2013-11-18 | Нийтэлсэн:admin | Үзсэн:10702
Өргөл гэдэг нь өглөгийн хүндэтгэлийн нэр бөгөөд эрдэм хийгээд дээд ачлалын оронд зорин өргөдөг болно. Эрдмийн орон хэмээх нь бурхан ном хувраг багш, ачлалын орон хэмээх нь эцэг эх тэргүүтэн хүндэтгэлийн орнууд болой. Ялангуяа бурхан, ном, хувраг, багш зэрэг эрдмийн оронд харамгүй чин сэтгэлийн өргөлийг өргөдөг уламжлалтай.
Эрт цагт хаан түшмэл хоёр болон тоглож байсан хоёр хөвүүн бурхан багш заларч байгааг үзээд сүжгийн сэтгэл ихэд төрж түшмэл болж байсан хүүхдийн нуруун дээр хаан болон тоглож байсан хүүхэд гарч бурхан багшийн бадар аяганд атга дүүрэн элс өргөжээ. Бурхан багш тэр үед Анандад “Надад атга элсийг өргөсөн хөвүүн надаас хойш зуун жилийн дараа Ашок нэртэй номт хаан болон төрж өргөсөн элсний тоогоор суврага шүтээнийг бүтээн хэмжээлшгүй их буян хураана” хэмээн айлдсан гэдэг. Энэ мэт үнэн ариун сэтгэлийн өргөлийг өргөсөний тус эрдэм хязгааргүй болой. Өргөл нь их бага хэмжээндээ бус үнэн ариун сэтгэлээсээ байх нь чухал.
Өглөг гэдэг нь гол зонхи өөр лугаа чацуут болон доод оронд эд зүйлс хийгээд эрдэм мэдлэгийг өгөхийг хэлнэ. Өглөг нь хармын сэтгэлийг дарах ерөндөг бөгөөд дотор нь эдийн, аюулгүйн, асралын, номын гэж ангилдаг.
Эдийн өглөг нь бусдад хэрэгцээтэй болон дутагдаж байгаа эд зүйлсийг өгөхийг хэлнэ. Аюулгүйн өглөг нь бусдын амь нас, бие мах бодийг аюул хорлол, гал усны гамшиг зовлонгоос аврахыг хэлнэ.
Асралын өглөг гэдэг нь бусдад сэтгэл зохистой сайхан үг өгүүлэх, урам өгөх, хүндэтгэх, өргөж түших, бог буртгийг нь цэвэрлэх, аманд нь юм өгөх зэрэг болно.
Номын өглөг гэдэг нь номыг үнэн зөв зааж үзүүлэх, номд оруулах зэрэг болой.
Хандив гэдэг нь алив нэг буяны арга хэмжээнд эд таваар биет зүйлс, мөнгө төгрөгөөр дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хэлнэ.
Өргөл, өглөг, хандив өргөж өгсөний үрээр энэ ба хойтдоо насан урт болох, өндөр язгуурт болох, эрхтэн бүтэн, эн тураг тэгш, өнгө сайт болох, бусдад өгөх юмтай болох, дэмжин туслах, найз нөхдөөр дутахгүй болох, бусад хүн түүний үгэнд итгэдэг болох, үг тушаалыг нь биелүүлдэг болох, өөрт аюул зэтгэргүй болох, бусдыг хамгаалан туслаж чадах, ажил хэрэг бүтэх, зорьсондоо хүрэх, эрүүл, хүч баттай болох, хүссэн эрдэмд хүрэх тэргүүтэн тус эрдэм их гарна.
Ерөөс шалтгаанаас үр гардаг болохоос хүссэн төдийгөөр болдоггүйг мэдэх нь чухал.