Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бодвсадвын ерөөл

Агуу бодисадвын замналд орох
Ариун номын туурвил буянаар
Аливаа бүх оюун санаатан
Ариуслын замд орох болтугай.

Зүг бүхэнд бие, сэтгэлийн
Зүдүүр зовлон эдлэгч хөөрхийс
Зүй төгс буяны минь үрээр
Зүйрлэшгүй жаргаланг олох болтугай.

Үйлт орчлон хэзээд оршивч
Үгүйрч гансралгүй хамаг амьтан
Үлэмжийн дээд амар амгаланг
Үргэлж тасралтгүй эдлэх болтугай.

Энгүй уужим ертөнц даянаа
Эвэршээлт там хэдий буйд
Энэлэн зовогч хөөрхий амьтас
Энхжин жаргалд умбах болтугай.

Энэрэл хайртны үүлэн мандлаас
Эгээрлийн хур шаагин бууж,
Халуунд ядагсад сэрүүцэх болтугай.
Хүйтэнд зүдэгсэд дулаацах болтугай.

Илдэн навчит балар шугуй
Инээд цалгилсан цэцэрлэг болж,
Элдэв хорын моголцог мод ч,
Эрдэнэ жимс найлзуур болог.

Ангир, нугас, хун галуусын
Аялгуу тансаг дуурьсал чимсэн,
Анхилам цэцэгт тунгалаг цөөрмүүд
Аюулт тамд долгисох болтугай.

Түймрийн нурам ч эрдэнийн санд,
Түлэгдмэл газар ч болрын гадарт,
Тээрэмдэгч уулс ч тахилын ордонд
Тийнхүү хувирч, бурхад залраг.

Зэвт сумны аймшигт мөндөр
Балт хурын намираа болтугай.
Зэвсэг барин тулалдагчид өнөөдөрөөс
Цэцэг барин золголдох болтугай.

Галын гуу шиг халуун
Хөлгүй уснаа живэгсэд
Гадар мах нь шувтарч,
Дотор яс нь цайгсад

Гайхамшигт буяны минь хүчээр
Тэнгэрийн биеийг олоод,
Гангамсаг охин тэнгэрстэй
Зоргоор цэнгэх болтугай.

Үй түмэн эрлэгийн
Тамлаач тоншоочдын үргээн,
Үлэмж гийгүүлэн амраах нь
Хэний ивээл вэ хэмээн

Өөдөө харсан амьтад
Очирваань залрахыг үзмэгц
Үнэн голоосоо баярлаж,
Хилэнцээс хагацан дагатугай.
Гэсэр цэцгийн хур
Хүжсийн устай бууснаар
Гэтэлшгүй тамын гал
Намжин бөхөхийг хараад,

Гэнэтийн энэ амгалан
Юу болохыг сэхээрэхүйеэ,
Гэсгээлт тамын амьтад
Лянхуа баригчийг үзтүгэй.

Амьтан бүхнийг аврагч
Агуу бодь сэтгэлтэн
Аюул бүгдийг арилгагч
Бадрангуй залуу шанхтан

Амар жаргалыг түгээхээр
Бидний зүг айсуй,
Аяа, нөхөд минь айлтгүй,
Бушуу нааш цуглагтун.

Мянган тэнгэрийн титэм
Өлмийн лянхуад нь бөхийсан,
Мэлмийдээ нигүүлслийн чийгт,
Тэргүүндээ цэцэгсийн хурт,

Охин тэнгэрсийн магтаал
Эгшиг дуурьссан ордонд
Орь Манзушрийг хараад
Тамын амьтас шаагитугай.

Энэчлэн миний буянаар
Самандабадра тэргүүтэн
Элбэрэл журамт дээдсийн
Ариун сэтгэлийн үүлсээс

Энх мэндийн анхилгат
Сэрүүн хур намирч
Энэлсэн тамын амьтад
Сэтгэл сэргэн цэнгээсэй.

Адгуус амьтад бие биенээ
Алан идэхийн аюул төгс,
Ахуй чинээлэг умард тивийнхэн шиг
Алжаалж ядрагсад жаргах болтугай.

Асран нигүүлсэгч Арьяабалын мутраас
Асгаран буусан сүүн мөрнөөр
Ангасан бирдүүд ундлан цэнгэж,
Ариун угаалаар сэрүүцэх болтугай.

Чих дүлий нь дуу сонсч,
Нүд балай нь хараа орж,
Жирэмсэн эхчүүл Маяа хатан шиг
Чилээ зовлонгүй нярайлах болтугай.

Өмсөх хувцасгүй нь хувцастай болж,
Өлссөн бүгд хоолтой болж,
Ундаасан болгон устай учирч
Улам тансгийг эдлэх болтугай.

