2012-03-05 | Нийтэлсэн:purevsukh | Үзсэн:7525
Санасан санааг зөөнгөөр нь бүтээгч залбирал
Намуу гүрүү (Багш дор мөргөмүй). Ловон Бадамжунайг баруун өмнөд Бангалын ороноо ажран одох цагт Гүнтэнгийн даваан дээр хаан Мүтизамбуу мөргөл, эргэл үйлдэн өлмийд нь зулайгаар мөргөөд баринтаг хуваснаас нь зуураад нулимас унаган гаслан уйлж ийн өчирүүн:
- Аяа Гүрүү багш эрдэнэ минь! Таван зуун цагийн адагт Ман орны Гүнтан, их цасны төгсгөл зааг энд миний удам нутаглаж эцэстээ доройтлын туйлд хүрч зовох нь ээ. Төвдийн хаадыг нигүүлсээч. Миний үр сад хэндээ найдах вэ? Үйлддэг нь дайн самуун. Үймүүлдэг нь аглаг орон. Уул ус дээрмийн хөлд автаж дээдийн номыг бүтээх завгүй тул багшийн хоёр тахил хүндлэлгүй хаягдах нь ээ. Хожмын сүсэгтнүүд хөөрхий. Сүм хийдийг тэмцлийн газар болгож шүтээн номыг эвдэн сүйтгэж тангарагийн эд зүйл эгэлийн гарт эдлэгдэн аглаг оронд бөөгийн хэц дугарах нь ээ. Хуврагийн хүрээ бутрахад дээдсийн шүтээн яана даа. Номт хүрдэнд ямар сахиуснаас даатгал горьдох билээ. Ихэс дээдэс, ариун номчдыг хоол, хороор хөнөөнө. Эгэлгүй хүмүүний аминд дандаа халдана. Хүнлэг ёстныг хэлсээр унаган зовооно. Хүндлэн хайрласан нөхөд өрлүү өшиглөнө. Төвдийн сайд ноёд хөөрхий. Эрхэм санаагаа хаан хүн хэндээ итгэх билээ. Өвчин, мэс, зудын цаг дэлгэрнэ. Хязгаарын дөрвөн хүн төврүү ирнэ. Чөтрөг, зэтгэр, бүднэр хуйхлана. Ер муу бүхэнд зовох төвдүүд хөөрхий. Авралгүй амьтан хэндээ найдах вэ. Тисрандэзэн тэнгэрт хальж Үржин багш орондоо заларч Мүтизэнбуу нутагтаа хаягдлаа. Эцэг хаан насан ахар, Эрдэнэт Гүрүү багш нигүүлсэл өчүүхэн, энэ биеийн минь буян бага, эрхэм дээдийн ном бууран одно, төвдийн заяа дорд ажгуу. Эцэг хаан, Эрдэнэт багш морилох цагт үхээгүй Мүтизамбуу би хэндээ итгэн түших буй. Тайтгарч хэнээрээ санаагаа засуулах буй. Дээдийн номоо хэнээс айлтгах буй. Үхэх цагт хойтын номыг хэндээ даатгах буй. Зуурдын зовлонгоос хэн аврах буй. Хилцэнцийг арилгаж хэн үйлс бүтээх буй. Ээ халаг, өрөвч сэтгэл ийм өчүүхэн гэж үү та!" хэмээн гаслан уйлсаар тэнгэрийн хөвгүүн муужран унав. Ловон Бадамжунай хааны чихэнд хэлээр рашаан дусаад сэрээв. Тэнгэрийн хөвгүүний толгойг өвөрөө дэрлүүлээд ийн хэмээв:
Сонсогтун Төвдийн сүсэгт хаан минь. Эртний үйл, сүсэг, бишрэлт хүү Тисрандэзан насыг ханатал наслана. Санаагаа бүү алжаа тэнгэрийн хөвгүүн төвдийн дээдэс минь. Би одоо ч төвдийн тусад хэвээр. Сүсэгтэн хэнд ч болов дээдийн номыг заамуй. Санаагаа бүү алжаа тэнгэрийн хөвгүүн төвдийн дээдэс минь. Хилэнц нүгэл, түйтгэр бүхэн чинь надтай уулзмагцаа арилсан нь эргэлзээгүй. Санаагаа бүү алжаа тэнгэрийн хөвгүүн төвдийн дээдэс минь. Энэ ба хойт хийгээд зуурдын гурван оронд чинь би дахин дахин уулзаж зовлонгоос авармуй чамайг. Санаагаа бүү алжаа тэнгэрийн хөвгүүн төвдийн дээдэс минь. Арван зургаан төрөлдөө амьтны тусыг үйлдээд арилсан Үржин хандын оронд очмуй чи. Санаагаа бүү алжаа тэнгэрийн хөвгүүн төвдийн