Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Цогт цагийн хүрдний Дүйнхор бурхан

Бурхан багш анх номоо номнохдоо шавь нарийн ухааны хир хэмжээнд тааруулж “Их хөлгөн”,” Бага хөлгөн”- ий хоёр ёсыг айлдсан байна. “Их хөлгөний”- ий ёсыг хамгийн ухаантай хувь сайтай шавь нартаа айлдсан бөгөөд “Их хөлгөн”- ий ёс нь дотроо “ Судрын ёс”, “ Тарнийн ёс” гэж хоёр байна.
Хамгийн ухаантай сайн шавь нартаа номлосон “Нууц тарнийн ёс” нь дотроо “ Үйлийн нууц тарнийн үндэс” , “Явдалын нууц тарнийн үндэс” , “Бясалгах нууц тарнийн үндэс” , “ Ханьцашгүй бясалгах нууц тарнийн үндэс” гэж дөрөв байдаг.
Гадна талын үйл , дотор талын бясалгал хоёроос гадна талын үйлийг голлон хийхийг нь “Жажэд” буюу “Үйлийн нууц тарнийнёс” буюу гадна талын үйл, дотор талын бясалгал хоёрыг адил тэгш хийх нь “ Жожэд” буюу “ Явдалын нууц тарнийн ёс” юм.
Гадна талын үйл, дотор талын бясалгал хоёроос дотор талын бясалгалыг голлож байгаа нь “ Налжаржүд” буюу “ Бясалгах нууц тарнийн ёс” бөлгөө. Тэрнээс дээш бясалгал байхгүй учраас “Налжорлана мэдвийн жүд” буюу “Ханьцашгүй бясалгалийн нууц тарнийн ёс” гэжээ. “Ханьцашгүй бясалгалийн нууц тарнийн ёс” нь дотроо “ Эцгийн үндэс” , “Эхийн үндэс” гэж хоёр байна.
Бурханы лагшин таалал хоёроос лагшинг бүтээх бясалгалыг гол дэлгэр үзүүлсэн нууц тарнийн ёсыг “ Палжүд” буюу “ Эцгийн үндэс” гэх ба Тааллыг бүтээх бясалгалыг гол дэлгэр үзүүлсэн нууц тарнийн ёсыг “ Мажүд” буюу “ Эхийн үндэс” гэнэ.
Дүйнхор бол “ Мажүд” буюу “Эхийн үндэс”- ийн ёсонд багтана. Ер нь хэн ямар Ядам бурхантай холбоотой байна түүнийгээ бясалгах нь чухал хэрэгтэй юм. Жигжид, Сандуй, Дэмчиг, Дүйнхор тэргүүтэн нь ядам бурхан юм. Ядам гэдэг бол гол болгож бясалгах бурханыг хэлнэ. Ямарч Ядам бурхан бясалгасан ч түүний орд харш, бурхад сэлт нь онолын эрдэм гадна талын дүрс байдалд урван гарах юм.
Дотор цагийн хүрд үйлийн үртэй холбоотой хий, бие таван цогцос бүгд дуусаад гадна жил, сар тэргүүтэн гурван цаг мөн чанараараа бүтээгүй хоосон чанарын хэлбэр дүрс хот мандалын бурхадын дүр ургасан нь Дүйнхор юм. Дүйнхор гэсэн нь түвд үг бөгөөд санскрит хэлээр бол калачакра, Монгол хэлэнд орчуулбал “ цагийн хүрдэн” гэсэн үг бөгөөд Дүйжий хоролд “ Гадна дүйжий хорол”, “ Дотор дүйжий хорол” Бусад дүйжий хорол” гэсэн гурван зүйл бий.
Гадна дүйжий хорол гэдэг нь нэг жилд арван хоёр сар, нэг сард гуч хоног, нэг жилд 360 хоног ээлж дараагаар эргэхийг хэлнэ.
Дотор дүйжий хорол гэдэг нь нэг өдөр шөнөд 21600 удаа амьсгал авахыг 12 хуваагаад нэг нэгээр эргэхийг хэлж байгаа юм. Бусад дүйжий хорол гэдэг нь гадна дүйжий хорол , дотор дүйжий хорол хоёр мөн чанараараа бүтээгүй хоосон чанар нь бурханы лагшинд ургаж байгааг хэлнэ.

