2015-07-09 | Нийтэлсэн:admin | Үзсэн:14636
Энэ удаад Н.К.Рерихийн 1928 онд бичсэн нэгэн алдарт өгүүллийг орчуулан хүргэж байна. Түүний энэ болон бусад олон бүтээл, мөн Түвд болон Манжуурт явуулсан экспедицийг тойрсон их маргаан одоо болтол намжаагүй байна. Зарим нь зохиолчийн хийсвэрлэл гэнэ, зарим нь үнэхээр Шамбалыг хайсан гэнэ, зарим нь улс төрийн зорилготой байсан гэхчлэн. Ямар ч гэсэн Н.К.Рерих Буддын гүн ухаан, Шамбалын талаар ихээхэн мэдлэгтэй байсан нь тодорхой байна. Гэхдээ энэ өгүүллийг тэрбээр европчуудад зориулж бичсэн нь тодорхой юм. Чингэхдээ нэгэн эрдэмт ламтай хийсэн ярианы хэлбэрээр дүрслэн бичсэн юм. Олон хүн энэ яриа үнэхээр болсон гэдэгт итгэдэг. Харин Шамбалыг бол монгол хүн болгон мэдэх, үгүй ядахдаа сонссон байдаг билээ. Орос нэр томъёог монгол руу буцааж орчуулахад олон хэлний нэр томъёо, дуудлага холилдсон ихээхэн бэрхшээл учирч чамгүй олон алдаа мадаг гаргасан буй за. Энэ бол миний мэдлэгийн түвшинд хүчрэх ажил биш боловч ямар ч гэсэн агуу их хүний бүтээлийн гол санааг ч болов уншигчиддаа хүргэхийг хичээлээ. Энэ дашрамд хэлэхэд намайг Шамбалыг хайгаад хадуураад явчихсан гэж бүү ойлгоорой. Би хийдэг ажлаа хийж, судлах юмаа судалж л байгаа…
Ламтаан, Та надад Шамбалын тухай ярьж өгөөч!
Барууныхан Та нар Шамбалын тухай юу ч мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй биш бил үү. Ажаад байвал чи сониуч зангаар асууж байна, энэ нандин үгсийг хамаагүй хэлж болдоггүй юм.
Ламтаан. Шамбалын талаар Танаас би санаандгүй асуугаагүй. Янз бүрийн нэртэй энэ агуу их бэлэгдлийн тухай хүмүүс хаа сайгүй мэддэг юм. Манай эрдэмтэд энэ гайхамшигт орны тухай сураг ажиг болгоныг цуглуулж байдаг. Чома де Кёрёш буддын хийдүүдэд олон жил амьдрахдаа Шамбалын тухай мэдэж авсан. Грюнведель гэдэг хүн алдарт Ванчин Богд (Тайши лам), Пэлдэн–Иш нарын “Шамбалд хүрэх зам”-ын тухай номыг орчуулсан. Ховор нандин нэрийн дор агуу их үнэн нуугдаж байдаг гэдгийг бид мэдэрч байгаа. Үнэнээ хэлэхэд шаргуу эрдэмтэн хүн Калачакрын тухай бүхнийг мэдэх гэж байж ядна шүү дээ.
Судлаачийн тайлбар: Н.К.Рерих энэ бүтээлдээ Калачакра гэх самгарди буюу санскрит нэр томъёог олонтаа дурдсан байгаа. Үүнийг түвдээр Дүйнхор (ном), монголоор Цагийн Хүрдэн (ёс) хэмээн нэрлэдэг. Монголд Дүйнхорын дүр хийгээд торгон зураг одоо ч асар олон бий. Монгол бичмэл Ганжуурын эхний ботид энэхүү Цагийн Хүрдэний онолын дээд оргил болсон “Цогт цагийн хүрдэн нэрт дандарисын хаан” хэмээх их хөлгөн судар байдаг бөгөөд энэ нь даруй Калачакрын монгол нэр болно. Буддын Махаяна буюу Их Хөлгөний номлол дахь нэг гол салбар нь тарнийн аймаг болно. Үүнийг дандар, олон тоон дээр дандарис гэдэг. Калачакра нь монгол Ганжуурын эхний ботид байгаа боловч тарнийн аймгийн бусад олон зохиолууд Ганжуурын 23 болон бусад олон ботиудад буй. Монголын үе үеийн эрдэмт сэтгэгчид бараг бүгдээрээ Цагийн Хүрдэнийг гүнзгийрүүлэн судалж, асар олон ном зохиол туурвиж байсныг бодоход Буддын эл чиглэл ихээхэн ач холбогдолтой, монголд түгээмэл байсан. Одоо ч байгаа…Энд ярьж буй Цагийн Хүрдний хөлгөн сударт дандарисийг нууц тарни, үрийн тарни, аргын тарни, адис баригчийн тарни гэхчлэн гүнзгийрүүлэн ангилж үздэг. Үүнээс арай өөр ангиллууд ч буй. Эдгээрийг бид бараг мэдэхгүйгээс гадна ямар нэг хоосон ёсорхол, үлгэр домог мэт үздэг нь дэндүү гэнэн бөгөөд хайнга хэрэг болно. Түүнийг өнгөц харахад ч гэсэн одоогийн синергетикийн арга зүй, тухайлбал цикл хөгжлийн онолтой ихээхэн дүйцэх мэт санагддаг. Цаашид зохиогчийн өөрөө хэрэглэсэн Калачакра гэдгээр нь явна.
Танай зарим эх орон нэгтнүүд манай сүм хийдүүдийг гутаан доромжилсон биз дээ ? Тэд манай ариун газруудад тамхи татаж, тэд зөвхөн ойлгохгүйгээр үл барам манай шүтээн, манай сургаалийг хүндлэхийг хүсдэггүй. Тэд нар өөрсдөө утга учирт нь хүрч чадахгүй бэлэгдлүүдийг шоолон доромжилдог. Хэрэв бид нар танай сүм хийдүүдэд очвол биеэ огт өөрөөр авч явах байсан, яагаад гэвэл агуу их Бодисатва, Исса чинь жинхнээсээ дээд санаа юм. Бидний хэн ч гэсэн энэрэнгүй сэтгэл, шударга ёсны сургаалийг гутаан доромжлохгүй л байсан.
Ламтаан, зөвхөн бүдүүлэг, тэнэг хүн л танай сургаалийг шоолон инээх буй за. Шударга ёсны бүх сургааль нэг ариун газар нийлдэг мэт. Эрүүл ухаантан хэн боловч ариун дагшин газруудыг доромжлохгүй буй за. Ламтаан, Та яагаад Ариун нандины үндсэн сургааль баруунд яагаад тодорхойгүй байдаг юм бэ ? Яагаад Та Баруунд Шамбалын тухай мэдэхгүй гэж үзээд байгаа юм бэ ? Ламтаан, Та миний ширээн дээрээс Энэтхэгээс агуу их Атишийн авчирсан Сургааль Калачакраг харж болно. Хэрэв эрхэм дээд, сайтар бэлтгэгдсэн оюун санаа Калагия гэсэн дуу хоолойг сонсвол энэ бол Шамбалд хүрэх дуудлага гэдгийг би мэднэ. Бид Ванчин лам Шамбалд хүрсэн гэдгийг мэднэ. Бас бид Утайн хийдийн ширээт ламын “Шамбалд хүрэх улаан зам” гэсэн номыг мэднэ. Тэр ч байтугай бид Шамбалын тухай монгол дууг мэднэ. Таны хувьд бүр ч олон шинэ зүйл бидэнд тодорхой байж болохыг хэн мэдэх бил ээ. Дөнгөж саяхан монголын нэг залуу лам Шамбалын тухай шинэ ном гаргасныг бид мэднэ.
Лам биднийг өөрийн нэвт шувт харцаар судлан харснаа дараа нь ийн өгүүлэв: Агуу их Шамбал далайн чанадад хол байдаг. Энэ бол тэнгэрийн хүчирхэг орон юм. Түүнд манай газар дэлхийтэй нийтлэг юм юу ч байхгүй. Чи яагаад, юуны учир түүнийг сонирхоод байгаа юм ? Зөвхөн Хамгийн Умардад, зарим газарт Шамбалын гийж буй туяаг харж болно.
Ламтаан, бид Шамбалын агуу ихийг мэднэ. Дүрслэхийн аргагүй энэ орон бодитой гэдгийг бид мэднэ. Гэхдээ бид бас газрын Шамбалын бодитойн тухай мэднэ. Зарим дээд лам нар Шамбал руу явах замдаа ердийн биет зүйл харсан гэдгийг мэднэ. Нэг буриад лам маш нарийн нууц гарцаар явж өнгөрсөн тухай яриаг бид мэднэ. Бас өөр нэг хүн Шамбалын яг зааг дээрх нуураас давс ачсан уулынхны жингийн цувааг олж харсан гэдгийг бид мэднэ. Түүнээс гадна бид өөрснөө Шамбалын гурван хилийн нэгний хилийн цагаан шонг үзсэн. Иймээс Та бидэнд тэнгэрийн Шамбалын тухай биш, харин газрын Шамбалын тухай ярьж өгөөч. Та бид хоёр газрын Шамбал Тэнгэрийн Шамбалтай холбоотой гэдгийг мэднэ шүү дээ. Яг энэ хэсэг дээр хоёр ертөнц нэгдэн нийлдэг биз дээ.
Лам дуугай болов. Сормуусаараа хагас хаасан нүдээрээ биднийг анхааралтай ширтэн харав. Үдшийн бүрэнхийд тэр яриагаа эхлэв:
Агуу их сургааль Хойт зүгээс Өмнө рүү дахин ирэх цаг болно гэдэг бол үнэн. Бодисатвад хүрэх агуу их замаа эхэлсэн Үнэний Үг тэр газартаа эргэн ирнэ. Жинхэнэ сургааль Түвдийг орхих бөгөөд ахин Өмнө зүгт бий болно гэдгийг зүгээр л байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй, Бүх улс орнуудад Буддын дуудлага бий болно. Үнэхээр агуу их үйл явдал болно. Та Баруунаас ирсэн хэдий ч ямар ч гэсэн Шамбалын тухай мэдээ авчирч байна. Үүнийг ингэж хүлээн авах хэрэгтэй нь үнэн юм. Рэгдэнжавын цамхагаас гарах туяа бүх орнуудад хүрч дээ, янз нь.
