Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашинд дайны тухай юу гэж үздэг вэ

Улс төр, дайн, энх амгалангийн талаархи Буддагийн сургаал тов тодорхой бөгөөд нийтэд илэрхий. Энд давтан хэлэхэд, Буддизм хүч үл хэрэглэх, энх амгалан оршихуйг өөрийн түгээмэл номлол болохын хувьд хамгаалан сурталчилдаг, аль нэгэн хэлбэрээр хүчирхийлэх буюу амь хөнөөхийг хатуу цээрлэдэг. Буддизмын ёсоор бол, “шудрага дайн” хэмээх зүйл огт байхгүй, энэ бол зөвхөн үзэн ядахуй, хөнөөхүй, харгислал, хүч хэрэглэхүй, алаан хядааныг зөвтгөж өнгөлөхийн үүднээс хэрэглэсэн хуурамч зохиомол нэр томъёо юм. Шудрага буюу шудрага бус гэдгийг нь хэн шийдэх юм бэ? Хүчирхэг бөгөөд ялсан нь “шудрага”, сул дорой бөгөөд ялагдсан нь “шудрага бус” гэнэ. Бидний дайн ямагт “шудрага”, та нарын дайн ямагт “шудрага бус” гэнэ. Ийм үзлийг буддизм үл зөвшөөрнө.

Будда хүч үл хэрэглэх, амгалан тайван байхыг номлон сургаад зогсохгүй, мөргөлдөөн гарч буй газар өөрийн биеэр орж, дайн тулалдаанд хүргэлгүй хориглон зогсоосон ч байдаг. Жишээ нь Рохини голоос болж Шакья, Колья хоёр овогтон марган тэмцэлдэж эхэлснийг тийнхүү зогсоожээ. Ажатасатту хаан Важжийн хант улсыг довтлохоор зэхэж байснаа Бурхан багшийн зөвлөснөөр зогсоожээ.

Буддагийн үед мөн л өнөөдрийн нэгэн адил улс орноо шудрага бусаар захирсан хаад, ноёд байсаар ажээ. Ард иргэдийг дарлан мөлжиж, хяхан тарчилгаж, хэтэрхий хэмжээний татвар хураамж төлүүлж, харгис хэрцгий эрүү шүүлт хэрэглэж байв. Ийм хүмүүнлэг бус байдал Буддагийн сэтгэл зүрхэнд гүнээ нөлөөлжээ. Иймээс ч шудрага сайн засаг төрийн тухай асуудалд Будда их анхаарал тавьж байсныг Дхаммападаттхакатхад тэмдэглэсэн байна. Тухайн цаг үеийнх нь нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөлтэй холбогдуулан түүний үзлийг хүндэтгэн үнэлэх нь зүйн хэрэг. Төр улсын тэргүүн, өрөөр хэлбэл хаад, ноёд, сайд, түшмэдүүд авилгач засдаг зан гаргаж, шудрага бусаар явбал улс орон тэр чигээрээ хэрхэн сүйрэн доройтож, зовлонд учирахыг тэр бээр тод харуулсан байдаг. Улс орон жаргалтай сайхан байхын учир шудрага засаг төртэй байх ёстой гэж Бурхан багш айлдаж, шудрага төрийг хэрхэн буй болгох тухай “Хааны арван ном” хэмээх сургаалдаа тодорхой тайлбарлажээ. Энэ нь Цадигийн сударт бий. Хуучин үеийн Ража буюу хаан гэдэг үгийг эдүгээгийн “Засаг төр”, “Засгийн газар” гэдэг үгээр сольж ойлговоос зохилтой. Чингэхлээр тэрхүү “Хааны арван ном” (арван үүрэг) нь өнөөгийн төр, засгийг бүрэлдүүлж буй төрийн тэргүүн, сайдууд, улс төрийн удирдагчид, хууль тогтоох болон засгийн түшмэлүүдэд шууд ноогдох учиртай.