Дүйнхор бурхан олон тэргүүнтэй, олон мутар өлмийтэй, олон зүйл барьсан зэрэг нь Дүйнхор бурханы дотор талын эрдэм гадна талын дүрсэнд урвасан байгаа юм.
Дүйнхор бурханы баруун талын хөл улаан өнгөтэй, жийсэн байрлалтай, зүүн талын хөл цагаан өнгөтэй, хумисан байрлалтай, бүсэлхийнээс гол тэргүүн хүртэл хар хөх өнгөтэй байгаа нь юуг бэлэгдэж байна гэвэл бясалгал хийсний хүчээр баруун талын хөлөөр эхийн улаан дусал доош хураагдах, зүүн талын хөлөөр эцгийн цагаан дусал дээш хураагдахыг бэлэгдэж байгаа юм.
Ер нь хүн амьд байх үед гол судасны дунд эхийн улаан дусал дороо, эцгийн цагаан дусал дээд талд, завсар нь сүнс саванд байгаа юм шиг байдалтай байдаг. Тэгээд эхийн улаан дусал хураагдан хоёр дусал гадагш гарна. Сүнс нь зулай, дух , нүд, чих, хамар, ам, хүйс, нууцын хоёр орон гэсэ есөн сүв газраар гарахад хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг.
Сүнс бол урвашгүй дээд амгалангийн мөн чанартай тул түүнийг бэлэгдэж бүсэлхийнээс дээш гол тэргүүн хүртэл хар хөх өнгөтэй байгаа юм. Учир нь бусад бүх өнгө урвадаг бөгөөд хар хөх өнгө хэзээ ч урвадаггүй тул урвашгүй дээд амгаланг бэлэгдэж байгаа юм.
Баруун хөлний өлмий дор хүслийн тэнгэр улаан өнгөтэй Дүдгэрваанчиг, зүүн хөлийн өлмий дор догшин цагаан өнгөтэй Ваанчиг гишгэсэн байгаа нь баруун талын ором судас зүүн талын жама хоёрт хий байгааг цогнож байгаа бөгөөд тэр судсаар хий явуулахгүйг цогнож хоёр өлмий дор ваанчиг гишгэсэн байгаа юм.
Тэр хоёр хийг юугаар хааж байна гэвэл гол судсанд хий орж тэр хоёр судсыг хааж байгаа юм. Үүнийг нь бэлгэдэж Дүйнхор бурханы өлмийд сар, нар , рахул гурвыг бэлгэдэн цагаан, улаан, хар гурван өнгийн дэвсгэртэй байгаа юм. Үүнийг юуны тухайд ингэж тайлбарлаж байна вэ гэвэл Дүйнхор бурханыг бясалгахыг хүнд мэдүүлэхийн тухайд юм.
Ер нь хүн юмыг бүрэн гүйцэд танин мэдэж чадахгүй байгаа нь юунаас болж байна вэ гэвэл баруун зүүн хоёр талын судсаар нисваанис , атгаг мунхагтай холбоотой хий явж гол судсаар хий яваагүйгээс болж байгаа буюу. Ийм учраас Бодьсадын сэтгэл хоосон чанарыг мэдсэн сэтгэлийг гол бариад баруун зүүн хоёр судасны гэмийн хийг дарж чадаад гол ум судсаар хий явж байвал атгаг нисваанис мунхагийг арилгаж чадна.
Гадна сав ертөнцийн талаас Дүйнхор бурханы хоёр өлмий нь нэг жилд арван хоёр сар эргэх буюу нар ойртох , буцах хугацаанд нэг жил багтахыг,дотор шим ертөнцийн талаас бол бясалгаачин нэг өдөрт хамрын хоёр нүхээр арван хоёр хийг ээлжлэн сольдог бөгөөд энэ нь баруун зүүн хоёр судаснаас гарч буйг бэлгэдэж байгаа юм.
Мөн баруун ,зүүн талын мутарын мөр нь гадна сав ертөнцийн нар ойртож буцах , дотор шим ертөнцийн арван хоёр хийг урт богино зургаа зургаагаар ээлжлэн гарч байгааг, арван хоёр булчин нь гадна арван, дотор арван хийг ээлжлэн эргэхийг тус тус бэлгэдэнэ.
Баруун зүүн талд нийт хорин дөрвөн бугуй буй нь гадна арван хоёр сард эхэн, дунд, адаг саргээд хорин дөрөв болж байгааг, дотор арван хоёр хийг дээш аривдах, доош буурах гээд бүгд хорин дөрөв болж байгааг тус тус бэлэгдэнэ.

Нэг мутарт арван таван үе байх бөгөөд хорин дөрвөн мутарт бүгд гурван зуун жар болох буюу энэ нь гадна нэг жилийн 360 хоног , дотор нэг хийд гучин бага хий байгааг арван хоёр хийд гурван зуун жаран бага хий оршдогийг бэлгэдсэн юм.
Цагаан найм, хар найм , улаан найм гэсэн нийт хорин дөрвөн мутар нь лагшин, таалал, зарлигийн мөн чанарыг , таван хуруу нь шар , цагаан , улаан, хар, ногоон таван өнгөтэй бөгөөд шороо, ус , гал , хий, огторгуй гэсэн таван махбодыг тус тус бэлэгджээ.