Шамбалын Цамхагийн гэрэл алмаз (монголоор доржпалам, очир эрдэнэ) адил гэрэлтдэг юм. Тэнд Рэгдэнжав хүн төрөлхтний сайн сайхны мөнхийн манаанд цуцалтгүй зогсож байдаг юм. Түүний нүд хэзээ ч цавчдаггүй. Тэр шидэт толиндоо дэлхий дээр болж байгаа бүх юмыг харж байдаг. Түүний бодол санааны хүч хамгийн алс холын орнуудад ч хүрдэг. Түүний хувьд зай гэж үгүй, тэр хүртвэл зохих хүндээ эгшин зуур тусламж хүргэж чаддаг. Түүний хүчирхэг гэрэл бүх харанхуйг устгаж чадна. Түүний дундаршгүй баялаг шударга ёсны хэрэгт зүтгэх туслалцаа шаардлагатай бүх хүнд туслахад бэлэн байдаг. Тэрбээр хүний кармаг ч өөрчилж чаддаг юм шүү дээ…
Ламтаан, Та Майтрейн (Майдар бурхныг европт ингэж нэрлэдэг ) тухай яриад байх шиг, Тийм үү?
Бид энэ нууцыг задлах ёсгүй. Дэлгэж болохгүй олон ийм юм буй. Үг яриагаар талстжуулах ёсгүй олон ийм зүйл буй. Бид үг яриандаа сэтгэлгээгээ нээж байдаг. Дуу яриандаа бид сэтгэлгээгээ орон зайд гаргадаг, үүнээс маш хор уршигтай үр дагавар гарч болно, тогтсон хугацаанаас өмнө зарласан юм бүхэн хэлж болшгүй зовлонд хүргэдэг шүү дээ. Асар том сүйрлүүдийг ч гэсэн ийм хөнгөмсөг үйлдлүүд өдөөж болно. Хэрэв Рэгдэнжав, Агуу энэрэлт Майдар хоёр чамд нэг мэт байгаа бол түүгээрээ бол. Харин би ингэж хэлээгүй !
Шамбалын хүмүүсийг тоолж баршгүй. Тэнд агуу их шинэ хүч, ололт амжилтыг хүнд төрөлхтөнд зориулан бэлтгэж байдаг юм…
Ламтаан, Веданта хүн төрөлхтөнд асар удалгүй шинэ эрчим хүч өгөх болно гэж сургадаг. Энэ үнэн болов уу?
Ариун ном сударт шүүн тунгаасан, бэлэн болсон агуу их үнэт зүйлсийг тоолж баршгүй. Энэрэн нигүүлсэгчийн Ариун Номноос алс холын оддод амьдрагсдын тухай бид мэднэ. Мөн энэ сурвалжаас бид нисдэг ган шувуу,…гал утаагаар орон зайг тургих төмөр могойн тухай сонсдог. Гэгээн Татхагата ирээдүйн бүх юмыг урьдчилаад хэлчихсэн. Рэгдэнжавын туслагчид хэрэгтэй үед биелэн хувилж, түүний ариун арми Лхасыг бүхий л муу дайснаас цэвэрлэж, шударга ёсны хаанчлалыг тогтооно гэж мэддэг.
Ламтаан, хэрэв агуу их дайчид биелэх юм бол Шамбалын энэ явдал энд манай дэлхий дээр болох юм уу?
Энд ч, тэнгэрт ч, газар сайгүй болно. Харанхуйг ялахын тулд бүхий л сайн хүчнүүд нэгдэх ёстой. Энэ агуу их үйлст тус дэм болсон болгон энэ дэлхий дээр, энэ төрөлдөө зуун дахин их шагнал хүртэнэ. Шамбалын эсрэг нүгэл үйлдсэн болгон яг энэ төрөлдөө үхнэ. Яагаад гэвэл тэд энэрэх сэтгэлээ дуусгасан байдаг.
Ламтаан, Та үнэнийг мэднэ. Та яагаад ийм олон муу санваартан байдгийг хэлж өгөөч?
Мэдээж, энэ бол уучлал биш. Гэхдээ хэрэв Сургааль Өмнө зүг хөдлөх ёстой юм бол олон эрдэмт лам Түвдийг орхих нь гайхалтай биш. Баруунд Ванчин Ренбүүчийг (Тайши лам) Шамбалтай холбоотой гэдгийг мэддэг болов уу ?
Ламтаан, Ванчин Ренбүүчийг хаа ч гэсэн нэн хүндэтгэдэг гэдгийг бид мэднэ. Янз бүрийн орнуудад түүний эрдэм чадлыг зөвхөн буддистууд төдийгүй, олон үндэстний хүмүүс өндрөөр үнэлдэг гэж гэж бид сонсож байсан. Тэр ч байтугай түүнийг явахаас бүр өмнө ирээдүйн аяллынх нь зарим тодорхой зүйлийг зураад гаргачихсан гэж ярилцдаг. Ванчин Ренбүүчи бүх том лам нарын зан үйлийг дагадаг гэдгийг бид мэднэ. Оргох үедээ тэр дагалдагчдынхаа хамт асар олон их аюулаас зайлж чадсан гэж бидэнд ярьж байсан.
Нэг удаа Лхасаас ирсэн мөрдөгчид түүнийг бараг барих шахахад гэнэт цасан шуурга шуурч, мөрдөгчдийн замыг хаасан гэдгийг бид мэднэ. Өөр нэг удаа Ванчин Ренбүүчи уулын нууранд тулсан үед бүр ч хэцүү юм болсон гэдэг. Дайснууд түүнийг өсгий даран элдэж байсан учраас амь гарахын тулд нуурыг тойрон ихээхэн хол зайг туулах ёстой болжээ. Ванчин Ренбүүчи энэ үеэр хүчтэй тарни хийж, бясалгасан гэдэг. Дараа нь үлэмжийн аюулыг үл харгалзан нуурын эрэг дээр хоноглох тушаал өгчээ. Гэтэл ер бусын үзэгдэл болж, тэр шөнө хүчтэй хүйтэрч, нуур цас мөсөнд дарагджээ. Үүр цайхын өмнөхөн харуй бүрийд Ванчин Ренбүүчи хүмүүстээ хурдан урагшлахыг тушааж, тэр өөрийн 300 хүмүүсийн хамт хамгийн дөт замаар нуурыг мөсөн дундуур гаталж, аюулаас зайлж чадсан гэдэг. Дайснууд энэ газарт ирмэгц нар өндөрт гийж, түүний туяанд нуурын мөс хайлжээ. Тэдэнд нуурыг тойрон холуур явах зам л үлджээ. Ийм биш гэж үү?
Ийм юм болсон нь үнэн. Ванчин Ренбүүчийн бүх аялалд Ариун Шамбал тусалж байсан юм. Тэр уул нуруу дамжин, Умар зүг рүү яарахдаа олон гайхамшигт тэмдэг харсан гэдэг.
Ламтаан, Улаан Даваанаас холгүй бид манай буурины ойролцоо намхан нисч явсан маш том хар элээ харсан. Тэр элээ манай лагерийн дээгүүр өмнө зүг хөдөлж явсан наранд гялалзсан ямар нэг өнгөлөг, сайхан юмны замыг хөндлөн гарсан.
Ламын нүд гялалзаж: Та цөлд сүмийн утлага үнэртэв үү ? гэж эрс асуув.
Ламтан Та яг хэлж байна, ойр хавьд амьтан хүний бараа харахаас хэдэн өдрийн хол замд чулуут хөндийд бидний олонхи тансаг сайхан үнэр нэгэн зэрэг мэдэрсэн. Ийм явдал хэд хэд болсон шүү. Бид ийм онгон үнэрийн тухай ер сонсоогүй. Энэ үнэр Энэтхэгт байдаг найз маань нэг удаа өгсөн тамхийг санагдуулсан. Гэхдээ тэр үүнийг хаанаас олсныг би мэдэхгүй юм.
Та нарыг Шамбал ивээх болтугай. Тэр том хар хэрээ чинь Та нарын хамаг ажил үйлсийг нураах гэж чармайсан дайсан байсан, гэхдээ Шамбалын хамгаалах хүч Та нарыг Туяа цацарсан матери хэлбэрээр дагаж явжээ. Энэ хүч Та нартай ямагт хамт байна, гэхдээ Та нар түүнийг байнга харж чадахгүй. Тэр Та нарыг тэнхрүүлэх, чиглүүлэхийн тулд үе үе илрэн гардаг. Та тэр бөмбөлөг хаашаа хөдөлсөнийг ажиглаагүй биз ? Та нар тэр чигийг л дагах ёстой. Та Калагия ариун дуудлагыг сонсжээ. Энэ зөвшөөрсөн дуудлагыг сонссон хүн Шамбалд хүрэх зам түүнд нээлттэй гэдгийг мэдэх ёстой. Тэр дуудсан оныг цээжлэх ёстой, учир нь энэ үеэс эхлэн түүнд энэрэлт Рэгдэнжав шууд тусладаг юм. Гэхдээ хүмүүст ямар байдлаар туслахыг мэдэж, сайн санаж явах хэрэгтэй, учир нь хүмүүс илгээсэн тусламжийг голдуу үгүйсгэдэг юм.
Ламтаан, жирийн хүмүүс Шамбалыг тусламжийг яаж авдгийг хэлж өгөөч. Бид Шамбалын үнэнч шавь, биелсэн ажилтнуудын тухай мэддэг. Гэхдээ Шамбалын агуу хүч жирийн хүмүүсийн дунд ямар маягаар илэрдэг вэ ?
Эдгээр замууд хэлэхийн аргагүй, бас олон янз буй. Өмнөх төрөлдөө шударга ёсны сургаалийг сахисан хэн боловч Нийтийн сайн сайханд хэрэгтэй, энэ нь Нийтийн сайн сайханд тусална. Хэдэн жилийн өмнө дайн самууны үеэр нэгэн хүн амьдран байгаа газраа өөрчлөх эсэхийг ламаас асуужээ. Энэ газартаа зургаан сар орчим үлдэж болно, харин дараа нь том аюул болно, иймээс алгуурлалгүй зугтан нүүх хэрэгтэй гэж лам хариулсан. Үнэхээр зургаан сарын турш энэ хүний ажил төрөл бүтэмжтэй болж, бүх юм тайван амгалан болж, хөрөнгө нь үржин нэмэгджээ. Энэ зургаан сар өнгөрөхөд нөгөө хүн “энэ тайван амгалан газраа орхиж, өмч хөрөнгөө эрсдэлд оруулах ямар хэрэг байна ? Миний бүх юм сайхан бүтэж байна, илт ямар ч аюул алга. Ламтан, эндүүрсэн ч юм бил үү” гэж боджээ. Харин сансрын урсгал зогсоогүй юм. Ламын хэлсэн нөгөө аюул гэнэт бий болжээ. Дайсны цэрэг энэ нутаг руу хоёр талаас нь хурдан ойртож гэнэ, ингээд энэ хүн шилдэг боломжоо алдаж, түүний зам одоо хаагдсан гэдгийг ойлгожээ. Ингээд мөнөөх лам руу яаран очиж, юу болсныг түүнд ярьжээ.
