхийн умайд сүжиг бишрэл төрөөд
Алдрай бага насандаа номын хаалгаар оровой
Идэр өсөх үедээ хичээл сурлагад шамдаж
Их бясалгалыг хичээн аглаг уулнаа суулаа
Аюул хорлолт зэтгэрээс үл жийрхмүй
Ад чөтгөрийн бэлгэ олон ч эс аюумуй!
Аглаг өндөр уулнаа агч арслангийн
Аварга хүчит сарвуу цас мөсөнд ажрахгүй
Зоргоор наадагч арслангийн сарвуу хөлдвөөс
Зохист гурван хүчин төгссөний хэрэг юун!
Өндөр огторгуйгаар дүүлэн нисэгч гарьд шувуу
Өмнө нь харлах гүн ангалаас халшрахгүй
Хүч алдан өндөр огторгуйгаас унаваас
Хөнгөн жигүүр дэлгэн ниссэний хэрэг юун!
Уудам далайн энгээр хөвөх загасны
Уужим амьсгал тасалдан бүтэх нь үгүй
Загасны амьсгал тасалдан бүтэх аваас
Заарцаглан хөвсөний хэрэг чухам юун!
Хад чулуу хэдий том боловч
Хатан төмөр булыг яахин эвдэж чадах вэ
Хатуу ган бул чулуунд эвдрэх аваас
Халуун галд ширээгдсэний хэрэг юун!
Ач үрийг үл мэдэгч чөтгөрийн чуулган та нар
Ажиггүй эдүгээ ирсэн тань маш гайхамшиг
Та бид өнөөдөр ахуй байдлаа хэлэлцье
Тааваараа энд үлдээд буцахад бүү яарагтун!
Цаг зав буй бөгөөс өнөө шөнө хоноглоод
Цагаан хар номуудын сайн мууг ялган тэнсье!
Бие хэл сэтгэлийн гурван хүчийг уралдуулан
Би болон та бүхний хэн нь илүүг сорьцгооё!
Аглагийг шүтэгч егүзэр намайг хорлохоор
Ад чөтгөр та нар энэ газар чуулаад
Найдаж ирсэн зорилго чинь эс бүтвээс
Насан туршийн ичгүүр тэр бус уу!” хэмээн шүлэглээд тугдамын омгоор босож, сэтгэлээ хоосон чанарын агаарт оршуулж, агуй дотор дайран орвоос, мөнөөх төмөр азар нар айн эмээн сочоод, нүд нь гилмэлзэн бие нь чичрээд агуйн дотор орох байх газрыг олж ядан үймэлдсээр, бие биендээ уусан шингэсний эцэст нэгэн хуй салхид хувилан дэгдээд үзэгдэхгүй болов. “Энэ бүхэн тотгорын хаан Бинаяга нэрт чөтгөр сиймхий эрэн ирсэн ажгуу.Агуйн гадна түлээ түүхэд дэгдсэн их салхи ч мөн түүний үүсгэсэн ёр бэлгэ ажээ. Дээдийн багшийн адистидын хүчээр тэдэнд сиймхий боломж эс олгосон байнам” хэмээн хутагт Миларайва дотроо сэтгэжээ.
Энэ удаа тохиолдсон явдлаас хойш Мила Богдын бясалгал бүтээлийн үр дүн сэтгэшгүй ихээр арвижин дээшилжээ.
Тотгорын хаан Бинаяга Мила богдын бясалгалын үйлд саад хийхээр ирсэн энэхүү тохиолыг “Дээдийн багшаа санагалзахуйн зургаан зүйл аялгуу”, “Миларайвын түлээ түүхээр одсон тэмдэглэл”, “Улаан Хадат Чонлүнд болсон явдал” хэмээн гурван өөрөөр нэрийдэх нь буй.

Зарим үгсийн тайлбар:
Цурваа- Шувууны дөнгөж төрсөн ангаахай. Улаан цурваа амьтан гэж ярьдаг нь үүнээс улбаатай.
Өчүүхэн цурвага - Нэлээд том болсон дэгдээхэйг ийн нэрийддэг

Хятад хэлнээс буулгасан Д.БОЛДБААТАР

    Бусад мэдээлэл