дээдэс минь. Ман орны Гүнтан хэмээх цаст уулын хормой энд чиний удам угсаа эндүүгүй тогтож номт төрийг уламжлан тэтгэмүй. Нигүүлсэн сэтгэлээр би цаг үргэлж харахаа амлая. Санаагаа бүү алжаа тэнгэрийн хөвгүүн төвдийн дээдэс минь. Аглагт номыг үйлдэгчин ба аливаа сүсэг бишрэлтэн хийгээд ялгуусны зарлигийг дагач, ачлал нигүүлсэлд багтсан шавь нарыг адистид, хайраар авармуй би. Санаагаа бүү алжаа тэнгэрийн хөвгүүн төвдийн дээдэс минь. Хувьгүй муу үйл, буруу үзэлт шулмын язгуурт багтдаг атгаг бодолтой, аливаа шинжлэл нь хүртэл мөчөөрхөл хар санаад автсан амьтныг би аврахгүй. Харин тэд муу үйлээ л үйлдмүй. Өдгөө цагийн хар санаат сайд ноёд ч бас богдын тааллыг хямрааж миний тангарагаас няцмуй. Тэгээд зогсохгүй муу заяанд одмуй. Гэвч намайг харсан, намайг сонссон бүхэн хэзээ нэгтээ үйл нь ариусч миний шавь болон төрөх цаг буй. Санаагаа бүү алжаа тэнгэрийн хөвгүүн төвдийн дээдэс минь. Муу цагийн адаг, тартагтаа тулах нь ойртоход Дасан хэмээх уулын зүүн хормойд нууц явдалт Иогачаръяагийн ерөөлөөр миний сан нээгдэж тэнгэрийн хөвгүүний угсааг авармуй. Санаагаа бүү алжаа тэнгэрийн хөвгүүн төвдийн дээдэс минь. Адаг муу цагийн амьтан хуурмагт автаж буруу үзлийн балчигт тэр гэмээр шигдмүй. Ёс хийгээд ёс бусыг ялгалгүй ихэд эргэлзэн мунхуурмуй. Дансан уулын хормойгоос гарсан тэр ном их хөлгөний нууц тарнийн зарлиг лугаа адил. Буяны ёсоор явагч нууц тэр иогачаръя. Гүнтангийн хааныг албат иргэдтэй нь магад авармуй. Санаагаа бүү алжаа тэнгэрийн хөвгүүн төвдийн дээдэс минь" хэмээжээ. Тэгээд хааны сэтгэлийн зовлонг арилгахаар "Өөрөө арилдаг гаслан" хэмээхийг айлдав:
"Тэнгэрийн хөвгүүн чи удам угсаа, ард олноо энэрэхүйн дээдээр энэрдэг тул би хаан чиний удам угсааг цөвүүн цагийн эцэс хүртэл адислан, нигүүлсэн сэтгэлээр өмгөөлөн аварсугай. Тэнгэрийн хөвгүүн чи харин удам угсаа, ард олондоо ийм нэгэн гэрээсийг үлдээгээрэй. Язгуур сайт, угшил ариун Тод-гэрэлт тэнэгрийн язгууртан Мүтизанбуугаас хойш ураг тасралтгүй бүгдийг би нигүүлсэн таалалдаа багтаалаа. Хилэнцэт нөхөр, хорон санаат сайдын үгийг бүү ав! Төрийн хэргийг номт цаазаар засагтун. Номгүй ташаа үзэлтэй, башир зальтан цөвүүн цагт гарах тул гэсгээн цээрлүүлж номын цаазыг байгуул. Номоор явбал улс даяар жаргамуй. Амь биед халдах ба алдар нэр, эд баялагийг эзлэн булаах ба хааныг харцад бууруулах цагт тулваас тэнгэр чөтгөрийг гэрчид байлцуулан хариулга үйлдэгтүн. Цөвүүн цагийн Гүнтангийн хааныг нигүүлссэндээ Могойн чуулган мэт Брагрийн (Хадат уул) бэлд тэнгэрийн хөвгүүний угсааг аврах увьдис буй шүү. Тэр цагийн хүмүүс эргэлзээ ихтэй шүү. Буруу үзлээр бүү харагтун, миний зарлигийг биелүүл! Гүнтангийн хааны санаа түүгээр бүтмүй. Хилцанцэт хааныг би аварч үл чадмуй" гэв. Бас тэгээд:
