2013-12-05 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5299
Ерөөс, ДНБ гэдэг илтгэцүүрт олон дутагдал бий. Юуны өмнө, энэ тооны харах өнцөг нь дэндүү хязгаарлагдмал. Урт хугацааны хэтийн төлөвийн талаар бол огт юу ч хэлэхгүй. Ердөө л хөлөн доорхио нэг бүрчлэн тоочсон төдий тоо гэхэд болно.
Жишээ нь, уулын модыг ташираар нь унагаж орхивол хэтдээ байгалийн гамшиг нүүрлэж болзошгүй нь, тийм ч төсөөлөхөд бэрх зүйл биш. Гэвч уулын модыг унагаад байвал унагах тусмаа ДНБ гэдэг тоо урамтай гэгч нь өсдөг юм.
Тийм ч учраас, жишээ нь Хятад уулын модыг шалмаг гэгч нь унагаж ДНБ–ээ өсгөх явдал нь, Хятадын Коммунист Намын нэр хүндийг ч өсгөх явдал болно. Эсрэгээрээ уулын модыг бүх талаар хамгааллаа гээд ДНБ-ий өсөлтөнд ширхэг чулуу нэмэрлэхгүй тул, ийм үйлдэл нь бодлого тодорхойлогчидын хувьд ширхэг үгний ч үнэ цэнэ хүрэхгүй.
Үүнээс үүдэх асуудал гэвэл, зөвхөн ДНБ дээр төвлөрч өрсөлдвөл, уулнууд бүгд эрт орой халзрах тавьлантай бөгөөд, үр дүнд нь угтан ирэх байгалийн гамшиг зэрэг нь ярианы сэдвээс хаягдахад хүрнэ. Үр хүүхдүүдийн маань ирээдүй энэ тэр бол аюулгүйн торны цаана үлдэнэ л гэсэн үг.
Мөн ДНБ гэдэг тоо бол хэмжээг л чухалчилахаас бус чанарыг шалгадаггүй. Жишээ нь Америкийн эрүүл мэндийн зардал гэдэг аварга тоо, бусад өндөр хөгжилтэй орнуудын дундачаас даруй 2.5 дахин өндөр гэгдэх ба, энэ зардал нь тус улсын ДНБ-ий өсөлтөнд арвин жин дарж буй.
Гэвч нухацтай харвал, өвчин эмгэг, хэт таргалалтанд нэрвэгдсэн төрийг хүчирхэг төр гэж бодомгүй. Тиймдээ ч олон мэргэжилтэнүүд Америкийн өрсөлдөх чадварын уналтыг эрүүл мэндийн нүсэр зардалтай нь холбож байна.
Түүнээс ч муу мэдээ нь, дэлхийн номер нэг зардалтай Америкийн эрүүл мэндийн үйлчилгээ нь, дэлхийн номер нэг чанартай юу гэвэл үгүй юм.
Өөр жишээ гэвэл, Лейхман шокийн цаад шалтгаан болсон орон сууцны зээлийн асуудал байна. Жирийн иргэдэд буцааж төлөхийн эцэсгүй их өр тохож орхисон нь, түр зуурын "ДНБ-ийн өсөлт" гэдэг шарсан махыг өгсөн.
Гэвч хөөрхий жирийн иргэд энэ өрийг дарах чадалгүй болох нь илрэх үед, нийгэм бүхлээрээ түүний хавирга ясанд хахахад хүрчээ. Энэ яс нь Subprime lending (моргейжийн зээлийн хямрал) байсан бөгөөд, бүх дэлхийг даалуу шиг ханаруулсан санхүүгийн хямралын эхлэл болсон. Тэр үед Америкийн орон сууцны зах зээлийн авсан шарх одоо ч хөндүүр хэвээрээ бий.
Хойдохоо бодолгүй, тухайн үеийн их хэмжээний үйлдвэрлэл болон хэрэглээг хөөргөж орхидог нь, ДНБ-ий туйлширсан үзлээс үүдэх гарз гэлтэй. Мөнгө ч бай баялаг ч бай, зарцуулах тусам ДНБ гэдэг тоо өсөх ч, зарцуулаад байвал ширгэж мэдэх тухай анхааруулга нь номын тавиурын дээр мартагдаж орхидог гэмтэй билээ.
Чанараас илүү хэмжээ гэдэг ДНБ
Өнгөцхөн өлийх төдийд л ДНБ-ий деффект нүдэнд торно. Тэр деффекийг нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөөд байгааг ч үл харгалзан, урьдын адил ДНБ гэдэг тоо үнэмлэхүй эрх мэдлийг хадгалсаар байна. Учир нь түүнийг орлох дайны хүчирхэг илтгэцүүр өдий болтол гарч ирэхгүй байгаа юм.
"Гамшигуудын тэмцээний ялагч" гэгддэг ДНБ нь, дэлхийн номер нэг мисс учраас сонгогдсон бус, бусад өрсөлдөгчид нь авах юмгүй царай муутууд байсандаа л сонгогдсон юм.
Базаад хэлбэл, ДНБ гэдэг нь зөвхөн "мөнгөний урсгалд" анхаарлаа хандуулж, "баялагийн хуримтлалыг" огт ойшоодоггүйд, дутагдалын үндсэн шалтгаан оршино. Үүний гайгаар уг илтгэцүүр нь ойрыг харсан харалган бодлогыг хөхиүлж, урсгалын хэмжээг л тооцохоос бус чанарыг үл хайхрахад хүрдэг юм.
Үр дүнд нь, ДНБ гэдэг ухагдахуунд аз жаргал, эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдал мэтийн суурь элементүүд ташираараа орхигдсон буй. Бутан гэдэг ДНБ-ээрээ 163-т жагсдаг төр "Үндэсний нийт аз жаргал" (GNH) гэдэг шинэ хэмжүүр гаргаж ирсэн нь, огтоос марзан яриа биш юм. Үнэндээ Бутан гэдэг улс 163-т жагсахаар яадгаа алдсан орон огтоос биш. Гагцхүү тэнд өрх нэг бүр өөрийн хэрэгцээгээ хангаж амьдардаг (Монголын малчин өрх шиг) учраас, мөнгөний урсгал гэхээр шалитай юм бүртгэгддэггүйд учир нь байгаа юм.
ДНБ гэдэг тоог хөөх тусмаа хүн төрөлхитөн өөрсдийгөө аз жаргалгүй болгоод байна уу гэлтэй.
Урагшилах замд нь эгц хадан ангал харагдсаар байтал, өөрийн эрхгүй эрчиндээ чирэгдэн гүйх нь өрөвдөлтэй биш гэж үү? Тэгээд нэг л өдөр тэр ангал руугаа палхийтэл унаж орхино. Яг л Лейхман шокийн график шиг...
Эх сурвалж: tomyo-bodyo.blogspot.com/2012/11/blog-post_4166.html
Холбоотой мэдээ: "Бутан улс GNH(ҮНДЭСНИЙ НИЙТ АЗ ЖАРГАЛ)-ийн индексээр тэргүүлдэг."