Үгээгүй ядуус баяжих болтугай.
Үймэрч гунигсад баясах болтугай.
Өр нь эмтрэгсэд сэргэх болтугай.
Өнийн жаргал бүрдэх болтугай.

Өвдөж зовсон амьтан бүхэн
Үтэр түргэн эрүүлжих болтугай.
Үйлт амьтны аливаа өвчин
Үргэлж хойшдоо гарахгүй болтугай.

Эмээн цочигсод айдсаас ангижирч,
Эрхээ алдагсад хүлээснээс хэлтэрч,
Өчүүхэн буурайчуул хүчтэй болж,
Өвөр зуураа найрамдах болтугай.

Аянчин жуулчид зүг бүрт
Амар тайван зорчих болтугай.
Аливаа санасан хэрэг зориг нь
Аяндаа шамталтгүй бүтэх болтугай.

Хөлөг онгоцоор аялан явагчид
Хүссэн хэргээ сэтгэлчлэн бүтээгээд,
Хөвөө зүгт саадгүй хүрч,
Хүлээсэн садандаа золгон баястугай.

Ээрэм холын замд төөрөгсөд
Ээлт сайн замчтай учраад,
Элдэв араатан, хулгайн аюулгүй
Энх амар одох болтугай.

Хөдөө буйт, осолт газар
Хөтөч түшиггүй өтгөс, нялхас
Хөлчүү согтуу, солио өвчтөнийг ч
Хүлцэн сахитугай, дээд тэнгэрс.

Эрх чөлөөгүй бүхнээс гэтэлж,
Итгэл хайр, билгийг нээж,
Эрхэм сайн үйл хэргээр
Эгнэгт төрлөө дурьдах болтугай.

Элбэг огторгуйн сан адил
Эд баялагт ундрах болтугай.
Элдэв тэмцэл, хөнөөл үгүй
Эрх зоргоор эдлэх болтугай.

Үлбэгэр дорой алив амьтас
Үлэмжийн жавхланг олох болтугай.
Өнгө зүс муугаар зовогсод
Үзэсгэлэн гоо төгөлдөр болтугай.

Энэ ертөнцийн ядмаг эмс
Эр хүйстэн болох болтугай.
Эгэл дордос өндөрт дэвшээд,
Эзэрхэг омгийг ч дарах болтугай.

Эл бүхий миний буянаар
Эх болсон хамаг амьтан
Эндэл хилэнцийг огоот тэвчээд,
Эгнэгт сайныг үйлдэх болтугай.

Энэрэл хайрыг хэзээ ч орхилгүй,
Эрхэм замаас сэтгэл урвалгүй,
Гэгээн бурхдын ивээл залуур дор
Гэмт шулмын үйлээс ангижраг.

Аль тэдгээр амьтан бүгд
Амьдрах эрчим цаглашгүй болоод
Амар жаргалыг үүрд эдэлснээр
Аймшигт үхлийн дуун тасраг.

Ариун галбарагча модны цэцэрлэгт
Авралт бурхан бодисадва нар чуулаад,
Аялгуу номын хөг дуурьслаар
Арван зүгийг дүүргэх болтугай.

Алимад газар дэлхий бүхэн
Арсайж барсайх өргөс хайргагүй
Алганы толио шиг тэгшхэн, зөөлхөн
Ариун бэндэръяа чанарт болтугай.

Амар амгалан номын хүрээлэнд
Асар олон бодь сэтгэлтэн
Алтан дэлхийн чимэг болж,
Ариусал билгийн гэгээг түгээг…

Судар номын гайхамшигт дуун
Шувуудын жиргээ, моддын найлзаа,
Гэрэл туяа, агаар тэнгэрээс ч
Хэн бүхэнд сонстох болтугай.

Хэзээд тэд бурхадтай учирч,
Хиргүй ариун сэтгэлтэнтэй нөхөрлөж,
Хэмээлшгүй их тахил өргөлөөр
Гэгээрсэн дээдсийг тахих болтугай.

Тэнгэр хурыг цагт нь буулгаж,
Тэжээл ургац хотол чуулаг.
Эзэд, хаад үнэн номоор
Энх амгаланг ертөнцөд түгээг.

Эм домын хүчин бүрдэж,
Тарни уншлага бүтэх болтугай.
Элдэв дагинас, мангас тэргүүтэн ч
Энэрхүйн сэтгэл төгөлдөр болтугай.

Аливаа амьтад зовлонгүй бөгөөд,
Айдас доромжлолыг амсалгүй байж,
Аюулт өвчин, хилэнцээс ангид
Ашид сэтгэл тэнүүн явтугай.

Амгалан хийдэд хурал ном
Аль сайнаар дэлгэрэх болтугай.
Ачит хуврагууд ч ая найртай
Амьтны тусыг бүтээх болтугай.

