Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Суварга эргэх ёсон

Ер гурван орчлонд эргэлдэн тэнэх нь сэтгэлээ оноогүйн гэм. Сэтгэлээ эс онох нь бузар түйтгэрт билгийн нүдээ халхлуулснаас уршигтай. Түйтгэр нь буяныг хурааж үл чадахын гэм. Буяныг хурааж эс чадах нь сүсэггүйн гэм. Сүсэггүй нь үхэл мөнх бусыг ухаараагүй, ухаарахыг ч хүсдэггүйн гэм билээ. Одоо тэгэхээр, зовлонт сансарт тэнэхийг үл хүсэгчид өөрийн сэтгэлийг онох хэрэг буй. Сэтгэлээ онож мэдэхэд түйтгэрээ арилгах хэрэг буй. Түйтгэр бузрыг буяны өмөггүйгээр арилгахгүй. Буяныг сүсэгтэй хүмүүн хураамуй. Сүсгийн сэтгэл өөрийгөө мөнх бусад ухаарсан хүнд сая төрмүй.
Хорвоогийн мөнх бус, үнэн мөн чанарыг сонсох, бодох, бясалган ухаарахаас айдаггүй, үнэнд шударгуу хандагч сүсэгт хүмүүн танд нүгэл хилэнц, түйтгэрээ арилгах олон аргыг ачит Бурхан багш номлосон ажгуу. Эдгээрээс суварга эргэж агуу их буяныг хураах ёсонг товч өгүүлсүгэй. Сонсогтун, уншигтун, тогтоогтун, мөрдөгтүн!

Бурхан ном ба хурваргуудад
Бодь гэгээрэлд хүртлээ итгэе
Би өглөг тэргүүтэн буянаараа
Бусдын тусад бурхан болтугай (Үүнийг гурав давтан уншна)

Шүтээн бүхний зүрхэн тус газраас
Судар бүхний үсэг өгүүлэр бүрээс
Суварга бүхний үзэмжит гол хумхнаас
Сацран гарах цаглашгүй их гэрлээр
Арван зүгийн бурхан бодисад хийгээд
Архад шарваан, барадигабууд дагина сахиус
Арван хоёр гишүүн эрхэм зарлигийн
Арилсан эгшиг, гийгүүлэг үсэг өгүүлбэр
Бие лагшин ба бие лагшнаар бус үзэгдэх
Бодь суварга тэргүүтэн шүтээн суваргууд
Адистид жанлав шингэсэн чухал шүтээнүүд
Арилсан орноос залагдан шүтээн үүд шингэвэй (Гэж нэг уудаа уншин шүтээнээ залан ирүүлнэ)

Ялж төгс нөхчсөн, Түүнчлэн ажирсан, Дайснаа дарсан, Үнэхээр туулсан, Бурхан, Эрдэнийн-Дуаз танд мөргөмүй, тахимуй, итгэмүй. НАМУ БХАГВАТЭ РАТНА КЭТҮРААЖААЯ ТАТХА ГАТААЯ АРХАТЭ САМЯК САМБУДДХААЯ. ТАДЯТХА УМ РАТНЭ РАТНЭ МАХАА РАТНЭ РАТНЭ ВИЖАЕЭ СВААХАА. НАМУ ДАШ ДАКТРИ КИЙЛА САРВА ПААПАМ ВИШОДХАНИ СВААХАА. (Энэхүү бурханы магтаал, зүрхэн тарнийг суварга эргэж байхдаа уншна)

Бурханы магтаал, тарнийг уншин суварга эргэхийн сацуу бодох зүйл буй. Өөрийнхөө зүрхэнд хар хөх өнгийн чандмань эрдэнэ байна гэж бодно. Тэр чандмань эрдэнээс гэрэл сацран гарч эргэж буй суварганы тань өмнө хэмжиж баршгүй элбэг дэлбэг тахил болон хувирснаар бурхадыг тахиж байна хэмээн төсөөлнө. Тойрч буй суварга болон төсөөлөн бодож буй бусад олон шүтээнээс тань ч мөн хариу гэрэл цацран гэрч таны болон, бусад бүх амьтны хилэнц нүгэл, бузар түйтгэрийг ариусган арилгалаа хэмээн сүсэглэн бодно. Суварганы ард талд очих бүртээ хүссэндээ хүрлээ гэж бодох бөгөөд хаин урд талд нь гарахдаа зүрхэндэх чандмань эрдэнийнхээ гэрэлээр бурханаа тахина. Ийм маягаар эргэлийг хэдий олон удаа үйлднэ төдий их тусыг олмуй.

  • ЗочинSeptember 25, 2012

    сайхан юмаа. Баярлалаа.

  • ЗочинNovember 28, 2012

    Gyalailaa.Iim olon saihan medeelel tavj medlegiin xureeg maan' telj bui ta nartaa ix talarxaj baina.Al' boloh amdraldaa xeregjuulexiig l erhemlie.

Бусад мэдээлэл