“Хааны арван номын” нэгдүгээрх нь өгөөмөр сэтгэл, өглөг буян юм. Төр барьж буй хүнд эд хөрөнгийн адхаг шунал, чухал авахуй байж таарахгүй. Харин хөрөнгө мөнгийг ард иргэдийн сайн үйлсэд зориулж байх учиртай.
Хоёрдугаархи нь эрхэм дээд ёс суртахуун юм. Төр баригч бээр амь хөнөөхүй, заль мэх, хулгай, бусдыг мөлжиж ашиглахуй, гажуу хурьцал, худал үг хийгээд мансууруулах ундааг цээрлэх ёстой. Өөрөөр хэлбээс наад зах нь гэхэд төрийн хар хүний суртахууны таван цээрийг баримталваас зохино.
Гуравдугаархи нь ард иргэдийн сайн сайхны тулд бүхнээ зарцуулахуй болно. Ард түмний ашиг сонирхлын төлөө хувийн тав тух, нэр алдар, амь насаа ч үл хайрлан зориулахад бэлэн байх ёстой.
Дөрөвдүгээрх нь чин шудрага, цэх ёс юм. Төр баригч бээр үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ шудрага шийдэмгий, ашиг хонжоо боддоггүй, үйл ажиллагаандаа чин сэтгэлийг эрхэмлэдэг байх, олон түмнийг хуурч мэхлэхийг цээрлэх ёстой.
Тавдугаархи нь энэрэнгүй эелдэг зан. Төр баригч бээр усгал эелдэг зан аалийг эзэмшсэн байх учиртай.
Зургадугаархи нь ёсыг барихуй юм. Төр баригч бээр энгийн даруу чанарыг эрхэмлэх, тансаг амьдралд умбахаас болгоомжлох, өөрөө өөрийгөө хянаж байх ёстой.
Долдугаархи нь үзэн ядах, өшиж хорсохыг цээрлэхүй юм. Төр баригч бээр хэний ч эсрэг муу санаа өвөрлөх ёсгүй.
Наймдугаархи нь хүч үл хэрэглэх болой. Төр баригч бээр хэн нэгэнд гэм хохирол учруулахгүй байхын дээр дайн дажин болон амь хөнөөж, хүчирхийлж болзошгүй бүхнээс зайлсхийн сэргийлж, энх амгалан байлгахын төлөө чармайлт тавих ёстой.
Есдүгээрх нь тэвчээр тэсвэр, хүлцэнгүй, ухаарал болно. Төр баригч бээр аливаа нэгэн хүндрэл, бэрхшээл хийгээд доромжлолд нэгэн зангаар тэвчээр алдахгүй хандаж байх ёстой.
Аравдугаархи нь сөргөлцөхгүй, тотгорлохгүй байх чанар юм. Төр баригч бээр ард иргэдийн зориг эрмэлзлэлийг үл эсэргүүцэх, тэдний сайн сайханд тус дөхөм болохуйц аливаа зүйлд саад тотгор үл тавих ёстой. Өөрөөр хэлбэл, ард олонтойгоо эв зохицолтойгоор улс орноо захиран удирдах учиртай.

Хэрэв энэхүү дурдсан чанаруудыг эзэмшсэн хүмүүс төр барин улсыг захирах аваас тийм орон жаргалантай байна гэдгийг өгүүлэх юун. Харин энэ бол үл гүйцэлдэх утопи бодол бус. Эдгээр үзлийг үндэс болгон гүрэн улсаа тогтоон захирсан Энэтхэгийн Ашока мэтийн хаад урьд өмнө байсан түүхтэй.

