Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

ЗУЛЫН ХОРИН ТАВАН БУЮУ БОГД ЗОНХАВЫН ӨДӨР

Богд зонхавын дүйчэн өдөр нь Зулын 25 буюу Богд Зонхавын гасланга тонилохуйн дүрийг үзүүлсэн өдөр юм.

Богд Зонхав бээр Түвдийн зүүн хойд нутгийн Амдо мужид мэндлэн бурханы сургаалийн олон эш дамжлагыг хүртэж, нэг хийд, дияаны газраас нөгөөд олон жил суралцсан алдарт багш билээ.

Тэрээр 1357 онд Сонгинын ам хэмээх нэртэй газар лагшинас мэндэлсэн бөлгөө. Мэндлэх үед нь язгуурын гурван бурханы хувилгаан мөн болохыг нотлох олон шинж тэмдгүүд илэрсэн гэдэг. Зонхаваг гурван настай ахуйд энэ багш Зонхавагийн эцэгт мал бэлэглэж, Зонхавагийн эрдэм боловсролыг түүнд даатгахыг гуйсан байна. Долоон настай ахуйдаа Чойжи Дондүв Ринчений хамт суудаг болж, багшаасаа олон сургаал, тарнийн авшиг хүртэж байсан. Маш амархан уншиж, бичиж сураад балчир наснаасаа эхлэн бясалгалын талаар суралцаж, өөрт дадуулж байлаа, Найман настай ахуйдаа гэцүл сахил хүртэж, Лувсан Дагва хэмээх сахилын нэрийг хүртсэн байна. Түүний Лувсан Дагва хэмээх нэр нь Оюун сайтын алдар гэсэн утгатай билээ. Түүний энэ дэлхий дээр шашин, амьтанд үлэмж их тус бүтээхийг Бурхан багш олон судар тарнийн номд лүндэглэсэн байхын сацуу Жову Балдан Адишагийн бүтээл, Саран хөхөөний намтар зэрэгт бошгийг үзүүлсэн нь буй.
Богд Зонхавагийн урьд дүрүүд нь Төв үзлийн сургаалийг илтэд болгоогч Нагаржуна гэгээн, Сажава ёсыг үндэслэгч Лозава Лодон Шарав, Гаржүдва ёсыг Үндэслэгч, Мил богдын багш Марав лам мөн Нинмавын ёсыг Үндэслэгч Ловон Бадамжунайн зэрэг дүрээр мэндэлж байсан бол Богд Зонхава Гэлүгба ёсыг үндэслэгч болжээ.

Бурхан багш энэ дэлхийд Богд Зонхава залрах тухай эш үзүүлэн айлдсан нь олонтаа. Урьд насандаа тэрээр нэгэн хөвүүн байхдаа Шагжамуни Бурханд тунгалаг болор эрхи өргөж, түүний оронд цагаан лавай хүртсэн байна. Бурхан багш тэр хөвүүнийг Түвдэд мэндэлж агуу их Гандан хийдийг үндэслэн байгуулна, Лхас дахь Бурханы шүтээнд үржин өргөнө, дээдийн номыг Түвдийн оронд дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй хүн болно хэмээн бошиглосон байна. Эдгээр бүхэн нь Бурхан багшийн айлдсан ёсоор бүтэн биелсэн юм.

Арван зургаа настай ахуйдаа багшийнхаа айлдвар ёсоор Түвдийн төв хэсэг рүү явсан баина, Түвдийн төв ба баруун хэсэг нь тэр үедээ эрдэм мэдлэгийн төв болж байжээ. Тухайн үеийн олон дацангуудад суралцаж, олон үндэс ном болон Энэтхэгийн Бурханы гүн ухааны уламжлалд суралцсан байна. 1374-1376 оны турш "Билгүүний чинад" хэмээх судар, Майдарын таван сургаал болон тэдгээрт зориулсан олон тайлбаруудыг судлахад төвлөрч байжээ. Энэ хугацаанд тэрээр судар болон тарнийн тодорхой оюуны суртал болон гүнзгий их мэдлэгтэй болсон байна. Зонхава судар болон тарнийг хослуулан судалж, дадуулахаар шийдсэн байсан бөгөөд олон үндэс дамжлагын алдартай багш нараас тарнийн авшиг хүртэж байсан юм.

Хорин хоёр наснаасаа эхлэн Дигнана болон Дармакиртигийн ноттой мэдлийн тухай бүтээлүүдийг судалж эхэлсэн бөгөөд Дармакиртигийн шалгадаг ухааны номлолыг гүнзгий биширч, шүтдэг байлаа.

