Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Гүр дуулал: ЁЛМО ЦАСТ УУЛЫН БӨЛӨГ

Дээдийн багш дор мөргөмү !

Егүзэрисийн манлай Миларайва хэмээн алдаршсан тэр Богд дээдийн багш Марва лозавагийн зарлигийг бүтээхийн тулд Жанпан огторгуйн хоргоос Ёлмо нэрт цаст уулнаа өөд болж Сингалин тив дэх ой шугуйн гүн дэх Брингийн үүр арслангийн хоргод суухуй цагт Ёлмо уулан дахь газар дэлхийн эзэд эмс амирласан биеийн сайн бэлгэсийг үзүүлэн зарлиг бүхнийг бүтээгч боол зардсан тань болсугай хэмээн ам тангараг өргөөд элдэв зүйлээр өргөн хүндлэж гэнэ ээ. Тэндээс Богд Миларайвын тугдам сэтгэл маш ихэд нэмэгдэн бүхийн цагт Мон улсын нас залуу таван гэлэнмаа ном айлтгахаар ирээд ийн өчрүүн: “Энэ газар орныг нэн аюумшигтай хэмээн сонссон бөгөөтөл харин ч Богд лам таны тугдам сэтгэл, билиг билгүүн тань нэн илүү ихээр нэмэгдсэний учир юу болой? Та үүнийг айлдан соёрхох ажаам уу ! ” хэмээхүй дор Миларайва лам тухайн газар орны онцгой эрдэм хийгээд тугдам сэтгэлийн нэмэгдсэн ёсонг тайлбарлан доорхи шүлгийг номложээ:

Дээргүй Богд ламын өлмий дор сөгдмү !

Арвин буян тус эрдмүүдийг хураасны үрээр
Ачит багш лугаа учирч номлолыг сонсовой
Дээдийн багшийн соёрхсон вивангиридийн дагуу
Дэлгэр уудам хорвоогийн энэхэн чөлөөнд суувай
Хөхрөх уулс нь модоор арвин Мон нэрт энэ орны
Хөдөө талыг өнгө өнгийн цэцэгс чимэглэмүй.
Навч мөчрүүд салхины аясаар найган ганхаад
Наадамч бич самж нугууд хөөцөлдөн тогломуй.
Элдэв зүйлийн шувууд чих баясган жиргэхэд
Энд тэндгүй эрээн зөгий дүнгэнэн нисэлдмүй.
Өдөр шөнийн алинд ч өнгийн солонго татаад
Өвөл зуны аль ч улиралд зөөлөн бороо намирмуй.
Хавар намарт хөндий сугаар нь манан хөшилдөх
Хайрхан өндөр уулын аглаг буйдхан чөлөөнд
Харьшгүй зоригт Миларайва би бясалгалд шамднам.
Тэгш сэтгэлийн хоосон чанарыг үзэж шинжлэхүйд
Тэнсэлгүй түүний гэгээн гэрэлтэй учрахад бахтай
Үзэгдэх орчлонгийн түмэн үзэгдэл нүдний өмнө
Үтэр түргэн үүсэж тодроод арилах сонин
Алжааст муу үйл үгүй бие маань амгалан
Аюул тотгорт оронд тугдам дээшлээд амгалан
Үймээн самуун их болвоос төдийчинээ амгалан
Үхэхгүй төрөхгүй, нисваанисаас хагацсан амгалан.
Хүчир бэрхшээл их байх тусам амгалан
Хүрч халдах өвчин тахлын аюулгүй амгалан
Товчоор өгүүлбэл зовлон бүхнийг амгаланд урвуулмой
Тоост хорвоод үүнээс илүү завшаан хаана байхав?
Урсах мөрний ус шиг бясалгал дияаны хүчээр
Урагшилж хөдлөхөд тээргүй хамаг бие амгалан
Хөдлөж гүйх, үсэрч харайхад саад тотгоргүй
Хөл гар бие эрхтэн тааваар хөдлөх амгалан
Яруу утгат эгшиг дуун сэтгэлд халгиад
Ямагт дундралгүй ундарч байх нь юутай амгалан
Хэлний эрхээр уран үгс чуулан хэлхэгдэхийг
Хэдэн хүн чуулан найралдаад ч яахин гүйцэхэв?
Сэтгэлд хуралдсан их хүчний хэмжээг багцаалшгүй
Сэвгүй ариун номын чанарт урвах нь амгалан
Өөрийн сэтгэлд аяндаа түмэн орон илрэх нь
Өгүүлж хэлвээс туйлын амгалан болохыг ину
Өнгө хэлбэрт гадаад орон лугаа яахин зүйрлэхэв?
Өглөгийн эзэн үнэн сүжигт ахан дүүс та нарт
Өвгөн егүзэри миний өргөн барих бэлэг буюу
Өгүүлж дурьдсан номын баясгалангийн сайн ухаан нь
Өнөд бясалгал бүтээлч нарын их амгалан буюу !