Өнөөдөр хүн төрөлхтөн байнгын айдас, болгоомжлол, түгшүүрийн байдалд амьдарч байна. Хүний санаанд багтамгүй сүйрэлд хүргэж чадах хүчтэй зэвсгийг шинжлэх ухаан буй болголоо. Их гүрнүүд үхлийн энэ шинэ хэрэглүүрээ харжигнуулан гялалзуулж, нэг нэгийгээ заналхийлэн, дэлхий дахиныг бие биеэсээ илүү их эвдрэл сүйрэлд учруулж чадна хэмээн ичгүүр сонжуургүй бардамнан ханхалзацгаана.
Тэд ийм галзуу солиотны замаар явсаар хэрэв энэ чиглэлээрээ одоо дахин нэг алхам хийх аваас бие биеэ устгаж, хүн төрөлхтнийг ч бүрмөсөн сөнөөхөөс өөр ямар ч үр дүнд үл хүрэх тийм цэгтээ тулж ирээд байна.
Хүмүүс өөрсдийн буй болгосон айдсын байдлаасаа зайлсхийн гарах арга зам хайж, түүнийгээ хэрхэн яаж шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Буддагийнхаас өөр, гарах зам байхгүй, тухайлбал, хүч үл хэрэглэх хийгээд энх амгалан байх, асрахуй хийгээд нигүүлсэхүй, хүлцэнгүй хийгээд ухаарахуй, үнэн хийгээд билиг, амьтан бүхнийг ажаарахуй хийгээд хүндлэхүйн тухай, би-д баримтлах, хүч хэрэглэх, хөнөөхүйг цээрлэх тухай түүний сургаалыг дагахаас өөр гарах зам үгүй ээ.
Бурхан багш айлдахдаа: “Дайрах хилэнгээр хэзээ ч дайсныг эс амарлиулавч, энэрэхүй сэтгэлээр амарлиулах, энэ нь дээд ном болой” гэжээ.
“Урин үгүйгээр хилэнг дарж үйлд. Буянаар нүглийг дарж үйлд. Өглөгөөр хармыг дарж үйлд. Үнэнээр худлыг дарж үйлд”.
Хөршөө эзлэн боолчилох гэсэн шунал, тачаал байгаа цагт тэр бээр амгалан тайван, аз жаргалтай байж үл чадна. Буддагийн хэлснээр: “Ялсанаар дайсныг гаргадаг, ялагдсанаар зовон хэвтэнэ. Ялах, ялагдахыг орхивоос амгалан, жаргаланд учирна”. Зөвхөн өөрөө өөрийгөө байлдан дагуулах нь л аз жаргал буй болгоно. “Түмэнтээ дахин мянган хүнийг тулалдах байлдаанд ялснаас тусгайлан ганц өөрийгөө ялсан тэр нь байлдааны ялалтын дээд” гэжээ.

Энэ бол их сайхан, ариун, дээд зүйл, гэхдээ боломжгүй юм гэж хүмүүс хэлэх биз ээ. Чингэвэл нэг нь нөгөөгөө үзэн ядах нь боломж, тохиромжтой зүйл мөн үү? Хүмүүс бие биеэ хөнөөх нь тохиромжтой гэж үү? Ширэнгэ ойн зэрлэг амьтан шиг эгнэгт айн цочиж, сэжиглэж амьдрах гэж үү? Энэ чинь тийм их боломж, тохиромжтой зүйл мөн гэж үү? Ер нь үзэн ядахуйг үзэн ядахуйгаар намжааж байсан удаа байна уу? Нүглийг нүглээр дийлж байсан удаа байна уу? Харин наад зах нь гэхэд хувь хүмүүсийн хооронд ч гэсэн үзэн ядахыг энэрэх асрахуй сэтгэлээр арилгаж, нүглийг буянаар намжааж байсан жишээ бий. Тийм ээ, энэ бол хувь хүмүүсийн хоорондын асуудалд үнэн бөгөөд боломжтой зүйл мөн, гэтэл үндэсний хэмжээний болон улс хоорондын хэрэгт бол огт боломжгүй гэж та хэлэх биз ээ. “Улс”, “үндэстэн”, “улс хоорондын” гэх зэрэг нэр томъёог улс төр, суртал ухуулгын зорилгоор хэрэглэх нь хүмүүсийг ховсдон, тэдний сэтгэл санааг үймүүлэн, толгойг эргүүлж, мэхэлж байдаг билээ. Үндэстэн гэж юу билээ? Энэ чинь хувь хүмүүсийн асар том бөөмнөрөл биз дээ. Улс буюу үндэстэн ажилладаг бус, чухамдаа хувь хүмүүс л ажилладаг шүү дээ. Хувь хүмүүсийн бодож, хийж буй юм л тэр үндэстэн буюу улсын бодлого, үйл ажиллагаа байдаг. Хувь хүмүүст хамаатай зүйлс л тэр үндэстэн буюу улсад хамаарагдах зүйлс мөн. Хэрэв хувь хүмүүсийн хүрээнд үзэн ядахыг энэрэхүй, асрахуйгаар арилгаж чадаж байгаа бол үндэстэн болон олон улсын хэмжээнд түүнийг бас хэрэгжүүлж таарна шүү дээ. Нэг хүний хувьд ч байлаа гэсэн үзэн ядахыг асрахуйгаар намжаах нь ёс суртахууны асар их эр зориг, итгэл, үнэмшил, найдвар байх учиртай. Энэ нь улс хоорондын хэрэгт ч мөн тийм байж болохгүй гэж үү? “Боломжгүй” гэсэн үгийг хүмүүс “хялбар бус” гэсэн утгаар хэлж байгаа бол тэр тийм л дээ. Энэ ч үнэхээр хялбар зүйл биш. Гэлээ ч оролдоод үзэх хэрэгтэй. Ингэх нь эрсдэлтэй гэж хүмүүс хэлж болзошгүй. Гэтэл энэ бол цөмийн дайныг оролдоод үзэхээс илүү эрсдэлтэй гэж үү.