1381 онд Зонхава гэлэн сахил хүртжээ. Энэ үед өөрийн язгуурын багшийн нэг болох Лама Умаватай учран золгосон бөгөөд тэр багш нь Манзушри бурханы бүтээлчин байсан бөгөөд Манзушри бурхан Лама Умавагаар дамжуулан Богд Зонхавын хоосон чанарын тухай сургаалийн асуултанд хариулж байсан гэлцдэг. Эцэст нь Зонхава Манзушри бурханыг өөрөө үзсэн бөгөөд бурхан түүнд шууд авшиг хайрлаж, сургаал айлдаж байжээ.

1392-1393 оны өвөл Манзушри бурханы айлдал ёсоор Зонхава Ном айлдахаа түр зогсоогоод бусад нийтийн үйлд оролцохоо болин эрчимт бясалгалд төвлөрсөн байна. Онцгойлон сонгосон найман шавь нарын хамт нинбад суусан. Хатуу чинад дэглэм сахиж, ариусгалын үйлийг эхэлсэн бөгөөд ариусгалын тарни уншиж буян хурааж, мөргөл үйлдэж, олон зуун мянган удаа мандал өргөх зэрэг үйлийг үйлдэж байжээ. Түүний хажуугаар оршихуйн мөн чанарын талаар бүтээсэн гол номуудыг судалж байлаа.

Хэдийгээр гадна талдаа ихэнх хүмүүс түүнийг эгэл жирийн хуврагийн дүрээр мэдэж байсан ч дотор талдаа их бодьсадва нарын мөрийг баримталж, нууцын талдаа төгс чадалтай тарнийн багш. Очирын хөлгөний хүч чадал болон эрдэм бүгдийг эзэмшсэн их шидтэн байсан байна.

Түүний их шидтэний чанар Жооханд их гал түймэр болоход ганц амьсгалаар унтраасан байдлаар зураг бүтээлд дүрсэлсэн байдаг. Өөрийн бясалгаж байсан газруудын ойролцоо чулуу болон үхэр чулуун дээр биеийн олон хэсгийг гаргасан дардас үлдээснээс үзэж болно. Эдгээр нь их шидтэний зарим нэг талыг үзүүлсэн шинж тэмдгүүд юм.

Гуравдугаар Далай Лам Жалва Содном Жамц Амдо дахь Богд Зонхавын лагшин мэндэлсэн газар очиж үзэхийг таалсан айлдвар гаргажээ. 1357 онд эх нь Зонхавагийн лагшинг төрүүлсэний дараа аав нь уламжлал ёсоор ихэсийг нь авч, шороонд булсан байна. Тун удалгүй энэ булсан газраас зандан мод ид шидээр ургасан байна. "Их буян чуулсан мод" хэмээн ард нийтэд нэршиж, зүүн Түвд дэх хамгийн ариун мөргөлийн орон болон хувирсан байна. Модны навчис болон холтсон дээр нууцлаг үсгүүд буй болсон бөгөөд цэцэгсээс нь хамгийн сайхан үнэр ханхалж байсан гэдэг. Гуравдугаар Далай хүүхэд байхдаа энэ модны тухай сонссон ба өөрийн нүдээр харахыг таалж байжээ. Тэрээр модыг элдэв аюулаас хамгаалахын тулд хашаа тойруулан барьж, түүний сацуугаар Гүмбүм Жамбалин хийдийг барьсан байна. Удалгүй энэ хийд зүүн Түвдийн хамгийн том, хамгийн нөлөөтэй номын хүрээ болсон байна. Гүмбүм хийдийн дэргэд байрлаж байсан энэхүү ариун мод нь Зүүн Түвд рүү жуулчлах болсон эхэн үеийн Барууны жуулчдын очдог гол газар болж байсан бөгөөд олон хүн энэ модны талаар бичиж байжээ. Жишээ нь, Xристосын Лазарист санваартан Аббе М.Хүк, Бээжингээс Лхас руу 1845-1846 онд явж тэндээс тэр модны тухай Үлгэр домгийг зөвхөн аман яриа байсан гэдгийг батлахын тулд Гүмбүм рүү аялсан байна.