Удирдагч Миларайва тийн хэмээн номлоод таван залуу гэлэнмаад увдис хийгээд авшиг соёрхсоны дараа сайтар бясалгуулахад удаж төдөлгүй сэтгэлд сайн ухаан төрсөнд Богд лам маш ихэд баясаад «Увдисын рашааны дуулал» нэрт доорхи гүр дууллыг эгшиглэн номловой:

Гэгээрсэн Бурхадын номын биет дээдийн багш
Гэтлэхүйн зөв зам мөрийг сайтар үзүүлэгч бөлгөө
Амьтан бүхнийг энэрэн нигүүлсэж тусыг хичээгч та
Арван зүг гурван цагт намайг үл огоороод
Авралт адистэдийн рашаан хурыг өгөн соёрх оо !
Номхон дүрээр бясалгал бүтээлд шамдагч та бүхэн
Номын үүд цаглашгүй олныг мэднэ буй за !
Тэнсэлгүй мөрийг бясалгах сайн хувьтан та нар
Тэр дундаа оюуны үндэс гүн байх учиртай шүү !
Буй биеэрээ Бурхан болон бүтэхээр шамдахдаа
Буртагт орчлонгийн хайр хүслийг огоот таягдаарай !
Атгаг хүслийн сэжимд сэтгэл чинь уяастай байваас
Алив сайн муу үйлийн тотгороос ангижирч чадалгүй
Амьтан хийгээд илүү доод төрөлд унах нь гарцаагүй !
Бурханы зам мөрд шамдагч шавь та бүхэн
Буяны садан багшийг сайтар хүндлэв гэж бүү омогш
Энэ мэтчилэн бодвоос хэрүүл тэмцэл үүдээд
Эцэс сүүлдээ тус эрдэм нэгээхэн ч үгүй хоцормуй
Тангарагт сахилыг хүртсэн номын садан та нар
Таагүй муу нөхөртэй хэрхивч бүү ханьсаарай !
Хэлж сургасныг минь зөрчвөөс муу сэтгэл үүсээд
Хэлбийгүү тийм сэтгэл тангараг сахилыг эвдмүй
Олдохуйяа бэрх номыг сонсож суралцахуй цагтаа
Омогт би хийгээд үгсийн төдийг бүү баримтлаарай !
Олиггүй тийм сэтгэл төрвөөс таван хор дэгжээд
Оюун санаа самууран буяны үндсийг шамшаамой
Олон нөхөд лүгээ хамт бясалгахуй цаг дор
Орчлон хорвоогийн хамаг үйлээс огоот хөндий байгтун
Үйл олон болвоос гүн нарийн бясалгал алгасармой
Үнэндээ тэгэх л бөгөөс Богдсын номын хувь дутмой
Амаар уламжлагдах нууц аргыг бясалгахуй цагт
Адистэдийн хүчээр чөтгөрийг номхотгох үйлийг орхи !
Ад чөтгөрийн үйлэнд шамдваас өөрт шулам шүглээд
Адаг сүүлдээ уналд орон ертөнцийн номтой холилдмой
Үнэн сайн туст эрдэм сэтгэлд бүтэхүйн цаг дор
Үзмэр төлгө хийгээд рид бэлгэсээс холхон яв
Чанд нууц мөрийн бэлгэс тэр хэрээр түрдээд
Чадан ядан хураасан тус эрдэм ч хомс болмой
Чандлан сэтгэлээ хатуужуулж энэ мэтсээс хол яв !
Нүгэлт идээг хүртэж бусдыг хууран мэхлээд
Нөгцөгсдийн сүнсний тухайд өглөг харамжийг горилж
Өөрийн хүслийг гүйцэлдүүлэхээр бусдыг зулгуйдах мэт
Өгүүлж хэлсэн нүгэлт үйлсийг үтэр таягдваас
Өнөд сайн буян дэлгэрэн өөрөө тонилмой