"Тэнгэрийн хөвгүүний сүүлчийн удам Мангийн Гүнтанд миний увдисаар аврадсаны дараа төвдийн зовох цаг болмуй. Амьтанд аливаа зовлонтой бүхэн тохионо. Дээр тэнгэрүүд хямралдна. Доор лусууд үймэлдэнэ. Дунд газар савдаг самуурна. Хилэнцат хаанд тэмцэлдэнэ. Эгэл ард босно. Эцэг хөвгүүд хөнөөлдөнө. Эрдэнэт шашин тэр цагт мөхнө. Ядам бурхадын адис замхарна. Ханд дагинас, сахиусууд нүүрээ бруулна. Амьтны жаргал эцэс болмуй. Харин Гүнтангийн хааны тавиг тахилчин, сайд албат миний зарлигийг дагаж сангийн номыг хэрэглэснээр Бадамжунай миний хүч түргэн болоод чадалтайг үзмүй. Цаг үргэлж, тасралтгүй надад залбирч байгаарай" гэж захижээ.
Э МА ХО.
Өрнө зүгийн Энхжингийн оронд
Амитабын адистид нигүүлсэл хөдөлж
Адистид хувилгаан Бадамжунайн лагшан
Амьтны тусад Замбуутивд заларвай
Амьтны тусыг таслалгүй үйлддэг нигүүлсэгч
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Тисрандэзан хаанаас эхлээд
Тэнгэр угсаат номт хааны удам төгстөл
Гурван цагт үргэлж тасралтгүй адисла
Төвдийн номыг тэтгэгч хааны ганц садан
Номт хааныг тэтгэгч нигүүлсэн сэтгэлтэн
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Биеийн хүчээр баруун өмнөд мангасыг дарагч
Сэтгэлийн чадлаар төвдийн олныг болгоогч
Мунхагаар буруутсан амьтныг удирдагч
Муу сэтгэлт бэрх амьтныг аргаар номхруулагч
Энэрэл хайр нь үл тасрах нигүүлсэн сэтгэлтэн
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Цагийн адаг цөвүүн мууд хүрэх үед
Цаг үргэлж, өдөр шөнөөр амьтны тусад эргэнэ
Мандах жаргах нарны туяа хөлөглөн заларна
Магад бас шинийн арванд биер морилон ирнэ
Мөнхөд амьтнаа хүчтэй туслагч нигүүлсэн сэтгэлтэн
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Таван зуунгийн эцэс, цөвүүн тэмцэлт цагт
Таван хорын нисваанис амьтан бүхэнд хүчтэй
Тэсдэшгүй таван хор сэтгэлийн цөв болон эзлэх
Тэр цагт таны адил нигүүлсэн сэтгэл авармуй
Үнэн сүсэгтнийг өөд татагч нигүүлсэн сэтгэлтэн
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Эсрэг санаат монголын аймшигт цэрэг бүслэн ирж
Эрдэнэт номын хүрдэнг эвдэн сүйдлэх цагт
Хоёр сэтгэл эргэлзээ үгүйеэ залбирмуй
Үржин багш тэнгэр найман аймгийг хүрээлүүлж
Монголын цэргийг няцаах нь эргэлзээгүй
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Илбийн биеийг эвдлэх өвчин гарваас
Үл тэсэх энэлгээт эмгэгт хөнөөгдвөөс
Хоёр сэтгэл, эргэлзээ үгүйеэ залбирмуй
Оточ маналаас ялгалгүй Үржин минь
Охор нас, барцадыг магад няцаа
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Махбодь дайсагнаж газрын шим буурахад
Магад зуд турханд амьтан энэлэн зовмуй
Хоёр санаа, эргэлзээ үгүйеэ залбирмуй
Үржин богд эдийн тэнэртэй цугаар ирж
Үгүйрэл хоосрол, өлсгөлөнг магад арилга
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Эртний үйлт амьтны төлөө санг нээхэд
Элдэвгүй бат тангараг бардам их итгэл
Хоёргүй сэтгэл, эргэлзээ үгүйеэ залбирмуй
Ядам бурханаас ялгаагүй Үржин богд минь
Эцгийн эрдэнийг хүүд нь өгөх нь дамжиггүй
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Нууц орон ойн аглагийг эрэх цагт
Аадар бороо, цасан шамрага замыг хаавал
