2012-03-05 | Нийтэлсэн:purevsukh | Үзсэн:18835
Ловон Бадамжунай нь МЭ 732 он, Модон бичин жилийн шинийн 10 нд мэндэлжээ. Түүнийг Сахор хааны угааны хүн гэж олон түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Анхны түүхэн сурвалж нь эртний ам дамжсан үгээр бол баруун зүгийн Үржин орны хоёр нүд нь сохор хаан, зуун нэгэн хатантай бөгөөтөл хаан ширээ залгамжлах үргүйдэж хамаг эд эдлэлээ нүдтэй болох хийгээд үрийн заяа олохын тулд өглөг буяанд зориулсан ажээ. Зуны дунд сарын шиний арван таванд өөрөө гарсан Сида сувраганд элбэг дэлбэг тахилыг бэлтгэж "Номын үүл" хэмээх судрыг ядам болгон уншсанд хувилан төрсөн нэгэн хөвгүүн заяаж хаан төрийг уламжлах сайны ёр илэрчээ. Тэр үед төрийн сангийн эрднэс нэгэнт дууссан учир лусын дагина Зээдмаад байдаг зэндмэнэ эрдэнийг өөрийн болгож чадвал хүссэн бүхэн биелдэг хэмээх иш бошигийн ёсоор их даруулт онгоц тэргүүтнийг бэлтгэн морилоод лусын ордноос дагинийн зэндмэнэ эрднийг хүртээд түүнд залбирсанд зүүн нүд нь хараа орсон гэдэг. Тэндээс буцаж нутагдаа ирэхэд нь Кириназин хэмээх сайд нь угтан авчээ. Тэр үед хаан ангир, хун галуу тэргүүтэн далайн мандал дээгүүр эргэлдэж солонгон хүрээ татсан буйг хараад Кириназин сайдыг үзэж ир хэмээн зараж явууснаар сайд хаанд болж буй ёсрыг айлтгаж хаан сайд хоёул хамтдаа завинд сууж очтол Данаггош хэмээх аралд дээр алтан навчит цэцэгсээр дүүрсэн зүлгэн дээр Сэндэн модны дунд оюу мэт хөхрөн эргэлдэх булгийн дундаас лянхуан гол ургасны төв дээр үзвээс үзэмжит найман настай хөвгүүн байжээ. Ийхүү тэр хүүтэй модон эр бичин жилийн шиний арваны өдөр золгож сайд хүүд Бадамжунай буюу Лянхуа гарахуйн орон хэмээх нэрийг өгсөнд хаан Цоожэдорж буюу Нуурнаас төрсөн Очир хэмээх нэрийг өгч хоёр алдраар нэрийджээ. Хааны асуусан таван асуултанд хүү нэг бүрчлэн түгдрэлгүй хариулсанд хаан гайхан багтах сэтгэл төрж эрхгүй мэлмийн шүүдрийг унагааснаар баруун нүд нь хараа орсон гэдэг. Улмаар ордонд хөвүүнийг залж шиний арваны билэгт сайн өдөр дээд агиар өргөмжлөн Одчанмаа тэргүүтнийг хатан болгон хаан төрийг залгамжлуулахаар тогтсон бөгөөд тэр цагаас хойш ард иргэд Бадамжалвуу буюу Лянхын-хаан хэмээн алдаршуулжээ. Нэгэн үед хаан хөвгүүн ордны дээвэрт морилон бүжиглэж байгаад мутраасаа гурван үзүүрт хадамгаа жадыг алдсан нь үүдний дэргэд зогсож байсан Камата сайдын хүүг онож туссанаар үхүүлж улмаар хан хүүд төрийн цааз тусаж сэрүүн үхээрийн цэцэрлэг хэмээх машид аймшигтай газар цөлөгджээ. Сэлваан цал буюу Сэрүүн цэцэрлэгт үхээрийн газраас цааш явсаар Энэтхэгт морилон очсон нь мэргэн багш нарыг шүтэх билэг дэмбэрэл болжээ. Анхлан Ловон Шагжаасэнгээс сахил хүртсэн тул Шагжаасэнгээ нэрийг авч, түүний дараагаар Цожид шонугаас эм, бандида Гүнжишинэнгээс дууны ухаан, Вишваа-гармаагаас урлахуй ухаан бас бус шалгадаг ухаан тэргүүтэнд суралцан хичээснээр мэргэний туйлд хүрчээ. Тэгээд бас Жамбал шинэн, Нагаржунай, Хумкара, Вимала, Прабха-хасти дахана санкри, Ромбуу Гухяачандра, Шрийсидаа, Буддхагупта тэргүүтний дэргэд шавилан "Манзушрийн номын аймаг", "Их туулсан" тэргүүтэн олон номын аймгийг сонссноор Лодон-чогсрээд буюу Их оюунт хэмээх алдраараа олонд танигджээ. Тийнхүү өргөн их сонслыг эрэлцээд бясалгалч авир ёсонд морилохын тухайд Гридкута ууланд биеийг батжуулагч чулууны, билгийг тодруулагч усны, бүлээн амгаланг төрүүлэгч галын, хөнгөн хөдлөх хийн, нас уртасгаж онолыг арвитгах огторгуйн хатуужил зэргийг туулж, шим авахуйн бясалагалыг ч үйлджээ.