хэмээн номлохуй дор таван гэлэнмаа ийнхүү асууруун: “Богд лам та өөрийн бие өөрөө тонилохуйн ёсон ямар бүхийг айлдан соёрхох ажаам уу?” гэжээ. Мила Богд түүний хариу болгож доорхи гүр дууллыг айлдан номловой:

Үнэн ачлалт Богд багшдаа хичээнгүйлэн залбирмой
Үгээгүй надад хялбар бүтээхүй адистэд өгөн соёрх
Ховорхон заяат өсөх идэр гэлэнмаа та нар
Хот хүрээний буян бус нүгэлт балгасанд
Бурханы номыг сонсон суралцах хувь ерөөлтэй тул
Буруу мөрт үл одон над лугаа учирчээ
Буяны цагаан зам мөрд шамдсаны хүчээр
Буртаггүй ариун дээдийн багшийн адистэдийг хүртээд
Бусармаггүй үнэн сайн ухаан сэтгэлд төрмүй
Тэр мэт сайн ухаан төрсөн төдийхөнд бүү баярла
Тэмцэх мөр хэмээвээс өөрөө тонилохуйн увдис бөлгөө
Өглөг хүндлэлт таван гэлэнмаа та бүхэнд
Өвгөн егүзэри өөрөө тонилохуйн ёсонг номлосу !
Хүн харгүй аглаг уулнаа суухуйн цаг дор
Хүрээ хотын үймээнт амьдралыг бүү дурьдан сана
Балгасны үйлийг санаваас сэтгэл шимнуст түйдэх тул
Ба бүрэн сэтгэлээ эрхээшээвээс өөрөө тонилмой
Хичээл шамдал үүсгэн бясалгал дияанд суралцахуй цагт
Хэзээ мөдгүй үхэл ирэх ёсонг сэтгэ
Орчлон хорвоогийн зовлон нугуудыг дотроо сэтгэж
Олны жишгээр энэ насны жаргаланг үл дурдаад
Олдохуйяа бэрх хатуужил үүсгэвээс өөрөө тонилмой
Учрахуйяа бэрх гүн нарийн хөтөлбөрийг бясалгахуй дор
Увдис шидтэн гэсний зоргоор бүү дагагтун !
Өөрийн зоргоор тийн явбаас хөл халтирч
Өнгөрүүлсэн амьдрал ертөнцийн тоосонд хутгалдаж мэднэ
Өчүүхэн сэтгэлийг бариад өөрөө тонилохуйд шамдагтун !
Оюун сэтгэлд сайн ухаан төрөхүйн цагт
Омогшин хөөрөөд бусдад түүнийг бүү өгүүл
Огторгуйн дагинас тийн үйлдвээс таалахгүй учраас
Огоот алгасрал үгүй бясалгаад өөрөө тонилогтун !
Авралт дээдийн багш лугаа хамт явахуй цагт
Алив үйлийг нь сайн муу хэмээн бүү шинж
Шинжих л бөгөөс өөрийн гэм уул мэтийг үзэгтүн
Чигч ариун сүжгийг хичээж өөрөө тонилогтун !
Очирт ахан дүүс лүгээ хамт байхуйн цагт
Оногдсон суудал өндөр хэмээн бүү хөөрөгтүн !
Омогшиж тийн хөөрцөглөвөөс эв найр эвдэрч
Онцгүй сэжиг атгагт тангараг сахил эвдэрмүй
Олон лугаа зохиролдон нийцээд өөрөө тонилогтун !
Балгад хүрээний гудамжаар бадар барин явахуйн цагт
Балагт хуурмаг номоор бусдын эдэд бүү хомголз
Чивэлт муу заяанд түүний гороор унах тул
Чигч үнэнийг л гагц хичээгээд өөрөө тонилогтун !
Ерөөс аль ч цаг дор хаана ч байлаа гэсэн
Ертөнц дахинд хүндлэгдэх сэтгэлийг огоот тэвчигтүн !
Хоосон номчийн тийм дүрээр номонд түйдэх тул
Хорт хүсэл бүхнийг тэвчээд өөрөө тонилогтун !
Өөрөө тонилохуйн зам мөрийг хичээгч бүхэн
Өрөөл бусдын тусыг хамгаас дээр талбисугай !
Өөрт болоод бусдад тустай чухаг увдисыг
Өглөг болгон өгсүгэй сэтгэлдээ хадгалагтун !

