Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Буддизмын хөгжил, салбар чиглэлүүд

Буддаг насан өөд болсоноос хойш Маха Кашьяана 2 дахь их багш болон түүний үйл хэргийг үргэлжлүүлсэн бөгөөд түүний халааг Ананда авчээ. Энэ мэтээр олон үеийг дамжсан ч Буддизмийн үндсэн онолд хүчтэй өөрчлөлт шинэчлэлт хийсэн нь 14 дэхь үеийн багш Нагаржунай байв. Нагаржунай энэтхэгийн төв хэсэгт хувраг эцэг, язгууртан ээжийн хүү болон мэндэлж баг наснаас сүмд шавилан сууж ном үзжээ. Нагаржунайн Буддизмд хийсэн томоохон өөрчлөлт нь Мадхьямака хэмээх урсгалыг үндэслэсэн явдал юм. Түүний үндэслэсэн эл урсгалыг монголчууд дундад үзэл, төвт үзэл хэмээн нэрлэсэн байдаг бол баруунд нигилист үзэл хэмээн тархжээ. Эл үзэлд анхлан Буддагийн оруулж ирж байсан хоосон чанарын ойлголтыг гүнзгийрүүлэн судалжээ.

Тэрээр "Мадхъямакарарика" хэмээх зохиолдоо :

Буй хэмээх мөнхийн үзэл
Үгүй гэх тасархай үзэл
Эрдэмтэн мэргэд
Буй хийгээд үгүй дор бүү оршихтун хэмээсэн нь төв үзлийн үндэслэл болсон байдаг. Буддын гүн ухааны төв үзлийн үндэс нь Шунъятын сургаал буюу Хоосон чанарын сургаал юм.

Түрдэх үгүй төрөх үгүй
Тасархай үгүй мөнх үгүй
Ирэх үгүй одох үгүй
Ангид утгат бус нэгэн утгат бусыг
Туулсан Бурхан дор мөргөмой
хэмээн найман үгүйсгэлийг дээрх сургаалд номлосон байдаг. Энэ үзэл нь юмс үзэгдлийг нэг талаас хоосон зай, нөгөө талаар чанарын үндсэнд оршино гэж үздэг. Өөрөөр хэлбэл бүх юмс үзэгдэл чанарлаг гэхдээ хоосон зайд хормын зуур оршдог гэсэн үг юм.
Буй бус , үгүй бус
Буй үгүйгээр бус
Энэ завсар дор
Хамаг бүхэн хуръюу гэж Сэтгэгч Нагаржунайн тодорхойлсон байдаг.
Энэ нь
Мөнх нь мөнх бус
Буй нь буй бус
Ариун нь ариун бус
Жаргал нь зовлон
гэсэн номлолтой дүйж очдог.