Дөрвөн тэргүүн нь гадна сав ертөнцийн нэг жилийн дөрвөн улирал, Дүйнхор бурханы улаан , хар , хөх , цагаан, шар | тэргүүн дотор шим ертөнцийн бясалгалын үеийн тухайд Дүйнхор бурханы лагшин, таалал, зарлиг билиг билгүүнийг гэх мэт зүйлийн эрдмийг олохыг бэлгэдсэн. Мөн язгуурын дөрвөн бурхан болох Донёддүв, Одвагмэд, Ринжүндорж, Намнанг бэлгэдсэн.
Дүйнхор бурханы мутарт элдэв зүйлийн юмс барьсан байгаа нь янз бүрийн үйлийг бэлэгдсэн. Жишээлбэл: барын арьс зүүсэн нь уур хилэнг дарах, хүний арьс нь шунал тачаалыг дарах, зааны арьс нь мунхаг харанхуйг амирлуулахыг тус тус бэлгэдсэн.
Энэ мэи Дүйнхор бурханы өнгө , тэргүүн, мутар, өлмий, барьсан зүйл, зүүсэн зүүлт чимэг бүгд нь ямар нэгэн зүйлийг бэлгэдсэн байх бөгөөд бясалгаачин энэ бүгдийн утга учрыг мэдэж бодон бясалгавал Дүйнхор бурханы эрдмийг олох юм.

Дүйнхор бурханы орон жинхор буюу хот мандалын тухай

Мандала гэсэн нь санскрит үг бөгөөд төвдөөр “ Нямбулэн” буюу “ Шимийг нь авах” гэсэн үг юм. Ерөнхийдөө хот мандалыг зурах , өнгө бүрийн элсээр , янз бүрийн зүйлээр барих, биеийн мөн чанараар, бясалгалаар гэсэн хэд хэдэн янзаар бүтээдэг байна.

Бясалгалчин Дүйнхор бурханыг бясалгаад гарсан гол эрдмийн бэлэгдэл нь Дүйнхорын хот мандал юм.
Дүйнхорын хот мандалд таалалын , тусгай хот мандал, лагшин, зарлиг, таалал гүйцэд бүрдсэн хот мандал гэж хоёр янз байна.
Дүйнхорын ван тавих болон бусад үед хот мандалыг таван өнгийн элсээр бүтээсэн хот мандал байх ёстой байна. Буян хураахын тухайтад Дүйнхорын хот мандалыг эрдэнийн зүйлээр , эрдэнийн зүйлийг өнгийн элстэй хольж бүтээх, дан элсээр бүтээх гэж байдаг.
Хот мандалын таван өнгийн улаан өнгийг шүр, цагааныг сувд буюу дунгаар, шарыг алтаар, ногооныг оюун, хөхийг номин гэсэн таван эрдэний зүйлээр бэлэгдэн хот мандалыг бүтээдэг билээ.

Дүйхор бурханы хот мандал нь нийтдээ гурван давхар байдаг бөгөөд таалал , зарлиг, лагшингийн гэсэн гурван хот мандалаас бүрдэх бөгөөд хот мандалдил бодитой 722 бурхан залрах ба далд хязгаарлашгүй олон бурхад заларна.
Хот мандал бүхэлдээ арга билгийн мөн чанар бүрэн гүйцэт төгссөн маш ариун нандин гэдгийг элсэн хот мандлын зүүн хойд зүгт сар ургах, өмнө баруун зүгийн завсар нар жаргахаар бэлгэдсэн байна.
Дүйнхор бурханы таалал, зарлиг , лагшин бүрэн гүйцэд бүрдсэн хот мандалын өнгө, нэг бүр , дүрс нэг бүр , үсэг нэг бүр болон чимэглэл , зураас бүгд цаанаа нарийн утга учиртай. Ямар нэг зүйлийн бэлэгдэж цогносон байгаа юм.
Шамбал бол цагийн хүрдний адислалаар ариуссан орон
Замбу тивийн арван ариун орон
Гадаад их далайн дунд Сүмбэр хэмээх их уул байна. Энэ нь Энэтхэгийн санскрит хэлний “Сүмэрү” хэмээх үг бөгөөд Монгол хэлээр Сүмэр буюу сүмбэр болжээ. Сүмбэр уулыг тойрон 4 их тив, 8 жижиг тив байна гэдэг. Дөрвөн их тивийн нэг нь бидний амьдарч буй замбуутив юм.
Сүмбэр уулын орой дээр Хурмаст тэнгэр тэргүүтэй 33 тэнгэр, уулын хөндийгөөр Асури, 4 тивд хүн ба адгуус, уул усанд 8 их лус, газар дор там бирдийн амьтад оршино. Замбуу тивд буддын шашинтны 5 ариун орн байна гэдэг. Эдгээр нь:
1. Замбуу тивийн төвд Очир суурин
2. Дорно зүгт Утай
3. Өмнө зүгт Бодалан
4. Өрнө зүгт Одаяна
5. Умар зүгт Шамбалын орон эдгээр болно.