Түүний бичсэн "1844-1856 онуудад Тартар, Түвд, Хятадад аялсан нь" хэмээх номд ийнхүү дурьдсан байна:

Тиймээ, энэ мод оршдог нь үнэн, энэ модны талаар аяллын зуур маш олонтаа сонссон учраас түүнийг үзэхийг ихэд хүсэж байлаа. Хийд байрладаг уулын хормойд, гол дуганаас холгүйхэн зайд, тоосгон хана бүхий дөрвөлжин хашаа байна. Түүн дотор ормогцоо бид тухтайхан модыг шинжилж эхэлсэн бөгөөд зарим салаа нь аль хэдийнэ хана дагуу өгсөн ургасан байлаа. Эхлээд бид хамгийн ихээр навчнуудыг сонирхож байлаа, навч бүр дээр түвд үсэгнүүд тодоор гарсан байсан, бүгдээрээ ногоон өнгөтэй, зарим нь навчнаасаа илүү бараан ногоон, зарим нь цайвар өнгөтэй байгааг хараад бид мэл гайхаж, цэл хөхөрсөн юм. Бидний эхний бодол бол лам нар худал хэлсэн байх хэмээн сэжиглэж байсан боловч нэг минут хиртэй хэсэг бүрийг нарийн шалгасны эцэст өчүүхэн төдий ч худал хуурмаг зүйл байхгүй гэдгийг олж мэдсэн юм. Тэдгээр үсэг нь навчны гол судал болон мэдрэлийн торлог аль алинд нь байх бөгөөд навчсын салшгүй нэг хэсэг болсон шиг санагдаж байлаа. Тэдний байрлалууд нь харилцан адилгүй байсан юм, зарим үсгүүд нь навчны дээд талд, зарим нь навчны дунд хэсэгт, зарим нь доод хэсэгт нь, эсвэл хажуу талд нь байдаг байлаа, шинэхэн навчнууд дээр үсэгнүүд дөнгөж бүрэлдэж эхэлж байгаа нь харагдаж байлаа. Жимст модыг санагдуулам энэ модны холтос, салаанууд нь мөнхүү эдгээр дүрсүүдээр дүүрсэн байлаа. Хуучин холтосыг авангуут ард нь байгаа шинэ холтосны үеэн дээр тодорхой хэлбэрт ороогүй үсэгний зурааснууд гарч ирсэн байх бөгөөд хамгийн сонин зүйл нь эдгээр шинэ үсэгнүүд нь арилгаж авсан холтосноос ялгаагүй нэгэн ижил хэлбэртэй байсан явдал юм. Бид хэсэг бүрийг их анхааралтай шалгаж, хуурмаг зүйл олох санаатай байсан боловч хуурамч гэж хэлчихмээр ямар ч зүйл олж чадаагүй бөгөөд энэхүү хамгийн гайхамшигтай ер бусын зүйлийг үзээд, түүнд гүнзгий автаснаас болоод бидний нүүрний хөлс бөмбөрөн дусалж байлаа. Биднээс илүү ухаантай хүмүүс энэ ганц модны нууцлаг зүйлсийн тухай хангалттай сайн тайлбарлаж чадах л байсан байх, гэвч бидний хувьд цөхөрсөн юм. Уншигч түмэн бидний энэ мунхаг байдалд инээд нь хүрэх байх, гэхдээ бидний хэлж байгаа зүйл үнэн сэтгэлээсээ хэлсэн, үнэн байдал нь алдагдахгүй байлгахын тулд бид тоохгүй байж болно... энэ мод өөр хаана ч байхгүй, Тартар болон Түвдийн олон хийд өөр газар үрслүүлэх, тайрах зэрэг аргаар үржүүлэхийг оролдож байсан боловч тэдгээр нь ямар ч үр дүнгүй байсан гэдгийг лам нар бидэнд хүүрнэсэн юм...

Энэ ариун мод байгаа явдал нь Гүмбүм хийдийн цэцэглэлтэнд хувь нэмэр оруулсан гэдэг нь эргэлзээгүй. Нөгөө талаасаа, Гүмбүм хийд тус газар байгаа нь энэ модыг амьд байх болон түүнийг эргэн тойронд буй ариун уур амьсгалыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан нь дамжиггүй. Гүмбүм хийд тус газар байгаа нь энэ модыг амьд байх болон түүнийг эргэн тойронд буй ариун уур амьсгалыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан нь дамжиггүй.

Гүмбүм хийд нь олон Далай Лам нарын олон зууны турш орон хийд нь болж байсан түүхтэй билээ. Жишээ нь, Долдугаар Далай Лам бага насныхаа таван жилийг энд залран өнгөрүүлсэн билээ. Саяхан гэхэд одоогийн Далай Лам энэ хийдийн ойролцоо мэндэлсэн бөгөөд түүнийг олж илрүүлсний дараа, Лхасад залахын өмнө энэ хийдэд сууж байжээ.

Энэ материалыг ИХУХС-гийн Мандал сэтгүүл болон "14 – р Далай лам" хэмээх номоос авлаа.

  • ЗочинSeptember 27, 2012

    yamar gaihaltai id shid ve gumbumd ochvol odoo ene mod bdg um bolov uu

Бусад мэдээлэл