тийн хэмээн номлон зарлиг болсонд таван гэлэнмаагийн сэтгэлд гүн бат сүжиг бишрэл төрөөд энэ насны жаргаланг тэвчиж, бясалгахуй үйлнээ машид хичээхээр шийдэцгээжээ. Тэр тав Богд ламд алтаар цогцлоосон мандлыг өргөн барих зуур үзэл, явдал хийгээд бясалгалын увдисыг хайрлан соёрх хэмээн гуйж гэнэ ээ.

Миларайва лам тэдэнд хандан: “Алтан мандлыг та бүхэн өөрсдөдөө үлдээж буяны зам мөрд шамдахдаа хүнс болго ! ” хэмээгээд «Адилтгашгүй үзэл, явдал, бясалгалын гүр дуулал»-ыг айлдан номлохуй дор таван гэлэнмаа анхааралтай сонссон хойно бас ийн асууруун: “Бид бүхэн Богд лам таны сая айлдан соёрхсон эндүүрэл үгүй арга номын дагуу бясалган явахуй дор үндсэн ламд чин үнэнээр залбирах нь л ялгуусан найдвартай газарчин болох учиртай юу? Эсвэл түүнээс үлэмж дээдийн газарч байдаг уу?” хэмээхэд Мила Богдын амгалан царайд инээмсэглэл тодроод: “Дээдийн багшийг удирдагч болгох нь зүйрлэн хэлвээс модны үндэс лүгээ ижил юм. Гэхдээ аливаа модонд үндэснээс гадна гол хийгээд мөчир салаа бас л чухал шүү дээ. Түүний үлгэрлэл нь дорхи мэт болой” хэмээгээд эдгээр шүлгүүдийг номлоруун:

Ачит лам, увдис хийгээд шавь нугууд гурав
Асар хичээнгүй, хатуужил хийгээд чин бишрэл гурав
Ариун билиг, нигүүлсэхүй хийгээд сайн ааль энэ гурав
Ашид бясалгалчин нарын сайн газарчин нь буюу
Самуун үгүй элчилгүй аглаг орон нугууд нь
Самади дияаныг хувь нэмүүлэгч газарчин буюу
Сацлал үгүй шидэт дээдийн Богд лам нь
Санаа сэтгэлийн будангуйг арилгагч газарчин буюу
Дэмий атгаг сэжиггүй чин сүжиг бишрэл нь
Дээдийн төрөлд егүзэрийг удирдах газарч буюу
Дарайсан тоост таван эрхтний атгаг сэжиг нь
Даамай сайтар тонилгогч сайн газарчин буюу
Хутагт зарлигийн үндсэн ламын увдис нугууд
Хуудуугүй гурван биеийг үзүүлэгч газарчин буюу
Авралын орон Бурхан, ном, лам гурав нь
Ашид эндүүрэлгүй хөтлөн залагч газарч буюу
Дээр өгүүлсэн зургаан сайн газарчинг дагаваас
Дээдийн амгалант өргөн талд төвөггүй хүрмүй
Илбэ жилбэ мэт нүд хуурсан вишайгаас ангижирвал
Илт өөрөө тонилохуйн зам мөр аяндаа тодормой
Үймцэн самуурахын агаар үгүй агуй гэртээ
Үзэл мэдлийн аливаа тотгор арилсан нь гайхамшиг
Өндөр уулын хүнгүй суган дахь улалжин гэртээ
Өвгөн егүзэри би жаргалант эгшгийг дуулмой
Алдар нэр минь арван зүгтээ хур мэт түгээд
Асрахуй сэтгэлийн цэцэгс цоморлигоо дэлгэх болтугай !
Авралт бодичид сэтгэлийн үрс боловсрон дэлгэрээд
Ариун Бурхан номын үйлс хамгаа түгээмэл болтугай !