Лам түүнд тодорхой шалтгааны улмаас түүний аврах шаардлагатай гэдгийг хэлжээ. Тэгээд: “Одоо чамд туслах нь улам хүнд болсон. Хамаг боломжоо алдсан хэдий ч би чамайг аврах нэг арга бодъё доо. Маргааш чи гэрийнхнийгээ аваад хойт зүг рүү яв. Замдаа чи дайснуудтайгаа тааралдана. Энэ бол зайлшгүй. Тэднийг ойртон ирэхийг хармагцаа чи замаас зайлан гарч, тайван зогсож байгаарай. Хэрэв тэд нар чам руу дөхөж ирээд чамтай юм ярьсан ч гэсэн чи тэднийг өнгөрөн өнгөртөл дуугай, хөдлөлгүй тайван зогсоорой. Тэд явж чадахгүй” гэж нэмж зөвлөжээ. Үнэхээр ийм юм болжээ. Нөгөө хүн гэрийнхнээ дагуулж, эд хөрөнгөө ачаад өглөө эртлэн гарчээ. Гэнэт үүрийн бүрэнхийд хурдлан ирж буй морьтнуудыг тэд ялган харжээ. Тэд замаас гарч сэтгэл түгшин царцсан мэт зогсжээ.
Цэргүүд хурдан ойртож тэдний нэг нь “Тэр байна. Би тэнд хүмүүсийг харж байна. Бид ч их олзтой болох юм байна” гэж хашгирахыг мөнөөх өрөвдөлт хүн сонсжээ.
Гэтэл өөр нэг цэрэг нь инээж “Найз минь, чи чулууг амьд хүмүүсээс ялгаж чадахгүй байгаа бол өчигдөр муу унтсан бололтой. Ийм ойрхон байгаа юмыг чи чулуу биш гэж харах ч гэж дээ” хариулжээ.
Эхний хүн “Гэхдээ би морийг хүртэл харж байна шүү дээ” гэж зүтгэжээ. Удаах хүн ахин инээж: “Ийм чулуун мориор бид хол явахгүй ээ. Бидний морьдын үнэрийг авсан адуу огт хөдлөхгүй зогсоно гэж чи бодоод байгаа юм биш биз дээ” гэжээ.
Бусад цэргүүд ч гэсэн чин сэтгэлээсээ эхний хүнийг шоолон доромжилж, хөдлөлгүй зогссон хүмүүсийн яг хажуугаар өнгөрч дараа нь манан дунд алга болжээ. Ингэж энэ хүн хамгийн хүнд нөхцлөөс аврагдсан юм, учир нь тэр Шамбалд хэрэгтэй байсан юм.
Шамбал бүхнийг мэднэ. Гэхдээ Шамбалын нууцыг чандлан хадгалдаг юм.
Ламтаан, Шамбалын нууцыг яаж хадгалах гэж ? Шамбалын олон хүн, олон элч бүх дэлхийгээр нэг довтолгон явдаг гэж ярьдаг. Итгэж өгсөн нууцыг тэд нар хэрхэн хадгалдаг юм бэ?
Нууцын Агуу Их Хадгалагчид ажил итгэж өгч, дээд үүрэг өгсөн хүмүүсийнхээ хойноос анхааралтай ажиглаж байдаг. Хэрэв тэдэнд гэнэтийн ямар нэг зүйл тохиолдвол алгуурлалгүй шууд тусалдаг. Ингээд л итгэж өгсөн эрдэнийг хамгаалдаг юм. Дөчин жилийн өмнө Монголын Их Говьд амьдарч байсан нэгэн хүнд томоохон нууц итгэж өгсөн юм. Түүнд энэ нууцыг тодорхой зорилгоор ашиглаж болно гэж хэлсэн, гэхдээ энэ ертөнцөөс халих цаг ойртохыг мэдэрмэгцээ уг хүн өөрөө мэдэж сонгосон хүндээ эрднийг дамжуулах ёстой байлаа. Олон жил өнгөрч гэнэ. Ингээд энэ хүн өвдөж, гэхдээ өвчний үед хар хүч түүнийг эзэмдэж, тэрээр ухаан алджээ. Ийм байдалд тэр хүн итгэлтэй залгамжлагчдаа эрдэнийг дамжуулж чадахгүй болсон нь мэдээжийн хэрэг. Гэхдээ Нууцын Агуу Их Хадгалагчид манаан дээрээ нүдээ ч чавчдаггүй юм. Тэдний нэг нь өндөр Ашрамаас маш яаран хүчирхэг Говийг туулах замд гарч, эмээл дээрээ тасралтгүй жар гаруй цаг давхиж тэнд хүрчээ. Тэр өвчтөн дээр яг цагтаа очиж, мөн яг цагаа олж түүнд ухаан оруулжээ. Ингээд тэр хүн түүнд итгэж өгсөн даалгаврыг нэр хүндтэй биелүүлж чаджээ. Нууц Хадгалагч яагаад тэр Эрдэнээ өөртөө аваагүй юм бол, яагаад бүх юм яг ийм дэс дарааллаар явах ёстой гэж ? гэж чи гайхаж байж магадгүй. Яагаад гэвэл агуу их Кармад өөрийн гэсэн онцгой зам байдаг, тэр ч бүү хэл хамгийн дээд Нууц Хадгалагч нар ч гэсэн заримдаа Кармын утсыг шүргэхгүйг хичээдэг. Яагаад гэвэл Кармын ширхэг утас ч тасарвал маш их гай зовлон учирч болно.
Ламтаан, бидэнд Турфан, Туркестанд судлагдаагүй олон нүхэн гарцтай урт агуйнууд үзүүлж байсан. Энэ замаар Шамбалын Ашрамд хүрч болох болов уу ? Бас бидэнд үл мэдэгдэх хүмүүс эдгээр агуйнуудаас гарч хот руу явж байсан тохиолдлын тухай ярьж байсан. Тэд өнөө цагт хэрэглэхээ больчихсон ер бусын, эртний зоосоор арилжаа хийх гэж оролдсон гэсэн.
Үнээн үнэн, Шамбалын хүмүүс үе үе газар дээр гарч ирдэг. Тэд Шамбалын газар байгаа хүмүүстэй уулздаг юм. Хүн төрөлхтний тусын тулд тэд асар үнэтэй бэлэг, гайхамшигтай шүтээнүүдийг тараадаг юм. Гайхамшигтай бэлгүүдийг орон зайгаар авдаг олон түүх би ярьж чадна. Рэгдэнжав хүртэл заримдаа хүний биед хувилж гарч ирдэг. Тэр ариун дагшин газрууд, сүм хийдүүдэд гэнэт гарч ирдэг бөгөөд тогтсон хугацаанд номлолоо тунхагладаг.
Шөнө юмуу үүр хаяарах хэр. Ертөнцийн эзэн Сүмд ирнэ. Тэгээд орно. Бүх зулнууд шууд асна. Зарим хүн Агуу Их Үл Таних хүнийг нэгэнт танина. Лам нар гүн бишрэлтэйгээр цуглана. Туйлын анхааралтайгаар ирээдүйн тухай цадигийг сонсоно.
Агуу их эрин үе ойртож байна. Ертөнцийн эзэгнэгч тулалдаанд бэлэн болжээ. Олон зүйл аль хэдийнээ бий болно. Сансрын гал ахин газар дэлхийд ойртоно. Гариг эрхэсүүд Шинэ Эрин Үеийг тунхаглана. Гэхдээ Амар Амгалангийн Шинэ эрин болохоос өмнө олон сүйрэл болно. Ингээд оюун сэтгэл нь хэр хангалттай ахисан эсэхийг мэдэх гэж хүн төрөлхтнийг дахин шалгана. Газар дорхи гал Акашийн галан бодистой нийлэхийг эрмэлзэнэ: энэ үед бүхий л сайн хүч эрчим хүчээ нэгтгэхгүй бол сүйрэл гарцаагүй. Энэрэлт Рэгдэнжав элч нартаа тушаал өгөх гэж гарч ирэхэд хар хавцал дээр Ладак хүрэх зам дээр гарч ирэхэд Хүчирхэг Эзэгнэгч үзэгдэнэ. Гүн бишрэлтэйгээр тушаал сонсохоор зүг бүрээс түүн рүү элч морьтонгууд тэмүүлнэ, дараа нь агуу их мэргэн цэцний зарлигдсаныг бүхий л чадлаараа биелүүлэхээр давхин одно.
Ламтаан, газрын Шамбал жуулчдад хараахан нээгдээгүй байхад энэ бүхэн яаж болдог юм бэ ? Газрын зураг дээр экспедицүүдийн асар олон маршрут байна. Тэнд бүх оргилуудыг аль хэдийнээ тэмдэглэж, бүх гол, хөндийг судалчихсан мэт санагдах юм.
Үнэхээр ч, газар дэлхийд их аль буй, бадмаараг эрдэнэс ууланд их буй. Хүн бүр л тэдгээрийг эзэмдэхийг хүсдэг ! Гэхдээ энэ бүхнийг олохдоо хэн ч Шамбалд дуудлагагүйгээр хүрч чадахгүй ! Уулсыг эргэн тойрон хүрээлсэн агаарын хорт урсгалын тухай Та нар сонссон. Хүмүүс ойртмогцоо энэ хийнд хордож үхдэг гэдгийг Та харсан байж магадгүй. Зарим газар ойртсон амьтан, хүмүүс салгалан чичирч эхэлдгийг Та харсан байж магадгүй.
Олон хүн Шамбалд дуудлагагүйгээр очихыг оролддог. Тэдний зарим нь үүрд алга болдог. Хэрэв карма нь бүрдсэн бол тэдний тун цөөхөн нь ариун газар хүрч чадна.
Ламтаан, Та газар дээр байдаг ариун газрын тухай ярьж байна. Тэнд өвс ургамал их үү ? Уулс нь үржил шимгүй, харин хуй салхи, бүхнийг хоослогч хүйтэн ер бусын хүчтэй байх юм.