Сахарын оронд хожим морилж Зүглэгзин хааныг номонд оруулаад дахин Үржангийн оронд заларсан тэргүүтэн хэмжээгүй их намтар бий. Түүнд Бадамсамбава, Бадамдодпрэн, Сэнгээ-дадаг тэргүүтэн зохиол үйл бүрд нь тохируулан өргөмжлөсөн олон алдар буй бөгөөд учир шалтгаан нь ч тэр төдий олныг энд өгүүлэх юун.
Ловон бадамжунай Төвдөд заларсан тухай өгүүлье. Төвдийн хаан Тисрэн тэзэн хаан ширээг эзэгнэх үедээ амьтанд буян болох гурван эрдэнийн шүтээн сүм хийдийг уултай тэнцэх томоор Энэтхэг, Төвд Сахарын хэв маягийг шингээн босгохыг таалжээ. Саншээ сүм, Яншээ ёс, Хоржийдаанин зэрэг гурав ёс цогцлосон "Үл урвах зөнгөөр бүтсэн орон хийд"-ийг шороон барс жил шав тавихаар тавихаар товлож Няг Гянакүмарыг ханчин Дхисадуу-г залуулчаахаар илгээсэн нь бүтэж мэргэн багш Төвдөд заларчээ. Хамба шав тавих ерөөл айлдаж, эзэн хаан газар хөндүүлснээр сайны ёр болсон боловч хийдийг гүйцээхэд саад гарсан тул хамбатаны "Балбын Янлээ-шодод ухааны таван оронд мэргэшсэн дээд, нийтийн шидийг олсон Ловонбадамжунай багш буйг залж ирэх" лүндэн ёсоор Ловонбадамжунайг шороон үхэр жил Төвдөд залан ирүүлжээ. Туулай жил Самяайг босгож эхлэсэн бөгөөд доод давхар нь Хятад, дунд давхар нь Төвд, дээд давхар нь Энэтхэг хэв маягаар сүндэрлэн босчээ. Энэтхэгийн номын ёсыг Төвдөд дэлгэрүүлэхийн тухайд хурц оюунт, номд тууштай Төвд залуу хүүхдүүдийг цуглуулан орчуулгын эрдэмд сургаснаар Бяруузана, Гажүгсансүм гэх мэт тэмцэлгүй олон лозова төрөн гарч олон номыг орчуулсан гэдэг.