Хоёргүй сэтгэл, эргэлзээ үгүйеэ залбирмуй
Үржин богд догшин савдагийн хамтаар ирж
Номын үйлтэнд хөтөч болох нь дамжиггүй
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Бар, ирвэс, баавгай, хорт могойн аюултай
Зэлүүд хөдөө аюулт хавцгайд явах цагт
Хоёргүй сэтгэл, эргэлзээ үгүйеэ залбирмуй
Үржин богд цэрэг жанжны хамтаар ирж
Хортон амьтныг хөөн зайлуулах нь дамжггүй
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Газар шороо, гал, ус, хийн тотгор сааднаа
Илбийн бие хөнөөгдөж эвдрэн сүйдэх болвол
Хоёргүй сэтгэл, эргэлзээ үгүйеэ залбирмуй
Үржин богд махбодийн дагины хамт ирж
Махбодийг амирлуулах нь дамжигүй
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Хэвгий зам, хавцгай газар явах цаг
Хөнөөх булаах дээрэм хулгайд дайрагдвал
Хоёргүй сэтгэл, эргэлзээ үгүйеэ залбирмуй
Үржин богд дөрвөн мудрын таалалтай морилон
Догшин хүмүүний хомхой сэтгэлийг номхруул
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Эрлэг яргачинд бүчүүлэн бүслүүлж
Элдэв хурц зэвсэгээр чичүүлэн зовох болвол
Хоёргүй сэтгэл, эргэлзээ үгүйеэ залбирмуй
Очирын дуулалт Үржин богд залраад
Яргачныг айлган мэсийг сандаачин хаямуй
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Амь насан барагдаж үхэх цагт хүрээд
Аньс тасарч хүнд зовлонд хөнөөгдвөл
Хоёргүй сэтгэл, эргэлзээ үгүйеэ залбирмуй
Авидын хувилгаан Үржин богд заларч
Арилсан Энхжингийн оронд магад төрүүлнэ
Үржин бадамжунайд залбирмуй
Санасан санааг зөнгөөр бүтээн адисла
Зээлээр олсон илбийн, биегүй зуур ертөнцөд
Зэрэглээ мэт эндүү үзэгдэлд элдвээр зовохдоо
Хоёргүй сэтгэл, эргэлзээ үгүйеэ залбирмуй
Гурван цагийг болгоогч Үржин богд нигүүлсэгч
Эндүү үзэгдлийг замхруулах нь дамжиггүй
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Бус бас үйл, нөхцлөөр шалтгаалан
Буруу ташаа үзэгдлийг үнэнд шунан зовох аваас
Хоёргүй сэтгэл эргэлзээ үгүйеэ залбирмуй
Их амгалант хааны чанарт Үржин богд
Зовлонт эндүүрлийг үндсээр нь эвдэн авармуй
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Ер зургаан зүйл амьтан хэмжээгүй ихээр зовж
Ялгангуй төвийн олон энэлэн зовох аваас
Сүсэг бишрэлт хүчтэй энэлгээр
Хоёргүй сэтгэл, эргэлзээ үгүйеэ залбирвал
Үржин богд юүлэх урвалгүй тааллар хармуй
Зургаан зүйл амьтныг мөрд удирдах нь дамжиггүй
Үржин бадамжунайд залбирмуй
Үнэн санааг зөнгөөр бүтээн адисла
Хэмээн номлоод тэнгэрийн хөвгүүнийг нигүүлсэн болгоож "Чаньдмань эрдэнэ мэт" арван гурван увдисыг хайрлав. Тэнгэрийн хөвгүүн мөргөл, эргэлийг үйлсэний дараа Гүрүү багш Үржингийн зүг хараад нарны туяа хөлөглөн заларвай. Тэнгэрийн хөвгүүн Мүтизанбу "Өөрөө арилдаг гаслан", "Чандмань эрдэнэ мэт увдис"-аа гэрээс сургаалийн хамтаар Мангийн Брагрий-Ринченбунбаадаваа-д сан дотор нуув. Сангийн эзэнд эгч дүү Сэей-лхамуу-г тушаав. Тэгээд: "Дасан уулын зүүн хормойгоос эртний үйлт хүмүүн гарч үүнийг олоод миний удам зовох цагт аврах болтугай" гэсэн ажгуу. Сааманка.
