Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

ИРЭЭДҮЙГ ЭШ ҮЗҮҮЛЭГЧ АЛТАН ЗУРХАЙ ХЭМЭЭХ СУДАР ОРШВОЙ

Бурханы орны чуулган умар зүг
Бусад, бусдаас тод их түгээд
Бүгдийн мөн чанар оршсон номын
Бүтээх цогц орон эргэшгүй бүрдээд

Үүслийн шалтгаан байвч
Үүрдийн мөнхрөл үгүй орчлонд
Үнэн батыг тодлогч
Үлэмжийн айлдвар төгс дээдэстээ итгэм үү

Орчлонгийн эргүүлгэнд төөргөөр өртөж
Олсон сайн төрөлдөө урамшин
Охорхон амьдралын мөрийг мялаан
Очир тарнийн ёсонд багтсанаар

Мөргөж залбирсанд ялгаваргүй ачлал үзүүлж
Мөнх бусын жамыг ойлгуулж сэрээн
Өвчин зовлонд шаналгагчдад тусыг үзүүлж
Үйл лай өөрөөс үүсэлтэйг ухааруулж

Хадаг яндар үнэтэй бүхэн гардавч
Хатинг бие давжаа хэвээрээ
Хамаатан төрхөмсөгч шавь цувавч
Харамсалтай нь энэ бие ганц хэвээрээ

Бурхан номын цугларуулах шидээр
Буяны садан олширон үржигдэвч

Бурсан, хуврага эгэл түмний гэгээрснээр
Буруу болгоны түгэх хязгаар хумигдавч

Хэдэн зуугаар тоологдох сахилын дэг
Хэд арваараа хэрэггүй болж орхигдон
Гэлэн хүний тоо улам цөөрч
Гэргийтэй ламын бай ихсэж

Энэ цагийн будда сурталтан
Эс бусыг үзүүлж буй нь
Гариг эрхэсийн үйл л байна
Гарах цагийн өнгө л байна

Хүн, зон хөрөнгөжихөд улайрч
Хөрст дэлхий хөрвөөхөд яарч
Олон, олноороо олзонд уягдаж
Очир баригчид хүч саарч

Майдар бурханы мянган эхлэхээс өмнө
Мадаггүй бурханы номын үсэг эрч саарав
Жанарайсиг бурханы үе зулрахаас эрт
Жаяг ёс номтойгоо зөрөлдөн цочирдов

Ёгүзэр хутагт та худлаа гэж бүү зүтгэ
Ертөнцийн хүрд бүхнийг тольдож байна
Өөрийнхөө суудлыг бөхлөх гэж
Өөлж та нарыг шүүх гээгүй

Үнэндээ тэр суудал чинь хоосон чанар
Үхэл тосоход надтайгаа хамт хоосон чанар

Ёгүзэр, хутагтын буур чинь ч хоосон чанар
Ертөнцийн өнгө чанар ч хоосон чанар
Бүрээ, бишгүүр, өмсгөл зүүлт бүхэн хоосон чанар
Бүгдээр оршихуйн тусгал хоосон чанар

Үйж нөхцүүлэх гүн далай байвч
Өчүүхэн болж ширгэх хоосон чанар
Үүлс урсан сүмбэр хайрхан боловч
Үүрч бутарч дуусах хоосон чанар

Зуу авсан нас магтаалтай сайхан ч
Мөнхрөх замгүй нь хоосон чанар
Цуу дэлгэх алдар хүндлэлтэй ч
Мөхөх, биетэй нь хоосон чанар

Уран шувуу сайхан үүрээ
Мөчир бүхэнд барьдаггүй атал
Ухааны гэрэлт хүмүүн та
Улам ихэд юунд шунана вэ

Дээлээ гээх биеий чинь шингээх
Дэлхий ээж чинь ганц байтал
Хоосон чанарт оршдог та нар минь
Хорвоогоо хоослон юунд яарна вэ?

Алмазан талсттай ээмэг бөгж чинь
Алт, мөнгөн бугуйвч зүүлт чинь
Асарлуулан босгох орд харш чинь
Ард тань үлдэх хог л шүү дээ

Бушуу түргэн хөгжихөөр шунах нь
Бууны ам руу яаран орохтой адил
Ядууруулж туйлдуулж дэлхийгээ хоослох нь
Ялгүй оноох цаазтай ижил

Охорхон хугацаанд байгаагаар хуурах дэлхийг
Оюунт хүмүүн гэгээрэхээр таньж болно
Оргүй болгож түймэрдэх галба гамшгийг
Орчлонгоо хайрлаж, хамгаалж хязаарлаж болно

Арга билгийг нь олоё гэвэл
Алив бүхний мөн чанарыг ол
Их хөлөгний ончийг шинжин мэдэж
Эрхэм ачлалт мөн чанарт шимт