Сүүлд Мүтийзамбуу хаан ширээнд суухад Ловонбадамжунай Төвдөд үл суухыг таалан хан хүү, Төвдийн ард олны ятгасныг сонсолгүй лагшин биеийнхээ төлөөлөл, зарлигийн олон санг хаяг нэрийн хамтаар нуусан гэдэг. Хаан, сайд, ариун тойд, тарничин, тавиг тахилчид, эмч оточ, эмгэг өвчтөн, сүсэгтэн нийтэд эрхэм захиасаа үлдээжээ. Ингээд модон бичин жилийн шиний арваны өдөр хар хүлэг моринд сэндэн модон эмээлийг тохож морилоход Балмутангаас янагших Төвдийн эр, эм нийлсэн олон залуус үдэн мордуулж Гүнтэнгийн даваан дээр хан хүүд Бадамжунай зэндмэнэ эрдэнэ мэт арван гурван увидасыг тусгайлан айлдаж Үржангийн орондоо морилсон гэдэг. Дисрэдийн "Хогбүг"-т "Үржан Бадамжунай "Сүрэнваа доржийн таврэн", "Дагва нида хажар", "Совоодүзи пунбо", "Жэвий прэнва дүдзи нямба" тэргүүтэн олон зохиолыг айлдсан нь үлдсэн байжээ. Тэдгээр нь нянгийн үүсэлтэй, хижиг, халдварт өвчнийг оношлох арга эм засал урдчлан сэргийлэх онолын тухай ном байсан тул хожимын сан нээгчид сангаас уудлан гаргаж олон хүнд тус болсон" гэжээ.
Ялангуяа нян хижигийн өвчний аймагт зориулан Ловон бадамжуайн зохиосон их бага "Дүдзи бумба" нь бусдаас онцгой аймаг болохыг Дисрэд санжай жамцын зохиол "Манаг лхантав"-ын нян хижгийн бүлэгт:
"Нян хэмээх хорт элдэв өвчин нь
Буяны хүчин мөхөс цөвүүн цагийн амьтанд хорломуй
Их гол нугуудад эс алдаршсан элдэв өвчинийг
Зүг төдийгөөс бус үл зарлигласан олон гарвай
Засахын чөлөөгүй тог буух мэт даруйд алах
Нянгийн хар өвчин Замбу тивийн дөрвөний нэгийг алмуй
Хатуу эвэршээлээр биеийн тамирыг гэнэт хямраамой
Халуун атлаа хүйтэн ёс, хүйтэн атлаа халуун ёсыг үзүүлэх
Тогтворгүй элдэв болж судал шээшийг холих болно
Тиймийн тул үзэх хүрэлцэх асуухаар оношлоход бэрх
Хир хаагдах, ям, цанх, халдварт өвчин түгэх тэргүүтэн
Хуурмаг хижиг өвчин ерөнхий лугаа адил боловч
Өөр өвчинийг анагаах арга ёс олныг мэдэвч
Үүнд тушаагдсан ерөндгийг үл олвол
Аль ч эм засал өвчний нөхөр болох бөгөөд
Үхлийн эзний аманд түүний амь түргэн одмой
Тийм учраас нигүүлслийн сан Үржан Богд бээр
Цөвүүн цагийн амьтанд энэрэн болгоосон
Эцэг богд хамгийг мэдэгч дээд түүний
Хүмүүний богдын ёсыг баригчийн эзэнг баталмуй
Тисрандэзэн тэргүүтэн арилсан нөхдөд увдсалсан гүн увидас ба
Бас бус тушаагдсан "Гүн ес"-ийг нээсэн шимийг
Цөөнд хурааж номолтугай тогтоохтүн" хэмээн номлосон ёсоор цөвүүн цагийн нян, хижгийг засах аргын аймагт Үржан бадамжунайн зарлигласан эмийн гол номлол ба хижгийг сахих ном нь бусадтай адилгүй үлэмж онцгой гайхамшигт номлол болох тул оточийн хаан Маналын номлол лугаа ялгалгүй билээ.
ЗочинAugust 16, 2012
OM AH HUM VAJRA GURU PADMA SIDDHI HUM.
ЗочинOctober 9, 2012
bayarlaa
ЗочинOctober 9, 2012
bayarlaa
ЗочинJune 27, 2013
༄།།ཨོཾ་ཨཱ་ཧོཾ་བཛྲ་གུ་རུ་པདྨ་སིདྡི་ཧོཾ།།
ЗочинJune 27, 2013
༄།།ཨོཾ་ཨཱ་ཧོཾ་བཛྲ་གུ་རུ་པདྨ་སིདྡི་ཧོཾ།།
ЗочинJune 28, 2013
Thank you