Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Үхэл амьдралыг бясалгахуй

Үхэл амьдралын үргэлжлэх хугацаа
Амьсгал авах гаргах төдий агшин
Амьсгалах тоолондоо амьдралыг мэдэр
Амьсгал гаргах бүрдээ үхлийг санаж ухаар
Амьдралын хаалгаар хөл тавьсан мөчөөс
Амьсгал авах тоо чинь эхэлсэн шиг
Амьсгал гаргах тоолуур тань бас гүйж
Үхлийн үүд рүү ч мөн дөхөж эхэлсэн байна
Амьдрал тэгэхлээр үхлийн эхлэл нь
Үхэл харин түүний төгсгөлийн агшин
Амьдралын эхэнд уйлж та ирсэн бол
Үхлийн босгонд уйлуулж бусдаар үдүүлнэ
Амьдралыг бид эхлүүлдэггүй шиг ээ
Амьдралд мөн эцсийн цэг ч тавьдаггүй
Одон гаригууд оршдогоороо л оршиж
Орчлон хорвоогийн цаг хугацаа улиран одно
Амьдрал эхлэж бас төгсөх тэр өдрүүдэд
Алтан нар нэг л янзаараа мандаж жаргаж
Хавирган сар ч урьдынхаараа мөн гийж
Хорвоо дэлхийд байдаг л нэгэн өдөр тохионо
Хорвоогийн өдөр бол бидний амьдрал
Харанхуй шөнө нь харин түүний үхэл нь
Өдөр шөнийн хооронд орчлон орших лугаа
Үхэл амьдралын завсар хорвоо эргэлдэнэ
Хорвоогийн өдөр шөнө ээлжлэн ирэх нь жам ёс
Харин түүний хувьд өнгөрсөн ба ирээдүй гэж үгүй
Аяа энэ орчлон мөнхийн одоо цаг дор орших адил
Амьдрал үхэл хоёр ээлж дараалан мөнхөд солигдоно
Амьдрал нэг л өдөр ирсэн шиг ээ
Аяа үхэл биднийг нэгэн шөнө л угтана
Амьдрал үхэлд эрт ба оройтох гэж үгүй
Аяа тэд товлосон цагтаа үргэлж бас ирнэ
Амьдрал үхэл гарцаагүй ирэх аваас
Амьдралд юунд хорогдож бас шунах
Айж мөн үхлээс зугтах шалтгаан юун
Адил сэтгэлээр угтан үдэх нь жам бус уу
Амьдрал гэдэг сургалт хичээл
Үхэл түүний шалгалт дүн нь
Амьдарч чадаагүй сурагч хүн
Үхлийн сорилтонд унах нь ёс
Амьдрал үхлийг ухаарч таньсан нэгэн жил
Амьдарсан ч сэхээрээгүй зуун жилээс дээр
Амьдарч буй үедээ хором бүрийг мэдэрвээс
Амьдралыг орхих мөчид үхлийг таньж ухаарна
Амьдралаас тань үхэл урган соёлж
Үхлээс чинь мөн амьдрал мэндэлж
Амьдрал үхлийн энэхүү тойрог уяа
Ахин дахин үргэлжлэн хөвөрч цувирна
Цувирч буй бүхэн мөнх бус гэдэг хэдий ч
Цувирал нь өөрөө эцэс ба төгсгөлгүй тул
Мөнх дотор мөнх бус оршихын адилаар
Мөнх бусаас мөнхийн зүй тогтнол бүтнэ
Мөнхөд тэмүүлэх амьдралын дотор ч
Мөнх бусын үхэл өөрөө мөн нуугдана
Үхэл амьдрал хоёр ийнхүү шүтэлцэж
Үүрд мөнхөд харилцан сүлэлдэн оршино
Нэг өдрийн настай шавьжны хувьд
Өглөө үдшийн ялгаа нь утгатай байдаг ч
Нэгэн эрин зуунтай жишвэл харин тэр нь
Өдрийн нарны гялбаа төдий өчүүхэн хором
Энэ бидний амьдрал ч мөн адил
Эрин зуундаа учиртай байж мэдэх ч
Эцэс төгсгөлгүй орчлонгийн цаг дор
Эгэл шавьжны наснаас өчүүхэн бас ахар
Амьдралын хором бүрийг ухамсарлаж мэдрэх нь
Амьдралын маань зорилго бас түүний туршлага
Амьдралын үйлдэл бүхнээ бясалгалд урвуулах нь
Амьддаа үхлийг таних агшин буюу бясалгахуй
Амьдрал үхэл гэдэг нэгэн зоосны хоёр тал аваас
Аз болоод ад мэт тэднийг ангид эсрэгээр үзэх нь
Айдас зовлонг үхэлтэй жишиж зүйрлээд бас
Аз жаргалыг амьдрал гэхийн ижил мунхаг сэтгэл
Зовлонг туулж байж гэмээнэ зол жаргалд хүрнэ
Зол жаргал хийгээд зовлон гэдэг амьдрал ба үхэл хоёр
Зовлон ба үхэл гээч зоосны чинь нөгөө тал нь харин
Зол жаргал хэмээх амьдрал тань мөн биш үү хүмүүс ээ

Ө.Батболд

    Бусад мэдээлэл