Он цагийн төгсгөл дуусах хэмжээгүй нь мөн чанар
Оргүйн зайг туулаад хүрэх хязгааргүй нь мөн чанар
Оюун ухаан танин мэдэвч төгс үнэнгүй нь мөн чанар
Орчлон дэлхий зүйлийн сайхан ч Би үгүй нь мөн чанар

Аяа хүн та болон бид
Амгалан ажрагчийн үйлдсэн хоосон чанарт эзлэгдэж
Агшагарба огторгуйн зүрхэн бодьсадвад итгэж
Арван газрын гэгээрлийн шатыг төгсгөж
Гэтлэх замаа шантралгүй олж чадвал
Гэм нүгэл өөрөө хайлан арилж
Гэмшилт үйл дахин давтагдахгүй болоод
Гэрэлт зам угтан тосох мадаггүй

Ахуй ойрын мөн чанарыг нийтээр хичээгчид
Амирлангуйн чанарыг бишрэн эзлэх болтугай
Атгаг нисванисын шалтгааныг таслагчид
Аюус тамд ноогдохоос ангижирах болтугай

Хоосон болоод мөн чанарын чуулганд багтах
Хоцруулж үл болох нэгэн чанар бий
Субуш чандра даянчаас үүсгэл гарал эхтэй
Самадийн хааны сударт багтсан үнэн чанар гэж бий

Оргүй хоосноос үүдэлтэй дүрсэн биеэс
Оршихын хязгаартай нь үнэн чанар
Орд харш сэтгэл баясган мялаавч
Он тооллын хэмжээстэй нь үнэн чанар

Ухаан санааг хүчилдэг чадал тэнхээ
Усан амьтай байдаг нь үнэн чанар
Унзад хоолойгоор ушсан авралын ном
Уудамын агаараар биеждэг нь үнэн чанар

Том жижиг биесийн зөрөө ялгаа
Тоон нийлбэрээс болдог нь үнэн чанар
Тоолох нас урттай богинотойн учир
Төөрөг заяандаа багтдаг нь үнэн чанар

Үнэн чанарыг тэнгэрт тултал бүү бишир
Үүсэхдээ үгүйрлийг дагуулан ирдэг юм
Өнгө дүрс тод, томрууныг битгий шил
Үзэгдэл төдий оршихуйн зуурдын тусгал юм

Нэгэн биед цогцолсон хос эрхтэн
Нэг нь хэрэгтэй, нөгөө нь хэрэггүй байдгүйн адил
Хоосон ба мөн чанар, үнэн чанар
Холдуулж салгамгүй шүтэн барилдлагатай оршдог

Аль алины нь зүйтэйгээр ашиглая гэвэл
Адистид ихтэй номын мөрөөр орж
Авралт бурхадын ачлалд багтаж
Арван цагаан буянаа дэлгэрүүлэх л чухал аа

Амгалан нууранд задалсан зулзага
Ангир шувуу аргадан өсгөдөг шиг
Авралт бурхад, бодисадва нар минь
Аюулаас биднээ зайлуулж асардаг шүү

Үнэнчээр итгэлтэй шүтсэн сэтгэлд
Үзтэл гэгээрэл түгэх болно
Өөрийгөө гэдэг мунхаглалаас хагацаж
Өрөөлийг ачлах буянтан болно

Сайн санаа үүссэний хирээр
Сааталгүй гэгээрэхийн харгуй алслана

Бие, хэл, сэтгэл цэвэршсэнээр
Би үгүйг мадаггүй олж эдэлнэ
Иймийн тул хамгийн дээд төрлийг эзэлж
Гурван муу заяаг таягдсандаа урамшаарай

Эргэх сүнсээ төөрөхөөс болгоож
Эрхний бөөрөө мааниар мялаагаарай

Агаар тэнгэрт хөөргөсөн дагуул
Ангаргыг тандсан туршуул хүлэг
Атом, цөмийн, цувараа урвал
Ачлалт шашны чинь үгүйсгэл биш

Эх дэлхийгээ сүйрүүлэхэд яарсан
Илий балай сэтгэлийн тусгал
Эрх мэдлээ нэмэхэд улайрсан
Эзэд ноёдын шуналын сум

Атом, цөмийн гинжин урвал
Алд биед чинь адилхан явагдаж байгаа
Алсад илгээсэн хөлөг шиг биетүүд
Амийг чинь хэрчихээр зорчиж байгаа

Өөрийнхөө биеийг дэлхийтэйгээ зүйрлэж
Өр зүрх шигээ хайрлан хамгаалвал
Өөр зүг рүү шунан алсалж
Өртлөөст уягдах юун хэрэгтэй вэ

Хүрэх хязгааргүй орчихуйн чандад байгаа
Хүмүүн төрлөхтөний олон ертөнцийнхөн
Өөрийнхөө ертөнцийг хоослож цөлмөөд
Өрөөлийн зүйлсийг булааж байгаа гэж үү?