Өндөр уулсын дунд тэдгээрийг холбосон хөндийнүүд гэнэт тааралддаг. Олон халуун булаг баялаг ургамлыг нь тэжээж байдаг. Олон ховор ургамал, эмийн өвс галт уулын энэ ер бусын хөрсөн дээр урган төлжих чадвартай. Та нар уулсын дунд халуун оргилуур (гейзер) харсан байж магадгүй. Мод ч байхгүй, ургамал ч байхгүй Нагчу-гаас ердөө л хоёр өдрийн зайд мод, ургамал, бүлээн устай хөндий байдгийг сонссон байж магадгүй. Энэ уулсын төөрөм сүлжээг хэн мэддэг вэ ? Чулуун дээрээс хүний мөрийг олох боломжгүй. Таг дуугай байж чаддаг тэр хүмүүсийн бодол санааг унших боломжгүй ! Тодорхой бус зорилгодоо хөтлөгдөн аагим халуун, тэсгим хүйтэнд ядуу зүдүү хувцасласан, дув дуугай хүмүүс цөлөөр аялж яваатай Та нар дайралдсан байх. Хувцас нь ядуу зүдүү, хүмүүс нь өчүүхэн гэж битгий бодоорой. Хэрэв түүний нүд хагас аниастай байвал түүний харцыг нэвтэлж болохгүй гэж бүү бод. Хүч чадал хаанаас ойртож явааг харах аргагүй. Бүх сануулгыг сахиж, бүх төлгийг сахиж чадвал Шамбалд хүрэх цорын ганц замаар орж ялалтад хүрч болно. Гэгээн ариун Рэгдэнжавт шууд хандвал Та нар амжиж болно.
**Ламтаан, Та Шамбалын дайснууд мөхнө гэлээ. Тэд яаж үхэх гэж? **
Цаг нь ирэхээр тэд үхэх нь үнэн. Тэд өөрсдийнхөө хахир хүйтэн нэр төрөөс болж ниргэгдэнэ. Рэгдэнжав энэрэнгүй. Гэхдээ нүгэлтнүүд бол өөрөө өөртөө дайсан нь юм. Үйлдсэн гэмээ төлж байхад хэн юу хэлэх бил ээ. Тусламж үнэхээр хэрэгтэй гэдгийг хэн мэдэж чадах бил ээ ? Энэ тусламж ямар байх ёстой гэж ? Олон олон эргэлт хэрэгтэй, тэр нь өөрийн зорилготой байдаг. Бүх юм сөнөлөө, ямар ч найдвар үйлдсэнгүй гэж хүний ядмаг ухаан итгэж эхэлсэн чухам тэр үед Эзний бүтээгч гар өөрийнхөө хүчирхэг туяаг илгээдэг юм.
Нүгэлтнүүдийг яаж устгадаг гэж үү ? Нэгэн лам зураач ер бусын ариун дүрсийг зурах гайхам авъяастай байжээ. Тэр Рэгдэнжав, Энэрэн нигүүлсэгч Будда, Бүхнийг харагч Дугар (орос эх дээрээ Дуккар гэжээ) нарын дүрийг гайхамшигтай сайхан зуржээ. Харин өөр нэг зураач түүнд атаархан уурлаж, түүнд муу зүйл хийхээр боджээ. Тэрээр лам зураачийг гүтгэн гүжирдэж эхэлмэгц тодорхойгүй шалтгаанаар өөрийнх нь гэр шатжээ. Бүх өмч нь шатаж, гүтгэгчийн хоёр гар нь ихээхэн түлэгдэж, удаан хугацаагаар ажиллаж чадахаа больсон гэдэг.
Өөр нэг гүтгэгч нэгэн шударга хүний бүхий л хөдөлмөрийг сүйтгэнэ гэж сүрдүүлжээ. Гэхдээ тэр Цанпо голыг гаталж яваад живсэн. Буяны олон сайхан үйл хийсэн өөр нэг хүн рүү хэн нэгэн довтолж, хүн төрөлхтний сайн сайхны тусад зориулсан бүх хөрөнгийг нь устгах гэж оролджээ. Гэхдээ Рэгдэнжавын хүчирхэг туяа ахин нөгөө муу хүнд хүрч, нэг л өдөр түүний бүх баялаг үгүйрч, тэрээр гуйлгачин болжээ. Одоо ч гэсэн Та нар гуйлга гуйж байгаа тэр хүнийг Лхасын зах дээрээс харж болно шүү дээ.
Сайн үйлийн эсрэг муу үйл хийсэн нүгэлтнүүд шийтгүүлдэг гэдгийг Та аль ч хотоос сонсож болно. Зөвхөн Шамбалын замаар л Та нар аюул осолгүй явж болно. Алдар нэрийн энэ замаас өчүүхэн л гажвал Та асар их аюул зовлонтой учирна. Энэ ертөнцийн бүх юмыг судалсан, хэмжсэн байдаг. Итгэл бишрэлийг ч, мухар сохроор мөргөхийг Энэрэн Нигүүлсэгч сургаагүй, харин туршлагын мэдлэгийг л сургасан.
Тийм байх аа, ламтаан. Бидний ойрхоны нэг хүн Шамбалтай ахан дүүс бололцсон гэдгийг Би Танд ярьж өгч болох юм. Тэр хүн Энэтхэгт эрдэм шинжилгээний ажлаар ирээд жингийнхээ цуваанаас гэнэт төөрсөн гэдгийг бид мэднэ. Тэгээд ихээхэн удсаны дараа тэрээр Шамбалд байгаа гэсэн гэнэтийн мэдээ ирсэн. Алс холын Алтай нутгийн хуучин шүтлэгт олон хүн Беловодье гэдэг газрыг хайхаар явдаг, тэгээд эргэж ирдэггүй тухай Танд ярьж болох юм. Тэр ариун газарт хүрэх замд байдаг уул, гол, нууруудын нэрийг би сонсож байсан. Тэд ариун дагшин бөгөөд тэдгээрийн зарим нэр нь гажсан байх, гэхдээ Та тэдгээрийн үндэс язгуурт байгаа жинхэнэ үнэнийг танисан шүү дээ.
Энэ эрхэм сургаалийн нэг сайн шавь өөрийнх нь хугацаа болоогүй байхад Шамбалд хүрэх гэж аян замд гарчээ. Энэ бол чин сэтгэл байсан ч гэсэн түүний карма хараахан дуусаагүй, түүний газрын даалгавар биелээгүй байсан юм. Энэ бол түүний зүгээс хугацаанаасаа эртэдсэн хэрэг юм, ингээд Агуу Их Багш нарын нэг нь уулан дундуур угтан мордож, тэмүүлэн буй тэр хүнтэй биечлэн уулзжээ. Түүнийг энэрэн нигүүлсэж газар дээрх дуусгаагүй ажлыг нь гүйцээлгэхийн тулд түүнийг буцаасан байна. Би Танд Шикацийн цаана байдаг Ашрамын тухай ярьж чадна. Бас Шамбалын ах дүү нар янз бүрийн хотуудад очиж, хүмүүс түүнийг зохих ёсоор хүлээн авсан үед тэд хүн төрөлхтнийг асар их гай гамшгаас сэргийлэн хамгаалсан тухай ярьж өгч болно…
Ламтаан Та, Азар, Кутхумба нартай тааралдаж байсан уу ? Хэрэв Та ийм олон тохиолдол мэдэж байвал ажил чинь бүтэмжтэй байж таарна биз дээ.
Шамбалын тухай ихийг мэднэ гэдэг бол өөрөө ариусах урсгал юм. Бидний олонхи энэ насандаа тэдэнд үйлчилж байдаг Азар, Кутхумба болон Алмастай тааралдаж байсан. Саяхнаас Азарууд хотод үзэгдэхээ больсон. Тэд бүгдээрээ ууланд цугларсан. Тэд их өндөр, урт сахал, үстэй, гаднаасаа индус нарыг санагдуулдаг. Нэг удаа Брахмапутра-гийн дагуу явж байгаад би Азарыг харсан. Би түүнийг гүйцэх гэсэн боловч тэр хад асганы цаагур нуугдан хурдан алга болсон. Гэхдээ би тэнд агуй ч, нүх ч олоогүй, миний харсан зүйл гэвэл бага шиг дэвсэг л байсан. Тэр тайван байх гэж бодсон байх л даа.
Кутхумба одоо ер үзэгдэхээ больсон. Мөргөлчид ариун уул Кайлас руу явж байхад Цанга, Манасаровара хавьд тэд чөлөөтэй үзэгддэг байсан юм. Алмас бол бүр ч үзэгдэхээ байсан. Жирийн хүн тэднийг хайхрамжгүйгээсээ болоод хий үзэгдэл мэт эндүү хардаг. Чухам яагаад одоо Агуу Ихүүд ил үзэгдэхээ больсон гэдэгт гүн гүнзгий шалтгаан байгаа. Миний хөгшин багш Азаруудын мэргэн цэцний тухай надад олон юм ярьж байсан. Бид энэ Агуу Ихүүдийн амьдардаг хэд хэдэн газрыг мэднэ, гэхдээ одоо бол энэ газар хоосорсон. Ямар нэг гүн гүнзгий шалтгаан, агуу их нууц байгаа !
Ламтаан, Шикацэ-гийн хавьцаагаас Ашрам их зайтай гэдэг үнэн үү?
Энэ нууцыг хэлэх ёсгүй. Цанга-д Азарууд ахиж үзэгдэхгүй гэж би хэлсэн байх аа.
Ламтаан, яагаад танай санваартнууд Шамбал далайн цаана байдаг байхад газрын Шамбал ойрхон гэж итгэдэг юм бэ ? Чома де Кёрёш хүртэл энэ газар бол Буддын гэгээрсэн, уулын гайхамшигт хөндийд байдаг гэж батлаад байдаг юм бэ?
Чома де Кёрёш-д азгүй явдал тохиолдсон гэж би сонссон. Чиний яриад байсан Грюнведель хүртэл ухаан нь самуурсан, учир нь тэр хоёр асар их ач холбогдлыг нь төсөөлөхгүй байж, зөвхөн шохоорхлынхоо дагуу их Шамбал нэрийг хөндсөн. Гал хүн төрөлхтөнд зүйрлэшгүй их ач тустай боловч галаар тоглож болдоггүй. Танай зарим аялагчид замчид нь татгалзсаар байтал хориотой бүсэд нэвтрэх гэж оролдоод, дараа нь биднийг “алсан нь дээр байсан юм” гэж ярилцаж байсан гэдэг. Ийм дээд асуултад агуу их хүндэтгэл бишрэлтэйгээр хандах ёстой гэдэг нь жирийн хүмүүст ч ойлгомжтой юм шиг.
