Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Нагаржунайн шавь нь болсон нь

Нэгэн удаа их багш Нагаржунай алтан аягандаа манз барьж байтал, үүдээр нь явж байсан нэгэн хулгайч алтан аягыг нь харангуутаа хулгайлах санаа
төржээ. Хулгайчийн санааг мэдсэн Нагаржунай алтан аягаа цонхоор гарган шидчихжээ. Тэгэхэд хулгайч мэл гайхаж, ихэд ичсэндээ Нагаржунайн оромжинд орж ирээд, их багшийн хөлд нь сөгдөөд ийнхүү өгүүлжээ. “Та юунд ингэв ? Би хулгай хийх гэж л ирсэн. Гэтэл та сая миний зорьж ирсэн олзыг хог мэт хаяж өгсөн болохоор, түүнийг хулгайлах гэсэн их хүсэл минь унтрав. Хулгай хийх ямар ч утгагүй, ашиггүй боллоо” гэхэд, Их багш

“Би өөртөө байгаа бүхнийг хүнтэй хуваалцах ёстой. Чи хулгай хийхгүйн тулд энд байгаа бүхнээс юу дуртайгаа ав, идэгтүн, уугтүн” хэмээжээ.
Их багшийн өгөөмөр сэтгэл, сайхан санааг биширсэн хулгайч түүнд шавь орж ном заалгая гэхэд, Нагаржунай түүний сэтгэл үнэхээр хоёргүй үнэн авч, оюун ухаан нь сургаал номыг тогтоох болоогүйг мэдээд, “Чиний хүссэн юм болгон, толгой дээр чинь ургасан эвэр гэж бод. Хэрэв ингэж бодож чадвал, маргад эрдэнээс гарсан мэт их гэрлийг үзэх болно” гэж өгүүлээд оромжныхоо хаяа руу нэгэн атга эрдэнийн чулуу шидээд хулгайчийг дэргэд нь суулгаад ховсдож орхижээ. Хулгайч байсан эр Их багшийн сургаалыг даган хүссэн бүхнээ толгойд ургасан эвэр хэмээн төсөөлж суусаар, энэ итгэл нь бүрэн батжих тэр л үед толгой дээр нь үнэхээр эвэр ургав гэнэ. Эхлээд тэр амжилтаараа бахархаж байсан боловч эвэр нь томрох тусам сэтгэл нь түгших болжээ. Эвэр улам томорсоор сүүлдээ дааж явахын аргагүй хүнд болоход баяр хөөр нь оргүй алга болж гэнэ. Арван хоёр жил болоод Их багш түүн дээр эргэн ирж, шавиасаа “Бие чинь ямар байна ?” гэж асуухад, тэрбээр “Маш муу байна” хэмээн хариулжээ. Тэгэхэд нь Нагаржунай ихэд инээж: “Чи толгойдоо эвэр ургасан гэж бодоод санаагаар унасны адилаар, бүх амьтан хуурмаг юмыг бодитойгоор төсөөлөн түүнтэй зууралдаж, аз жаргалаа алддаг юм. Амьдралын бүх хэлбэр, шуналын бүх объект нь тэнгэрийн үүл лугаа адил билээ. Тэр ч бүү хэл төрөх, амьдрах үхэх ч гэсэн төөрөгдлөөс ангижирсан хүнийг дийлэхгүй. Хэрэв чи ертөнц дээрх бүх баялагыг бодитой бус, хэрэггүй хуурмаг юмс гэж мэдвэл үхэх, төрөхийн эргүүлгээс чөлөөлөгдөнө” хэмээн өгүүлжээ. Тэгмэгц шавийнх нь нүдийг бүрхэж байсан зүйл алга болж, эргэн тойрны бүх юмс болон толгой дээрх эвэр нь ч алга болжээ. Ийнхүү тэрбээр төгс ариусч, шидтэн болсон бөгөөд Гуру Нагабодхи буюу Нагаржунайн их шавь нь болсон гэдэг.

    Бусад мэдээлэл