Түүнийг номын хүрдийг 2 дахиа эргүүлэгч Дэд Будда хэмээн цоллосон байдаг бөгөөд амьд ахуйдаа өөрийн сургааль номлол нийт 200 гаруй судар нэгтгэн бичиж байжээ. Түүний үзэл бодлын хамгийн гол тусгал болсон Данжуурын боть монгол хэлнээ буугдсан байдаг.
Нагаржунай бодьтой бүхэнд итгэх үзлийг өрөөсгөл хэмээн үзсэн бөгөөд бидний бодьтой хэмээн мэдэрч буй бүхэн бодьтой байх албагүй аливааг бий ч гэх аргагүй огтоос үгүй ч гэх аргагүй гэж номложээ. Үүнээс нь үзэхэд сэрэл мэдрэмж заавал үнэн байх албагүй гэсэн философийн санааг дэвшүүлэн гаргасан бололтой. Мань эрийн тэртэй 1800 аад жилийн өмнө бодож олсон энэхүү бодьтой бүхэнд итгэх аргагүй гэсэн санааг ах дүү Вачовский нар тэртэй хойно Матрикс хэмээх кино болгон амилуулсан бололтой.
Мөн түүний суралцах танин мэдэх арга зам нь тун чиг сонирхолтой байсан бөгөөд мэдлэг гэдэг хүнд тээр дарамт эргэлзээг өгөхөөс цаашгүй иймд эрс ондоо замаар танин мэдэх хэрэгтэй гэж үзээд танин мэдэхүйн өөр арга зам олохыг зөвлөжээ. Ер нь буддизмийн гол ухагдахуун санаануудийн нэг нь энэ бөгөөд эрдэм мэдлэгийг өөрөөсөө гаднаас ном судраас биш өөрийнхөө дотроос эрж хайхад ихээхэн анхаарсан байдаг бөгөөд тйимдээ ч буддийн бүх л том лам нар номын санд бус ой шугуйд даян хийн ертөнцийн амьдралаас тасарч тайвнаар бодож бясалгасаар өөрийн үнэнд хүрсэн байдаг.
Орчин үед Буддизмын үндсэн 2 урсгал байдаг гэж үздэг ба энэ нь Махаяна ба Хинаяна буюу Их хөлгөн ба Бага хөлгөний урсгалууд юм. Мэдээж хэрэг энэ 2 чиглэлийн бүх нарийн ширийн ялгааг тоочих нь хэт нуршуу бөгөөд бараг боломжгүй тул тодорхой нэг асуудал дээр авч жишээ авч үзье. Хинаяна урсгал нь гэгээрэлд зөвхөн лам хүн хүрэх боломжтой гэж үздэг бол Махаяна урсгалд гэгээрэлд ямар ч хүн хүрэх боломжтой гэж үздэг.
Бид бүхэн энд Буддизмын нэг салаа мөчир болох Зэн-буддизмын талаар арай илүү мэдээлэл хүргэхийг зорьсон ба энэ нь бид энэ чиглэлийг Буддын сургаалийг хамгийн ихээр өөртөө шингээсэн урсгал гэж үздэгтэй холбоотой юм. Зэн-буддизм нь манайхны баримталдаг Махаяна буюу Их хөлгөний чиглэлд хамрагддаг ба Хятад болон Японд эрчимтэй хөгжсөн, өдгөө барууны ертөнцөд тэргүүлэгч байр суурьтай байгаа дорно дахины өвөрмөц сэтгэлгээний нэгэн чухал, гол чиглэл юм. Шагжимуунийн 21 дэхь үеийн залгамжлагч болох Бодидармаа 520 оны үед Хятадад ирж Шаолины хийдэд суурьшин, буддын бясалгалын ухааныг дэлгэрүүлсэн гэдэг. Бодидармаа шашиний уламжлал, ариун судрын номлолыг дагалгүйгээр шууд гэгээрэх арга замыг заасан нь Зэн бөгөөд түүнээс Буддизмын мөн чанар юу болохыг асуухад:
- Ямар ч ариун нандин зүйл үгүй хов хоосон хэмээжээ. Зэн нь гагцхүү өөрийн дотоод оюун билигт найдаж гэгээрэх учиртайг заасан, Буддагаас хойш гагцхүү шууд хэлбэрээр дамжиж ирсэн сургааль хэмээн ойлгож болно.
Зэнгийн үүднээс гэгээрнэ гэдэг нь туйлын амар амгаланг олох, түүнийхээ үрээр бүхий л хорвоогийн мөн чанар хоосон болохыг ухаарах болно. Бясалгал нь гэгээрэлд хүрэх зам мөн бөгөөд бясалгах гэдэг нь ямар нэг зүйлийн тухай анхаарлаа төвлөрүүлж, сайтар эргцүүлэн бодох биш, харин сэтгэлээ цэвэр ариун байлгах, бүр энэ амьдралд хамаатай юуг ч бодохгүй байх юм. Нөгөөтэйгүүр, зэн-буддизмын үүднээс ертөнцийг харна гэдэг нь сэтгэлгээг хязгаарлахгүй, логикийн хүрээнд баригдахгүй, тэгсэн атал нэг тийш хэлбийж туйлшрахгүй, аливааг байгаагаар нь, бодитой, өргөн утгаар харна гэсэн үг юм. Зэн нь үхсэн хойно ч юм уу, нөгөө ертөнцөд хэрэг нь гардаг гүрэм дом биш юм.
Нэг үгээр, сэтгэлгээгээ машид чөлөөлөх үйл явцыг Зэн гэж ойлгож болно, аливааг буй байдлаар нь танихад янз бүрийн үзэл суртал, онол таамаг, баримт нотолгоо, үгүйсгэл тохуурхал гэх мэт олон зүйл саад болдог. Жишээ нь, хүмүүс хайртай дуртай зүйлээсээ бурууг олж хардаггүй, тэрчлэн дургүй юмнаасаа зөвийг олж харж чаддаггүй. Аль алинаас нь ангижирч байж л үнэнийг олж харна. Зэн-буддимзд Бурхан бий, байхгүйн тухай ярьдаггүй, учир нь байна ч гэсэн, байхгүй ч гэсэн аль нэг тийш хэлбийж, хүний сэтгэлгээг хязгаарлахад хүрнэ.Энэ сургаалийн гүнд бүхнийг үгүйсгэх үзэл буй мэтээр хүмүүс ойлгодог. Гэвч үгүй юм, Зэн юуг ч нотолж, юуг ч үгүйсгэдэггүй. Эцсийн эцэст гачигдал зовлон гэдэг бол бодитой юм биш, чамд л зовлон мэт санагдаж байгаагийнх, жаргал цэнгэл ч ялгаагүй, чамд л тийм сэтгэгдэл төрж байгаа болохоос биш үнэндээ аль аль нь хоосон юм. Тэгэхээр шунаж тачааж, мууг хийж, бусдыг дорд үзэхийн ашиг гэж алга байгаа биз? Гэвч энэ нь арчаагүй ядуу, юуг ч үл мэдрэн хайнга яв гэсэн үг биш. Баяжихыг хүсэх болон баяжих боломжоос татгалзах нь аль аль нь туйлшрал юм. Зэн бол хаашаа ч хэлбийж хазайхгүй явахад хөтөлдөг. Амьдралыг амьдрал чигээр нь ойлгох хэрэгтэй, хамгийн үнэн байдлаар нь. Үүнд л Зэнг судалж мэдэхийн аугаа их ашиг тус оршиж байгаа юм.
Буддизм нь дотроо маш олон салбар болон задрах ба зарим нэг асуудал дээр ялгарах боловч бүгд Буддагийн боловсруулсан Хутагтын 4 үнэн болон Хутагтын 8 шүүлт мөрийг үндэслэл болгодог юм.

    Бусад мэдээлэл
    2012-02-19