Богд Миларайва тийн хэмээн сайтар номлохыг гэлэнмаа нар сонсож гүйцээд сэтгэл дотроо: “Мила Богд аль ч газар оронд залран суусан түүний хувьд адилхан тул бид түүнийг өөрийн орондоо залж аваачсугай ! ” хэмээн санацгаажээ. Тэгээд Мила Богдод хандан ийн өчрүүн: “Дээдийн багш минь ээ ! Таны сэтгэлийн ахуй орон нэгэнтээ үймцэх самуурах тэргүүтэн гэм нүгүүдээс огоот ангижирч чадсан болохоор дорд биднийг нигүүлсэн өршөөж бидний улсад саатан морилох ажаам уу? Та тэр газар очоод сайн өглөгийн эздийн өргөсөн хүндлэл буяныг хүртэн, сацлал үгүй номын хүрдийг эргүүлж хамаг амьтнаа тус болон соёрх !” гэжээ.

Мила Богд түүний хариуд ийн айлдаруун: “Би өдгөө аглаг уулнаа бясалган суух нь бас л хамаг амьтны тусыг үйлдэн зохиож байгаа хэрэг билээ. Хэдийгээр миний сэтгэл сэжиг атгагаас ангижирч үймцрэл, төөрөгдлийг эгнэгт таягдан хаяж чадсан боловч эзгүй зэлүүд уулнаа ашид суухуй нь эртнээс нааш аливаа егүзэри нарын тогтсон дэг жаяг болой” хэмээгээд доорх шүлгийг эгшиглэн номложээ.