Үгүй ээ тэд нисвансын сэтгэлгүй тул
Өөрийгөө гэлгүй "би"-гээ мартдаг тул
Үүссэн бүхэн төгсгөлтэй байдаг тул
Үйлийн үрээ ачлалаар цайруулдаг юм

Дүрсжүүлснээ хоосолдог чанартай замбуулинд
Төрснөөсөө үгүйсгэл эхэлдэг орчлонд
Мөнх насыг олох юм шиг мунхаглаж
Мөнгө төгрөг цуглуулах буруу юу зөв үү
Цучилан гэрэл биеэс салж хөрвөөд
Зул бие тоосрон бутрах тохиолд
Цуглуулсан бүхэн хоосон чанарт шилжин
Цувимал алт чулуунаас ялгарахгүй болно

Тайван амгаланг олж нөхцөе гэвэл
Нүгэл хилэнцээ тэвчин ачлалтайг үүсэгдэгээ
Тариан түрүү шиг олшрох буяныг
Нисваансын сэтгэлээ баран байж олдогоо

Хайлтгүй тойрон байгаа хамаг амьтныг
Хайрлан дээдлэж амар амгаланг эдэлдэгээ
Бурхад бодьсадва нарын номын үрээр ундаалж
Буурч доройтохын шалтгааныг хязаарлан хорьдогоо

Эхлэлтэй, өрнөлттэй, төгсгөлтэй бурханы шашин
Энэ цагт өрнө дорногүй ихээр түгж
Хуурмаг бишрэгчид мөн чанарыг нь гуйвуулж
Худлаа номлогчид хоосон чанарыг будилуулж
Миний номын хүч харин саарахуйд
Майдар бурхан аварлыг үзүүлнэ гэсэн
Бурхан багшийн үгийн үнэн илчлэгдэн тодорч
Буяны садан
Олон шашин зэрэг шүтэн бишрэгчид
Орчлон даяарыг эзлэхийн хирээр
Бурханы шашин түглээ сайн гэж
Буруу ташаа бодлоо ихэс мнь
Буруу энгэртэй дээл хөдрөхөд
Бусдад сайхан харагддаггүйтэй адил
Булгын эх рүү үерийн зах ороход
Будан сууж булингартахтай ижил
Бурханы номонд хольцоо үүсч
Буруу зөвийн ялгаа алдарвал
Залбирахын дайд олдог ачлал
Зам нь хазайж сулбайх бус уу

Мөргөхийн зайд эвээдэг судрын
Мэргэн санаа төөрөх биш үү?
Далай дээдэс минь шашин бүхэн ижил гэснээс
Даамай бусчууд учраа олохгүй будилж
Номын богдос нүүрээ бодож тал зассанаас
Номтой номгүйн ялгаа зааг алдагдаж
Өргөн дэлхийг засвартай бүрхсэн
Өнөөгийн цагийн бурханы шашин
Хэн нэгний цээжин пангаар
Хэмжээ дамжаа нь алдах болов

Баяжихын нэгэн арга болж
Балмад суртал зүйх болов
Бадрал сэргэлтийн судрын чуулган
Бадам лянхуа шиг дэлгэрэх болтугай

Өөрийнхөө төлөө сэтгэлээ мартаад
Өргөн дэлхийгээ бүрхэн бишрэх болтугай
Эх болсон зургаан зүйлийн төлөө
Эрхний бөөр дүнчүүр дүнчүүр эргэх болтугай

Зовлон болоод зовлонгийн шалтгаан барагдаад
Жанрайсиг хутагт баясалт сэтгэлээр эвээх болтугай
Иймийн тулд ихэс дээдэс ялгалгүй
Эмээхийг таягдаж энэ судрыг үүсгэн барив
Хамаг хорвоогийн учрыг тайлбарлахыг хичээж
Хар мэнгэт би нэгэн цагийн цэнгэл эдлэв

Уудам ертөнц зургаан зүйл амьтад аяараа
Ум сайн амгалан орших болтугай

  • ЗочинApril 19, 2012

    Үнэхээр гайхалтай юм аа.

  • ЗочинApril 22, 2012

    Сайхан судар байна. Таалагдлаа

  • ЗочинJune 12, 2012

    Bayarllaa saihan yum bna

  • ЗочинFebruary 26, 2013

    үнэхээр агуу сайхан судар байна

  • ЗочинMarch 12, 2013

    Сайхан болжээ. Дараа нь нэг сайхан нийтлэл бичээд оруулаарай.

Бусад мэдээлэл