Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашны урсгалууд

Энэтхэг дэх бурханы шашны салбар, тогтсон тааллууд

Энэтхэгт бурханы шашин нь гүн ухааны үндсэн дээр аливаа юмсын хэрхэн оршихыг тайлбарлах, үзэл баримтлалаар нь 4 хэсэгт хуваадаг.

  1. Өвөрмөц өгүүлэгч (шинжээчид)

  2. Судрын аймагтан (уламжлалыг баригч)

  3. Сэтгэл төдийтөн (идеалист)

  4. Төв үзэлтэн (төвийг баригчид)

Эдгээр 4 тогтсон таалал дотроо бас салбарладаг мөн тус бүх дэлгэрэнгүй тайлбарлан бичвэл их болох учир та бүхэн тогтсон таалал гэдэг номноос дэлгэрэнгүй олж мэдээрэй. Бурханы шашны эдгээр тогтсон тааллууд бүгд хүлээн зөвшөөрөх, бурханы шашны бус үзэл баримтлалуудаас дараах 4 тулгуур баримтлалаар ялгаатай.

  1. Бодитой бүхэн мөнх бус

  2. Цувиралт (муу сэтгэл) бүхэн зовлонт

  3. Юмс бүхэн би үгүй

  4. Гаслангаас нөгчих нь амгалан

Бурхан багш бодь гөрөөсний цэцэрлэг хэмээх газарт бүдүүн тойм би үгүйг ухаарч чадах өвөрмөц өгүүлэгч, судрын аймагтны таалал бүхий бага хөлгөнийхөнд зориулан “Хутагтын дөрвөн үнэн”-ий сургаалыг айлдсан. Хэрэв нарийн хувьт би үгүйг номловол тэднийг тасархайн хязгаарт (бодгалийн оршин тогтнохыг үгүйсгэх) унагах байлаа.

Тас цогцолсон уул нэрт газарт их хөлгөний төв үзэл баримтлал бүхий сэтгэл төдийтөн, төв үзэлтэн буюу нарийн хувьт би үгүйг ухаарч чадах хурц оюун ухаантнуудад зориулан “Билиг билгүүний чанадад хүрэх” номыг айлдсан.

Төв үзэл хэмээх нь мөнх (хэт дөвийлгөх) хийгээд тасархайн (хэт үгүйсгэх) үзлээс ангид байхыг хэлнэ. Дээрх дөрвөн тогтсон таалал нь өөр өөрийнхөөрөө энэхүү 2 хязгаараас хагацсан байдаг.

Төвдөд дэлгэрсэн бурханы шашны салбарууд

Төвдөд бурханы шашин нь үзэл баримтлалаар 18 салбар болон түгсэн. Бүх салбарууд төв үзэлтэн буюу их хөлгөнтөн юм. Энэтхэгийн бурханы шашны олон мэргэд, төвдөөс суралцагсад энэтхэг хэлнээс олон судар, сургаалиудыг орчуулсан. Эдгээр нь цаг үе, газар нутаг, багшийн дамжлагын улмаас өөр өөр нэрээр олон салбар болон дэлгэрсэн. Эдгээрээс ихэд дэлгэрэн, өдийг хүртэл буй нь Нинма, Гаржүд, Сажа, Гэлүг юм. Эдгээр салбарууд явдал мөр адил ч гол ялгаа нь үзэл баримтлалын ялгаа юм.

Нинма

Төвдөд дэлгэрсэн тарнийн ёсны хамгийн анхны салбар нь Нинма юм. Нинма нь хуучин гэсэн үг бөгөөд тарнийн ёсны хуучин дэлгэрэлтэд үүссэн юм. Тэгэхээр нинма нь цаг үеийн улмаас нэрлэсэн байх юм. Ловон Бадамжунайгаас дамжин дэлгэрсэн юм.