Үлэмж шид бүтээлээр багшийн ачийг хариулсу
Үндсийг минь боловсон болгох адистэд өгөн соёрх !
Энд суун бясалгагч төгс хувьт шавь та нар
Эргэлзэн алгасралгүй чихний эрхтнээ өгч сонсогтун !
Эндүүрэлгүй гүн утгасын увдисыг эгшиглэн дуулсугай !
Цасан бүрхүүлт цавцайх уулын цагаан арслан
Цаг ямагт цас мөст таг хярыг бардаадах нь
Аливаа араатан гөрөөснөөс аюусан хэрэг огт бус
Аймшиггүй зоригт түүний баатрын ёсон энэ буюу
Улаан хадан дахь шувуудын хаан хажир шувуу
Уудам огторгуйн энгээр жигүүр дэлгэн нисэх нь
Өнгийм сүрлэг ангалаас аюусан хэрэг огт бус
Өндөр огторгуйгаар нисэх баатрын ёсон энэ буюу
Олон мөрөн цутгах их далайн мандал дээр
Оломгүй хүчит дулан загас цойлон үсчих нь
Амьсгал тасалдан бүтэх вий гэж аюусан хэрэг огт бус
Аварга дулан загасны баатрын ёсон энэ буюу
Үзэсгэлэнт Мон улс дахь уулын модны мөчир дээр
Үймүүлэгч самж бич нүгүүд хөөцөлдөн цэнгэлдэх нь
Хатуу газар унах вий гэж айсан хэрэг огт бус
Хамаг сармагчин нугуудын баатрын ёсон энэ буюу
Зузаан ягч ургасан аглаг ойн төв дунд
Зургар судалт догшин барс дүүлэн харайх нь
Алив бэрхээс аюуж дутаасан хэрэг огт бус
Алаг барс нугуудын баатрын ёсон энэ буюу
Арслангийн хоргот балар шигүү Сингали ой шугуйд
Адилтгашгүй Миларайва хэмээх егүзэри би бясалгах нь
Ариун зам мөр саарч балрахаас аюусан хэрэг огт бус
Ашид ийн бясалгах нь угаас баатрын ёсон буюу !
Машид арилсан номын чанарын гэгээн мандалд
Магад алгасрал бээр үгүйеэ эеэр сайтар авахуй нь
Утгасыг эндүүрэх вий гэж аюусан хэрэг огт бус
Угаас сэтгэлийг оньслон бясалгах баатрын ёс ийм буюу
Гэгээн дусал, судал хийгээд хийг дотроо бясалгахад
Гэмт тотгор, эндүү ташаарал хааяа төрөх нь
Арга номонд алдаа цалгар гарсан хэрэг огт бус
Аху ёсонг үтэр онохуйн ёсон ийм буюу
Аливаа баримтлахгүй номыг зөнгөөрөө бясалгахуй дор
Аажим хурдан гэх мэт олон зүйл тохиолдох нь
Алжааст нисваанис, атгаглан автах хоёр түйтгэр бус
Арга номын хувирахуй ёсон угаас ийм буюу
Элдэв янзын оюуны үндэст хамаг амьтанд
Эвдэршгүй ач үрийн номыг сайтар номлох нь
Энгүй бясалгалын үйлийг самууруулах хэрэг огт бус
Эндүү төөрөгдлийг тод болгох үнэн үгс буюу
Өөрийн ёсонг хичээгч их бясалгагч егүзэри нар
Өнгө тунамал орчлонгийн хүслийг огоот тэвчих нь
Өндөр дээд нэр төрийг эрхэмлэсэн хэрэг огт бус
Үнэндээ орчлонгоос уйсахуйн ёсон ийм буюу
Өгүүлшгүй гүн нарийн номыг бясалгагч егүзэри би
Өндөр уулын хадан агуйд ашид суухуй нь
Өнгө заслын төдийхөн хуурмаг явдал огт бус
Өөрийн амгаланг бүтээхүйн ёсон угаас ийм буюу
Хутагт Миларайва миний аялгуу эгшигт энэ дуу
Хуудуутай хуурмаг үгсийн төдийхөн огт бус аа
Хуран чуулсан чин бишрэлт шавь та нарт
Хувь ерөөлтэйн тул гүн нарийн увдисыг сонсговой !

хэмээн айлдан номложээ. Таван гэлэнмаа Мила Богдоос ийн асууруун: “Хүн харгүй аглаг уулнаа амьдран суух хэдий тааламжтай ч бясалгал бүтээлийн хүчийг улам дэвжээхэд тустай дияаны өргөө байвал бүр илүү гэлцдэг? Та юунд тийм өргөө нэгийг барьдаггүй юм бэ?” гэхэд Миларайва лам түүний хариуд: “Надад санаанд нийцтэй тийм дияаны өргөө болон бусад бясалгал бүтээлийн хүчийг дэвжээх зохист шалтгаан буй бөлгөө” хэмээгээд доорхи гүр дууллыг эгшиглэн номложээ:

Чандмань эрдэнээс өөрцгүй багшийн өлмийд сөгдмү
Чармайлт хөвгүүн надад зохист сайн шалтгааныг өгөх соёрх
Энэ биеэр Бурханы лагшингийн хоргод орох аргыг
Эндүүрэлгүй магад мэдэн судлах завшааныг хайрлан соёрх !

Алив аюулаас эмээж нэгэн гэрийг байгууллаа
Аль хэмээвээс тэр нь номын чанарын хоосон буюу
Ашид эвдэрч нурахаас ангид билээ тэр гэр минь !