Ариун гэлэн сахил хүртэгчид
Аглаг газрыг саадгүй олоод,
Алгасангүй үйлийг сайтар тэвчээд,
Амирлангуй сэтгэлээр бясалгал хийг.

Ариусалд зорьсон гэлэнмаа нарт ч
Ая эв нь сэтгэлчлэн бүтэг.
Аливаа сахил санваартан бүгд ч
Алдас нүглээс хол яваг.

Сахилаа алдагчид гэмшин ухаарч,
Самуун нүглээ наманчлан арилгаг.
Сайн заяаг ч магад олоод,
Сахил журмаа бүү сэвтээг.

Үнэн номчид хүндлэл хүлээж,
Өргөлийн идээгээр бүү тасраг.
Өр зүрх нь ариун тунгалаг,
Үйлс алдар нь түгэх болтугай.

Тэвчишгүй муу заяанд зоволгүй,
Тээрт бэрх хатуужилд зүдэлгүй,
Тэнгэр заяатнаас ч илүү учралаар
Дээд гэгээрэлд хүрэх болтугай.

Амьтан бүгд ариун үйлээр
Агуу бурхдын тааллыг баясгаж,
Аюулт мунхгийн нойроос сэрсэн
Ашдын цэнгэлд умбах болтугай.

Ариун сэтгэлт бурхны хөвгүүд
Амьтны тусыг сэтгэлчлэн бүтээг.
Аврал болсон гэгээн бурхад
Амар жаргалыг бүгдэд түгээг.

Өөрийн хүчинд найдагч нар ч
Үлэмж ариусалд хүрэх болтугай.
Үргэлж бусдаас сонсогч нар ч
Өнийн гэгээрэлд хүрэх болтугай.

Манзушрийн ачаар мөхөс би
Маш баясгалант түвшинг олтлоо
Өмнөх төрлөө тодхон санаж,
Үнэн номын мөрийг хөөг.

Эгэл боргил амь зуулгаар
Энх эсэн амьдрах болтугай.
Ариусалд нийцэх тайван орчинг
Аливаа төрөлдөө олох болтугай.

Эрхэмсэг дүрий нь үзэхийг хүсвэл,
Эргэлзээ юугаа тайлахыг хүсвэл
Итгэлт Манзушри тантай би
Эгээрсэн мөчдөө учрах болтугай.

Арван зүгийн огторгуй чинээ
Амьтан бүхний тусыг бүтээх
Ачит Манзушрийн гэгээн үйлстэй
Адилхан болог, үйл хэрэг минь.

Огторгуй хэзээд орших сацуу
Орчлонд амьтад эргэн төрсөөр л.
Төдий хугацаанд би ч оршоод
Төөрөлдсөн тэдний замч нь болог.

Зөндөө амьтны зовлон бүгд
Зөвхөн над дээр боловсрог гэсэн
Зүйрлэшгүй энэрэлт бурхны хүү
Зүдэрсэн олныг амраах болтугай.

Аливаа зовлонг анагаах эм
Амар амгалан бүхний ундрага
Ариуслын шашин даянд хүндлэгдэж,
Ашдын цогоор дэлгэрэх болтугай.

Ариун буяныг надад сэнхрүүлсэн
Авралт Манзушрид мөргөмү, би
Ашид намайг өөд нь дэвшүүлсэн

Ачлалт багшдаа сөгдмү, би

АГНИСТИЙН ГЭГЭЭ - ӨДӨР ТУТМЫН АРИУСАЛ дэвтэр

  • ЗочинMay 4, 2012

    Билэг барамидын зургаан явдал ганц бодьсад нарын явдал бус харин бид бүгдийн өдөр тутмын ажил үйлсэд ч тэр зургаан зүйлийн утга чанар бүрэн багтаж байх ёстой гэж Бүдда сургасан байдаг. Үүнд:

    а/ хүч хөдөлмөрөө олонд зориулах /өглөг/
    б/ сахилга дэг журмыг сахих /шагшаабад/
    в/ тэвчээр хатуужилтай байх /тэвчээр/
    г/ залхуурч цаг алдалгүй байх /хичээнгүй/
    д/ мэргэжил мэдлэгээ зөв дүүрэн ашиглах /диян/
    е/ мэдсэнээ бусдад зааж өгөх /билиг билгүүн/ энэ зургаад билиг барамидын зургаан утга багтана гэж дурьдсан байдаг.

  • ЗочинMay 4, 2012

    Өө тийм үү мэдмээр юм байна.

  • ЗочинSeptember 19, 2012

    Зургаан барамидыг өдөр тутмын амьдралд ямар сайхан тусгаж тайлбарлаа вэ. Заавал шашны талаас нь гэлтгүй ингэж бас ойлгож болох юм байна даа. Гэтэл би зөвхөн бодьсатва нарт л хэрэгтэй гэж боддог байлаа.

Бусад мэдээлэл