Шамбалын орон
Шамбал гэдэг нь санскрит үг бөгөөд сайн амгалан дэлгэрэх хэмээхийн утгатай гэж тайлбарласан байдаг.
Төвд , Монгол оронд дэлгэрсэн Шамбалын орны эх сурвалж нь Ганжуурын “ Цагийн хүрдний тантрсын хаан “ хэмээх судар болно.
Замбуу тивийн арилсан таван орны нэг Шамбол бол Цагийн хүрдний сургаалаар сав шим нь ариуссан дагшин орон хэмээн үздэг учраас үе үеийн газар газрын номт сүсэгтэн , оюут мэргэдийн сэтгэл зүрхний дуудлага болсон гэдэг. Бурхан гэгээнээс Жалбу Даваасамбуу хаанд Дүйнхорын номыг хайрласаныхаа дараа “ Эргэж орондоо буцаж очоод миний номыг дэлгэрүүл” гэсэн бошиг зарлигаар тэр орныг “Шамбал” гэж нэрлэ гэсэн зарлиг өршөөсөн болой. Даваасамбуу хаан бээр бурханы зарлигыг даган өөрийн орондоо буцаж ирээд орон даяар Бурхан гэгээний номыг дэлгэрүүлэхээр тунхаг гаргасныг сийрүүлбээс: “ Хаврын сүүл сар 3- сарын 15- нд миний номонд цуглан ирж сууцгаа. Хэрэв миний энэ номонд суухыг хүсэхгүй дургүй хүмүүс байвал өмнө өчүүхэн замбуулинд одсугай” гэжээ. Гэтэл энэ үед муу тарнич арш нар болох нэгэн живаа тоот тийм хэсэг омог хүмүүс Даваасамбуу хааны номонд суухгүй хэмээн өчүүхэн замбуулин тив рүү явахаар тохиролцон тийш яваад газар мэдэхгүй төөрч нэгэн газар хоноглоод өглөө сэрсэн чинь Шамбалын их хааны ордны дэргэд ирсэн байжээ. Тэгээд арш нар гайхан биширч бидний зам бурууджээ гэж зөвлөлдөн Даваасамбуу хааны номонд суухаар гуйсанд Даваасамбуу хаан ихэд таалан соёрхсоноор хааны элч төлөөлөгчдийг арш нар дээр очуулжээ. Тэдгээр арш нар алтан мандал өргөж элчээр дамжуулж Даваасамбуу хаанд хүргүүлэхэд Даваасамбуу хаан зөвшөөрөн соёрхож тэдгээр арш нар зөвд оржээ гэсэн номлол байдаг болой.
Даваасамбуу хаан бээр бурханы зарлигаар Шамбалын орны алтан ширээнд заларч Дүйнхор бурханы хот мандал, шамбалын номын хааны алтан ширээг өөрөө үүсгээд зуу зуун жилээр долоон хаан үе залган сууж Шамбалын орон номын ертөнц хослосон ариун орон болжээ. Шамбалын номт 7 хаад:

  1. Жалбуу Даваасамбуу – МЭӨ 900-876
  2. Лхаян Ванчиг - МЭӨ 876-776
  3. Сэвжид Таяа МЭӨ 776-676
  4. Даваашин МЭӨ 676-576
  5. Ванчиг Чинбу МЭӨ 576- 476
  6. Нацаг Суг МЭӨ 476- 376
  7. Лхаян Вандан МЭӨ 376- 276

Эдгээр номт хаадын дараа 25 хаан Шамбалын төрийг тэтгэх бөгөөд эдүгээ цагийн хаан нь Магака 1927-2027 юм. Эдгээр хаадын сүүлчийн хаан нь Рэгдэндагва 2327 оноос заларч тэр үед Шамбалын шашин дэлгэрэх юм байна.

Билгийн мэлмий сонин 2011 он 11 сар №11- 109

Холбоотой видео: “KALACHACKRA”

  • ЗочинOctober 7, 2013

    ханьцашгүй тарни буюу ёогачара, манайхаар ёогүчэра буюу егүзэр-ийх байх нь.

  • ЗочинOctober 7, 2013

    манай лам нар чимээгүй болоод байсан юм. Ганжуур Данжуур нийтэд гарч байгаа болхоор тэр. Уншиж чадахгүй байсан нь уншаад, олдохгүй нэгэнд нь олдож эхлээд.

Бусад мэдээлэл