Тэсгим хүйтнээс айж эмээгээд хувцас оёлоо
Тэр нь аль хэмээвээс Зандалийн илчит гал буюу
Тэгснээр даарахын зовлон аяндаа амирлалаа

Үгүйрэн хоосрох вий гээд нэгэн эдийг оллоо би
Үнэлшгүй тэр эд нь хутагтын долоон эрдэнэ буюу
Үүнээс хойш ядуурлыг таягдан хаяж чадлаа

Өлөн гэдэс хонхолзох вий гээд идээнийг хайлаа
Өнө мөнхийн тэр идээ нь номын чанарын самадис буюу
Өнөө би өлсөхийн зовлонгоос үл аюумой

Ангаж цангахаас эмээгээд нэгэн ундааг оллоо
Аль хэмээвээс зөв дурьдахуйн рашааны дарс буюу
Ам цангах зовлонгоос аюухаа болилоо би

Уйдах вий хэмээн эмээгээд туст нөхөр нэгийг оллоо
Угтаа аль хэмээвээс хоосон чанарын амгалан буюу
Уйтай ганцаардлаас түүний хүчинд аюухгүй боллоо

Аяны уртад төөрөх вий гээд нэгэн замыг эрлээ
Асар өргөн тэр зам нь хослон орох мөр буюу
Алмайран төөрөхөөс түүний хүчинд айхаа болилоо

Хосгүй үнэтэй эдгээр эрдэнэсийг эрхшээсний хүчинд
Хорвоогийн хаана ч амьдран суухуйд сэтгэлд таатай !

Өндөр сүрлэг уулсын орон Ёлмо Бринд
Өлөгчин барсын архирах дуунд сэтгэл уясмой
Эрээн цоохор бяцхан бамбар нь тэрхэн мөчид
Ээжийнхээ дэргэд эрхлэн наадаж байгааг санахуйд
Эрхгүй надад бодичид сэтгэл аяндаа төрөвэй !

Хүн харгүй аглаг уулнаа бясалган суухуй дор
Хөгшмөл самжын хашгирах дуу чихнээ сонсогдмой
Элэг зүрх минь тэрхэн мөчид уясан хайлахад
Энхрий бяцхан моншнууд эрхлэн нааддагийг санаад
Эргэлт буцалтгүй бодичид сэтгэлийг бясалгавай !

Хөвчийн модонд хөхөө шувуу яруухан донгодоход
Хөглөгдсөн сэтгэл минь уясаж нулимс алдууравай
Жиргэмэл шувуухай завсар чөлөөгөөр хөг нэмэхэд
Жигтэйхэн баясаад чих тавин удтал сонсовой.

Зуун шувуудын яруу эгшиг сэтгэл сэргээгээд
Зуурдын нөхөр үймүүлэх зүйлгүй нэн бахтай !
Аглагийг шүтэгч егүзэри миний бясалгалын энэ дуу
Алжааст нисваанисыг дарж гэтлэлийг олгох болтугай!

тийн хэмээн номлосонд таван гэлэнмаад орчлонгоос уйсах магад гарахуйн сэтгэл гүнээ төрсөнд уулнаас хэзээ ч үл буусугай хэмээн Мила Богдын өмнө тангарагласнаар удалгүй бүгд магад үнэн бясалгалын хязгаарт хүрцгээжээ.
Түүнээс хойш удаж төдөлгүй Ядам Бурхан нь Мила Богдод вивангиридийг соёрхож өгүүлрүүн: “Чи Төвдийн оронд очоод элчилгүй оронд бясалгах агаараар амьтан бүхний тусыг хичээн үйлдэгтүн ! Тийн үйлдвээс шажин болоод амьтнаа тус болох болой” хэмээн зарлиг болжээ. Тэгснээр Миларайва ламын сэтгэл Төвд орон лугаа уягдаж тийш өөд болж гэнэ ээ. Энэ болвоос Мила Богд Ёлмо цаст уулнаа заларсан бөлөг болой.

Орчуулсан Д.Болдбаатар

Холбоотой Аудио: Сонсох

    Бусад мэдээлэл