Тэнгэрийн хүү Мүти-замбу: "Сүсэг бишрэлт удам угсаа, ард олон минь. Гурван лагшинт лам багшийн энэ залбиралаар авралт багшийгаа санах бүртээ сүслэн хичээгтүн. Эцэг хаанд зарлиг болсон залбирлыг үүр шөнөөр хичээ. Цоожал дагинад айлдсан түүнийг үүрийн гэгээ ороход уншин залбир. Гэлэн Намхайнямбуугийн залбиралыг үүр туяарах амирлангуй цагт тавьж бай. Шулмыг дарагч Нанамдоржид айлдсаныг орой авшигийн үед тавьж бай. Тэнгэрийн хөвгүүн Мүти замбууд зорьсон залбирал бол шөнийн харанхуйд адистай. Гүнтангийн хаанд зорьсоныг өдөр яарахыг цээрлэн хичээнгүйлж унш. Ер зовох цагтаа залбирлыг ол. Хаанн миний угсаа гарцаагүй мөний дээр номыг ёсчлон биелүүлдэг сайн үйлтэнд ер бурхан бүхэн ачтай бөгөөд ер бусдаа Гүрүү богдын ачлал санаанд багтахгүй их шүү. Номт хаан миний үгийг сонсогтун. Цаг үргэлж сүслэн залбирч бай" гэсэн ажгуу. Гүнтангийн хаанд зориуд айлдсан "Санааг зөнгөөр бүтээгч" хэмээх энэ залбиралыг тэнгэрийн хөвгүүн Мүтизанбу Рүлаг-дамбаажангийн сүмд нууцлан үлдээсэн ажээ. Чингэхдээ сангийн эзэн Луус-хөлгөлөгчид даатгажээ. Сааманка, Тхаба, Самаяа, ЖА ЖА ЖА. Эр усан луу жил Рүлагжангийн сүмээс Хувилгаан Самбуудагва сангаас гаргаж их арвисыг баригч Годжидэмпрүлжан-д даатган өгөв. Арвисыг баригч шар цааснаас хөрвүүлвэй. Сан ЖА, Нуу ЖА, Гүн ЖА.
ЗочинJune 20, 2012
монголын оронд хятад л гэсэн бол. Удахгүй адисдит сангаа гаргаж аваад хятадуудаас салж Далай багш Потала ордондоо залрах ерөөлийг тавья
ЗочинAugust 10, 2012
Тухайн цаг үед монгол цэргүүд төвдийг дайлаар мордож байсан ба энэ номын хүчээр монгол цэргүүд харисан гэж үздэг. Харин хожим монгол лам нар манж хятадын эрхшээлд байх үедээ энэ сударыг айлдахдаа хор-монгол гэсэн хэсгийг нь жанаг-хар хятад гэж сольж уншдаг байсан, одоо ч хэвээрээ байгаа. Харин төвд лам нар монголчуудтай адил сольж уншиж байгаа байхаа. Монголчууд манж хятадаас салсантай адилаар төвдүүд бас салж орон орондоо жаргах болтугай.