Хуулийг бүү зөрч. Шамбалын элч өөрөө ирэх хүртэл гал халуун хөдөлмөр, байнгын гавъяа дундаа хүлээж бай. Хүчирхэг дуу хоолой Калагия гэж хэлэх хүртэл хүлээ. Чингэж байж л Та энэ агуу их асуудлыг судлахдаа гэм хоргүй орж чадна. Чингэвэл өнгөц сониуч зан чинь жинхнээсээ судлах явдал болж, өдөр тутмын амьдрал дахь дээд зарчмын хавсарга болон хувирч чадна.
Ламтаан, Та даяанч хүн. Би Таныг ахин хэзээ олж болох вэ?
Миний нэрийг битгий асуу гэж чамаас хүсч байна. Түүнээс гадна Та надтай хотод буюу аль нэгэн сууринд тааралдлаа ч гэсэн таньсан байдал үзүүлж болохгүй. Би чамайг өөрөө олно. Хэрэв би чам руу дөхөж очвол чи зүгээр л холдох буюу надад ховсдуулсан мэт байж чадах уу ?
Намайг байгалийн энэ хүчийг ашиглахад хүргэж болохгүй. Улааны зарим сектэд тодорхой хүчийг ашиглахыг зөвшөөрдөг. Гэхдээ бид түүнийг зөвхөн онцгой тохиолдолд л ашигладаг. Бид жам ёсны хуулийг зөрчих ёсгүй. Жинхэнэ Энэрэн Нигүүлсэгчийн сургааль биднийг дотоод чадавхиа ил гаргахдаа болгоомжтой байхыг сургадаг.
Ламтаан, Та өөрөө Рэгдэнжавыг харсан уу?
Үгүй ээ, Би Эрхшээгчийг биет байдлаар хараагүй. Гэхдээ би дүн өвлөөр уулнаас алсын хөндийн сарнай цэцэг авч байсан, энэ бол Түүний өгсөн бэлэг билээ. Та надаас мөн ч олон юм асууж байна, Та олон асуудлаарх мэдлэгийн үндсийг мэдэж байна. Хэрэв би Таниас ийм их зүйлийг шалгаасан бол Та яах байсан бэ ?
Ламтаан, би дуугай байх байсан. Лам инээмсэглэн:
Нээрээ Та олон зүйлийг мэдэх юм аа. Байгалийн хүчийг хэрхэн ашиглахыг Та ч хүртэл мэдэж байж магадгүй, Барууныхан сүүлийн хэдэн жилд олон үзэгдэл, ялангуяа Та ч юмуу, Та нарын хэн нэгний эхэлсэн дайны үеийн олон үйл явдлын гэрч болж байна даа.
Ламтаан, хүмүүсийг хэмжээ хязгааргүй ингэж олноор нь алахаар реинкарнацийн (сүнс биеэс биед шилжихийг хэлж байна) огт санаандгүй урсгалыг өдөөх ёстой биз дээ. Заяасан хугацаанаасаа өмнө олон хүн үхэж байна, энэ үйл явдлаас болж олон зүйл гажиж, гэмтэх бус уу.
Энэ гай гамшгийг аль эртнээс тодорхойлсон гэдэг номлолыг Та нар мэддэггүй бололтой. Хэрэв үүнийг Та нар гадарлаж байсан бол энэ аймшигт аллагыг хэзээ ч эхлэхгүй байсан байх.
Хэрэв Та нар Шамбалыг мэддэг бол, хэрэв Та нар өөрсдийнхөө жам ёсны далд хүчийг хэрхэн ашиглахыг мэддэг бол Тэнгэрийн Цадигийн Намигийг мэдэх ёстой. Харин Та нар ирээдүйн тухай төлөгийг яаж хүлээн авахаа мэддэг л бололтой юм.
Ламтаан, Далай лам, Ванчин Ренбүүчи нарын бүх төрлүүдийг тэднийг төрөхөөс бүр өмнө заяа төөргийг нь зурсан гэж бид сонссон.
Ванчин Ренбүүчийн хувийн амгаланд түүний өөрийнх нь заавраар ирээдүйн аян замын бүхий л үйл явдлыг зурсан байдаг гэж би давтан хэлж байна. Энэ төлгийг голдуу огт мэдэхгүй хүмүүс хэлдэг бөгөөд Та ч гэсэн нүүрлэн буй үйл явдлын илт тодорхой тэмдгийг харж, сонсож болно.
Гэсэр хааны агуу их сүмийн үүдэнд цагаан улаан хоёр морь байдгийг Та мэднэ. Гэсэр хаан ойртох үед эдгээр морьд янцгаадаг. Саяхан энэ агуу үйл явдал болсныг Та нар сонссон уу ? Эдгээр ариун морьдын янцгаахыг олон хүн сонссон уу ?
Ламтаан, Та Азийн агуу их гуравдахь нэрийг дурсах юм аа даа?
Нууц нууц, энэ талаар хэтэрхий олон юм ярих хэрэггүй. Бид Морулингаас ирсэн нэг эрдэмтэн геше-тэй ярилцах болно. Энэ хийдийг манай Агуу Их Далай Лам үндэслэсэн, Агуу Их Нэр ч гэсэн хийдийн нэрэнд дуурсдаг. Лхасыг үүрд орхихоосоо өмнө агуу их Далай Лам энэ хийдэд нууц бясалгалтай байсан гэж ярьцгаадаг. Энэ хийдээс шинэ агуу их зорилт биелүүлэх хэд хэдэн лам алга болсон нь харин үнэн шүү. Та ч гэсэн тэнд маш сайн таних ямар нэг юм олж магадгүй.
Ламтаан, Та Лхасын ойролцоо байдаг Сэра, Гандан, Депун гурван хийдийн тухай ямар нэг юм ярьж өгөхгүй юу ? Ламтан инээмсэглэв.
Судлаачийн тайлбар: Энд зохиогч монголд ихээхэн ач холбогдол бүхий Гелүгва ёсны голлох том хийдүүдийн талаар асууж байна.
Өө, энэ бол төрийн томоохон хийдүүд. Сэрагийн гурван мянган хуврагийн дундаас Та олон жинхэнэ дайчдыг олж болно. Ганданд бол Монгол мэтийн бусад орнуудаас олон лам байдаг. Тэнд манай Агуу Их Багш Зонховын ариун Сэнтий байдаг. Дагжин чичрээд хэн ч энэ Агуу Их Сэнтийд гар хүрч чаддаггүй. Депунд бол бас л нэлээд олон эрдэмт лам буй.
Ламтаан, Ботала ордны доогуур нууц хонгилууд байдаг болов уу ? Бас гол сүмийн доор газар дорхи нуур байдаг уу ? Лам ахин инээмсэглэв.
Та чинь Лхаст байсан юм шиг маш их зүйл мэдэж байх шив. Чамайг тэнд байсан эсэхийг би хэрхэн мэдэх билээ. Та одоогийнх шигээ буюу өөр хувцастай тэнд байсан эсэх нь ач холбогдолгүй. Гэхдээ хэрэв Та тэнд газар дорхи нуур харсан бол Та эсвэл маш дээд лам, эсвэл тахилч байх ёстой. Гэхдээ Та тахилч байсан бол надад ярьсан бүхнийгээ мэдэж чадахгүй байхсан. Ажаад байхад Та Лхаст олон газарт халуун булгууд байдаг, зарим байшингуудыг тэндээс бүтнээр нь халаадаг гэдгийг мэддэг байх нээ.
Ламтаан, буга, хэрэм, чоно зэрэг зарим амьтад Гималайн ойн агуйнуудад бясалгал хийж буй лам нарт ойрхон дөхөж очдог, заримдаа сармагчингууд тэдэнтэй хоолоо хуваалцдаг гэж сонссон юм байна?
Боломжгүй юм гэж юу байх вэ ? гэж би өөрөөс чинь асуумаар байна. Энэ ч тодорхой л доо. Олон хүнтэй хот газар буга хүн рүү ирэхгүй нь тодорхой биз дээ, учир нь ийм олон хөлийн газар Та сайн санаат хүнтэй учрах нь маш ховор. Хүн төрөлхтөн аурын ач холбогдол, тодорхой үйлчлэлийг мэддэггүй, тэд зөвхөн хүмүүс төдийгүй, амьгүй зүйлс ч гэсэн ач холбогдол бүхий, бодит ауртай байдаг гэдгийг төсөөлдөггүй.
Ламтаан, бид энэ тухай мэднэ, тэр ч байтугай аурын зургийг авч эхэлсэн. Амьгүй зүйлийн хувьд гэвэл ламтаан, бид бас Багшийн Сэнтийн тухай, энэ Сэнтийд гар хүрч болохгүй гэдгийг бас мэднэ. Ийм маягаар Агуу Ихийн байгааг үргэлж мэдэрдэг хэрэг байх.
Хэрэв Та ийм хүндэт Сэнтийн гайхамшгийн тухай мэдэж байвал Та бас Гүрүгийн жолоодлогын гайхамшгийг бас мэдэж байх ёстой. Гүрү бидний энэ дэлхийн амьдралдаа хүрч болох дээд холбоо юм. Гүрүгийн жолоодлого биднийг хамгаалж, Гүрүд залбирснаар бид төгс байдал руу дөхөж очдог. Гүрүгийн жинхэнэ гайхамшгийг мэддэг хүн шүтээний эсрэг ярихаа больдог.
Судлаачийн тайлбар: Гүрү гэдэг нь лам багш гэсэн монголжсон үг бөгөөд энд Дээд Багш гэсэн утгаар хэлж байна.
Барууны хүмүүс Та нар ч гэсэн бас л хүндэт хүмүүсийнхээ зураг хөргийг хадгалж, элэнц үеийн өвөг дээдэс, агуу удирдагчдынхаа хэрэглэж явсан эд зүйл, бэлэгдлийг машид үнэлдэг биз дээ. Ийм учраас үүнийг сохор бишрэл биш, харин агуу ихүүдийн бүтээсэн ажил үйлсэд гүн гүнзгий залбирч, санан дурсаж байна гэж ойлговол зохино. Энэ ч гэсэн гадна талын залбирал биш, хэрэв Танд юмсын сэтгэл зүйн цацралын (эманаци) тухай тодорхой байгаа бол Та тэдгээрийн жам ёсны ид шидийн тухай мэдэх ёстой.
