Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Нагаржуна багшийн билиг сургаалаас

Төв үзлийн гүн ухааныг үндэслэгч хэмээгдэх Нагаржуна багш Буддаг нирваан дүр үзүүлснээс 400 жилийн хойно өмнөт Энэтхэгт мэндэлжээ. Долоон настайдаа их шидтэн Сарахад шавь орж, бясалгал гэгээрлийн мөрөөр замнасан гэдэг. Нагаржуна гэдэг нь “Лусын шидтэн” гэсэн утгатай нэр бөгөөд зуун мянган шүлэгт билиг барамидын судрыг лусын орноос залж ирсэн учир тийнхүү алдаршсан гэж домог цадигт өгүүлдэг. Тэрээр хоосон чанарын үзлийг тайлбарласан “Төв үзлийн билиг” тэргүүтэн гүн ухааны долоон шастир туурвиснаас гадна “Зуун билиг”, “Рашааны дусал” гэхчлэн зөв амьдралын хөтөч болох олон сургаал хойч үедээ үлдээжээ. Тэдгээрээс дээжлэн энгийн хүүрнэл үгээр толилуулъя.

Чи асар их буяны үнэ төлж байж хүмүүн биеийн хөлөг онгоцыг худалдаж авчээ. Одоо үүнийгээ дэмий сүйтгэлгүй орчлонгийн далайг гатлах унаа болгон ашиглагтун.

Хүмүүн биеийг олчихоод хилэнц үйлдэгчид рашаан хийвэл зохист эрдэнийн завъяаг бөөлжис баасны хөтөвч болгож байгаагаас өөрцгүй.

Салхинд барьсан зултай адил бидний бие үхэл мөхлийн шалтгаан дунд амьдардаг. Орой унтаад маргааш өглөө амьсгал аван сэрэх гэдэг юутай их аз завшаан.

Уул овоо шиг эд мөнгө хураавч түүнээсээ тоосны төдийг авч явалгүй орхин одох нь зүүдэндээ эрдэнэ олоод сэрсэн гуйлгачин мэт гаслантай.

Зуурдын ашгаас болж өнийн их хэргээ балладаг тэнэг хүн үмх махнаас болж хавханд орох араатнаас өөрцгүй.

Өвчтэй хүн эрүүл болбол жаргалтайсан гэдэг.
Өтөлсөн хүн залуу болбол жаргалтайсан гэдэг.
Эрүүл чийрэг, идэр залуу атлаа жаргалгүй амьдарч яваа хүмүүс юугаа хэлнэм.

Ачийн хариуд бачлах нь дааж давшгүй өр төлөөс юм шүү. Сүн далайг яндаж, сүмбэр уулыг өргөх нь ч түүний дэргэд хөнгөн.

Сэтгэл эелдсэн хүн хол боловч ойр.
Сэтгэл эершээгүй хүн дэргэд байвч хол.

Амраг гээд нүүрэнд нь цэцэг дэлгэрэхгүй.
Атаатан гээд толгойд нь эвэр ургахгүй.

Зуун хүний дотроос нэг баатар олдоно.
Мянган хүний дундаас нэг мэргэн гарна.
Зуун түмний дотроос ганц бодь сэтгэлтэн олдох бол уу.

Гал модоор ханадаггүй шиг балчир ухаантнууд хүслээр ханадаггүй.

Сэтгэл ханамжтай бол ядуу ч байсан баян.
Сэтгэл ханамжгүй бол баян ч байсан ядуу.

Энэ ертөнцийн зүүд зэрэглээнд хууртан шунаваас Загарвардийн хаан ч бай үнэн сүсэгт шивэгчнээс дорд заяатан ажгуу.

Модноос хорхой бүтвэл мөнхүү модоо идэх.
Түлээнээс гал ноцвол мөнхүү түлээ нь үнс болох.
Хэн хүн нүгэл хураавал өөрөөн зовох жамтай.

Өнгө мөнгөөр баян нь тэрсүүдийн дотор ч зөндөө.
Цөс зоригоор эрэмгий нь адгуусны дунд ч олон.
Эндүүрэлгүй үнэнийг хэлэх ухаантан л
Элсэн дундаас олдох сувд шиг ховорхон.

