Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Майдарын "Илт онохуйн чимэг" номын тухай

Майдар Бурханы айлдсан "ИЛТ ОНОХУЙН ЧИМЭГ" гэдэг ном бол Бурханы шашны сургаал номлолыг илүү нарийн түвшинд тайлбарласан сургаал билээ. Ялангуяа хоосон чанарын үзлийг илүү нарийн, тодорхой, олон баримтаар гаргаж ирсэн байдаг бөгөөд чойрын ухааны лам нарын зайлшгүй үзэх ёстой номын жагсаалтад байдаг юм байна. Тиймээс Бурханы шашныг илүү нарийн гүнзгий судлахыг хүссэн хүн бол энэхүү номыг зайлшгүй судлан мэдэх хэрэгтэй бөгөөд энэ их гүнзгий утга агуулсан номны тухай Дашчоймбол дацангийн Шунлайв Гавж С.Гантөмөр багшаас миний бие товчхон асууж тодрууллаа:

Үнэмлэхүй чанарын үүлгүй огторгуйд цэнгэвч
Үлэмж сэтгэлийн аргамжаагаар орчлонд эргэлдсэн
Асрахуй сэтгэлийн амилсан гэгээн дүр
Аугаа Майдар танаа бишрэн мөргөмүй.

Ганжуур Данжуур хэмээх энэхүү цогц бүтээл нь зөвхөн Монголчууд төдийгүй дэлхий нийтийн аугаа их оюуны баялаг өв сан юм. Их хөлгөний уламжлалтай, Ганжуур Данжуурыг өөрийн эх хэлнээ хөрвүүлээд зогсохгүй, тэдгээрт тайлбар бичсэн олон арван эрдэмтэн мэргэдийг төрүүлэн гаргасан, оюунлаг үндэстний хувьд бид нар энэхүү их өв соёлыг манлайлан судлах хэрэгтэй билээ. Бурханы сургаал болон Энэтхэгийн эрдэмтдийн тууривсан түүний тайлбаруудын үг нэг бүр нь орхиж болшгүй утга агуулсан байдаг.

Ерөнхий зүйл

Бурханы сургаалд ил утга, далд утга, нууц утга, гол утга, энгийн утга, ёгт утга, татах утга, магадлах утга зэрэг олон утга агуулагдсан байдаг бөгөөд түүний тайлбарт ч үгийн тайлбар, утгачилсан тайлбар, зүүлт тайлбар, бэрх утгын тайлбар, тайлбар номлол, агуу их тайлбар, утгыг эцэслэн шинжлэхүй зэрэг олон төрөл байдаг юм. Майдарын гэгээний "Билгүүний чанадад хүргэгчийн увидасын шасдир Илт онохуйн чимэг" хэмээгч нь Бурханы сургаалын охь болсон "Билгүүний чанадад хүргэгч судар"-ын нууц утгын утгачилсан тайлбар мөн. Илт онохуй гэдэг нь гэгээрлийн зам мөр гэсэнтэй нэг утгатай.

"Билгүүний чанадад хүргэгч судар" нь ил утгандаа хоосон чанарыг голлон, хамгийн дэлгэрэнгүй үзүүлсэн бөгөөд түүний зэрэгцээ төгс гэгээрэлд хүрэх зам мөрүүдийг ч ил дэлгэрэнгүй номложээ. Гэвч тэрхүү хоосон чанарыг гол бясалгагдхуун болгоод төгс гэгээрэлд хүрэх зам мөрийн дараалал нь нууцлагдсан байна. Учир нь Бурхан номоо шавь нарын эрхээр номлосон гэдэг. Өөрөөр хэлбэл тухайн зам мөрийг номлоход таарсан шавь гарваас түүнд нь тохируулан номоо айлдахаас бус гэгээрлийн зам мөр нь ийм дараалалтай тул үүний дараа заавал түүнийг айлдах ёстой гэсэн зарчимыг баримтлаагүй ажээ.
Тиймээс түүнийг тайлахад өөрөө төгс гэгээрлийн замыг туулсан туршлагатай нэгний увадис буюу түлхүүр үг хэрэгтэй байсан учраас хутагт Асанга бээр арван хоёр жилийн турш бясалгал үйлдсэний хүчинд Майдарын гэгээнтэй уулзаж, "Илт онохуйн чимэг" тэргүүтэй таван номыг номлуулсан юм.

  • ЗочинOctober 24, 2013

    аааааан, Асанга-гийн "Илт онохуйн чимэг" , тэгээд Ганжуур Данжуурт байгаа юм байна шд.

  • ЗочинNovember 13, 2013

    Ганжуурт ямар ямар судрууд багтдаг юм? Бүгд Буддагийн зохиол мөн үү?
    Данжуур болохоор Ганжуурын тайлбар гээд байдаг. Баахан өөр олон хүний зохиолууд юмуу?
    Эсвэл энэ бүгд Бүддийн зохиолууд нь дэлгэрэнгүй өөрийх нь тайлбаруудтайгаа юу? Ухаандаа нэг хүнийх үү?

Бусад мэдээлэл