Гаржүд

Зарлиг буулгах увдист дамжлагыг баригчийг Гаржүд гэж нэрлэдэг. Орчуулагч Марба буюу Чойжилодой Энэтхэгт 3 удаа, Непалд 4 удаа морилон Нароба тэргүүтэн 108 ламаас Сандуй гэх мэтийн олон увдис номлолыг хүртэв. Басхүү Майдриба-г шүтэн Махамудра-г таньж мэдэв. Төвдөд морилон Мила богд тэргүүтэн олон шавь, түүнээс Дагбу ринбүчид дамжин, Гаржүд дотроо ч их 4, бага 8 хэсэг болтлоо дэлгэрэв.

Сажа

Орчуулагч Догми буюу Кон Гончиг Жалву, орчуулагч Ман, орчуулагч Вари тэргүүтэн шинэ тарнийн ёсыг дэлгэрүүлэн түгээв. Хожим Сажа буюу цайвар шороот хэмээх газар хийд босгосноор газар нутгийн нэр Төвдийн буддизмын нэгэн салбарын нэр болов.

Гэлүг

Богд Зонхова Гаадамба салбарын номлол, ялангуяа шинэ тарнийн дамжлагад суралцан түүнийг хослуулсан номлолтой Гандан хэмээх хийд байгуулав. Түүний дамжлагыг баригч нарыг Ганданбаа гэж нэрлэх болов. Хожим энэхүү нэрийг хэлэхэд амар болгон Гэлүгба хэмээн өөрчлөв.