Орчлонгийн жам ёс, үйлийн үрийг үгүйсгэвэл гаслан зовлонгоос хэлтрэхгүй. Бас, нэр ба дүрсийг бодит үнэн гэж ташаарвал үнэмлэхүй эрх чөлөөнд хүрэхгүй. Нөхцөлдөж бүтсэн юм бүхэн хоосон чанартай.

Хүр чулууг уулын орой өөд гаргахад маш их хүч орно. Харин уруугаа алдаж өнхрүүлэхэд ядах юмгүй. Тийм учир эрдмийг хүсвэл залхууг огоор. Залхууг хүсвэл эрдмийг огоор.

Бусдыг буруутгаж, өөрийгөө дөвийлгөх, унхиагүй залхуу, туйлбаргүй хуйсгануур зан, хоосон санаашрал нь дотоод эрдэнэсийн санг сэм хоосолдог таван хулгайч юм.

Илжгэнд цэцгэн эрхи юун хэрэг.
Гахайнд тансаг зоог юун хэрэг.
Дүлий хүнд яруу хөгжим юун хэрэг.
Ухааны сүв нь бөглөрсөн хүнд судар шастир юун хэрэг.

Хүмүүс анар жимс шиг дөрвөн янз: Гаднаа болсон харагдавч дотроо түүхий. Дотроо болсон атал гаднаа түүхий харагдах. Эсвэл гадна дотногүй түүхий. Эсвэл гадна дотногүй боловсорсон байх. Чи сүүлчийнх нь бологтун.

Гэрлээс гэрэл рүү, гэрлээс харанхуй руу явдаг хүн бий. Бас харанхуйгаас гэрэл рүү, эсвэл харанхуйгаас харанхуй руу явдаг ч хүн бий. Ухаант хүн гэрлээс гэрэл рүү явах шиг энэ насандаа амар жаргалтай, эцэс хойтдоо ерөөл буянтай амьдардаг.

Зарим хэрэгт өвс мэт бөхөлзвөл зохино.
Зарим хэрэгт гал мэт дүрэлзвэл таарна.
Зарим хэрэгт боол мэт гүйвэл зохино.
Зарим хэрэгт уул мэт суувал таарна.

Хэрээн дунд галуу шоовдор.
Илжиг дунд хүлэг шоовдор.
Мунхгийн сүрэг дунд оюун билигтэн шоовдор.

Ном сургаал судлавч сэтгэл зүрхэндээ гэрэл асаахгүй бол гартаа дэнлүү барьсан сохор хүнээс ялгаа юу байх вэ.

Бохир нийгэмд амьдравч балчиг дунд цэцэглэх бадамлянхуа шиг бай. Гэгээн мэргэдээс хол оршивч холхи сарны туяаг шимэн дэлгэрэх гүмүда цэцэг шиг адис ивээлийг нь өөртөө шингээж яваарай.

П.Бадрал

  • ЗочинJuly 17, 2012

    Илжгэнд цэцгэн эрхи юун хэрэг.
    Гахайнд тансаг зоог юун хэрэг.
    Дүлий хүнд яруу хөгжим юун хэрэг.
    Ухааны сүв нь бөглөрсөн хүнд судар шастир юун хэрэг.
    Яасан сайхан ончтой үг вэ.

  • ЗочинJuly 26, 2012

    nice

  • ЗочинAugust 16, 2012

    Сэтгэл ханамжтай бол ядуу ч байсан баян.
    Сэтгэл ханамжгүй бол баян ч байсан ядуу.

    Өнгө мөнгөөр баян нь тэрсүүдийн дотор ч зөндөө.
    Цөс зоригоор эрэмгий нь адгуусны дунд ч олон.
    Эндүүрэлгүй үнэнийг хэлэх ухаантан л
    Элсэн дундаас олдох сувд шиг ховорхон.

    Мөн сайхан хэлсэн байна даа. Таны билгүүнд мөргөмүй.

  • ЗочинSeptember 7, 2012

    tani olon orchulsan nomig unshsan burhani surgalig oilgohod iluu dohomtei chadbarlag orchuldagd talarhaj bdag shu

Бусад мэдээлэл