Хүч үл хэрэглэхүй, энх амгалан хийгээд асрахуйн энэ сургаалыг асар том гүрнийхээ засаг захиргааны үйл хэрэгт, дотоод, гадаад бодлого аль алинд нь зоригтой бөгөөд итгэлтэй, алсын хараатайгаар хэрэглэж чадсан их эзэн хаан түүхэнд наад зах нь гэхэд ганц ч болов байсан гэдгийг өнөөдөр бодоход ч урам зориг оруулж тайвшруулах аж. Энэ бол “Тэнгэр бурханы ивээлт” хэмээн алдаршсан, Энэтхэгийн бурханы шашинт их хаан Ашока (а.т.ө. III зуун) юм.
Тэр бээр эхлээд өөрийн эцэг (Биндусара), өвөг эцэг (Чандрагупта) нарын үлгэрийг дагаж, Энэтхэгийн хойгийг бүхэлд нь байлдан дагуулж дуусгахыг эрмэлзэж байв. Чингээд Калингаг довтлон эзэлж, улсдаа нэгтгэсэн байна. Энэ дайнд олон зуу, мянган хүн алагдаж, шархдаж, олон хүнийг олзлон авч тарчилган зовоосон ажээ. Гэвч дараа нь Ашока хаан бурханы шашинд орж, Буддагийн сургаалын дагуу тэр бээр бүрмөсөн өөрчлөгдсөн аж. Их хаан хаданд сийлсэн нэгэн алдарт Зарлигтаа (эдүгээ Хадны зарлиг XIII хэмээн нэрлэгддэг) Калингаг эзлэн дагуулснаа дурдаад, олны өмнө гэм буруугаа өчиж, тэрхүү алаан хядааныг бодохоос сэтгэл нь хичнээн “их шимширч” байгаагаа өгүүлсэн байдаг. Хаданд сийлсэн тэрхүү зарлигийн эхийг одоо ч шууд уншиж болохуйц юм. Их хаан бээр дахин байлдан дагуулах гэж сэлмээ хэзээ ч далайхгүй хэмээн олны өмнө тунхаглаж, “хүч үл хэрэглэх, өөрөө өөрийгөө хянах, амьдралд намуун дөлгөөн, усгал зөөлөн байхыг хүсэж байв. Энэ бол Тэнгэрийн Ивээлтийн (Ашокагийн) байлдан дагуулалт, нэрлэвээс номын байлдан дагуулалт мөн болох нь мэдээж”.