Эдгээр нь өөр өөр нэртэй, өөр өөр үзэл баримтлалтай байгаа хэдий ч модны мөчир явсаар эцэстээ үндсэндээ тулдаг лугаа адил бүгд л бурхан багшийн номлол дээр суурилсан Бурханы л шашин юм. Тийм учир та өөрийн сонгосон, өөрт тохирсон салбарыг сонгож тухайн багш нараа хүндлэн шүтэх хэрэгтэй. Таны сонголт таньдаа зөв ч бусад салбарыг бүү буруушаа. Бурханы шашинд ном үзэж мэргэшсэн хүн бол хамаг номыг харшлуулахгүй оносон эрдэм төрдөг. Бурханы багш шавийн савд тааруулж дэс дараалчилан ном айлдаж байсан болохоор тэр нь шат шатандаа урсгалууд болж хуваагдсан бөгөөд эдгээр урсгалууд хоорондоо харшлахгүй. Бас нэгэн сонирхолтой шалтгаан дурдвал эдгээр 4 урсгал үнэндээ нэг хүнээс гаралтай учир хоорондоо зөрчилдөхгүй юм. Яагаад гэвэл Нинма үндэслэгч Ловон Бадмажунай бол Богд зонхавагийн өмнөх дүр, Гаржүд үндэслэгч Марва лам мөн адил Зонхавагийн өмнөх дүр бөгөөд Богд Зонхава төрөл бүхэндээ тухайн үеийн нийгэмийн байдалд тааруулан урсгалуудыг гаргасан байдаг юм. Үүнийг тухайн үеийн илт мэдлийг олсон олон лам хуврагууд өмнөх дүрүүд мөн гэдэгийг баталдаг бөгөөд Богд Зонхавагийн намтарт ч энэ бүхэн дэлгэрэнгүй гардаг юм. Эдгээр 4 урсгал нь судар, тарни гэсэн 2 үндсэн хэсэгт л хуваагддаг. Тарнийн ёс, Сударын ёс, Тарни судар хосолсоноороо ялгаатай бөгөөд судрын ёсоор бол хүн тасралтгүй 3 галавт буян хурааж байж Бурхан болно гэж үздэг. Нэг ёсондоо ертөнцийн зүй тогтол юмс үзэгдлийг шинжин танин мэдэж ойлгож түүнийгээ хэрэгжүүлсэний үндсэн дээр сэтгэлээ засах арга бөгөөд хугацаа их шаардагддаг. Тарнийн ёс бол хүнийг нэг насанд Бурхан болгох чадалтай бөгөөд хийн дээр ажиллаж сэтгэлийг засдаг. Хүний сэтгэл хий дээр морддог бөгөөд тэрхүү морь болсон хийг зөв гүйлгэвэл сэтгэл зөв болж засагдах боломжтой байдаг. Тарний ёс 6 зүйлийн амьтадын зөвхөн хүний төрөл дээр л яригддаг. Бусад төрлүүд дээр тарний ёсоор явах боломж байхгүй тул нэг насаар Бурхан болох боломж байдаггүй. Тэр ч утгаараа тэнгэр, асур мэтийн төрлүүдийн амьтад хүний төрлийг олох ерөөл тавьдаг. Бидний мэдэх ноён хутагт Данзанравжаа шавь нартаа сургамж болох гэж шээсээ газарт унагахгүй буцааж татдаг байсан гэлцдэг. Энэ нь түүнийг тарнийн ёсонд хэр их мэргэжсэн болохыг харуулж байна. Ингэж хийгээ өөрийн эрхэнд оруулж чадсан хүн бол архи ууж болох юм. Учир нь архи бол хүний хийн хурд, хүчийг ихэсгэдэг. Эгэл хүн архи уувал хий нь буруу гүйсэн байдаг тул улам л буруу тийшээгээ хүчийг нь ихэсгээд сэтгэл нь хийгээ дагаад галзуу солиотой болж догширч түмэн нүгэл гарах шалтгаан болдог. Харин эсрэгээрээ хийгээ өөрийн эрхэнд оруулаад зөв гүйлгээд сурчихсан хүн архи уувал сэтгэл нь улам хүч орж ухаан санаа нь хурц болж шид бүтээл нь ч амархан гардаг талтай. Өөрөөр хэлвэл хутагтуудын хувьд архи бол рашаан эгэл хүний хувьд хор юм. Тиймээс тарнийн ёсонд архи, эхнэр гэх мэтийн зүйлийг хориглодоггүй бөгөөд судрын ёсныхоос өөр өөр байдаг байдаг тул ард иргэд сайн ойлгохгүй номыг хооронд нь харшлалдуулаад байдаг. Арслангийн харайх газар үнэг харайгаад ууцаа хугална гэгчээр бид дээдсүүдтэй энэ мэт зүйл дээр барьцаж дуурайх нь тун дутагдалтай хэрэг болно. Энэ мэт олон ялгаатай зүйлүүд Бурханы шашинд шат шатандаа гарч ирдэг тул үүнийг харшлуулахгүй онож ойлгох хэрэгтэй юм. Эдгээр урсгалууд ч яг ийм л ялгаатай. За тэгээд эцэст нь хэлэхэд уулын оройд налуу замаар явбал их зовохгүй ч цаг их шаардана. Харин уулын өөдөө бараг эгц замаар нь явбал зам нь богино бөгөөд их чармайлт хичээл шаардагдана. Эгц босоо зам дээрээс нэг хальтирвал амьд үлдэхгүй. Судар, Тарнийн ёс үүнтэй ижил бөгөөд тарний ёсоор явбал тангараг санваар хүнд бөгөөд нэг алдаа гаргавал хүчтэй хий буруу гүйж шууд там руу унана. Тарнийн ёсонд нэгэнт орсон бол эсвэл Бурхан болно эсвэл там руу унана гэсэн хоёрхон сонголт л түүнд буй. Гэлүгвагийн урсгал бол судар тарни хосолсон урсгал бөгөөд эхлээд судрын ёсоор явж дараагаар тарнийн ёс руу ордог. Хэрэв шууд тарниар явбал цэцэрлэгийн хүүхдэд атомын зэвсэг атгуулсан лугаа адил гэж үздэг бөгөөд хэрэв өмнөх насандаа судраар явж сэтгэлээ сайтар засаж буян их хураасан бол дараа төрөлдөө шууд тарнийн ёсоор замнаж болох л юм.

  • ЗочинSeptember 16, 2012

    Togtson taalal gedeg nom gaduur bdag uu haaguur bdag we

  • ЗочинSeptember 17, 2012

    Тогтсон таалал гээд номнууд байдаг. Ховор л байгаа болов уу. Тогтсон таалал гэдэг хичээл 2012/09/17-с эхлэн 7 хоног бүр Жавзандамба төв дээр тайлбарт хичээл явж байгаа. дэлгэрнгүйг 99989898 утаснаас аваарай.

