Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Будда чухам юу сургасан нь

Валпол Рахулагийн Будда чухам юу сургасан нь ном хэвлэгдэн гарлаа.

Та энэхүү номноос Бурхан багшийн үеийн үйл явдал болон чухам Бурхан багш яг өөрөө ямар ямар сургаал айлдаж байсан талаар олон сонирхолтой зүйлүүдийг мэдэж авах болно. Бурханы шашин сонирхдог болон сонирхон орох гэж буй хүн бүхэний зайлшгүй унших ёстой ном болно.

Оршил

Өнөө үед дэлхий дахинаа буддизмыг сонирхох нь улам бүр нэмэгдсээр байна. Олон тооны нийгэмлэгүүд, судалгааны бүлгүүд бий болж, Буддагийн сургаалын талаар өдий төдий ном зохиол гарч байна. Харин харамсалтай нь тэдгээрийн олонхийг мэргэжлийн бус хүмүүс бичсэн байх буюу эсхүл өөр бусад шашнаас авч будлиантуулсан таамгийг зорилтоо болгож, ингэснээр уг судлагдахуунаа ташаа илэрхийлсэн хүмүүс ч мөн бичсэн байх юм. Саяхан шашны харьцуулсан судлалын нэгэн профессор буддизмын тухай ном бичсэн байх бөгөөд тэр бээр Буддагийн дотнын үнэнч шавь Анандыг хувраг гэж мэдэхгүй, хар хүн байсан хэмээн боджээ. Энэ мэтийн номын сурталчилж байгаа буддизмын тухай мэдлэг уншигчдын сэтгэлд үлдэж болох шүү дээ.

Миний бие юуны өмнө боловсролтой, сэхээтэн нийт уншигчид, уг асуудлыг судлаагүй ч, ер нь Будда чухам юу номлосныг мэдэхийг хүссэн бүхэнд зориулж энэхүү бяцхан номыг бичсэн болой. Буддагийн сургаалын хадгалагдаж ирсэн хамгийн эртний тэмдэглэл хэмээн эрдэмтэн судлаачид нийтээрээ үзэж байгаа Типитака хэмээх пали хэлний эх сурвалжид буй Буддагийн өөрийнх нь айлдаж байсан үгсийг уншигчдад товч бөгөөд аль болохуйц уг хэвээр нь, энгийнээр танилцуулахыг зорьсон юм. Энд ашигласан хэрэглэгдэхүүн ба эшлэлүүдийг тэр эх судруудаас нь шууд авсан болно. Цөөн хэдэн газар сүүлийн үеийн зарим зохиолоос мөн эш татав.

Будда чухам юу сургасан тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй бөгөөд цаашлан судлахыг эрмэлзэж буй уншигчдын хэрэгцээг үүнд бас харгалзсан юм. Иймээс миний бие голлох зангилаа үгсийн ихэнхийг пали хэлээр авахын зэрэгцээ эх сурвалжуудыг зүүлт болгон оруулж, мөн номын түүвэр жагсаалтыг хийсэн болно.
Өмнөө тавьсан зорилтыг биелүүлэхэд над бас янз бүрийн бэрхшээл гарч байв. Үүнд: нийтэд үл мэдэгдэх зүйл, нөгөө талаар хялбаршуулах хоёрын дундыг барих; одоогийн англи хэлээр уншигчдад ойлгож сонирхохуйц байх, нөгөө талаар уг сэдэв болон Буддагийн хэрхэн ярьж сургаж байсан хэлбэр, арга барилыг нь хадгалах хэрэгтэй байлаа. Энэ номыг бичихдээ миний цээжэнд буй эртний эх сурвалжуудыг ашигласан бөгөөд тийнхүү Бурхан багшаас сургаалаа хэрхэн номлож байсан хэлбэрийн тухай уншигчдад ойлголт өгөхийн үүднээс аман уламжлалаар дамжиж ирсэн Буддагийн яриа, хэлсэн үгсийн нэгээхэн хэсгийг дахин давтаж зориуд энд гаргасан юм. Миний бие үүнийг эх сурвалжид аль болохуйц ойр дөхүү байхаар авч, бас уншихад хялбар, ойлгомжтой байхаар орчуулахыг чармайсан болно.
Гэхдээ хялбарчлахын зэрэгцээ, Буддагийн хөгжүүлэхийг сонирхож байсан тодорхой санааг гээгдүүлэхгүй байх гэсэн үзлийг барихад бэрхшээлтэй тулгарахын хязгаар гэж бас бий. Энэхүү номыг “Будда чухам юу сургасан нь” гэж нэрлэхдээ, бүхнийг ухаарсан зүйлийг тааламжтай сэтгэгдэл хялбархан төрүүлэх байдлаар дүрслэн уг санааг нь гажуудуулах эрсдэлтэйгээр илэрхийлэхийн оронд Буддагийн өөрийн хэлсэн үгс болон авсан жишээнүүдийг нь хүртэл гарган тавих нь илүүтэй хэмээн миний бие бодсон буюу.

