Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сансарын хүрд

Энэ удаа дуган хийдүүдийн үүд хавьцаа харагдах сансарын хүрд хэмээгдэх зургийн учрыг товч өгүүлье. Энэхүү зураг нь бурхан багшийн номлосон дөрвөн үнэний сургаал болон арван хоёр шүтэн барилдлагын үүднээс орчлонд бид хэрхэн эргэн эргэн хүлэгддэгийг үзүүлсэн, анхааран авч бясалгаваас орчлонгоос уйдах сэтгэл төрөхүйц ач холбогдол бүхий, дүрсээр өгүүлэгч ном билээ. Юуны өмнө уг зураг анх хэрхэн үүссэн түүхийг өгүүлсү.

Бурхан багшийг номоо номлож ахуй үесд , Энэтхэгийн төв нутагт дээдийн номд туйлаас сүжигтэй Сүгжиннямбуу хаан аж төрөн ажгуу. Мөн үест Энэтхэгийн өмнөд нутагт цэрэг дайны сүр хүчин төгөлдөр Ударяна хаан суун бөлгөө. Тэр үеийн хаад нэг нэгэндээ бэлэг сэлт ээлжлэн илгээж бэлгийн эдийн үнэ цэнэ ба утга агуулгаар нэг нэгнийхээ санаа бодлогыг тантан шинждэг байжээ. Нэгэн удаа Ударяна хаанаас Сүгжиннямбуу хаанд үнэт эрдэнийн чулуугаар чимэглэсэн их хөө хуяг бэлгэнд иржээ. Сүгжиннямбуу хаан бээр энэ үнэт бэлгийн хариуд ямар бэлэг баривал сүр хүчит Ударяна хааны өдөөн хатгалгад өртөхгүй байхаа бодоод олсонгүй.

Тэгээд Бурхан багшид ханджээ. Ударяна хаан нь урьдын их буяны үрт нэгэн болохыг Бурхан багш мэдээд түүнд орчлонгийн хоосныг ухааруулах үүднээс сансарын хүрднийг өөрөө заан хэлж зуруулаад Сүгжиннямбуу хааны хариу бэлэг болгон илгээвээ. Бэлгийг хүлээн авсан Ударяна хааны түшмэдүүд манай хааны үнэт бэлгийн хариуд нэг муу зураг явуулсан Сүгжиннямбуу хааныг довтолсугай хэмээлдэхэд Ударяна хаан: “Сүгжиннямбуу хааны оршин буй оронд нэгэн бурхан ном номлож буй гэж би дуулсан. Энэ яав ч учиртай эд байх” гээд нөгөө зургийг долоо хоног ажиглан гүн бясалгасаар орчлонгийн жамыг ухаарсан гэдэг.

Сансарын хүрд нь таван давхар хүрдээс бүрдэнэ. Ер нь дугуй хүрд хэлбэртэй зурсны учир нь орчлонд эхлэл ба төгсгөл үгүйг харуулсан . Тэдгээр таван хэсгийг тус бүрд нь тайлбарлаваас:

Сансарын хүрд

1.Хамгийн төвд нь гахай, тахиа, могой гурвыг зурсан байна. Гахайгаар мунхагийг, могойгоор уурыг, тахиагаар хүсэл тачаалыг билэгдсэн . Энэ гурав бол орчлонгийн хүлээс. Тахиа, могой хоёрын сүүл нь гахайн амнаас гарч байгаа нь шунал, уур хоёр нь мунхагаас гарах буюу “би”-гийн зүй тогтолд мунхарснаас гардаг гэдгийг харуулжээ. Тэгэхээр орчлонгийн ёзоор нь мунхаралаас гардаг. Энэ гурваар нисваанисын бүхэн гарахуйн үнэнийг \бүх нисваанис эндээс гарна гэсэн үг\ үзүүлж байгаа юм.

2.Түүний гадна талаар нэг тал нь хар нөгөө тал нь цагаан хүрд байна. Цагаан талд нь дээшээ явж байгаа амьтан, хар талд нь доошоо мөлхөн тонгорцоглож байгаа амьтадын зураг байдаг. Энэ нь бүхэн гарахуйн үнэний үүднээс үүдэн гарах үйл нь цагаан буюу буяны үйл, хар буюу нүглийн үйл гэсэн хоёр үйл байхыг харуулжээ.

3.Гуравдахь хүрдэнд зовлонгийн үнэн болох орчлонгийн төрлүүдийг таван хэсэг болгон (заримдаа зургаан хэсэгтэй ч зурсан байдаг) зурсан байна. Там, бирд, адгуус, хүн, асур ба тэнгэрийн төрлийг нийлүүлээд зургаан зүйл хамаг амьтныг дүрсэлсэн байдаг. Энэ нь үйл нисваанисын эрхээр эдгээр төрөлд ээлжлэн төрөөд ийнхүү орчлонд эргэлддэг болохыг харуулсан. Хүний төрөлд зовлонгоос гэтэлж болох чөлөө учрал байдаг гэдгийг багшаас ном сонсож буй хүний дүрсээр харуулсан ч бий.