  • ЗочинSeptember 18, 2012

    "Гэлүгвагийн урсгал бол судар тарни хосолсон урсгал" гэсэн байна. Тэгвэл Нинма, Гаржүд, Сажа-ийн уламжлалууд бүгд тарнийн ёс дагнасан гэсэн үг үү? Тэгж ойлгож болох уу?

  • ЗочинSeptember 19, 2012

    Будда багшийн сургаалийг л олж үзэх хэрэгтэй. Хэрэв бүддист бол.
    Түүний НОМ маш гүнзгий агуулгатай. Ламаист бол ламаизмын номоо л үз. Сажийн ёстон бол сажийн номоо судал гэх байна. Шашинтан гэх аваас шашны байгууллага, хөгжлийг сонирх. Энэ болгоныг харин битгий хольж хутгаарай.

  • ЗочинSeptember 19, 2012

    Би буруу юм асуусан бололтой. Уучлаарай.

  • ЗочинSeptember 19, 2012

    Энэтхэгийн их багш Бадмасамбаваагийн айлдсан номыг яагаад улааны гэж нэрлээд байгаа сайн ойлгохгүй юм. Өөрийн номонд нь улааны урсгал чиглэл гэсэн нэр томъёо байхгүй байсан санагдана. Харин хожмын түвдүүд ийнхүү нэрлэж ялгах болсон юм болов уу? Урдаас ирсэн нь улаан гэдэг ч юмуу, өөрийн үүсгэсэн хувилбараа цагаан, хөх, шар гээд л хувааж ялгасан юмуу даа.
    Түвдийн тарнийн ёс гэхээр Буддагаас өмнөх шаманизмтай адилхан байдаг гэсэн. Бон шашины тарнийн ёстой дүйх. Түвдийн ламаизмыг тусад нь авч үзвэл таарах биз. Одоогоор манайд энэ түвдийн ёс их тод харагдаж байна л даа. Манай урд өмнөх Хүннү, Кидан, Уйгурын үеийн буддийн сургаалиуд бүгд түвд номоор солигдож арилсан болхоор Будда багш юу айлдсан нь үгүй болоод Зонковын шашин ном ихэд түлхүү орж ирээд ойлгомжгүй болоод байна. Гэлүгба, Нинмаба, Гаржүдба, Сажабагийн урсгал, тэргүүлэгч дарга нар нь бидэнд ямар хамаа байнаа? Буддагийн НОМыг үзэх гэсэн чинь ийм урсгал чиглэл гэнэт үзээд хачин болоод явчихдаг юм билээ. Буддагийн Номыг үзэж байнаа гэж бодож байтал шал өөр өөр хүмүүс болоод явчихдаг. XVIII-р бүдүүлэг зуунд л хүчээр үзэж байсан юм яг тэр хэвээрээ буцаад дэлгэрээд, нэг л буруу яваад байна.
    Хэн халж, журамлаж, цэгцлэх юм?

  • ЗочинSeptember 20, 2012

    Энэ өмнөх хүн Та их зөв юм хэллээ. Та Түвдийн ламаизмыг битгий шүт. Та Тхеравада-г шүт. XVIII зуун их бүдүүлэг шүү. Та МЭӨ V зууны Тхеравада-г шүт. Болсон уу?

  • ЗочинSeptember 20, 2012

    XVIII-р, XIX-р зуунд Монголд Түвдийн шашин ид хүчээ авч байсан үе.
    Je Tsongkhapa (1357–1419) - энэ яг Энэтхэгийн 3000 жилийн тэртээх буддхизм юмуу тэгээд? МЭӨ V-р зууны юуг санал болгоод байгаа юм? Юуг болгочихсон гээд. Ойлгомжгүй юм.

    Хаа байна тэр буддхизм, тэр таны санал болгоод байгаа тхеравада. Бөөн бөөн юу гэж байгаа нь мэдэгдэхгүй түвд түвд бичиглэлүүд. Тэгээд манайд баахан шавь цуглуулж талцчихсан. Аль хэдийнэ Шүгдэн мүгдэн, зайл майл болчихсон. Юу вэ? Би буддхизм юу байнаа гээд хайх гэхээр эд нар чинь зайлахгүй зай эзлээд, тархи угаагаад, панаалдаад суугаад байна шд.