Эл номд Буддагийн хамгийн гол чухаг бөгөөд тулгуур сургаал хэмээн нийтээр үздэг бараг бүх зүйлийг авч үзсэн болно. Тэр нь Хутагтны дөрвөн үнэн, Найман гишүүт мөр, Таван цогц, Үйл үр, Эргэж төрөхүй, Шүтэн барилдахуй, Сүнс үгүйн сургаал, Дуртгахуй үүсэхүй эдгээр болно. Энэ номд өгүүлэн буй илэрхийллүүд Өрнөдийн уншигчдад бол үл мэдэх, дасаагүй зүйл болох нь мэдээж хэрэг. Хэрэв уншигч сонирхох аваас эхлээд I бүлэг, тэгээд цааш нь V, VII, VIII бүлгүүдийг уншаад, дараа нь эргэж II, III, IV, VI бүлгүүдийг уншвал ерөнхий утга санаа тодорхой болж, улам ч үнэмшилтэй болох буюу. Буддагийн сэтгэлгээний тогтолцооны үндсэн тулгуур гэж Тхеравада, Махаяна аль аль нь хүлээн зөвшөөрдөг судлагдахуунуудыг авч үзэхгүйгээр Буддагийн сургаалын тухай ном бичнэ гэдэг боломжгүй зүйл ээ.

Тхеравада (Хинаяна буюу “Бага Хөлгөн” гэдэг нэр томъёо нь юм мэддэг хүрээнийхэнд хэрэглэгддэггүй) гэдэг нэр томъёог “Ахмадын (тхерас) номтон” гэж, Махаянаг “Их хөлгөн” гэж орчуулж болно. Эдгээр нь өнөөдөр дэлхийд алдаршсан буддизмын хоёр үндсэн хэлбэр мөн. Тхеравада нь буддизмын ууган эх хэлбэр бөгөөд Цейлон, Бирма, Тайланд, Камбож, Лаос, Дорнод Пакистаны Читтагонд дэлгэрсэн, Махаяна нь харьцангуй хожим хөгжсөн, Хятад, Япон, Төвд, Монгол гэх мэтийн оронд дэлгэрчээ. Эдгээр хоёр чиглэлийн хооронд зарим нэгэн ялгаа, гол төлөв шүтэх бишрэх зан үйл, мөргөлийн ёсонд байх боловч энд өгүүлсэн Буддагийн гол чухал сургаалын хувьд Тхеравада, Махаяна хоёр яг бүрэн тохирдог.
Энэ номыг бичихийг үнэн хэрэгтээ дурдан урьж, анхааран сонирхож, бүхий л туслалцаа үзүүлсэн хийгээд номын гар бичмэлийг уншин, санал зөвлөлгөө өгсөнд профессор Е.Ф.Ц.Людовикт чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлэх нь над одоо үлдээд байна. Мөн тэрчлэн гар бичмэлийг уншиж, үнэтэй санал зөвлөлгөө өгсөн хатагтай Марианне Мөэхнд гүнээ талархаж байна. Эцэст нь миний Парисын багш профессор Поль Демиэвиллд өмнөтгөл бичиж хайрласанд нэн их талархаж байгаагаа илэрхийлье.
В.Рахула

  • ЗочинAugust 23, 2012

    Будда Шагжамуни 1000 бурхан залрахыг айлдсан гээд яригдаад байдаг.
    Хэрэв Будда тэдгээр мянгыг эхнээс нь нэрээр нь нэрлэж чадаж, "харж" байсан гэх аваас, тэгээд тэд хэд байхыг нь ЯГ мэдсэн гэх бол юу айлдахыг нь бас ЯГ мэдэж байсан. Үүнээс улбаалаад Готама сансрын хүрд хэрхэн, хэдэн жил оршихыг ч мэднэ. Сургааль дотор нь байх ёстой. Гэтэл бид түүний сургаалийг ойлгох нь байтугай, аль нь мөн, аль нь биш гэдгийг гүйцэд мэдэхгүй, өөрийн үзэмжээр аль нэгийг нь голчлон бариад байх гэдэг. Төрсөн оныг нь ч тоолоод олчихож чаддаггүй.

  • ЗочинAugust 24, 2012

    Бурхадын хувьд бидний тоолдог цаг хугацаанд яахан захирагдах билээ. Буддагийн төрсөн он гэж юу ч байх билээ. Мань мэтийн амьдныг бол тэдэн оны тэдэн сард төрсөн гэхсэн. Бурхан ертөнцөд залрах нь санаанд багтамгүй л үйл байж таараа.

  • ЗочинSeptember 21, 2012

    Хинаяна буюу “Бага Хөлгөн” гэдэг нэр томъёо нь юм мэддэг хүрээнийхэнд хэрэглэгддэггүй

  • ЗочинSeptember 21, 2012

    Theravada - өтгөсийн суртгаал

Бусад мэдээлэл