4.Тэгвэл хэрхэн яаж эргэлддэг тэр ёсыг харуулахаар түүний гадна талын тойргоор арван хоёр хэсэгтэй хүрд зуржээ. Энд арван хоёр шүтэн барилдлагыг зургын байдлаар үзүүлэхдээ :

– Орчлонд эргэлдэхийн үндэс болсон мунхагийг (Мунхрахуйн шүтэн барилдлага) таяг тулсан сохор хүнээр дүрсэлжээ.
– Нэг хүн янз бүрийн ваар сав хийж байгаагаар үйлийг буюу Хуран үйлдэхүйн шүтэн барилдлагыг дүрсэлсэн.
– Бич модноос жимс авч байгаагаар Тийн мэдэл буюу нэг төрлөөс нөгөөд үйлийн чадамж, авъяасыг тээж явдаг сүнсийг дүрсэлсэн.
– Завьтай хүмүүс бол Нэр дүрсийн шүтэн барилдага буюу бие ба сэтгэлийг бүрдүүлэгч таван цогцос юм.
– Хоосон байшингаар Төрөн түгэхүйн шүтэн барилдлага буюу төрөл аваад эрхтэнүүд бүрдэж амжаагүй байгаа үеийг үзүүлсэн.
– Эр, эм хоёроор Хүрэлцэхүйн шүтэн барилдлага буюу нүд, чих, хамар гэх мэт мэдрэхүйн ухаан төрж буй үеийг харуулсан.
– Нүдэндээ сум зоолгосон хүнээр Сэрэхүйн шүтэн барилдлага буюу мэдрэхүйтэй болонгуут жаргал, зовлонг мэдэрч түүндээ мунхараад өөр зүйл харахаа больдгыг харуулсан.
– Архи ууж буй хүнээр Шуналын шүтэн барилдлага буюу шунал хүслийг харуулсан.
– Шунал хүслийн эрхээр Авахуйн шүтэн барилдлага үүсдэгийг харуулсан.
– Жирэмсэн эмэгтэйгээр үйлийн чадамж бүгд идэвхижэж дараагийн төрөл авахад бэлэн болсныг харуулсан нь Болохуйн (сансарын ч гэдэг) шүтэн барилдлага юм.
– Дараагийн, хүүхэд тэвэрсэн хүний зургаар Төрөхүйн шүтэн барилдлагыг илэрхийлсэн.
– Хөгшин хүн өвчтэй хүнийг үүрч яваагаар Өтлөхүйн буюу төрөх үхэхийн шүтэн барилдлагыг харуулсан. (Зарим зурагт хүүр зурсан байдаг)

5.Хамгийн гадна хэсэг нь бусад хүрдээ атгаж зуусан матарын дүр юм. Төвдөөр сэрэнбу хэмээх энэ аймшигт дүр бүхий амьтнаар үхлийн эзэн эрлэгийг үзүүлсэн бөгөөд орчлон бүхэлдээ эцэстээ үхлээс хэтэрч чаддаггүйг харуулсан болой. Энэ хүрднээс хэрхэн яаж ангижрах вэ хэмээвээс, мөрийн үнэнийг бясалгаад хорихын үнэнийг олох аваас орчлонгийн хүрднээс бүрэн ангижирна.

Тиймээс сансарын хүрдний зүүн гар талд баруун зүг рүү мутраараа зааж буй Бурхан багшийг бүтээжээ. Тэр заасан зүгт нь маш тунгалаг дүүрэн сарыг дүрсэлсэн байх нь хорихуйн үнэний гол болох нирвааныг билэгдсэн байна. Мутраараа тийш заадаг нь ийнхүү бясалгаад орчлонгоос гэтлээрэй хэмээн хорвоогоос гэтлэх арга замыг зааж байгаа байдлаар зуржээ. Мөн зургийн доод талд улаан дэвсгэр дээр нэгэн сургаал бичсэн байна. Энэ номонд туурвиж үйлд (орчлонгоос уйссан магад гарахуйн сэтгэлийг төрүүлээд гэтлэхүйн замыг туурвиж үйлд\, гарч үйлд \ил гарсан нисваанисын толгойг дар), бурханы шашинд орж үйлд (”би” үгүйг оно), хулсан гэрээс заан мэт гараад үхлийн эзний аймгийг даран үйлд хэмээн гардаг. Энэ нь орчлонг хүлдэг үйл нисваанисыг хулсан гэртэй зүйрлээд түүнийг заан эвдээд гараад явчих адил бүх нисваанисыг дараад төгсгөлд нь үхлийн эзнийг дарахыг хэлжээ. Энэ номонд гэтлэхүйн таван мөр бүгд багтсан байдаг.

(Ач ихт Жадо ринбучи, эрдэмт гавж С.Гантөмөр нарын тайлбараас өөрийн ойлгосноор эвлүүлж бичиглэсэн тул алдаа байх аваас залруулна уу?)

    Бусад мэдээлэл