  • ЗочинSeptember 20, 2012

    Таныг хүн хортой сумаар харвасан байхад Та тэр харвасан хүн хэн бэ, эрэгтэй юу эмэгтэй юу, хэдэн настай вэ гэж асуух нь чухал биш. Гагцхүү сумыг яаж биеэсээ авах нь чухал. Үнэхээр Бурхан багшийн сургаалийг судлахыг хүсэж байгаа бол Хутагтын 4 үнэн, Хутагтын 8 мөрийг сайн судал л даа. Тэгээд болоо юм биш үү. Хэрэв Танд Түвдийн ламаизм хүйтэн зэвүүн санагдаад байвал Та Түвдийн ламаизм байдаг гэдгийг ч март л даа. Түвдийн ламаизмыг битгий чичилж, муучлаад бай л даа. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй. Тэгж цагаа үрэхийн оронд Та Хутагтын 4 үнэн, Хутагтын 8 мөр, үйлийн үрийг л судал л даа. Хоосон чанар, төв үзэл, тарнийн ёсыг Та битгий судал. Болсон уу?

  • ЗочинSeptember 20, 2012

    Өмнөх сэтгэгдэлийг дэмжиж байна. Би бол ламайзм гэж мэдэх ч үгүй юм байна. Тэр Бурханы шашны алтан сургаалд ямар ч нэр шошго зүүсэн буруу болохгүй шүү дэ. Тиймэс дэмий нэр шошго зүүж түүгээрээ хуваагдах нь дэмий хэрэг. Зүгээр л Бурханы сургаалийг шинжин таниад амьдрал ахуйдаа хэрэгжүүлээд амар амгалан явах нь чухал шүү дээ

  • ЗочинSeptember 20, 2012

    ламайзм биш ламаизм

  • ЗочинSeptember 20, 2012

    Судлаачид Бурханы сургааль дахь сургуулиудыг тэр уламжлал, энэ уламжлал гэж ангилаад судалж ирсэн юм. Аливаа юмыг ангилж байж судалдаг нь хүн төрөлхтний танин мэдэх нэгэн арга. Хуваагдах талцах тухай хэн ч яриагүй байна. Уртын дууг ч айзам урт дуу, бэсрэг урт дуу, сур харвааг ч буриад харваа, урианхай харваа гээд л бүх юмыг л ангилж байж судалдаг. Тэгж ангилах нь судалгаанд дөхөмтэй байдаг. Бурханы шашинтнууд талцах ёсгүй. Би Их хөлгөний хүн гээд Бага хөлгөний номыг үзэхээс татгалзах ёсгүй. Би Тарнийн ёсны хүн гээд Судрын ёсны номыг үзэхээс татгалзах ёсгүй гэж Бодь мөрийн зэрэг хөтөлсөн багш маань айлдсан. Учир нь нэг нь нөгөөгийнхөө суурь болдог учраас суурийг нь судлаагүй байж дараагийн шатны юмыг судалбал учир дутагдалтай болно гэдгийг л багш айлдсан байна. Энэ өчүүхэн эргэцүүлэл Таны таалалд нийцээгүй бол битгий эргээд загнаарай. Зүгээр л Хутагтын 4 үнэнийг давтаарай.

  • ЗочинSeptember 20, 2012

    хүйтэн зэвүүн, чичиллээ, муучиллаа гэнэ үү? Бүгдийн цагийг маш их үрж байна. Нүд хааж байна, үнэнийг далдалж байна. Хийсэн бүхнээ хүнд ярьж чадах гэлэнгүүд бий юу? Юу үйлддэггээ дэлгэн харуулах юмуу? Ер нь гэлэн байгаа юмуу даа?

