Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Цагаан дарь эх бурхан

Цагаан өнгийн бадамлянхуа дунд саран дүрт дэвсгэр дээр очир завалгаагаар саатсан, зүүн мутартаа ариун удвал цэцгийг барьсан, баруун мутраа санган алин хүссэнийг хайрлахыг билэгдсэн, арван зургаан насны идрийн цогт биетэй, нэгэн нигуурт, хоёр мутарт эгээрлийг хангагч, насыг арвитгагч, элдэв өвчин зовлон бүгдээс эрдэм чадлаараа аврагч Энэрэлт хутагт Дарь эх болой. Энэхүү Дарь эхийг шүтсэний буянаар энэ цагаас бодийг хүртэл насны цөв арилж, харшлах шалтгаан бүхэн амирлан зохилдох шалтгаан лугаа хотол чуулганаар цуглан нас буян дэлгэрч, найман аюул зайлах тус эрдэмтэй.
Цагаан дарь эхийн магтаал
Ум орчлонгоос гэтэлгэгч Дарь эх
Охь адистит дуддара бэр найман аюулаас авран
Утгалсан дүүри бээр өвчгүүдээс тонилгогч
Огоот гэтэлгэгч эх танд мөргөмүй
Сайхан цагаан лянхуан дунд оршсон
Саран дүрт дэвсгэрийн дээр
Очир завилгаа сэлтээр зохиож
Санасан дээдийг өгөгч эх танд мөргөмүй
Арилсан намрын сарны өнгө мэт болоод
Ардаа саран мандлын түшлэгт
Асар үзэсгэлэнт чимгүүд бүхий огоот төгсгөсөн
Ариун удвал цэцэг барьсан эхдээ мөргөмүй
Арван зургаан насны идрийн цогт биетэй
Алимад туулсан бурхан бүхэн түүний хөвгүүн
Алин хүссэнийг өгөгч гэгээн дүр барьсан эх
Аврагч хутагт Дарь эх танд мөргөмүй
Асар цагаан гэрэлт хүрдний
Алимад найман хигээст
Адист тарнийн найман үсгээр хүрээлсэн
Ариун хүрдэт эх тандаа мөргөмүй
Энэрэгч хутагт Дарь эх
Эгээрлийг хангагч сэтгэлчлэн хүрдэт насыг арвитгагч эх
Эгнэгт охин тэнгэр танд соёрхох шалтгаан нь
Эгэл миний насны зүтгэл хийгээд
Элдэв өвчин, зовлон бүгдээс
Эрдэм чадлаараа та бээр авран соёрх
Эрхэм дээд хийгээд шид бүхнийг
Хоцроолгүйгээр надад хайрлан зохио
Хутагт танд сүслэн үйлдсэн
Хувьт түүнээ насад хөвгүүн адил таалагтүн
Би бээр танд залбирлын хүчээр
Их нигүүлсэхүйн гохоор барин соёрх
Охин тэнгэрийн биеийн өнгө саран мэт бөгөөд
Хээмсэг дөлгөөн дүр байдал
Өнгөт сайхан эрдэнийн чимгүүдээр чимсэн
Үзэсгэлэнт хив торгон хормогчтой
Лянхуан саран хот мандлын төвд оршин
Очир завалгаа суудлаар суусан
Үзэсгэлэнтэй мишилзсэн нэг нигуур хоёр мутартай
Үнэхээр туулсан гурван цагийн бурханы үүсгэгч эх
Өчүүхэн төдий таныг магтсаны хүчээр
Миний орой зэндмэнэ эрдэнэ мэт болох болтугай.
Таныг хувь төдийхөн магтсанаар
Үнэхээр бодийг бүтээхүй дор
Энэ цагаас бодийг хүртэл
Харшлах нөхцөл бүгд амирлаад
Зохилдох нөхцөл лугаа хотол чуулганаар цуглах болтугай.

    Бусад мэдээлэл