2013-11-15 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6691
Магтахад маш их баярлана бас хүлээнэ
Муулахад мөн их хилэгнэнэ бас үл хүснэ
Магтаалыг шагнал хэмээн хөөрнө
Муушаалыг шийтгэл мэт үзэн ядна
Магтаалыг урам гэж ойлго
Шүүмжлэлийг зөвөлгөө хэмээн сана
Ядаж явдал мөрд тустай хэмээн мэргэд хэлэх ч
Ядмагхан хүний сэтгэл үүнийг үл ухаарна
Магтаал хүнийг эвдэх лантуу
Муушаал түүнийг хурцлах билүү
Магтах нь ихдвэл бардам дэлгэрнэ
Муулах нь харин омгыг дарна
Магтах нь мунхагийг таних мэх
Муулах нь хүлцлийг шалгах арга
Магтаал гэдэг билгүүнийг шалгах ерөндөг
Муушаал бол “БИ”-г цавчих сэлэм
БИ гэх нь мунхаг
Билгүүн гэдэг ухаарал
Мунхаг бол зовлонд хүргэх мөр
Билгүүн харин гэгээрэлд очих зам
Магтаал нь бусдад өгөх таны шалгалт
Муушаал гэдэг танд өгөх бусдын дүн
Аль аль нь сэтгэлийн сургалт тул
Ав адилхан хуурамч зүүднүүд хэмээн тэгш ханд
Ө.Батболд