  • ЗочинSeptember 20, 2012

    Гэлэн хүмүүс энд орохгүй байлгүй дээ. Танин мэдэх гэсэн хүсэл минь Таны цагийг үрсэн боллоо гэж үү? Тэгээд бүгдийн цагийг үрлээ гэж Та яаж бусдын өмнөөс хэлж чадна вэ. Танд Бурханы шашны сургуулиудын аль нь ч таалагдахгүй байгаа бол, бурханы шашинтнууд Таны уцаар төрүүлээд байгаа бол Танд юу хэлэх вэ дээ. Та тэгвэл Генезисийг уншаад үзэх юм болов уу? Бас л сонирхолтой шүү дээ. Тэгээд уйдахгүй бол Эксодус нтр гээд дараа дараагийн бүлгийг нь уншаад явбал амтанд нь орох ч юм билүү. Өчүүхэн би танин мэдэх хүсэлдээ хөтлөгдөөд дээр нэг юм асуусан юм. Асуултынхаа хариуг авахын оронд ингэтлээ их загнуулна гэж санасангүй.

  • ЗочинSeptember 20, 2012

    хутагтын 4 үнэн гэж юу юм бол Бурхан багш-н сургааль номлолууд надад лав их таалагддаг бусад шашин шүтлэлүүд-г бодвол хийж хэлж байгаа үйл нь үнэн-г үгүйлж байгаа мэт санагддаг хамгийн чухал нь таньж мэдэх нь чухал байх

  • ЗочинSeptember 20, 2012

    Инээлгэсэнд баярлав

  • ЗочинNovember 25, 2012

    Гаднаа судрын ёсны хуврагийн явдалтай, дотроо аг тарнийн бясалгалтай, тэр бол Гэлүгпа ёсны хувраг. Лут шүү.

  • ЗочинNovember 26, 2012

    Эдгээр улсын сэтгэгдлүүдийг уншиж байхнээ ихэнх нь юмны учир мэдэхгүй улс шиг санагдлаа. Аливаа сургааль номлол, ялангуяа бидний өвөг дээдсийн сонгон шүтэж ирсэн Бурханы шашныг өнгөц төдий, эсвэл хэн нэгнээс сонссон төдийнхөөрөө дүгнэж болохгүй ээ. Болчимгүй хэрэг.

    Яагаад Төвдийн ламаизмыг тэгэж нүд үзүүрлээд байна вэ! Багшийг л шүтэх ёс шүүдээ. Лам багшийг Будда, түүний сургааль, уг сургаалийг түгээгчидтэй холбогч гүүр нь гэж үздэг учраас лам багшаа бурхан өөрөө заларсан мэт шүтэж, дагах ёсон. Тэгээд ч лам багшийг хэрхэн судалж, сонгож байж түүнд шавь орохыг өчнөөн ном сургааль, түүн дор нэн тэргүүнд Богд Зонховын "Бодь мөрийн зэрэг"-т сайтар дурьдсан байгаа.

    Өөрөө сайтар судлаагүй байж, энэ нь ийм, тэр нь тийм мэт өгүүлэх нь харанхуйдуу хүний явдал бөгөөд үлгэрлэвэл нөгөө худгийн мэлхий үлгэртэй адил болох юмаа.

    Уулын оройд нь гарч байж л сая цаана нь яг юу байгааг мэдэх юм шүү.

  • ЗочинNovember 26, 2012

    Та сайхан зүйрлэж, сайхан тайлбарлалаа. Баярлалаа

  • ЗочинNovember 30, 2012

    энд нэг ийм юм яваад байх юмаа. Шууд л шүтэх тухай асуудал.
    Эцсийн эцэст бүгд л харанхуй байж шууд л тэрийг энийг шалгах сонжих гэлээ, шууд л мунхраар шүтсэнгүй. Учраа мэдсэн гээд л өөрсдийгөө тунхаглаад байх юм. Тэгээд ийм ийм мундагаа гээд гол нь батлах хэрэгтэй шд. Нэг хоёрхон мөр бичээд ч гэсэн баталж чаддаг л байх хэрэгтэй. Далай лам хүртэл шинэчлэлийн тухай ярьж байхад энд баахан хоцрогдсоныг бишрэх явдал газар аваад. Тэр хөгшин настан хүртэл өөрчлөгдөхсөн гэж мөрөөдөд сууж байхад.

  • ЗочинNovember 30, 2012

    Та шашин шүтдэг хүн үү? Хэрвээ шүтдэг бол ямар шашин шүтдэг хүн бэ?

Бусад мэдээлэл
2012-09-11