Ламтаан. Газар дорхи баялгийг зааж өгдөг соронзон таягний тухай Та юу гэж бодож байна?
Судлаачийн тайлбар: Энд дурдаж буй соронзон саваа гэдэг нь монголоор Очир юмуу, эсвэл Чандманийг хэлж байгаа нь илт байна.
Ламтаан, хүдрийн хурдасын түлхүүр, эх ундаргыг илрүүлж олдог энэхүү хөдөлдөг савааны гайхалтай чадварын тухай яриаг бид хаа сайгүй сонсож байсан.
Тэгээд Таныхаар бол энэ явдалд саваа үйлчилж байгаа юу, хүн үйлчилж байгаа юу ?
Ламтаан, Саваа бол амьгүй зүйл, саваа хүн хоёрын хооронд чичиргээ, соронзон хүч дүүрэн байгаа. Ингээд үзэхээр саваа бол хүний гарт байгаа үзэг төдий зүйл байх.
Тийм ээ, бидний биед бүх юм төвлөрсөн. Харин энэ их хүчийг хэрэглэх эсэх, муу зүйлд хэрхэн хэрэглэхгүй байхыг л мэдэх хэрэгтэй. Танай Баруунд ид шидийн хүч шингэсэн Агуу Их Чулууны тухай мэдэх үү ? Энэ Чулуу аль гаригаас ирснийг Та нар мэдэх үү ? Энэ эрдэнийг хэн эзэмшдэг юм бол ?
Судлаачийн тайлбар: Энд зохиогч, лам хоёр Дорно Дахины маш нууцлаг Чандмань Эрдэнийн (чулууны) тухай ярилцаж байна. Энэ талаар асар олон домог, бас хэсэг бусаг боловч ихээхэн сонирхолтой олон баримт байдаг. Сэтгүүлч А.Баатархуяг энэ талаар олон сонирхолтой өгүүлэл бичсэн ба тэдгээрийг baabar.mn сайт дахь түүний бичлэгүүдээс үзэж болно. Гэхдээ А.Баатархуяг энэ асуудлыг сайтар судалсан хүн атлаа мэдсээр байж Чандмань гэхгүй, чулууны тухай бичээд байдгийг би ойлгодоггүй юм.
Ламтаан, Танд Чамдмань эрдэнийн хэчнээн дүрс байдаг шиг манайд төдий хэмжээний домог байдаг. Эртний друидуудын үеэс авахуулан манай гариг дээр ирсэн энэ сонин гийчинд нуугдсан гайхамшигт эрчим хүчний тухай үнэн домгуудыг олон ард түмэн санадаг. Унасан чулуунд алмаз байх нь элбэг, гэхдээ энэ нь чулуунд байдаг, олон тооны гүйдэл, туяанаас өдөр тутам олж байдаг бусад үл мэдэгдэх металл, эрчим хүчтэй харьцуулахад юу ч биш юм.
Эрт дээр цагаас мейстерзингер нарын дурсаж ирсэн чулууг Lapis Exilis гэж нэрлэдэг. Дорно, Өрнө хоёр олон язгуураараа нийлдэг нь тодорхой байна. Чулууны тухай сонсохын тулд бид цөлөөр явах шаардлага байхгүй. Манай хотуудад, манай эрдэм шинжилгээний лабораториудад өөр домог, өөр нотолгоонууд байдаг…Нисдэг хүний тухай шидэт үлгэр хэзээ нэгэн цагт бодит байдал болно гэж хэн нэгэн бодох бил ээ дээ ? Одоо л гэхэд өдөр тутам, шуудан, жуулчид гээд л агаараар л явж байна шүү дээ.
Мэдээж хэрэг, Энэрэн Нигүүлсэгч аль хэдийнээс төмөр шувуу агаарт өндөр ниснэ гэдгийг хэлж байсан. Гэхдээ энүүхэндээ хэлэхэд ийм их жинг өргөх шаардлагагүйгээр ядмаг биеэрээ бид хөөрөх чадвартай шүү дээ. Барууныхан Та нар жигтэйхэн хүнд шаахайтай Эверестэд гарахыг байнга мөрөөддөг. Гэтэл бид хүндрэл түвэггүйгээр тийм болон түүнээс дээш өндөрт хүрч чаддаг. Харин өөрийн ядмаг бие дээр бүх туршлагыг бодож, судалж, санаж, мэдэж, ухамсартайгаар эзэгнэж сурах хэрэгтэй. Энэ бүх зүйлийг Калачакрад заасан боловч тун цөөн хүнд үүнд хүрсэн юм. Барууныхан Та нар өөрсдийн хязгаарлагдмал аппаратаар алс холын дуу авиаг сонсож чадна. Тэр ч байтугай Та нар сансрын дуу авиаг барьж чадна. Гэхдээ аль эрт Миларайба ямар ч аппаратгүйгээр бүхий л дээд дуу хоолойг сонсож чаддаг байсан юм шүү дээ.
Ламтаан, Миларайба залуудаа оюун санааны хүн байгаагүй гэдэг үнэн болов уу ? Түүнийг өвөөгийнхөө бүх гэр бүлийг алсан гэж бид хаа нэгтэйгээс уншиж байсан юм байна. Ийм хязгааргүй их уур хилэн, тэр ч бүү хэл аллага хийсэн хүн яахаараа оюун санааны хувьд хөгжилтэй хүн болдог байна аа?
Судлаачийн тайлбар: Энд Буддын Гаажүдва ёсны том төлөөлөгч Миларайба-н (1040-1123) тухай өгүүлж байна. Энэ бодит намтрыг монголчууд Милийн дуулал нэрээр сайн мэддэг байсан юм.
Таны зөв. Залуу цагтаа Миларайба энэ гэр бүлийг алаад зогсоогүй, өөр олон олон аймшигт хэрэг үйлдсэн гэцгээдэг. Гэхдээ санааны зам гуйвшгүй. Би танай миссионаруудын нэгээс Франциск нэртэй Гэгээнтний тухай сонсож байсан юм. Тэрээр залуудаа бас л маш олон гэмт хэрэг хийж, амьдрал нь тийм ч цэвэр биш байсан гэдэг. Танай Баруунд хамгийн ариун гэж хүндэтгэдэг энэ Гэгээнтэн нэг амьдралдаа ийм төгс чанарт яаж хүрсэн бол ? Өмнөх зуунуудад Лхаст ирж байсан танай лам нараас (миссионер) олон зүйл сонсож байсан, танай номнуудын зарим нь манай номын сангуудад байдаг юм. Танай Евангелия гэдэг номыг манай зарим газруудад лацадсан байдлаар олж болно гэж ярьцгаадаг. Бусдын шашныг хэрхэн уншихыг магадгүй бид Та нараас илүү мэддэг байж ч болох.
Ламтаан, Барууны хүмүүс бидний хувьд танай шашныг ойлгоход хүнд байдаг, яагаад гэвэл маш олон зүйл ээдрээтэй, бас олон зүйл гажуудсан байдаг. Жишээлбэл, гадна талаасаа ялгахын аргагүй хоёр сүмд ороод нэгэнд нь буддизмыг номлож, нөгөөд нь буддизмын атаат дайсан байна гэдгийг барууны хүн хэрхэн ялгах билээ. Эдгээр хийдэд орлоо ч гэсэн өнгөц харахад бараг л ижил дүрснүүд харагдана. Гадны хүний хувьд бол хас буруу тийшээгээ юу, зөв тийшээгээ юу гэдгийг, эсвэл зарим Бурхан нь Буддын төлөө, зарим нь түүний эсрэг гэдгийг ялгахад ихээхэн түвэгтэй. Гаднын хүн яагаад огт бичиг эрдэмгүй, архинд автсан хүмүүс Тан шиг ихийг мэддэг, ийм гүнзгий соёлтой хүнтэй адилаар лам гээд яваад байгааг ойлгоход бэрхшээлтэй.
Таны зөв. Олон хүн ламын хувцас өмсдөг ч тэдний дотоод амьдрал энгийн хүнийхээс хавьгүй дор байдаг. Олон мянган лам нар дундаас хэдхэн хүн л дээд сэдвээр хөөрөлдөж, тохирох хариу хэлэх нь цөөнгүй. Танай шашинд ч ийм биш гэж үү ?
Нэг л Христийн тухай ярьдаг мэт хэрнээ бие бие рүүгээ дайрдаг олон миссионерүүдийг бид үзсэн. Хүн болгон л өөрийнхөө сургаалийг дээд гэж нэрлэдэг. Исса нэг л сургааль үлдээсэн гэдэгт би итгэж байна, гэхдээ энэ агуу их бэлэгдэл яагаад бие биентэйгээ илтэд дайсагнагч хэсгүүд болдог юм бол ? Биднийг тийм их мунхаг харанхуй гэж битгий бодоорой. Христийн санваартны нэг сектийн илгээсэн ёслолыг христийн өөр сектийн санваартнууд зөвшөөрдөггүй гэж бид сонссон. Ингэхлээр танайд бие биенээ сөрөн зогсогч олон Христ байх ёстой болж таарч байна.
Манай цөл газарт христийн олон загалмай олддог. Нэг удаа би христийн лам нараас энэ загалмайнууд жинхэнэ эсэхийг асуухад тэд надад энэ бүх загалмайнууд хуурамч, учир нь бүхий л зуунуудын турш хуурамч христийн ёс Азид нэвтэрч байсан, иймээс бид энэ загалмайнуудыг жинхэнэ дээд бэлэгдэл гэж үзэх ёсгүй гэж хариулсан. Жинхэнэ загалмайг хуурамчаас нь хэрхэн ялгахыг Та хэл л дээ ? Бидэнд ч гэсэн Их Доржийн Агуу Их Тэмдэг дотор загалмай байдаг. Гэхдээ энэ нь бидний хувьд амьдралын агуу их тэмдэг, мөнхийн тэмдгийн галт зам мөн. Энэ тэмдгийг хэн ч үгүйсгэж чаддаггүй юм !
Ламтаан, зөвхөн оюун санааг мэдэж байж бид жинхэнэ эсэхийг нь ялгаж чадна байх.