Ашока хаан дайныг зөвхөн өөрөө бүрмөсөн цээрлээд зогссонгүй, тэр бээр өөрийн хүслийг илэрхийлж хэлэхдээ: “Миний хөвгүүд, ач, гуч нар шинээр байлдан дагуулалт хийхийг амжилт ялалт хэмээн бүү бодтугай... Байлдан дагуулал бол зөвхөн бурханы номын байлдан дагуулал мөн гэдгийг тэд мэдтүгэй. Ингэх нь энэ хийгээд хойтын ертөнцөд буянтай үйлс мөн” гэжээ.
Энэ бол ялгуусан байлдан дагуулагч эрч хүчээ ид авч, газар нутгаа цаашид өргөтгөхөөр хүчийг хуралдуулаад байсан үедээ дайтах, хүч хэрэглэхээс гэнэт татгалзаж, энх амгалан, хүч үл хэрэглэхийн зүг эргэсэн тухай хүн төрөлхтний түүхэнд гарсан ганцхан жишээ буюу.
Энэ бол өнөөгийн ертөнцөд сургамж болох зүйл ээ. Эзэнт улсын хаан дайн, хүчирхийллийн арга, бодлогыг олны өмнө таягдан хаяж, энх амгалан, хүч үл хэрэглэх тухай сургаалыг хүлээн авч хэрэгжүүлжээ. Ашока хааны номын бодлогыг далимдуулан хөрш зэргэлдээ аль нэгэн орны хаан түүний нутаг оронд нь цэрэг зэвсгээр довтолсон буюу эсхүл Ашока хааны эзэнт улсын үед дотоодод нь ямар нэгэн бослого үймээн гарч байсан тухай түүхийн баримт байхгүй юм. Харин ч орон даяараа амгалан тайван байж, хөрш зэргэлдээ орнууд ч түүний ивээнгүй бодлогыг хүлээн дагаж байсан бололтой байдаг.

Энх тайвныг хүч тэнцүүлэх бодлогоор буюу цөмийн зэвсгээр хариу өгөх заналхийллээр тогтоон барих тухай яриа нь мунхаг хэрэг юм. Зэвсэглэлийн хүчин чадал зөвхөн аюул, айдсыг буй болгохоос бус, энх амгаланг буй болгохгүй. Айлгах замаар жинхэнэ, бат бэх энх тайван тогтооно гэдэг боломжгүй зүйл ээ. Айлгаж сүрдүүлэхээс зөвхөн үзэн ядалт, муу санаа, дайсагнал үүсэж; зөвхөн түр зуур атган барьж байж болох авч аль нэгэн мөчид дэлбэрч, аюул гарахад бэлэн байдаг. Жинхэнэ үнэн энх амгалан бол айдас, сэжиглэл, аюул занал үгүй, гагцхүү баясгалан, найрсагийн нөхцөлд тогтон батжих ёстой.

Эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэлдэхийг цээрлэсэн; эзлэх, ялахыг няцааж энх амгаланг эрхэмлэсэн; гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн мөрдөж хавчихыг эрс хориглосон; цэрэг зэвсгийн болон эдийн засгийн дайнаар сая сая олныг эзлэн дагуулагчдаас илүүгээр өөрийгөө эзлэн дагуулж чадсан хүнийг эрхэмлэн хүндэтгэдэг; үзэн ядахуйг энэрэхүйгээр, нүглийг буянаар арилгадаг; өшөө хорсол, атаа жөтөө, хорон санаа, шунал тачаал хүний сэтгэл оюуныг хиртүүлж үл чадах болсон; нигүүлсэхүй сэтгэл үйл ажлыг хөдөлгөх хүчин болсон; бүхнийг, түүний дотор өчүүхэн бичил амьтныг ч гэсэн хайрлах, өрөвдөх сэтгэлээр ханддаг; энх амгалан, эв зохицолтойгоор, эд агуурсын хувьд хангамжтай аж төрж, эрхэм дээд, ариун зорилт болох Үнэмлэхүй үнэн, Нирванд хүрэхэд чиглэсэн – ийм нийгэм буй болгохыг буддизм зорьдог буюу.

Валпола Рахула

Дайны тухай Барууны хийсэн баримтат киног доорх хаягаар орж сонирхоно уу

www.youtube.com/watch?v=vRQfjHRMXyA

  • ЗочинFebruary 6, 2013

    Үнэхээр агуу сайхан сургааль. Ум сайн амгалан болтугай.

Бусад мэдээлэл