Та ахиад л агуу их мэдлэгийг гаргаад ирлээ. Та ахиад л манай агуу их Калачакраас яриад эхэллээ. Гэхдээ бид агуу их ойлголтоо хэрхэн ил гаргах вэ ? Үнэхээр бид оюун санааны хувьд ухаантай юу: бид бүхнийг мэдэж байна, гэхдээ ухамсрынхаа гүнээс энэхүү мэдлэгийг хэрхэн гаргаж, оюун ухаандаа хэрхэн дамжуулах вэ ? Даяанч амьдрал, энгийн амьдралын хоорондын зайлшгүй зааг ялгааг хэрхэн мэдэх вэ ? Даяанчдын дунд хэр удаан байх, хүмүүсийн дунд хэр зэрэг ажиллах ёстойгоо хэрхэн мэдэх вэ ? Ямар мэдлэгийг ямар ч хор хохиролгүй нээж болох, ямрыг нь зөвхөн цөөн хүмүүст дээд маягаар тунхаглаж болохыг хэрхэн ялгах вэ ? Энэ бол Калачакрын мэдлэг юм.
Ламтаан, Агуу Их Калачакрагийн мөн чанар тодорхойгүй, ийм болохоор түүний сургааль доод тантрийн сургаальтай холилдсон байгаа. Танайд жинхэнэ буддистууд, түүний эсрэг чанар болсон бумбын сургаальтай яг адил. Бас танайд хамгийн доод ном (тантра) буюу мэрэг төлөг байдагтай яг адил. Энэрэн Нигүүлсэгч хараал, илбэ жатгыг буруушаахгүй гэж үү ? Лам хүн хараалч, илбэч байж болох уу гэдгийг Та хэлж өгөөч?
Таны зөв. Зөвхөн хараал жатга төдийгүй, ер бусын хүчээ хэрэггүй үед үзүүлэхийг манай агуу Багш хориглосон байдаг. Хэрэв хэн нэгний оюун санаа тийм их ахисан бол олон зүйлийг үйлдэж болох бөгөөд өөрийн дурын эрдэм чадлыг Нийтийн Сайн Сайхны тусын тулд зохих ёсоор нь үзүүлж болно. Харин энэ бол илбэ жатга биш, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх агуу их хөдөлмөр, дээд ололт болно.
Манай Бурхад, бурхдыг үзүүлсэн хөргүүдэд Та агуу их Багшийн яаж үйлдсэнийг харж болно, агуу их Багш нарын дундаас тун цөөхөн нь бүрэн бясалгал хийж байгааг харж болно. Тэд голдуу агуу их ажил үйлст биечлэн оролцож байдаг. Тэд эсвэл ард түмнийг сургаж, эсвэл хар хүчийг номхруулж байдаг ба тэд нийтийн сайн сайхны тусын тулд бол хамгийн хүчирхэг хүчнийг ч сөрөн зогсох, тэдэнтэй холбоо тогтоохоос ч айдаггүй юм. Заримдаа Та нар манай Багшийг сарнин буй хар хүчний мөргөлдөөний яг гол дунд нь харах бий. Буддистууд руу түүхийн бүхий л үеийн турш довтолсон хэдий ч бид дэлхийн дайныг дэмждэггүй: Буддистууд хэзээ ч эхлэгч байгаагүй. Танайд саяхан болсон Их Дайны үеэр байлдаж байгаа талуудын христийн санваартнууд Исса Бурхан бидэнтэй хамт гэж тунхаглаж байсныг бид сонссон. Хэрэв Бурхан нэгдмэл байсан юм бол эндээс тэр өөрөө өөртэйгөө зөрчилдсөн гэж дүгнэж болно. Бүх буддистуудад огтхон ч ойлгомжгүй байгаа энэ зөрчлийг Та хэрхэн тайлбарлах вэ ?
Ламтаан, энэ дайн нэгэнт дууссан шүү дээ. Хамгийн аймшигтай алдаа гарч болно шүү дээ. Гэхдээ одоо бүхий л ард түмэн зөвхөн дайны үзэл санааг биш, харин түүний зэвсэг, хэрэгслийг ч хэрхэн устгах талаар бодож сэтгэж байна.
Харин Та цэргийн бүхий л их буу, хөлөг онгоцыг устгах ёстой гэж үзэж байна уу ? Тэдгээрийг энх тайвны зэвсэг, дээд сургаалийн зэвсэг болгосон нь дээр байх. Би л хувьдаа цэргийн том усан онгоцуудыг дээд сургаалийн хөдөлгөөнт сургууль болгон харахыг хүсмээр байна. Энэ боломжтой юу ? Би Хятадад явж байхдаа асар олон их буу, усан онгоц харсан, тэгээд энэ аймшигт бүтээлүүд аллагийн бэлэгдэл биш, дээд сургаалийн бэлэгдэл болоосой, тэгвэл манай ертөнц сансрын эрчим хүчний ямар их юүлэлт авах байсан бол гэж бодож байсан.
Ламтаан, могой мэргэн цэцний бэлэгдэл болсондоо харамсаж явдаг гэсэн шүү дээ.
Та могой харамсаж ганихрах биш, зөвхөн исгэрч байх заяатай гэсэн хуучны домгийг Та бодвол сонссон буй за. Ямар ч хүн хүчтэй байх ёстой, гэхдээ Та хамгийн хүчтэй хамгаалалт юу гэж бодож байна ?
Ламтаан, мэдээжийн хэрэг, оюун санааны хүч өгч байгаа хамгаалалт шүү дээ. Яагаад гэвэл бид оюун санааныхаа хүчинд л оюун ухааныхаа хувьд ч, биеийн хувьд ч бэхждэг шүү дээ. Оюун санааны хувьд төвлөрсөн хүн л булчин чөрмөс нь зангирсан олон хүнийг давдаг шүү дээ. Өөрийнхөө оюун санааны чадавхийг ашиглаж чадсан хүн л дарвисан олноос хүчтэй шүү дээ.
Ингээд л бид манай агуу их Калачакра руу ахиад л ирлээ шүү дээ. Хэн хоолгүй амьдарч чадахав ? Хэн нойргүй амьдарч чадахав ? Халуун болон хүйтнийг хэн тэсвэрлэж чадахав ? Хэн шархыг анагааж чадахав ? Калачакраг судалдаг хүмүүс л үүний үнэнийг мэднэ.
Энэтхэгийн сургаалийг мэддэг агуу их азаруудын хувьд Калачакрын гарал үүслийг мэддэг. Тэдний танин мэдэхүй асар их бөгөөд тэд хүн төрөлхтөнд туслая гэвэл тэд амьдралыг дахин төрүүлэх болно. Бидэнд дурын агшинд олдох боломжтой агуу их мөнхийн эрчим хүч, хаа сайгүй нэвчин тархсан маш өчүүхэн, жингүй матери нээгдвэл ухамсартай гавъяа байгуулахад ч, мэргэн ухаантай байхад ч ашиглаж болох билээ. Энэ бол Калачакрын сургааль бөгөөд энэхүү анхдагч эрчим хүчийн ашиглахыг Галын сургааль гэж нэрлэдэг. Индус нарт энэ агуу их Агни тодорхой байсан бөгөөд хэдийгээр энэ сургааль нэн эртнийх ч тэр нь Шинэ Эрин Үеийн шинэ сургааль байх болно. Бид ирээдүйн тухай бодох ёстой бөгөөд бид бас Калачакрын сургаальд хамгийн их үр дүнтэй ашиглаж болох бүх юм байгаа гэдгийг мэддэг юм.
Эдүгээ маш их ялгаатай, бас өөр хоорондоо дайсагналцдаг маш олон багш нар бий. Бас тэдний олонхи нь Калачакрад бичсэн нэг л зүйлийг адилхан ярьдаг. Танай санваартнуудын нэг нь надаас “Каббала, Шамбал хоёр нэг сургаалийн хэсгүүд биш үү ? “ гэж асуусан юм даг. Тэр бас “Агуу их Моисей энэ сургаальд гэгээрсэн, мөн л тийм хуулийг сахидаг байсан юм биш үү ?” гэж асууж байсан. Үнэний тухай алив сургааль, амьдралын дээд зарчмын сургааль бүр нэг ундаргаас үүсэлтэй гэдэг ганц зүйлийг л баталж болно. Эртний буддын олон суварга лингам болон хувирсан, олон мечетийн хана болон сууринд эртний буддын вихар байдаг. Хэрэв эдгээр байгууламжууд амьдралын дээд нэг л зарчимд зориулагдсан бол энд муу нь юу байхав ? Хадан дахь буддын олон дүрсүүд Энэрэн Нигүүлсэгчийг оршин байхаас бүр эртний үед хамаардаг. Хэдий ийм боловч тэд бүгдээрээ нэг л адил дээд Мөн Чанарыг бэлэгддэг.
Калачакрагаас юу нь нээлттэй вэ ? Түүнд ямар нэг хориг байдаг уу?
Үгүй дээ, дээд сургаальд зөвхөн бүтээгч зүйлс л байдаг. Энэ нь ийм учиртай юм. Энэ дээд хүчийг хүн төрөлхтөнд зориулсан байдаг. Шамбалыг дамжих, Калачакрыг дамжих дөт замын тухай ярих үед байгалийн хүч чадлыг хүн төрөлхтөн ашиглаж болно гэдгийг шинжлэх ухааны хувьд хатуу тогтоосон. Энэ нь төгс чанар бол хүрч болшгүй эрхэмлэл биш, харин түүнд чин сэтгэл, чин тэмүүллээр энд, энэ газар дээр, энэ төрөлдөө хүрч болно гэсэн хэрэг юм. Шамбалын сургааль ийм юм. Хүн бүр түүнд нийлж болно гэдэг нь үнэн. Хэн ч гэсэн Калагия гэх дуудлагыг сонсож болно!
Гэхдээ хүн үүнд хүрэхийн тулд өөрийгөө бүтээлч хөдөлмөрт бүрэн зориулах ёстой. Шамбалтай хамтран ажилладаг, түүнд гэгээрсэн, түүний элч нар огт зүгээр суудаггүй, хаа саягүй аялан явж байдаг. Хүмүүс голдуу тэднийг огт мэддэггүй, заримдаа тэд бие биенийгээ ч мэддэггүй. Гэхдээ тэд ажлаа өөртөө биш, агуу их Шамбалд зориулж хийдэг, тэдэнд нууц байдлын гүн гүнзгий бэлэгдэл тодорхой байдаг. Заримдаа тэд баян мэт байдаг, гэхдээ тэдэнд өмч байхгүй. Бүх юм тэдэнд зориулагдсан байдаг , гэхдээ тэд өөртөө юу ч авдаггүй. Хэрэв Та Шамбалд өөрийгөө зориулсан бол та бүх юмыг авсан, бүх юм танд өгөгдсөн хэрэг. Хэрэв Танд харамсал байгаа бол Та өөрийгөө л алдаж байгаа хэрэг, хэрэв баяр баясгалантай байгаа бол баяжиж буй хэрэг. Бид ямар нэг алс холын, нууцлаг зүйлийн тухай ярихгүй байна гэдэг маань мөн чанартаа Шамбалын сургааль үүнд байгаа гэсэн хэрэг. Ийм учраас хэрэв Та Шамбал энд, энэ газар дээр байгаа гэдгийг мэддэг бол, хэрэв Та бүх юманд энд, энэ газар дээр хүрч болно гэдгийг мэддэг бол тэгээд л бүхий л хишиг буяныг энд, энэ газар дээр олж хүрч болно гэсэн хэрэг. Та Шамбалын хишиг буян үнэхээр энд, чингэхдээ олон дахин үрждэг гэдгийг сонссон байх. Үүний шалтгаан нь Шамбалын сургааль хаа сайгүй нэгдмэл гэдэгт биш, харин Шамбалын сургааль амьлаг агаад амьдралын энэ төрөлд өгөгдсөн, бүх тохиолдолд хэрэглэж болдогт байгаа юм. Бид хэрхэн ажиллаж сурах вэ ? Бүхий л боломжит мэдлэгт хэрхэн бэлэн байх вэ, хэрхэн нээлттэй, бүхнийг багтаагч болох вэ ? гэвэл зөвхөн Шамбалын практикийг судалж байж л ингэж чадна.
Та заримыг нь бусад хэлнээ орчуулсан, зарим нь хаалттай зэрэг Шамбалын тухай олон тооны ном судрыг уншихдаа агуу их бэлэгдлүүдэд бүү бухимд. Танай Баруунд хүртэл агуу их нээлтүүдийн тухай ярихдаа Та нар энгийн хүмүүс эсвэл энэ илэрхийллийг шууд үгчлэн, эсвэл зөвхөн өнгөц ойлгодог тэдний огт мэдэхгүй тусгай хэл ашигладаг. Яг ийм зүйлийг агуу их бүтээлүүд, шинжлэх ухаан баримтуудын хувьд хэлж болно. Зарим хүмүүс агуу их Пураныг шууд утгаар ойлгодог. Тэд ямар дүгнэлтэд хүрэх бол ? Үгийн өнгөн талаас, түүний хэл зүйгээс гаргаж болох тийм л зүйлийг олдог, харин хэрэглэн буй тэмдгүүдийн утга холбогдлоос гаргадаггүй. Гадаад дотоод хоёрын зохирлыг зөвхөн Калачакраг судалж баймаажин олж болно. Та бодвол огт хүнгүй газруудад хад чулуун дээр Калачакрагийн тэмдгүүд байгаатай тааралдсан буй за.
Судлаачийн тайлбар: Цагийн хүрдэний номлолд дотоод ба гадаад цагийн хүрдэн зохирч ч болно, хямарч ч болно, харин хямралын үед номын ёсон болон ертөнцийн ёсон аль аль нь хямралдаж, арга ч, билиг ч гэсэн дотооддоо зөрчилдөн хямарч болдог гэсэн сургаалийг лам энд хөндөж байна. Энэ тухайд Өндөр Гэгээн “Жанлавцогзол” хэмээх тарнийн алдарт бүтээлдээ: “Үлэмж их цөвийн балай харанхуйгаар бүрхсэн, Үйлсгүй муу цагийн амьтан биднийг нигүүлсэхүй сэтгэлээр авран соёрх” хэмээн айлдаж байсан. Мөн Монгол нутаг даяар “Нууцын эзэн очир баригч” Очирваань Бурхныг дээдлэн шүтдэг. Очирваань бол хамаг Бурхны арвис эрдмийг нэгэн дор хураасан, шумнасын аймгийг дарагч их хүчтэн, нууц тарнийн Бурхан болно. Дашрамд дурдахад Цагийн Хүрдэний онол номлол болон түүнтэй холбоотой бурхдын баримал, зураг урлал хоёр ихээхэн ялгаатай. Урлалыг нь манай ямар ч сүм хийд, музейгээс үзэж болно, харин номлолыг нь мэдэх, судлах ажил илүү чухал гэж бодож байна. Ер нь бол Цагийн Хүрдэний хямралаас сэргийлж, зайлж гараад сайн цагт хүрэх боломж байдаг.
Хэн нэгний үл үзэгдэх гар энэ зургийг чулуун дээр зурж, хад асган дээр Калачакрагийн тэмдгийг гаргасан юм. Зөвхөн Шамбалаар дамжин, зөвхөн Калачакрагаар дамжин төгс байдлын хамгийн дөт замд хүрч болно гэдэг нь үнээн үнэн.
Калагия, калагия, калагия. Шамбалд ирэгтүн !
Ингээд бидний яриа улам тансаг, улам нандин болов. Бидний ярианд хүн төрөлхтний бүхий л эрмэлзлэлийг агуулсан тэрхүү бэлэгдэл орж ирлээ. Бид Кайлас уулын тухай, хүмүүсийг үнэн шударгад өдөөсөн дуудлагаараа орон зайг дүүргэн байдаг энэхүү гайхамшигт уулсын агуйнуудад одоо болтол амьдран буй даяанчдын тухай ярьцгаав.
Дараа нь бид Кайласаас хойт зүйгт оршин буй Тэр Нэгэн Газрын тухай ярьцгаав. Үдшийн бүрий болмогц тасалгаа бүхэлдээ өөрчлөгдсөн мэт болов. Тансаг торгон дээр гайхамшигтай хатгамалдсан, ламын толгой дээр өлгөөтэй буй Ченресийн дүр биднийг доошлуулан учиртай гэгч харах шиг болов. Ийм дүрсийг Түвдийн өөр хаанаас ч олохгүй бөлгөө.
Энэ Бурхны хоёр талд бас л өвөрмөц хатгамалдсан өөр бурхад байна. Түүний нэг талд нь Ногоон Дар Эх, нөгөө талд нь гартаа ялан дийлэхийн тэмдэг аянганы тэмдэг барьсан эр зоригт Буддын Эзэн байна. Мөн гүнгэрваанаас өрөө рүү Долма, Цагаан Дар Эх нар нигүүлсэнгүй ширтэнэ.
Шинэхэн улаан фуксий (монголоор хүүхэн цэцэг, янаг цэцэг гэж нэрлэдэг) болон ягаан мандарваа (заримдаа даль гэдэг) цэцгийн баглаанаас амьдралын гайхам хүч цацран гарав. Тэнд Хүчирхэг, Ялагдашгүй Рэгдэнжав, тодрон гарч Түүний гарч ирсэн нь Кайласаас хойд зүгт оршин байх Тэрхүү нууц газрыг ахин санагдуулав. Энэ тугийн булангуудад маш чухал дөрвөн бурхан байна. Доод талд нь Рэгдэнжавын залгамжлагч, Калачакраг анхлан тайлбарлагчдын нэг бандид байна. Дээд булангуудад Ванчин Богдын хоёр дүр харагдана. Зүүн талд нь Шамбалын тухай заавар өгсөн Гуравдугаар Ванчин лам- Пэлдэн Иш байна. Баруун талд нь саяхан Туяаран буй Шамбалын тухай нэгэн тарни хэвлэсэн одоогийн Ванчин Чог Ням Гэлэг Намгял Пэлсамбуу байна. Тугийн гол дунд Рэгдэнжав өөрөө байх бөгөөд түүний титмийн суурин дээр зөрүүлсэн Их Дорж –Их Очир буюу амьдралын загалмай гялалзана. (зөрүүлсэн Дорж буюу Очирыг монголоор Нацагдорж гэж нэрлэдэг). Рэгдэнгийн сэнтийн өмнө олон хүн цуглажээ. Тэдний дунд байхгүй хүн үгүй бөлгөө. Өндөр хар малгайгаа өмссөн ладак хүн, улаан оройвчтой дугуй малгайтай хятадууд, цагаан хувцастай индусууд, цагаан малгайтай мусульманууд ч тэнд байна. Энд киргиз, буриад, халимагууд, бас үндэснийхээ хувцсаар гоёсон монголчууд байна.
Тэд болгон Эзэгнэгчид цэцэг жимс, үр тариа, даавуу торго, багаж зэвсэг, үнэт чулуу зэрэг газар газрынхаа шилдэг баялгийг өргөн барьж байна. Эдгээр ард түмнийг хэн ч албадсангүй, харин Азийн бүх өнцгөөс сайн дураараа ирж Агуу Их Дайчныг тойрон хүрээлжээ. Магадгүй, тэд эзэрхүүлсэн юм болов уу? Үгүй ээ, тэдний хандлагад дарлуулж доромжлуулсан зүйл огт алга. Эдгээр ард түмнүүд Түүнд яг өөрийн, цорын ганц эзэн мэт хандан талархаж байна. Түүний мутар агуу их Арслан Сэнгийн гар лугаа адил агуу зангаагаар газар руу заажээ. Тэр хөрст газар дээр ямагт хэлбэрэлгүйгээр бүтээх андгай өгчээ.
Бурхдын өмнөх утлага сангаас цэнхэрдүү утаа уугиж, өмнүүр нь дуниартах агаад нууцлаг сензар хэл дээр олон олон нууц тэмдгийг үзүүлэх авай. Дараа нь Агуу Их Үнэнийг мэдээгүй хэдий ч гутаагаагүй болохоор үлэмж тансаг үнэрт тэмдгүүд дуниартан байснаа орон зайд аажмаар уусч, сарнин алга болж бөлгөө.
Talai-Pho-Brang (Талайпхотан), 1928. Р. Рудзитис-ын орчуулга.
Зураг № 1. Цагийн хүрдэн Дүйнхор, Калачакра
Зураг № 2. Шамбалын монгол зураг. XIX зуун. Доод талд нь Рэгдэнжав тод харагдаж байгаа.
Зураг № 3. Рэгдэнжавын уламжлалт монгол дүр (томруулсан)
Зураг № 4. Н.К.Рерих өөрөө зурж Монголын Засгийн Газарт бэлэглэсэн "Улаан хөлөгт баатар" хэмээх зураг. Энэ нь Монголыг хамгаалж буй Рэгдэнжав болно. Дор нь Богд уул, монголын сүм хийд, ард түмэн байна. 1927 он.
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг